Хайх зүйлээ бичнэ үү

18 мин

Ц.Наранжаргал: Ялалтыг олуулаа, ялагдлыг ганцаараа үүрдэг


“Нар шиг нам гүм, гэгээтэй хүн

Надтай таарав” 

Яруу найрагч Н.Нарангэрэлийн эл мөртүүдийг санагдуулсан, ердөө яг л ийм хүн надтай таарсан юм. Тэр хүн бол ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал. Жүдо бөхийн Азийн АШТ-ий алт, мөнгө, гурван хүрэл, Азийн наадмын хоёр хүрэл, Их дуулга ангиллын мөнгө, Дэлхийн цомын тэмцээний хошой мөнгө, хүрэл медальтай, Улсын АШТ-д 12 удаа түрүүлсэн, самбо бөхийн дэлхийн АШТ-ий хүрэл, УАШТ-д найман удаа түрүүлсэн гээд  бөхийн төрлөөр гаргасан түүний амжилтыг дурдахад л сүрдмээр. Тэрбээр өнгөрсөн оноос өрсөлдөх спортын төрлүүдээ нэмэгдүүлсэн юм. Холимог тулааны анхдугаар УАШТ-д түрүүлж,  “MFC Fight night IV” тулаанд Д.Цогзолмааг ялснаар PFL MMA холбоонд тулалдаад амжсан. Мөн боксын УАШТ-ээс мөнгөн медалийг хүртсэн билээ. Нэг хүн ийм олон спортоор хичээллэх, өрсөлдөх гэдэг яавч энгийн хэрэг биш санагдана. Ц.Наранжаргалтай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.


-Өнгөрсөн онд цэргийн баярын өдөрт зориулсан “MFC Fight night IV”-т Д.Цогзолмаатай тулалдаж ялсан. Д.Цогзолмаа чөлөөт бөхөөр хичээллэдэг болохоор тулаан дөнгөж эхлэхэд л хөлд унах оролдлогыг хийж байна лээ. Өрсөлдөгчийнхөө тактикийг урьдчилан таамаглаж байсан уу?

-Д.Цогзолмаатай хоёр дахь удаагаа тулалдсан маань тэр. Өнгөрсөн оны нэгдүгээр сард холимог тулааны анхдугаар УАШТ-ий үеэр таарч тулалдахад мөн хөл рүү хамж орчихоод намайг нэлээд чардайлгасан. Гэхдээ би босож ирээд цохилтоор унагааж байсан юм. Д.Цогзолмаа өсч яваа хүүхэд учраас надаас жингээр илүү, бяртай. Би боксын УАШТ-ий үеэр ч мөн шууд хүнд цохилтоор ялаагүй хэдий ч баруун гарынхаа цохилтоор хүн унагаагаад байсан. Байнгын давтдаг цохилт маань тэр л дээ. Д.Цогзолмаатай тулалдахдаа цохилтод орж хамраа язалчихсан. Боксын УАШТ-д оролцоход бас л цохиулахад хүрнэ. Тиймээс ойр ойрхон цохилт авах нь зөв үү, буруу юу гэдэгт эргэлзэж л байлаа. Гэхдээ “Холимог тулаантай харьцуулахад бокс зузаан бээлийтэйгээр тулалддаг болохоор яав л гэж дээ” гэж зориглоод л оролцсон доо.

-УАШТ-д оролцохоосоо өмнө боксоор ямар нэгэн тулаан хийж байв уу?

-Боксын спортыг сонирхдоггүй, мэддэггүй байсан. Нэг хүн хоёр жилийн өмнөөс намайг энэ спортод дурлуулсан юм. Тэр хүн л холимог тулааныг амьдралын маань горимд оруулж ирсэн.

-Уучлаарай, ямар хүн байдаг юм бол?

-/инээв/ “Ихэр бээлий” клубийн боксын тамирчин бий.

