Wednesday цувралаар шуугиан тарьж гарч ирсэн жүжигчин Женна Ортегагийн "The Face" сайтад өгсөн ярилцлагыг та бүхэндээ орчуулан хүргэж байна.

Энэхүү ярилцлагыг Женнагийн дотнын найз бас дуучин Оливиа Родриго хийсэн бөгөөд Wednesday цуврал гарч эхлэхээс яг нэг хоногийн өмнө орсон ярилцлага юм.

-Сайн уу, Женна!
Сайн уу Оливиа, юу байна даа?
-Маш их санаж байна шүү, би сайн. Чи сайн биз дээ? Яг одоо хаана байгаа юм?
Лос Анжелест буцаж ирээд л байж байна. Хэдэн сар ирээгүй болохоор одоо сайхан л байна.
-Парист байгааг чинь харсан. Түүнээс өмнө хаана байсан бэ?
Атлантад хоёр сар орчим болсон.
-Ёстой л завгүй охин юм даа. Гэртээ ирсэнд чинь баяртай байна. Одоо гэр бүлийнхэнтэйгээ байна уу?
Үгүй ээ. Өмнө нь хийчихсэн байх ёстой байсан хэдэн зүйлээ хийнгээ бусад юмаа амжуулаад л байж байна. Удахгүй бас л явах хэрэгтэй болохоор.

-Чамайг хамгийн сүүлд хэзээ харлаа даа. MTV шагнал гардуулах ёслол билүү?
Нээрээ тийм шүү дээ.
-Үнэхээр гоё байсан шүү. Чамайг тэнд байгааг хараад үнэхээр баярласан.
Сэтгэл маш их хөдөлсөн. Шагнал гардуулж өгөхөөс таван минутын өмнө тэд чамайг тэр шагналыг авах болсныг хэлсэн.
-Чамайг шагнал гардуулах болсныг би ерөөсөө мэдээгүй байсан болохоор хамгийн гоё гэнэтийн бэлэг байсан. За тэгэхээр, би чамаас ярилцлага авах ёстой шүү дээ. Одоо сэтгэлээ бэлдээдэхье.
Надаас ярилцлага авч байгаад баярлалаа!
-Чиний хувьд хамгийн солиотой, галзуу, чухал жил байлаа шүү дээ. Чиний хичээл зүтгэл, авьяас чадвар, бүхнээ зориулж байгааг чинь гээд бүгдийг харсан болохоор чамаас илүү үүнийг хүртэх эрхтэй хүн байхгүй гэж бодож байна. Бас би чиний өмнөөс маш их баяртай байна. Чамд ямар байна даа? Энэ жил их ядрав уу, догдлол дүүрэн байв уу?
Ийм сайхан үг хэлсэнд баярлалаа. Үнэхээр сэтгэл хөдлөм жил байлаа. Би чамайг хэр удаан мэдэх билээ? Бараг л жүжиглэж эхэлсэн цагаасаа л байх. Би жүжиглээд 10 жил болсон байна. Амьдралын минь тал хугацаа шүү дээ. Бараг талаас илүү хугацаа нь. Энэ хугацаанд их зүйл болсон. Эцэг эх минь маш их зүйлээ золиосолсон. Би ч их зүйлээ золиосолсон. Энэ бүхэн багийн ажиллагааны үр дүн. Би одоо л өөрийн хийхийг хүсдэг зүйлийнхээ мөн чанарыг харж, бас намайг бүтээлчээр хөглөх боломжтой төслүүдэд оролцож байгаагаа мэдэрч байна. Жүжигчин хүний хувьд энэ бол чиний араас нь хөөцөлдөж, авч, хүсэж чадах бүх л зүйл чинь гэсэн үг. Би их ядарсан л даа гэхдээ ажлаа хийхгүй л бол бусад үед нь ухаанаа гээчих гээд байсан.
-Тийм шүү.
Ёстой муухай мэдрэмж юм аа. Ажлын дараах сэтгэл гутрал гэх юм уу даа. Хангалттай амрах цаг байхгүй тийм ажил дунд ороод ирэхдээ харин гутралд орохгүй зүгээр болчихдог. Зүгээр л нэг тийм хачин мэдрэмж. Сүүлийн үед хийж байгаа бүх ажлууддаа их сэтгэл хөдөлж байна. Завгүй байх үнэхээр гайхалтай байгаа.
