Амьдралын зам өчнөөн зөрлөгтэй, санаснаас их донсолгоотой байдаг. Зовлон, жаргалын алинд ч өдөр, шөнө, халуун, хүйтнийг эс хайхран дарцгаа барьчихаад, дүрмийн дагуу ягштал ажиллах галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч мэт хээвнэг байж сурахсан. Алаг хорвоогийн тохуурхалд гэнэдэж балчирдахгүй байхсан, адгаж уйлахгүй тэсэхсэн.
Галт тэрэг зөвхөн хүүхэд насанд хүргэж өгдөг ганцхан чиглэлтэй гэж боддог байлаа. Энэ бодол минь хүн бүрийн суухыг хүсдэг мөрөөдлийн галт тэрэгний тухай алдарт дуунаас ургасан юм. Хэрэв хүүхэд насанд хүргэж өгдөг “богоон чик чик” байдаг бол өтөл насыг туулахаар суудаг галт тэрэг гэж бас байж таарна. Хүн бүхэн зорчигч, амьдралын зочин ажээ.
Амьдрал олон салаа замтай агаад зөрлөг бүрт галт тэрэг солигддог бол гагцхүү идэр залуу нас л суусан унаагаа сонжих сөгөөгүй шуугиад өнгөрдөг аж. Одоо би тэрхүү шуугиант, бас аз одоор цахилсан гэгээн гэрэлт галт тэргээ юүлэхээр давхиулж явна аа. Тэгсэн атлаа хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг тийш л эргэн эргэн харуулдах юм. Бүр тэсгэл алдан мөрөөдөх юм. Цаг хугацаа, орон зайг сөрсөн тэрслүү хачин ийм хүлээлт ганцхан намайг биш, хүн бүрийг хааяа ч гэсэн гэгэлзүүлдэг байх аа. Тийм ч учраас хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг бусдаасаа илүү алдаршиж, дуунд хүртэл мөнхөрсөн биз. Миний тэрхүү мөрөөдлийн, төсөөлөлд зурагдсан галт тэрэг улаан, шар, цэнхэр суудалтай, хонх жингэнэж сэтгэл гижигдсэн уйдах, уйтгарлах гээчийг мэдрүүлдэггүй солонго дамнан хөвөлзөх онцгой нэгэн унаа байдаг билээ. Хонх үес үес жингэнэж, сэтгэл гижигдэхгүй болчихвол өвгөн буурал галт тэрэг тийш эрс шулуухан алхаж одохын дохио хэмээн хүлээж авъя.
Хатуу, зөөлөн, хагас зөөлөн гэх гурван ангиллаар зорчигчид аялж явна. Энэ бол томчуудын унаа. Галт тэргэнд ганцаараа тасалбартай мэт овилгогүй зорчигч таардаг. Сүүлчийн аяллынхаа эцсийн зогсоолд ирчихсэн аятай бачуурч яваатай нь ч учирна. Залуу насаа хэрхэн өнгөрүүлснээс шалтгаалан тасалбарын үнийг төлнө. Энд ямар ч мөрөөдөл байхгүй. Үйлийнхээ үрийн үнэртэй хувь тавилангаа эдэлнэ. Амьдралын бодит үнэн атираа үрчлээс бүрийг хайр найргүй тэмтчинэ. Гэнэдэж балчирдах эрхгүй, адгаж уйлаад нэмэргүй. Зарим нь жарган сууна. Зарим маань налж суух түшлэггүй зутруухан зорчино. Тэр цаг болтол өдөр, шөнө, халуун, хүйтнийг эс хайхран дарцгаа барьчихаад, дүрмийн дагуу ягштал ажиллах галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч мэт хээвнэг байж сурахсан даа гэж бодогддог юм.
Яг одоо таныг тээж яваа галт тэрэг шиг алдаж болохгүй үнэ цэнэтэй унаа амьдралд давтагдах нь үгүй шүү. Эргэж ирдэггүйдээ, хөдөлсөн л бол ахиж олддоггүйдээ галт тэрэг бүр утга учиртай аж. Аз жаргал, сайн сайхны үрийг алхам тутамдаа харамгүй тарьцгаая.