-Боксын УАШТ-ий финалд Н.Анутай нэлээд давшиж тулалдсан. Танд нөөц, боломж илүү харагдсан ч техник, ур дутав уу гэж анзаарагдсан л даа. Тэр тулааны талаар яриач?

-Тулаан яг л тийм дүр зургаар өрнөсөн л дөө. Би хожих гэж улайрсан. Тэр л алдаа боллоо. Хэрэв гурван үеийн турш бүтэн тогловол техникээрээ ч, туршлагаараа ч хожихгүй гэдгээ мэдэж байсан. Өрсөлдөгч маань нэг тоншчихоод тойроод зугтаад байхаар нь бүр гайхаад сүүлдээ учрыг нь олохгүй шүүгчид хандан “Өрсөлдөгч тамирчин зугтаагаад байна шүү дээ” гэж хүртэл хэлсэн /инээв/. Тулаан дунд мушгиж унагах байдлаар барилдаан ч орж ирсэн, хориотой цохилт хийлээ гэж ч торгуулсан. Туршлага дутсан л даа. Гэхдээ би өөрийн нөөц бололцоог нээх гэж л боксын УАШТ-д оролцсон. Яг ч медаль авна гэсэн хүлээлт надад байгаагүй. “Ихэр бээлий” клубийнхээ багийн дүнд нөлөөлөх гэж л оролцсон юм. Хагас шигшээд  М.Мягмаржаргалын бэртэл сэдэрч эмчийн магадлагаагаар би ялсан ч гэлээ “Тэр сайн тамирчныг хожсон юм чинь…” гэсэн сэтгэл зүйтэй болчихсон байсан. Харин финалын тулаан таамагласнаар болоогүй. Гэхдээ би өнгөрсөн жилийн хугацаанд боксын бэлтгэлийг хичээж хийсэн. Хэрэв ямар нэгэн боксын тамирчин жил хүрэхгүй хугацаанд жүдогийн бэлтгэл хийгээд барилдвал би түүнийг сэтгэл зүйгээрээ л ялна.

Би аавыгаа 2016 оны олимпод авч явна гэсэн том зорилготой байв. Гэвч олимпын өмнөхөн аав маань бурхны оронд одсон. Аавтайгаа байхад ялалт, амжилт бүхэн гоё, өөдрөг байлаа. Нуугаад яах вэ, аавыгаа алдсанаар хэсэг хугацаанд сэтгэл зүй маань нэлээд нурсан л даа.  

-Боксын УАШТ-ий үеэр өрсөлдөгчдөөсөө нэлээд өндөр харагдсан. Энэ бас танд давуу тал болсон байх?

-Тиймээ. Намхан тамирчидтай тулалдахад эвтэй байдаг юм. Харин финалд тулалддаг эмэгтэй надаас өндөр, биеэр том байсан. Тавдугаар сарын 28-нд тулалдах АНУ-ын тамирчин 184 см өндөр юм билээ.

-Таны өндөр хэд вэ?

-Би 175 см өндөртэй.

-Та цаашид аль төрлийн спортоор дагнан өрсөлдөх төлөвлөгөөтэй байна даа?

-Би АНУ-д ганцхан тулаан хийчихээд ирэхгүй, нэгэнт явсных тэнд хоёроос гурван тулаанд оролцох төлөвлөгөөтэй. Буцаж ирээд сонирхогчийн боксоор ч өрсөлдөнө. Бас жүдо бөхөд ч дутуу орхисон амжилт олон байдаг. Эхлээд ямартаа ч багийнхаа мөрөөдлийг биелүүлж холимог тулаанаар дэлхийд өрсөлдөх нь чухал байна.

-АНУ руу хэдийд явах вэ?