-Өмнөх тойрон аяллаараа би яг ийм мэдрэмж авч байсан. Тоглолтын үеэр өдөр болгон юмс минут секундээр төлөвлөгдсөн байдаг. Хаана байх, юу хийж байх гээд бүгд. Дууссаны дараа харин "Бурхан минь, зүгээр суухыг үзэн ядаж байна. Буцаад ажиллаж эхэлмээр байна" гэж бодогддог. Чи болон танай гэр бүлийнхэн ямар их зүйлээ золиосолсон тухай ярихыг чинь сонсоод их таалагдлаа. Миний амьдралд ч бас ийм зүйл болж байсан. Манай эцэг эх танай эцэг эхийг бас их хайрладаг яг л нэг ийм ижил төстэй тал байдаг.
Тийм шүү!
-Тэд бие биеэсээ өөрсдийнхөө ижил талыг олж хардаг байх. Тэдний хувьд чамайг эмэгтэй хүний хувьд ч жүжигчний хувьд ч ингэж өсөн том болж буйг харах сайхан байгаа байх. Одоо чи үзэж том болсон зүйлийнхээ нэгэн хэсэг болж, төсөлд нь ажиллаж байгаа. Тэгэхээр их сонирхолтой байгаа байх. Ээж аав чинь энэ бүхнийг яаж хүлээж авсан бэ? Чи тэдэнтэй одоо ч маш ойр байгаа байх.
Тийм ээ, тэд одоо ч итгэж чадахгүй л байгаа байх. Тэд надад итгэж байгаагүй гэсэн үг биш л дээ. Хэрэв итгэдэггүй байсан бол тэд долоо хоногт дөрвөөс таван удаа зургаан цаг машинаар намайг зөөж, Лос Анжелест жүжигчдийн сонгон шалгаруулалтад орох боломжийг надад өгөхгүй байсан. Өчигдөр ээж маань надад "Би чамайг үнэхээр одоогийн байгаа энэ цэгтээ ийм хурдан хүрч чадна гэж бодоогүй" хэмээн хэлсэн. Үнэн шүү дээ. Бидэнд Холливудын ямар нэгэн танил тал огт байгаагүй. Би зүгээр л зургаан настай байхдаа гаргасан тэр шийдвэрээрээ амьдарч байсан. Би юу хүсэж байгаагаа маш сайн мэддэг байсан. Ямар нэг байдлаар тэр бүхэн бүтсэн ч манай ээж аавын дэмжлэггүй бол боломжгүй байх байсан. Би гэртээ тэр болгон байж чадахгүй байсан болохоор тэд их сандарч, санаа зовж байсан. Намайг илүү бага, улам бүр бага олж харах болсон нь тэдэнд хэцүү байгаа байх. Би чинь жаахан охин, тэгсэн хэрнээ маш их аялдаг. Аюулгүй байдалд минь их санаа зовдог байх. Гэхдээ юу юунаас илүү надад сайн сайхныг л хүсдэг. Би үнэхээр азтай хүн шүү. Ийм сайхан эцэг эхтэйдээ их баярладаг.
-Үнэхээр хайр татам юм аа! Энэ салбарт чи маш хурдан өсөж том болсон юм шиг санагддаг уу? Хүмүүс надаас "Жаахан охин байхаасаа л ийм бужигнаан дунд өсөхөөр хөгжилтэй байдаг байх даа" гэж асуудаг. Харин би "Тийм ээ, гоё байсан. Гэхдээ би 13 настай байхдаа томчуудтай л найзалдаг байсан" гэж хариулдаг л даа. Энэ бүхэн чамд ч бас нөлөөлсөн байх.
