Далай бол манай гарагийн ихэнх хэсгийг бүрхсэн нэгэн нууцлаг ертөнц билээ. Далайн хамгийн гүн хэсэгт шумбаж үзсэн хүмүүсээс огторгуй дахь саран дээр хөл тавьсан хүмүүс илүү олон байх. Хүн төрөлхтөн далай хэмээх энэхүү нууцлаг ертөнцийн зөвхөн нэг хувийг л судалж, нээн илрүүлсэн юм. Та бидний огт харж байгаагүй, тэр бүү хэл сонсож ч байгаагүй амьтад гүн цэнхэр далайн ёроолд олон бий. Эдгээр ховор амьтдын зах зухаас сонирхуулъя.
Фриллэд акул

Фриллэд акулыг дэндүү болхи хөдөлгөөнтэй учир амьд чулуужсан үлдэгдэл гэж нэрлэдэг. Махчин загасны нэн ховордсон төрөлд багтдаг энэ амьтан ойролцоогоор дөрвөн метр урттай. Олз агнахаар довтлохдоо биеэ атируулан, могой шиг гүрвэлзэн хөдөлдөг ажээ.
Макропинна Микростома

Макропинна нь маш ховор буюу бараг устан үгүй болж буй загасны нэг төрөл. Энэхүү загасны толгойн хэсгийн хайрс нь тунгалаг учир дотоод эрхтнийг нь нэвт харах боломжтой. Бүр нүднийх нь линзийг хүртэл харж болдог аж. Мөн түүний нүд хүссэн бүх зүг рүүгээ эргэж харах чадвартай.
Хуягт дун

Саяхныг хүртэл дун бүх талаараа олны анхаарлыг татахуйц содон амьтан биш байв. Гэвч гүн цэнхэр далайд маш зузаан хуягтай хосгүй өвөрмөц дунгууд амьдардаг ажээ. Энэтхэгийн далайгаас олдсон энэхүү өвөрмөц дунгийн хуяг нь төмрийн найрлагатай учир АНУ-ын судлаачид үүнийг ашиглан цэргийн хуяг дуулгыг сайжруулах судалгаа хийж байгаа.