-АНУ-ын 10 жилийн хугацаатай виз надад байгаа, түүнийгээ дуусахаас нь өмнө явчихаад буцаж ирэхдээ сунгаад үргэлжлүүлэн тулалдах олон холбоо бий. “Dragon House MMA” холбоонд 2-3 ялалт байгуулчихвал эмэгтэйчүүдийн “Invicta FC” холбоонд тулалдаж, аваргын бүсийг нь авах зорилготой байгаа. Улмаар “Invicta FC” холбоонд түрүүлчихвэл “One Championship” болон “UFC” холбоонд өрсөлдөх боломжтой. Хүмүүс холын мөрөөдөл гэж магадгүй. Гэхдээ миний мөрөөдөл, миний зорилго том.

-Дөрөвдүгээр ангийн хоёр ихэр хүүхдээ хөтлөөд Спортын төв ордны үүдээр алхан орохдоо аав тань ирээдүйн шилдэг тамирчдыг багшид нь хүргэж өгч яваа гэдэгтээ итгэсэн болов уу?

-Аав маань ихэр хүүхдүүдээ хэрхэн дэмждэг, спортод ямар их сэтгэлтэй байсан бэ гэдгийг жүдогийнхон мэднэ дээ. Би аавыгаа 2016 оны олимпод авч явна гэсэн том зорилготой байв. Гэвч олимпын өмнөхөн аав маань бурхны оронд одсон. Тэр л надад хүнд цохилт, намайг унтраасан үйл явдал болсон юм. Аавтайгаа байхад ялалт, амжилт бүхэн гоё, өөдрөг байлаа. Нуугаад яах вэ, аавыгаа алдсанаар хэсэг хугацаанд сэтгэл зүй маань нэлээд нурсан л даа. Аавын амин охин байсан маань ч нөлөөлсөн байх, жүдо бөхөөр хичээллэхээ хэсэг хугацаанд завсардуулсан. Харин одооноос аавынхаа бодож санасан зүйлийг гүйцээчих юм сан, жүдогоор биш юм аа гэхэд өөр ямар нэгэн спортын төрлөөр амжилтад хүрчих юм сан гэсэн бодолтойгоор зогсохгүй, шантрахгүй зүтгэнэ. 30 насыг хүмүүс спортын хувьд нас л гэж боддог юм шиг байна. Хүн өөрөө хичээж, хөдөлмөрлөж чадвал нас чухал биш. Тийм учраас би дөнгөж л эхэлж байна гэж өөрийгөө боддог.  Аавыгаа сэхээнд байхад нь “Насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль аваад ирвэл аав маань босчих ч юм болов уу” гэсэн бодолтойгоор Эрдэнэтэд зохиогдсон жүдо бөхийн УАШТ-ээс алтан медальтай ирээд уулзах гэтэл аппаратыг нь салгаад, зүрх нь зогсчихсон байсан даа. Тэр үед надад амьдрал хар дарсан зүүд мэт санагдсан. Итгээгүй. Гэнэтийн таагүй үйл явдал хүнд цохилт болдог юм билээ. Сэтгэлийн шарх маань хэдэн жилийн туршид шинээрээ байсан. Гэхдээ ээжийгээ зовоохгүй гэсэндээ хэцүү байсан ч сэтгэлийн шархаа ил гаргахыг хүсдэггүй, дотогшоогоо залгидаг байлаа. Ээжид маань миний давж, туулж байгаагаас хэд дахин хэцүү байсан болохоор давхар бас зовоочихгүй юм сан гэсэндээ өдийг хүртэл их зүйлийг тэвчиж, сэтгэлийн хат гаргасан.

Нүд ам руугаа цохиулаад, цус нөжөө гоожуулаад ч хамаагүй ялахын төлөө тэмцэх ёстой. Найр тавьж, өрөвдөх нь энэ спортод хэзээ ч зохицохгүй юм билээ. Би өрөвч сэтгэлтэй хүн, гэхдээ октагон дотор хүнийг өрөвдөхгүй. Октагон дотор орчихвол намайг ч бас хэн ч хайрлахгүй шүү дээ.

-Риогийн олимпод оролцохдоо сэтгэл зүйн хувьд ямархуу байсан бэ?