Би өөрийгөө маш хурдан өсөж том болсон гэж хэлэхгүй. Би угаасаа л хүүхэд байхаа их хурдан болих байсан мэт санагддаг. Найман настай байхаас минь л хүмүүс намайг "Эмгэн шиг" гэдэг байсан. Ийм орчинд, дандаа насанд хүрсэн хүмүүстэй ярилцаж, цагийг өнгөрүүлж, бас мэргэжлийн түвшинд хүмүүстэй харилцах хэрэгтэй болно. Маш олон жүжигчин наснаасаа илүү хэрсүү бас бусад хүүхдүүдийн сандарч, асуудалтай тулгарах байсан тийм өөр харилцааны түвшинд бусадтай харилцаж чаддаг. Тийм болохоор энэ угаасаа л болох байсан зүйл. Гэхдээ надад хэзээ ч дарамттай санагдаж байгаагүй. Би кино зураг авалтын орчинд байхдаа их сэтгэл хөдөлдөг байснаас гадна ямар ч алдаа гаргахгүйг хичээдэг байсан. Хүмүүс надтай цуг ажиллахыг хүсээсэй гэж би хүсдэг байсан. Тиймээс бусдын нэрийг тогтоож, бусадтай харилцаа тогтоож, хүмүүс юуг илүү сонирхдогийг мэдэж, илүү хичээх хэрэгтэй. Надад энэ бүхэн сонирхолтой санагддаг байсан. Яг л бяцхан тоглоом шиг.

-Амьдралынхаа тал гаруй хугацааг жүжигчний амьдралаар өнгөрүүлнэ гэхээр үнэхээр галзуу сонсогдож байна. Хүмүүсийн нүдэн дээр шахуу том болох нь чамд сонин байсан уу? Одоо бол бүр ч илүү бусдын анхаарлын төвд орж байгаа шүү дээ. Энэ бүхэн ямар байна. Чи олон нийтийн сүлжээг хэр ашиглаж, өөрийгөө харуулж чаддаг вэ?
Би олон нийтийн сүлжээг огт ашиглаж чаддаггүй.
-Үнэхээр үү? Би бол чамайг үнэхээр сайн байгаа л гэж бодож байна.
Үгүй ээ, ёстой үгүй. Надтай цуг ажиллаж байсан нэг жүжигчин надад "Хэрэв би чамтай уулзахаасаа өмнө Инстаграмыг чинь харсан бол ийм күүл хүн гэж бодохгүй байх байсан" гэж хэлсэн. Тэр яг л "Чи өөрийгөө үнэхээр харуулахдаа муу бололтой" гэх утгаар хэлсэн. Үнэхээр тэр нь ч зөв. Гэхдээ үүнийг сонсоход бас сайхан байдаг. Учир нь миний сонирхдог зүйл, хайртай, дуртай зүйлийг бусад хүмүүс "хачин" гэж хардаг.
Би олон нийтийн сүлжээг бизнес платформ гэж харахыг боддог. Учир нь хэт их орооцолдвол эрүүл бус харилцаа болно. Би олон нийтийн сүлжээтэй хэт дотносох хүсэлгүй. Би тэнд тавигдсан зураг минь ямар харагдахаас ичиж, эсвэл хүмүүс юу гэж байгаа бол гэж санаа зовохыг хүсэхгүй байна. Зүгээр л ажлын постууд байх болно. Би юуны ч тухай хамаагүй ярьж, хүмүүс намайг инфлүүнсер биш харин жүжигчин гэсэн утгаар нь харж чадна.
Олны нүдэн дээр гэснээс би хүмүүсийн анхаарлыг чам шиг их татдаг хүн биш шүү дээ. Чамайг тэр их дарамтыг яаж даван туулдаг болохыг мэдэхгүй юм. Би алдартай биш. Би өөрийгөө зүгээр л танигдаж эхэлж байгаа гэж бодож байна. Үнэхээр хачин шүү. Би яаж хариу үйлдэл үзүүлэхээ ч мэдэхгүй юм. Би зүгээр л юу хийхээ мэддэггүй болохоор хүмүүсийн харилцан яриан дунд гацчихдаг. Би юу хийхээ ч мэддэггүй. Харин чи маш олон хүнтэй газар ч үргэлж хайр татам, төгс байдаг. Тэр чанар чинь үнэхээр гайхалтай. Би чамаас үнэхээр суралцах хэрэгтэй байх.
