Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Тэд энд байгаагүй ч болоосой | Инстаграмын зураг ба бодит байдал

Зүгээр л камераа тавиад ямар газар ирчихснээ анзаарахын оронд ямар сайхан газар байгаагаа л бусдад харуулахыг чухалчилдаг болсныг эндээс харж болно.


26 настай Бельгийн гэрэл зурагчин Натача Де Махиеу 2021 оны наймдугаар сард Германы зүүн өмнөд хэсгийн үзэсгэлэнт хүрхрээ, өтгөн ногоон ойгоор хүрээлэгдсэн Оберси нуурын захад очив. "Үнэндээ тэнд тийм ч хөгжилтэй байгаагүй. Бороо орсноос болоод бүх хувцас маань норж, маш хүйтэй байсан" гэж Де Махиеу аяллын дурсамжаа хуваалцав. 

Харин тэнд байсан аялагчид сайхан зурагтай үлдэхийн тулд камерын өмнө гарахдаа хүйтнийг үл ажран, аз жаргалтай, зун дүр төрхийг харуулахын тулд хичээж буйг тэр анзаарчээ. Тэд дэрвэлзсэн даашинз, подволктой зураг даруулах авч камерын ард зузаан куртиктэй л явдаг. Энэ бол инстаграм ба бодит байдлын ялгаа. 

Де Махиеу баримтат гэрэл зургийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа бөгөөд төгсөлтийнхөө төслийн хүрээнд "Мөн чанарын театр" нэртэй цувралыг эхлүүлжээ. 

Яг адилхан газар, нөгөө л нэг зургууд давтагдсаар... "Намайг хардаа, би энд байна" (чи биш, атаархмаар байгаа биз) гэж байгаа юм шиг."

Ингээд тэр инстаграмчдын олноороо очдог аялал жуулчлалын бүсүүдийг зорин зураг дарахаар шийджээ. Де Махиеу үзэсгэлэнт байгальд цор ганцаар байгаа мэт инстаграмын гоёмсог зураг авахын оронд олон мянгаараа ирж, буцах хүмүүсийг нэг зурагт багтаахыг хичээж байв. 

"Би байгальд гав ганцаараа байгаа мэт мэдрэмж авах дуртай учраас л сайхан байгальтай газруудыг сонгодог. Егөөтэй нь, хүмүүс бүгд надтай адилхан зүйлийг хүсдэг, хийдэг. Яг адилхан газар, нөгөө л нэг зургууд давтагдсаар... "Намайг хардаа, би энд байна" (чи биш, атаархмаар байгаа биз) гэж байгаа юм шиг."

Бельги гэрэл зурагчин очсон газар бүрдээ хоёр өдрийг өнгөрөөдөг байсан гэнэ. Эхний өдөр нь тухайн газрыг судалж, зураг авахад хамгийн тохиромжтой цэгийг тодорхойлоод маргааш нь ирж, нэг цагийн турш ирж, буцаж буй жуулчдыг баримтжуулна. Дараа нь фотошопоор зургаа янзлахдаа 60 минутын турш ирсэн бүх аялагчдыг нэг зурагт багтаажээ.

"Энэ техник надад илэрхийлэхийг хүссэн санаагаа зурагтаа шингээхэд тусалсан. Зургийг минь үзээд зарим хүн тэнд хэчнээн олон хүн байгааг харах байх, нөгөө хэсэг нь бид хүрээлэн буй орчноо хэрхэн инстаграмын нүдээр хардаг болсныг мэдрэх болов уу. Нөгөөтээгүүр, бид хүрээлэн буй орчинтойгоо холбогдож, тэдгээрийг таньж, хүртэхийн оронд зүгээр л тус тусын бөмбөлөг дотроо амьдарч, сошиал медиагийн нөлөөгөөр зөвхөн өөрийгөө л гэх масс индивидуализмын эргүүлэгт орсноо анзаарна" гэв.  

Сошиал медиагийн нөлөөгөөр ямар ч газар тун амархан "Заавал очиж үзэх газар"-ын жагсаалтад багтаж чадна. Нэг инфлюнсер пост оруулахад л тухайн газар жуулчдын хөлд дарагддаг. Харамсалтай нь, энэ трэнд байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Марселийн Каланкес дархан цаазат газраас хадны тогтцыг хамгаалах зорилгоор өнгөрсөн зургаадугаар сард анх удаа жуулчдын тоог хязгаарлах шийдвэр гаргасан билээ. Энэ талаар Де Махиеу "Уур амьсгалын өөрчлөлт нүдний өмнө, бодитоор болж байна" гэсэн юм. 

"Нөгөөтээгүүр, бид хүрээлэн буй орчинтойгоо холбогдож, тэдгээрийг таньж, хүртэхийн оронд зүгээр л тус тусын бөмбөлөг дотроо амьдарч, сошиал медиагийн нөлөөгөөр зөвхөн өөрийгөө л гэх масс индивидуализмын эргүүлэгт орсноо анзаарна."

Мөн тэр өөрийгөө сошиал медиа соёлоос ангид биш, бусадтай адил сошиал медиад их цаг зарцуулдаг гэдгээ хүлээн зөвшөөч, тэр ч байтугай заримдаа өөрийнх нь гэрэл зургаас инстаграмын "гоо зүй" (зөөлөн пастель өнгө, дөрвөлжин хэлбэрт яв цав нийцсэн зохиомж) мэдрэгддэг хэмээн ярьжээ. Гэлээ ч тэр гэрэл зургуудаараа сошиал медиа ба бодит байдлын хоорондох зөрүүг шүүх бус, "Бид гэрээ орхин явахдаа юуны эрэлд гардаг, сошиал ертөнцийн гоёмсог, чамин дүр төрх хэрхэн хүмүүсийн өдөр тутмын шийдвэрт нөлөөлдөг, хувь хүний онцлогийг магтан сайшаадаг соёл иргэншил, яагаад бид бүгдээрээ уулс, модоор хүрээлэгдсэн нуурын эрэг дээрх жижигхэн модон байшингийн өмнө гав ганцаараа зогсож буй зурагтай болохыг хүсдэгээ" дахин нэг эргэцүүлэхийг уриалсан байна. 

Туркийн Кападоки, 2019 оны арваннэгдүгээр сар (Инстаграм дээр 2.2 сая удаа таг (tag) хийгдсэн)

Францын Каланкис, 2021 оны тавдугаар сар (Инстаграм дээр 132,000 удаа таг хийгдсэн)

Францын Шамони дахь Лак Бланк (Инстаграм дээр 44,200 удаа таг хийгдсэн)


Испанийн Барденас Реалесын цөл (Инстаграм дээр 96,200 удаа таг хийгдсэн)

Францын Вердон Горжи гол (Инстаграм дээр 216,000 удаа таг хийгдсэн)

Германы Оберси нуур (Инстаграм дээр 43,500 удаа таг хийгдсэн)

Португалын Пенеда-Жереш дархан цаазат газар (Инстаграм дээр 83,800 удаа таг хийгдсэн)

Францын Понт д’Арк, Ардече хавцал (Инстаграм дээр 126,400 удаа таг хийгдсэн)


Эх сурвалж: The Guardian, South China Morning Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
21 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
21 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.