-Надад маш хүнд байсан. Аавыгаа алдсаныхаа дараагаар олимпын эрх олгох тэмцээнүүдэд шазуур зууж өрсөлдөөд олимпын эрхээ авч чадсан. Гэхдээ тэр үед хоосон байсан. Олимпын дэвжээнд гарахад хүртэл хажууд маань дэмжээд сууж байх ёстой хүн байхгүй байгаад сонин санагдаж байв. Гэхдээ би ялагдлаа ямар нэгэн шалтгаантай холбож ярьмааргүй байна. Олимпын дэвжээнд Цэнд-Аюуш гэдэг нэрийг нуруундаа үүрээд гарсан нь надад чухал үйл явдал санагддаг. Аав маань надаас илүү том амжилтыг хүлээж байсан. Тийм учраас чаддаг төрлөөрөө аавынхаа хүсэж байсанд хүрчих юм сан гэж боддог юм. Мөн надад 2018-2020 оны хугацаанд эрүүл мэндийн асуудал байлаа. Тиймээс яг жилийн хугацаанд спортоор хичээллэхээ бүрмөсөн зогсоогоод өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийсэн. Түүнийхээ үр дүнд одоо эрч хүчтэй байгаа. Спортод өндөр зэрэглэлийн амжилт үзүүлэх боломжтой 3-4 жилийн хугацаа л надад үлдээд байна даа. Энэ хугацааг л үр бүтээлтэй ашиглахыг хүсэж байна.

-Олон жил спортоор хичээллэсэн тамирчид бэлтгэл сургуулилалтаа гэнэт зогсооход сэтгэл зүйн болоод бие махбодийн хүчтэй өөрчлөлтийг мэдрэх болдог шүү дээ. Танд ямар нэгэн байдлаар тийм өөрчлөлт мэдрэгдсэн үү?

-Тэгэлгүй яахав. Өндөр түвшний бэлтгэлтэй байж байгаад түр зогсоогоод ахин үргэлжлүүлэхэд бүх зүйлийг шинээр эхлүүлэх болно. Сэтгэл зүй маань хүчтэй байж, чадна гэдэгтээ итгэлтэй байх юм бол ядрах эсэх хамаагүй байдаг. Би чинь шазруун шүү дээ. Анхан шатнаас нь эхлүүлж бага багаар ачааллаа нэмсээр урьдын формдоо очиж байгаа юм.

-“Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж

Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж

Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч

Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог” гээд яруу найрагч Д.Галсансүхийн шүлэг л санаанд бууж байна даа?