-Олон нийтийн газар чам дээр хэн нэгэн хүн ирээд, тэгээд нэг тийм хөгжилтэй нөхцөл байдал үүсэж байсан удаа бий юу?
Хэд хэд болсон байх. Disney-ийн жүжигчин байх үед л байх, ариун цэврийн ороход хэн нэгэн 00-ийн өрөөний доогуурх хоосон зайгаар ярилцах гэж оролдож байсан. Эсвэл зүгээр л гараа угаагаад зогсож байтал хэн нэгэн чиний гараас бариад шууд хүүгийнхээ төрсөн өдөр лүү аваад оччихно. Тэр үед "үгүй" гэж хэлэх зориг байгаагүй.

-Яг бие засаж байх үед хүн яриа өдөх гэж оролдоно гэдэг үнэхээр онцгүй санагдаж байна. Тэгээд бүр тэр чимээнд ярилцана гэдэг...
Би бие засах үеийн сэтгэл зовнилтой. Тэр хүнийг болих хүртэл бүр гарч чаддаггүй байсан.
-Би хэдэн сарын өмнө "Scream" киног үзсэн. Чи үнэхээр гайхалтай байж, дүрээ сайн гаргасан байсан. Маш хэцүү дүр байсан ч чи тэр мундаг жүжигчидтэй цуг гайхалтай авч гарсан байна лээ. Бас Wednesday байна. Ийм баялаг түүхтэй дүрүүдийг бүтээхэд ямар байсан бэ?
Scream кинонд би яг л 1996 оны анхны кинон дээр гардаг шиг ягаан цамц өмсөөд хутгатай тоглодог юм. Тийм түүхэн кино хэсгийг дахин бүтээнэ гэдэг маш том сорилт байсан. Би бүр өмнөх шөнө нь унтаж чадсан эсэхдээ ч эргэлзэж байна. Би хэт их сандрахаараа биеэ муутгачихдаг юм. Миний бие хачин болохоо ерөөсөө больдоггүй. Харин тэр хэсгийг бичдэг өдөр яг л тийм зүйл болсон.
Wednesday анхны хэсгийг бичүүлж байсан өдрөө санахад бас л яг бие минь эвгүй болж байсан. Өмнө нь өөгүй төгс хийгдсэн дүрийг дахин гаргах гэсэн тэр дарамт их хүнд байсан. Кристина Рикки бол домог шүү дээ. Түүний бүтээсэн дүрийн ачаар л тэр дүр түүхэн болж чадсан. Би хэнийг ч даван гарч чадахгүй, зүгээр л арай өөр байх ёстойгоо мэдэрч байсан. Гэвч зохиол дээр үнэхээр яг өмнөх дүрийг санагдуулам байсан учраас би яаж тэр дүрийг өөрийн хэв маягтаа оруулж болох вэ гэж их бодсон.
Тийм олон хүн энэхүү төслийг тэгж их анхаарна гэж би бодоогүй байсан. Би сайн байсан эсэхээ ч мэдэхгүй байсан болохоор улам их сандарч эхэлсэн. Би бараг бүх хэсэг дээр байгаа шүү дээ. Би яг л тэр охины тухай ямар нэг шинэ зүйлийг өдөр болгон сурч авч байгаа мэт байсан. Орой болгон би унталгүй хэвтээд тааз руу ширтэж, яагаад би тэр үед ингэж болоогүй юм бол, тэгэх ёстой байж гэж боддог байсан. Яг л хар дарсан зүүд гэсэн үг.
-Чи дүрээ ингэж их анхаардаг болохоор л гайхалтай жүжигчин байхгүй юу. Би чамайг гайхалтай байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Чи бүтээсэн дүрүүдийнхээ өмнөх эзэд болох Кристина (Wednesday) эсвэл Дрью (Scream) хоёртой уулзсан уу?
Би Дрьюгийн ярилцлагын нэвтрүүлэгт хоёр удаа орсон.
-Тэр ёстой гайхалтай шүү.
