Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтийгээр аялахдаа заавал очих байгалийн үзэсгэлэнт хийгээд түүхэн ач холбогдол бүхий 13 газрыг санал болгож байна.
1.Бурхан Халдун
Монголчууд тус хайрханыг "Хадун хайрхан" гэж нэрийддэг байсан бол сүүлд Буддын шашны нөлөөгүүр Бурхан гэдэг нэршил нэмэгдэж "Бурхан Халдун" болсон байна. Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Бурхан халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг.
2.Чингисийн гэрэлт хөшөө
Хэнтий аймгийн Дадал сум нь их эзэн Чингис хааны төрсөн голомт. Их эзэн хааны хөшөөг сумын төвөөс 3 км-т байрлах Гурван нуурын хөвөөнөө Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан 1962 онд дурсгалын гэрэлт хөшөөг босгожээ. Гэрэлт хөшөөний өндөр нь 11.70 м, суурийн өргөн нь 10 метр байна. Бадамлан асаж буй галын хэлбэрийг сонгохдоо Монголчууд эрт дээр үеэс галыг бадран мандахын билэгдэл хэмээн үздэг.Хөшөөний өвөр хананд Чингис хааны босоо дүрсийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг шударгуу байдлаар ховилтуулан сийлж “Алд бие мину алжааваас алжаатугай Ахуй төр мину бүү алдартугай” хэмээсэн мэргэн сургаалийг Монгол бичгээр сийлбэрлэжээ. Хөшөөний зохиогч нь уран бармалч Л.Махвал юм.
3.Хар зүрхний хөх нуур
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх газар усны нэрүүд гардаг. 4.Аварга тосон
Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 250 километр зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аваргатосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм.
5.Дэлүүн болдог
Их Монгол улсыг үндэслэгч байгуулагч Чингис хааныг Дэлүүн болдог гэдэг газар төрсөн гэж түүхийн сурвалжид өгүүлсэн байдаг билээ.
6.Рашаан хад
Рашаан хад нь Хэнтий аймгийн Бат ширээт сумын нутагт Биндэр уулын зүүн урд хормойн цохио бүхий үзүүрт оршдог. Рашаан хад нь чулуун зэвсгийн үеэс эхлээд XVI зууны үе хүртэлх он цаг үед хамаарах Монголын дорнод хэсгийн түүх соёлын дурсгалт цогцолбор юм.
Энэ хадны орчимд чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг, янз бүрийн бичиг үсгийн дурсгал, бичээсүүд, чулуун зэвсгийн дурсгалууд, хүрэл, төмөр зэвгийн үе болон Хүннү, Кидан, Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэн дурсгалууд болон булш олон байдаг аж.
Рашаан хаднаа сийлсэн хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүрс нь түүхийн өөр өөр үед хамаардаг нь гадны жуулчдыг ихээр татдаг байна. Рашаан хаднаа ан амьтан, хүнийг зургийг цоолборлон зурж, овгийн хэдэн зуун тамгыг сийлсэн байхаас гадна Кидан, Араб, Перс, Түвд, Хятад, Монгол бичгээр 20 гаруй бичээсийг бичиж үлдээжээ.
7.Өглөгчийн хэрэм
Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45км, Баян гол өглөгчийн голд нийлэх билчирээс 8-10 км зайд, Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан энэ хэрэм бол Өглөгчийн хэрэм.Хэрмийн дунд алсаас тодхон харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн домоглодог. Өглөгчийн хэрэмд барилга орсон ор улбаа байхгүй бөгөөд хэрмийн дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэж С.Кондратьев 12-14-р зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан болов уу гэж үзсэн тал бий. Харин түүхч Х.Пэрлээ тэндээс олдсон олдвор шавар савны хагархайнуудаар баримжаалан Хятаны үед холбогдоно гэж тогтоожээ. Гэвч Өглөгчийн хэрэм нь Хятаны тухай эх сурвалж бичигт нэр нь гардаггүй бөгөөд Хятан улсын эзэлсэн Монгол аймгийн нутгийн заагаас гадагш Хурхын голын сав газар оршдог дурсгал юм.