-Би 2019 онд охиноо зургаан сартайд нь жүдо бөхийн УАШТ-д оролцоод түрүүлсэн. Жил гаруй хугацаанд нэг ч өдрийн бэлтгэл хийгээгүй хэрнээ шүү дээ. Тэр хугацаанд хүний урманд гар дээрээ нэг ч суниагаагүй, 100 метр ч гүйгээгүй. Жүдо бөхийн УАШТ болохоос долоо хоногийн өмнө охин маань ханиад хүрчихээд хоёулаа эмнэлэгт байх хугацаандаа самбо бөхийн УАШТ-д очиж оролцоод түрүүлсэн. Тэгэхээр энэ бүх ялалт миний сэтгэл зүйн хүч юм. Сэтгэл зүйгээрээ би хэнд ч ялагдаагүй. Түүний дараагаас бэлтгэл сургуулилалтдаа эргэн орж, Франц руу хамтарсан бэлтгэл болон тэмцээнээр явсан. Тэр хамтарсан бэлтгэлийн үеэр Кубийн тамирчин миний гэдсэн дээр хүчтэй унаснаас цус гарч, өвдөлт мэдрэгдсэн л дээ. Монголд ирээд эмчид үзүүлэхэд оёдлоо задалчихсан байв. Охиноо хийсвэрээр төрүүлсний оёдол маань бүрэн эдгэж амжаагүй байсан юм билээ. Нэг бодлын би өөртөө хайргүй ч хүн юм болов уу. Франц руу сар гаруй хамтарсан бэлтгэл хийхээр явахад охин маань мөөмнөөсөө ч гараагүй байсан. Онгоцонд хөх чинэрээд 50 граммын аягатай бие засах газарт нь орж сүүгээ саадаг байв. Сүүгээ асгана гэдэг л сэтгэлийн маань голыг зурдаг байлаа. Охиныхоо хоолыг бие засах газарт асгана гэдэг надад хэцүү байсан. Тэр үед “Миний охин гэртээ хуурай сүү ууж байхад би энд идэх хоолыг нь асгаад л явж байна даа” гэж бодогдож байсан. Хөх зангираад хөндүүр болчихсон байсан болохоор барилдахдаа цохиулахад хүртэл хүчтэй өвддөг байв.  Энгийн хүн бол “Чи ямар тэнэг юм бэ, өөртөө хайргүй юм уу” гэж л надаас асуух байх. Спорт хүнийг хатуужуулж, тэсвэр тэвчээртэй, шантардаггүй болгож хүмүүжүүлдэг. Охин маань намайг бараг тоодоггүй . Эмээ нь л байвал бүх юм байгаа гэж боддог. Аргагүй дээ, би чинь бэлтгэл сургуулилалтдаа хамаг цаг хугацаагаа зарцуулдаг. Гэхдээ ээж нь хэсэгхэн хугацааг л ингээд өнгөрөөчихье, тэгээд энэ амьдралаа, охиноо санаа зовохгүйгээр авч явдаг болчихоод үргэлж хамт байна. Харин ээж маань байгаа болохоор охиндоо, ар гэрийнхээ асуудалд санаа зовдоггүй. Сэтгэл санаа тайван бэлтгэл хийнэ гэдэг гайхамшигтай. Манай ихэр Ц.Нарантогтох байлдааны самбо бөхийн зургаан удаагийн Улсын аварга тамирчин байдаг. 2015 онд холимог тулааны “MGL-1” холбооны 77 кг-ийн жингийн аваргын төлөө Д.Батсүмбэрэл аваргатай тулалдаж байсан юм. Одоо Солонгост амьдардаг ч байнга надад санаа тавьж, тусалж дэмждэг. Гэр бүлийн утга учрыг үргэлж мэдрүүлдэг мундаг эр хүн бий. Надад тусалж дэмждэг зөндөө хүмүүс байгаа. Тэр болгон талархсан сэтгэлээ хэлж чаддаггүй, энэ ярилцлагыг маань уншиж байгаа бол бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Монголын жүдо бөхийн холбоо болон Х.Баттулга захиралтай “Женко” клуб бол миний спортын гэр бүл. Тэнд талархаад баршгүй мундаг хүмүүс байдаг. Ш.Цэвэлмаа, Г.Энхбаяр болон “Ихэр бээлий” боксын клубийн Д.Ганзориг, Т.Ганзориг багш нартаа баярлалаа. Мөн АНУ руу явахад маань тусалж байгаа “Буянт Дэнжийн мянга” ТББ-ынхандаа, “OMNI club”-ийн захирал Т.Билгүүн, “De Lys” лоунж, караокегийн захирал Б.Мөнхжин болон тусалж дэмжиж байгаа найз нөхөд, ах эгч нартаа баярлалаа.

-Боксын УАШТ-д оролцохдоо тулааны өмнө хашхирах, гуяа алгадах байдал гаргаж байгаа ажиглагдсан. Тэр зан үйл өрсөлдөгч тамирчин руугаа чиглүүлж хийсэн сэтгэл зүйн дайралт байв уу, эсвэл өөрийгөө хурцалж буй нэг хэлбэр юм уу?   