Үнэхээр миний уулзаж байсан хамгийн хайр татам эмэгтэй. Үнэхээр күүл. Бас Кристина байна. Манай шоуны нэг хэсэгт орсон юм. Тэр зураг авалтын сүүлийн хоёр долоо хоногт ирсэн юм. Би түүнд юу ч хэлж чадахгүй байсан. Миний амьдралдаа мэдэрч байсан хамгийн эвгүй хачин мөч байсан. Заримдаа ямар нэг зүйл хэлэхээр тэр "Өө, үнэхээр бараан мэдрэмж төрүүлж байна шүү" гэдэг байсан. Би яах ёстойгоо ер мэдээгүй. Түүнээс хойш бид ярилцаж маш сайхан яриа өрнүүлсэн. Тэр маш мэргэжлийн бас сайхан ааштай, бүх хүний нэрийг мэддэг байсан. Бид Wednesday-ийн тухай дахиж ганц ч яриагүй.
-Үнэхээр гайхалтай эмэгтэй шиг сонсогдож байна. Бас их авьяастай. Чи өөрийгөө 20 жилийн дараа ямар болсон байна гэж бодож байна. Өглөө болж байхад ийм асуултууд асууж байгаад уучлаарай.
Би дөнгөж босоод байлаа.
-Би ч бас. 20 минутын өмнө л боссон.
Хоолойноос минь сонсогдож байгаа биз дээ? За байз... 20 жил... Урт хугацаа шүү.
-Насаа хоёроор үржүүлсэн мэт л.
Харин тийм ээ. Намайг догдлуулдаг тийм ажлыг хийж байна байх. Хамгийн драматик инди кино замналаар алхах байх. Магадгүй цус нөжтэй сайн кинонд ганц хоёр тоглочихсон. Би ажлаа олон талтай байгаасай гэж хүсэж байна. Маш олон төрлийн кинонд тоглочихсон ч юм уу. Хэрвээ би энэ мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллаж байвал шүү дээ. Заримдаа миний дотор орших өөр нэгэн жүжиглэхээ болиод сувилагч ч юм уу тийм хүн болохыг хүсдэг.
Би үнэхээр азтай бас маш гайхалтай боломж олдсоныг ойлгож байгаа. Амьдралд минь тохиолдож буй бүхэн ямар нэгэн байдлаар өвөрмөцөөр ирдэг. Тиймээс 20 жилийн дараа, би үнэхээр мэдэхгүй байна. Би бахархдаг зүйлээ хийж, найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ илүү ойр байгаасай л гэж хүсэж байна. Хэлж мэдэхгүй нь. Би ямар нэг зүйлээс их хурдан хямарчихдаг болохоор 20 жил гэж бодсон чинь бүр эвгүй болж байна.
-Чи одоо ч найруулагч болохыг хүсдэг хэвээрээ юу? Чи багаасаа хүсдэг байсан.
Тийм ээ! Асуултуудад минь хариулж өгч байгаад баярлалаа. Надаас ч илүү сайн байна шүү. Кино найруулбал үнэхээр гайхалтай байх болно. Бас би буцаж сураад, хөгжмийн зохиолч болохыг хүсдэг.
-Үнэхээр янзтай.
Найруулагч, хөгжмийн зохиолч бас жүжигчин. Үнэхээр зүүд мөрөөдөл биелсэн мэт байх болно.
-Чи чадна аа. Бас сувилагч болох хүслээ битгий гээгээрэй. Ээж чинь сувилагч биз дээ?
Тийм ээ, тиймээс л хүсэж байгаа юм. Тэр бол хамгийн күүл эмэгтэй. Хүмүүсийн амийг аврахыг хүсэж байна.
-Чиний түүхийг онцгой болгож буй нэг зүйл нь тэр. Чи хамгийн энгийн гайхалтай амьдралаар өсөж том болсон. Таван ах дүүтэй байх аа?
Тийм ээ, эхээс зургуулаа.

-Чи энэ хүрэх гэж маш их зүтгэсэн. Ийм болохоор л чи их даруу бас амьдралыг их сайн ойлгодог. Чи байнга л азтай, маш их азтай нэгэн гэдгээ дурдаж байна шүү дээ. Тим Бёртонтой ажиллах ямар байсан бэ?