8.Балдан Бэрээвин хийд
Барайвун гэдэг нь санскрит хэлний дрэвун буюу “оргилсон будаа” гэсэн утгатай үг ажээ. Энэ нь Энэтхэг, Түвдийн Дрэвун хийдүүдтэй шууд холбоотой болохыг илтгэдэг байна. Балдан барайвун хийд Гэлүгва ёсон буюу шарын урсгалын хийд бөгөөд ид хөгжиж байх үедээ 4 сургууль дацантай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байжээ. Цогчин дуганы баруун хойд талд “Эхийн умай” хэмээх сэнжин хад байх агаад хүрч очсон хүн эхээс төрөх, өлгийдүүлэх үйлдлийг хийгээд эцэст нь “хаан суудал” хэмээх хаданд залардаг. Цогчин дуганы урд талд “Ээж мод” хэмээх хадаг яндар бүхий саглагар мод бий. Энэ модонд хүмүүс мөргөж залбиран хүслээ даатгадаг заншилтай.
9.Баян дуурлиг нарс, Хүннүгийн үеийн булш
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий эртний түүхэт Дуурлиг нарс, Онон гол нь Баян-Адрагачууд бидний бахархал юм. Дуурлигийн нарс эртний Хүннү гүрний язгууртны 200 орчим булш байдаг. 2006 оноос ШУАкадеми малталтын ажлыг хийж байгаа. 2011 онд Монгол түүхт шастирт түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн ухаант Хатдын гавъяаг мөнхжүүлэх зорилгоор Монгол Хатдын өргөө ашиглалтанд орсноор тус суманд гадна, дотны жуулчдын тоо нэмэгдсээр байна. Сумын төвөөс 35 км-т орших Баруун буурлын уулан дах Буурлын агуй нь 7-8 метрийн өргөнтэй, 3-н хэсэг тасалгаатай бөгөөд жилийн турш мөстэй байдагаараа онцлогтой юм.

10.Ононгийн халуун рашаан
Ононгийн халуун рашааны өвлийн төрх
11.Аураг рашаан
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагш 10 километрт Аваргын голын урд хөвөөнд хадтай дэнжийн баруун хойд талд далайн төвшнөөс дээш 1250 метр өндөрт орших зүлэг ширэг бүхий хадан асга, мөргөцгийн ёроолоос ундран гарах хүйтэн рашаан.
12.Монгол хатдын өргөө
Монгол төрийн цэцэн билэгт их хатдын өлгий нутаг Халхын Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарсны дэнж хэмээх газар Монгол төрийн үе үеийн түүхийг бүтээлцсэн их хатдад зориулсан хүндэтгэлийн өргөө цогцолбор бий. Энэ нутагт Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хатан Ц.Дондогдулам, Н.Гэнэнпил нар төрж өссөн нутаг ажээ. Тийм ч учраас багц таван сумны бөх батыг балчир хөвгүүддээ ухааруулсан Алангуа хатан, эзэн богд Чингис хааны эх Өүлэн хатан, агуу төрийн долоон эрдэний нэг Бөртэ хатан, хан хөвгүүн Тулуйн хатан Сорхагтан бэхи, Өгөөдэй хааны хатан Дөргэнэ нарын есөн хатанд зориулан уг хөшөө цогцолборыг босгосон байна. Түүнчлэн Мандухай сэцэн хатан, Өндөр гэгээний ээж Ханджамц, Галдан бошготын хатан Ану мөн Богд хааны соёрхолт хатан Дондогдулам нар багтаж байгаа ажээ. Монгол хатдын бортгон малгай хэлбэртэй гол өргөөг тойруулан дөрвөн их суварга, есөн цагаан гэрийг босгожээ. Гол өргөөний хойморт хатдын сэнтийг залсан байх бөгөөд эргэн тойронд дээрх хатдын хөргийг байрлуулсан байна. Мөн өргөөний голд есөн хөлт их цагаан туг байх ажээ. Хатдын сэнтийн баруун, зүүн талд Цагаан дарь эх, Ногоон дарь эх бурханыг шилэн хоргоны дотор залжээ.


14.Хаадын модон сийлбэр
Нуурын эрэг дээр Чингис хааны мэдэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө байх бөгөөд түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэрийг байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжингийн сийлбэрийг байрлуулсан байна.