-Би барилдахдаа ч, тулалдахдаа ч дэвжээн дээр гарахынхаа өмнө тиймэрхүү сэтгэл хөдлөл гаргадаг юм. Тэгэхээр өөрийгөө ялах сэтгэл зүйн хүч юм болов уу. Үнэндээ өөрийгөө тийм сэтгэл хөдлөл гаргасныг мэддэггүй юм.

Эрэгтэй хүнтэй бэлтгэл хийхээр сэтгэл зүй ч гэсэн өөр л дөө. Нэгэнтээ эрэгтэй тамирчныг цохиод унагаачихсан хүн эмэгтэй тамирчинтай алалцана л гэж бодно. Бэлтгэл дээрээ гэдсэндээ цохиулахаараа бөөлжчихдөг. Заримдаа нус сугарна. Цохиулахаар нус нисээд явчихна шүү дээ /инээв/.

-Зарим тулааныг үзэхэд нүд халтирам дүр зураг харагддаг. Гэвч тулааны үеэр хайрлах, өрөвдөх сэтгэл гаргавал ялагдана байх. Та сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж байна даа?

-Тулааны үеэр өрөвч, энэрэнгүй сэтгэл гаргана гэсэн ойлголт хэзээ ч байхгүй. Өрсөлдөгч тамирчнаа жаахан л өрөвдвөл ялагдана. Эргэлзэж ч болохгүй. Нүд ам руугаа цохиулаад, цус нөжөө гоожуулаад ч хамаагүй ялахын төлөө тэмцэх ёстой. Хамгийн чухал нь ялна гэсэн сэтгэл зүйтэй байж л ялдаг. Найр тавьж, өрөвдөх нь энэ спортод хэзээ ч зохицохгүй юм билээ. Би өрөвч сэтгэлтэй хүн, гэхдээ октагон дотор хүнийг өрөвдөхгүй. Октагон дотор орчихвол намайг ч бас хэн ч хайрлахгүй шүү дээ. Ялалтыг олон хүн өмчилдөг, ялагдлыг хүн ганцаархнаа үүрдэг. Хэн ч ялагдах гэж өрсөлддөггүй болохоор ялагдсан тамирчныг ойлгодог, хүндэлдэг, дэмждэг байгаарай. Хүмүүс зөвхөн ялагчтай бус ялагдсан тамирчинтай ч мөн хамт байж сэтгэл санааг нь урмаар тэтгэж байгаасай гэж хүсдэг.

-Боксын УАШТ-ий хагас шигшээ тулаанд ялсныхаа дараа нулимс дуслуулж байгаа харагдсан. Таны нулимс хэр ойрхон бэ?

-Эрхэлж өссөн болоод сэтгэл хөдлөл ихтэй. Финалд ялагдсаныхаа дараа ч уйлсан. Шартай. Ялахдаа ч, ялагдахдаа ч уйлчихдаг юм.

-Жүдо болоод холимог тулааны спортоор хичээллэхэд бэлтгэлийн хувьд ялгаа байна уу?

-Би бэлтгэлийнхээ хуваарийг долоо хоногоор нь гаргаж, өдөрт таван цагийг бэлтгэл сургуулилалтад зарцуулдаг. Нэг л хэвийн зүйлийг байнгын хийвэл уйтгартай шүү дээ. Тиймээс бэлтгэлээ сонирхолтой байлгах үүднээс заримдаа сагсан бөмбөг, бильярд, хөлбөмбөг тоглодог. Бильярд тоглоход анхаарал төвлөрөл, мэдрэмж шаарддаг, бас бодож сургадаг юм билээ. Тулалдахад барилдахаас илүү хялайна. Тулааны үеэр байнгын хөдөлгөөнтэй байхгүй бол жаахан л тайвшрахад өрсөлдөгчдөө оногдоно. Манай бэлтгэл хангагч эрэгтэй хүн байдаг. Б.Энхтөр гээд боксын тамирчин л даа. Бид хоёр АНУ руу хамт явах төлөвлөгөөтэй байгаа. Бэлтгэлийнхээ үеэр эрэгтэй хүнд цохиулдаг болохоор эмэгтэй хүнтэй тулалдахдаа айхааргүй сэтгэл зүйтэй болж бэлтгэгддэг юм билээ. Монгол эмэгтэйчүүд тулаанч гэдгийг дэлхийд тунхагламаар байна. Монгол эмэгтэйчүүд жүдогоор дэлхийд танигдаж чадсан шүү дээ. Дэлхийд өрсөлдөхөд ганцхан Наранжаргал хэмээх нэр биш давхар Монгол гэдэг нэр цуурайтна. Монгол гэдэг дэлхийд дархлагдсан сайхан нэр шүү дээ.