Тимтэй ажиллах гайхалтай байсан. Тэр маш дуу цөөтэй хүн. Эхний өдөр би цаашид зураг авалтад ороход ямар байх бол гэдгээс үнэхээр их айж байснаа санаж байна. Бид Wednesday-ийн үсний сүлжээсийг төгс болгохыг оролдож байсан. Бид төлөвлөгөөнөөс хоцорч байсан ч тэр ирээд "Үгүй ээ, буруу байна. Хангалттай шулуун биш байна" гэж хэлж байсан. Тэд үсийг төгс харагдуулахын тулд хүзүүний минь хойд хэсгийн үсийг хуссан. Тэр үсчний самыг аваад миний үсийг самнаж байсан. Түүний яг хүссэн тэр газар нь миний үс байрлах хүртэл тэр үсийг минь янзалсаар л байсан.
Тэр маш сэтгэл хөдлөл өндөртэй бас нямбай хүн. Өмнө нь телевизийн кино хийж байгаагүй болохоор би түүнийг юу төлөвлөсөн бол, маргааш ямар хэсгийг бичих бол, юуг илүү шахаж өөрчлөх бол гэж их сониучирхаж гайхдаг байсан. Тэр бол ирээдүйг зөгнөгч, Сэтгэлд нь хүрээгүй юуг ч бичдэггүй, бас яг санаснаар нь болох хүртэл тэр дахин дахин оролддог. Харахад үнэхээр урам зориг авмаар шүү. Бас тэр энэ болгоноо ямагт эелдгээр хийдэг байсан. Хүн бүрийн нэрийг цээжилсэн байсан ч тэр чимээгүй болохоор зөвхөн өөртөө үлдээдэг юм шиг. Бас тэр өөрийгөө нэг л болохгүй байна гэж үзвэл тэр нөхцөл байдлаас гардаг байсан. Би тийм түвшний хүнтэй ажиллаж үзээгүй байсан. Бусад ажилтнуудтай бүдүүлэг байдаг, яаж ярихаа ч мэддэггүй хүнтэй хамтарч байсан л даа. Тэр мөчид ерөөсөө юм хамтарч хийж, баг болж байгаа юм шиг санагддаггүй байсан. Харин Тимтэй би ямар ч асуудлыг мэдэрч байгаагүй. Миний ажиллаж байсан хамгийн сайхан найруулагчдын нэг. Би түүнээс их зүйл сурсан. Бас тэр ч зааж өгч байгаадаа баяртай байх шиг санагддаг. Ямар гайхалтай хүн гэж санана аа. Би юу хүлээж байснаа мэдэхгүй ч түүнтэй хамтран ажилласныхаа дараа сандралыг мэдрэхээ больсон. Тэр чамайг маш тухтай байлгаж бас хангалттай бэлдэх хугацаа өгч чаддаг нь гайхалтай.
-Би чиний өмнөөс үнэхээр баяртай байна. Чи үнэхээр их зүйлийг сурсан байх. Wednesday дээр ямар нэгэн зүйлийг хийхдээ эвгүйцэж байсан тохиолдол бий юу? Scream кинон дээр ч гэсэн. Хэрцгий, хүчирхийлэлтэй хэсгүүд их байдаг шүү дээ.
Wednesday дээр лав биш. Scream дээр ч ялгаагүй. Миний нүүрэн дээр маш том инээмсэглэл үүсчихсэн, би цусанд будагдан хэвтэж буй тийм зургууд байдаг юм. Жинхэнэ биш болохоор нь би үнэхээр дуртай л даа. Би жинхэнээсээ хутгалуулж үзээгүй ч ажлынхаа хүрээнд туршиж, хийж үзсэн сонирхолтой зүйл байсан. Ингэж хэлэх үнэхээр аймшигтай сонсогдож байгаа байх. Гэхдээ цус урсахад би үнэхээр дуртай. Бас хэн нэгнийг хөөж, зугтааж буй хэсэг надад их таалагдсан. Үнэхээр хөгжилтэй байсан.
Хүмүүс аймшгийн киноны өөр талыг илүү хардаг ч болоосой. Бид ихэнхдээ л маш их инээлдэж байсан. Scream киноны нэг хэсгийн зураг авалт дээр бид бүр зогсож чадахгүй инээлдэж байснаа санадаг юм. Намайг айлгах их хэцүү л дээ. Намайг айлгах гэж ямар нэг зүйлийн араас үсэрч гарч ирэх нь их ч би огт цочиж үсэрдэггүй.
-Чи нээрээ л цочдоггүй шүү.
Тийм ээ, би зүгээр л анхнаасаа ийм байсан.

-Чамайг үнэхээр айлгадаг зүйл бий юу?
Өөрөө өөртэйгөө нүүр тулах.
-Жинхэнээсээ...
Орхигдох. Жинхэнэ хайрыг хэзээ ч олж чадахгүй байх. Би үхлээс ч юм уу тиймэрхүү зүйлээс айдаггүй. Би их гаж хүн юм шиг байгаа юм. Миний хамгийн том айдас бол хайртай хүнээ алдах. Хайртай, дотно хүнтэйгээ утсаар яриад дуусах болгондоо би "Хайртай шүү" гэж хэлдэг. Бас би үргэлж тэднийг аюулгүй сайн байгааг мэдэхээр зурвас илгээдэг. Миний хамгийн том айдас бол тэднийгээ алдах.
-Юу чамайг илүү бараан, айдас дүүрэн ийм төслүүдэд оролцоход нөлөөлж, өөртөө татсан бэ?
Би тэр кинонуудыг олсон шиг тэд ч намайг олж ирдэг байх. Цуврал алуурчид, мангасууд, араатнууд яагаад ч юм надтай ойрхон мэдрэгддэг Хаашаа ч явсан энэ холбоос байсаар байдаг. Жаахан байхаас минь л аймшгийн кино, бараан түүхүүд намайг өөртөө татаж ирсэн. Надад зөв зүйл хийж байгаа юм шиг санагдаж, кино зохиолд нь илүү татагдсаар өдийг хүрсэн. Надад тааламжгүй санагддаг, ойртоод харахад үзэмж төгс бус тийм л үл ойлгогдох зүйл таалагддаг. Би сэтгэл түгшээм зүйлүүдэд дуртай. Ийм зүйлс үнэхээр сонирхолтой бас түүхүүд нь яаж ч явж өөрчилж болох маш олон салаа зам, хувилбаруудтай байдаг. Хохирогч болж буй дүрд тоглох нь надад сорил болж өгдөг. Тэднийг бусад байдаг л дүрүүдээс өөр байлгахыг хүсдэг минь үүнтэй холбоотой.

Би бүх дүрээ адилхан байлгахыг хүсэхгүй байна. Гэхдээ тэд адил нөхцөл байдалд байвал нэг дүр минь нөгөөгөөсөө өөрөөр яаж тэр болгоныг хүлээн авах бол гэдэг нь сонин байдаг. Аймшгийн кино намайг аймхай байхаас салгасан зүйл л дээ. Гэхдээ би энэ төрөл жанрын цаана байгаа зүйлд хайртай. Хийгдэж бүтээгдэж буй явц, мөн чанарт нь татагддаг. Сайн аймшгийн эсвэл триллер кино хийхэд их мөнгө хэрэггүй. Энэ бол тэр чигтээ адреналинаас бүтэж буй зүйл. Тэнд байгаа, үзэхээр очсон хүн бүхэн догдолж, сэтгэлийн бэлтгэлтэй ирдэг. Олон кино зураг авалтад байж үзсэн ч энэ төрлийн кино зураг авалт, орчинд байхыг би илүү хүсдэг. Учир нь энэ киног бүтээхэд зориулж буй эрмэлзэл, хичээл зүтгэл, хүсэл гээд бүгд гайхалтай. Үргэлж сайхан байдаг.
-Үнэхээр таалагдаж байна. Чамтай байх үнэхээр сайхан байлаа, Женна. Чиний өмнөөс маш их баяртай байна. Хайртай шүү.
Чамайг өөртөө анхаарал тавьж, сайн унтаж амарч байгаа хэмээн найдаж байна. Сайн бүхнийг хүсье.
-Чамд ч бас. Маш их баярлалаа!