-Эмэгтэй бэлтгэл хангагч олдоогүй юу, эсвэл та өөрөө эрэгтэй бэлтгэл хангагч сонгосон уу?

-Жүдо бөхөд ч ялгаагүй хөнгөн жинд бэлтгэл хангагч олон, харин хүнд жинд байхгүй. Эрэгтэй хүнтэй бэлтгэл хийхээр сэтгэл зүй ч гэсэн өөр л дөө. Нэгэнтээ эрэгтэй тамирчныг цохиод унагаачихсан хүн эмэгтэй тамирчинтай алалцана л гэж бодно шүү дээ /инээв/. Гэхдээ би цохиж унагана ч гэж юу байх вэ. Надтай бэлтгэл хийх хүн хамт байна гэдэг гоё байгаа биз дээ.

-Бэлтгэлийн үеэр хамтрагч тань таныг хэр хүчтэй цохьдог вэ?

-Бэлтгэл дээрээ уйлна, дуулна, бөөлжинө. Гэдсэндээ цохиулахаараа бөөлжчихдөг. Заримдаа нус сугарна. Цохиулахаар нус нисээд явчихна шүү дээ /инээв/. Заримдаа гомдож гадагшаа гарна.

-Багадаа ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг байв?

-Оффис ажилтан болохыг хүсдэг байлаа. Загвар өмсөгч мэргэжлийг бас сонирхдог байсан. Харин арван жилээ төгсөхдөө ямар ч эргэлзээгүйгээр тамирчны замналыг сонгосон.

-Таны эцэг эх ямар ажил эрхэлдэг, ямаршуу ахуйтай айл байв. Хоёр ихэр хэр багаасаа тусад орж байсан бэ?

-Аав маань алт мөнгөний дархан хүн. Дархан хүн бурхан ухаантай гэдэг дээ. Аав маань бурхан шиг хүн байсан. Ээж маань аавын дархалсныг борлуулдаг байлаа. Аав өдөрт 200-300 ширхэг мөнгөн ээмэг, мөнгөн бөгж дархална, тэрийг нь ихэр бид хоёр гарынхаа өндөгнөөс цус гартал өнгөлж зүлгэнэ. Бидний багад одоо миний амьдарч байгаа газар хоосон хашаа, гэр л байв. Удалгүй жижигхэн байшин босгож, түүнийгээ өргөжүүлээд хоёр өрөө, дараа нь гурван өрөө болгосон. Аавынхаа гал голомтод би хайртай байдаг юм. Эндээ амьдрах дуртай. 

-Бага насны дурсамжаас санаанаас гардаггүй нь гэвэл ямар үйл явдлыг өгүүлэх вэ?

-Би Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул улаан хацартай охин. Нэгдүгээр ангид орохынхоо өмнө Улаанбаатарт орж ирээд, Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэйн дошин дээр өссөн, одоо ч эндээ амьдардаг. Чингэлтэй дүүргийн логон дээрх гахай савдгийг нуруун дээрээ үүрч явдаг юм. Надад нэг гоё мөрөөдөл байдаг. Том заалтай болчихоод гэр хорооллоос тамирчид бэлдэх сэн гэх. Магадгүй би олон удаа аварга болчихоод энэ мөрөөдлөө биелүүлэхийг ч үгүйсгэхгүй. Багад манайх хашаандаа жижигхэн гэртэй байдаг байв. Аав ихэр бид хоёрыг хооронд нь  барилдуулна. Өвөө маань надад их сайн байлаа. “Хэн давсан бэ” гэж асуугаад хэрэв ихэр намайг унагавал “Энэ жижигхэн гэрт барилдахаа боль” гэдэг байсан. Харин “Охиноо давчихлаа” гэхээр баярлаад л тачигнатал инээдэг байв. Намайг “Охиноо” гэдэг байсан юм. Ихэрийг маань “Ихэрээ” гэнэ. Дурсахад сайхан байдаг. Мөн 2007 онд анх хилийн дээс алхаж өсвөрийн Азийн АШТ-д түрүүлэхдээ дараах шүлгийг бичиж байлаа.

Журмын цагаан кимоноо

Журамт ёсоор нь өмсөөд

Журамт Монголын босоо хүү

Жудогийн дэвжээн дээр өрсөлдөнө

Өөдөөс харсан өрсөлдөгчийг

Өмсөж, хутгаж давлаа би

Өргөн олон шуугилдаад

Өнгөтэй дэвжээндээ ёсоллоо

Азийн цагаан дэвжээн дээр

Алдар нэрийг зүүгээд

Арслан барын хүчээр

Аваргын медалиа зүүлээ. (Ц.Наранжаргал)

-Багадаа эрэгтэй хүүхдүүдтэй хэр их барилддаг байв?

-Өө, би гудамжныхаа эрэгтэй хүүхдүүдтэй арав барилдаад ес давдаг байсан. Манай аав бөхөд дуртай, ихрээгийн найзуудыг дуудаж ирүүлээд “За, манай охинтой барилдаад аль” гэнэ. Би бүгдийг нь давдаг байсан. Одоо том болцгоочихсон ярилцлагыг маань уншиж байвал “Би давдаг байсан шүү”/инээв/ гэж хэлмээр байна. Намайг дөрөвдүгээр ангид байх үед жүдогийн дасгалжуулагч багш нар сургуулиудаар явж хүүхдүүд сонгон шалгаруулж байсан юм. Надаас “Чи жүдо бөхөөр барилдах сонирхолтой юу” гэж асуухаар нь “Тийм ээ” гээд  хариулахад “Тэгвэл маргааш Спортын төв ордны хоёрдугаар давхарт ирээрэй” гэсэн. Хариад аавдаа хэлэхэд маргааш нь Спортын төв ордны үүээр ихрээ бид хоёрыг хөтөлж ороод Ш.Цэвэлмаа багшид хүлээлгэн өгч байлаа. Багадаа өглөө болгон гүйдэг байсан. Аав маань өглөөд ямар нэгэн байдлаар бид хоёрыг дасгалжуулдаг байв. Бид хоёр хичээлээ тарчихаад гамбираа идэж, цайгаа уугаад автобусанд сууж бэлтгэлдээ орчихоод тарахдаа ТҮЦ-нээс 50-ийн ундаа авч уугаад автобусандаа чихэлдээд харьдаг байлаа. Харин гэртээ нимгэхэн нүүр гарын алчуур гартаа ороогоод ихэр маань том ваннын алчуур зүүгээд хоорондоо тулалддаг байв. Нэг удаа баруун гараараа цохитол ихрийн маань хоёр гар нь шулуун болоод унаж байлаа. Одоо бодоход тэр үйл явдал ирээдүйг маань зөгнөж байсан юм болов уу. Тамирчин хүнд дэмжигч л хэрэгтэй байдаг юм шүү дээ. Тиймээс тусалсан хүмүүсийнхээ ачийг амжилтаараа хариулна аа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
4 цагийн өмнө
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
6 цагийн өмнө
Б.Баасанхүү Их дуулга ангиллын тэмцээнд анх удаагаа түрүүллээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.