UBLife Logo
-

Авторын булан: Оффшор, гадаадын банк. Зугтах сэдэв биш

Авторын булан: Оффшор, гадаадын банк. Зугтах сэдэв биш

Панамын баримт өнгөрсөн зургадугаар сард оффшор бүсэд хадгаламж, хувьцаа бүхий хүмүүсийг дэлхий даяар зарлахад тэнд нэр дурдагдсан Монголын эрхмүүд ичиж үхэхээ шахсан. Яг л ард түмний дайсан, гэмт этгээдээр нэрлэгдсэн лугаа. Тэд “бузар булайгаас” ариун сайхан нэр төрөө салган авах гэж амь тэмцэн өрссөн. Олны танил, нийгэмд нөлөө бүхий тэдгээр хүмүүс “Оффшор гэдэг зүйл сайн уу, муу юу аль нь вэ хө” гэсэн танин мэдэхүйн асуултад өгсөн хариу үг, үйлдлээрээ оффшор бол хууль бус бөгөөд эх оронч бус үйл ажиллагаа юм гэсэн ойлголтыг төрүүлж орхиод байгаа билээ. 

 Оффшор данс, оффшор компанийг олон улсын бизнесийн эрх зүйд хууль бус гэж үздэггүй ч эх оронч сэтгэлгээ талаас харвал оффшор бол хувиа хичээгсдийн орон зай юм. 

Эх орондоо төлж буй татвараа их гэж үзсэн иргэд, компаниуд хувийн ашгаа нэмэгдүүлэхийн тулд оффшор бүсийг зорьдог нь жишээ нь, тэрбумтнуудын өлгий Америкт энгийн үзэгдэл. Харин Монголын хувьд үүнийг оргон зайлж байгаа хэрэг мэтээр үзнэ. Ядуу улсын баячуудын л ойлгох зовлон энэ буюу. Оффшор данс, оффшор компанийг олон улсын бизнесийн эрх зүйд хууль бус гэж үздэггүй ч эх оронч сэтгэлгээ талаас харвал оффшор бол хувиа хичээгсдийн орон зай юм. Тиймээс хөгжиж ядан дэнжигнэж байгаа Монгол Улсаас бизнес эрхлэгчид, улстөрчид нь оффшорт хөрөнгө оруулсан явдал тэднийг ядуу буурай ард түмнийх нь өмнө нүүр хийх газаргүй болгож, харин “гэмтнүүд” оффшорыг зөвтгөх ядаж ганц тайлбар хэлж зүрхлээгүй юм, хөөрхийс. Оффшор данс, оффшор хувьцаа ийнхүү зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиас хойш эмзэг сэдэв болон хаагдаад байлаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт оффшортой холбоотой хуулийн төсөл УИХ-ын босгоор алхав.   

Гэхдээ Оффшорын тухай гэсэн тусгай хууль биш. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэх бас нэг “урт нэртэй” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүлээд байна. Энэ нь товчхондоо оффшорын тухай заалтууд байх юм. Үүнд: 

1. АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, оффшор бүсэд хуулийн этгээд байгуулах зэрэг асуудлыг хориглох талаар шинээр тусгана.  2. Уг заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгана. 3.Шинээр орж байгаа зохицуулалттай холбогдуулан хэрэгжилтийг хангах зорилгоор хугацааг тодорхой тусгах заалтууд байх ажээ.        

Энэхүү төсөлд гурван сар гэх хугацааг мөн заах юм байна. Оффшор бүсэд бүртгүүлсэн компанитай, эсвэл ийм компанийн хувьцаатай, оффшор данс эзэмшдэг бол тухайн албан хаагч уг хууль батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд өөрийн оффшор данс, эзэмшил, хувьцаанаас татгалзаж, Монгол Улсад хөрөнгөө буцаан оруулж ирэх ёстой болж байна. Энд нэг “цоорхой” заавал гарна. Жишээ нь, УИХ-ын гишүүн хэн нэгэн Баатар сонгуульд оролцохоосоо өмнө бизнесийн ашгаа оффшорт байршуулсан бол түүнийгээ өөрийн ам бүлд бүртгэлгүй хүүхдийнхээ нэр дээр шилжүүлчихэж чадна. Манай улстөрчид АТГ-ыг Хөрөнгө орлогын хуурамч мэдүүлгээр мэхэлж дөнгөдөг шигээ оффшорт нуусан хөрөнгөө ойр дотнын хэн нэгний нэр дээр бүртгүүлээд явах боломж нь нээлттэй үлдэж байна. Хууль доторх хууль бус харилцааг, ялангуяа авлигын нарийн ширийн ов мэхийг хянах туршлага бидэнд тун нимгэн тул оффшор мэтийн өндөр нууцлалтай, хилийн чанад дахьзохион байгуулалтад ордог харилцааг хэдхэн заалтаар шийдэж барахгүй нь ойлгомжтой. Төрийн албан хаагчид оффшор бүсэд компанийн хувьцаа эзэмшсэн тухай мэдээлэл нэг бус цацагдаж, энэ бүрт авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдсэнээс олон нийтийн зүгээс төрд итгэх итгэл буурсан гэж хууль санаачлагчид тодорхойлжээ. Оффшорын заалтууд улстөрчдийн нэрийг цэвэр байлгах далд зорилго болж ашиглагдаад өнгөрөх вий. Гэвч айхгүй ч аягүй гэгчээр эхний алхам энэ мэт тавигдаж байгаа нь олзуурхууштай. 

Уг хууль батлагдсанаар бизнес эрхлэгчдийн хувьд айж ичих явдалгүйгээр оффшорт мөнгөө байршуулах эрх нь хуулиар хамгаалагдана. Өөрөөр хэлбэл, АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй 40 гаруй мянган төрийн албан хаагчдаас бусдад оффшорын хориг падгүй юм. Улстөрчид бол ард түмний өмнө хүлээсэн өндөр үүрэг, хариуцлагатай бол Монгол эх орноосоо олсон ашгаа эргийн цаана эргэлдүүлэх нь бизнесийнхний эрх гэсэн зааг ялгаа энэ хуулиас тодхон уншигдаж байгааг анзаарахгүй үлдээж боломгүй.

Гол ус эх оронч, эх оронч бус гэж урсгалаараа ялгардаг шиг Монголоос олсон мөнгийг ч ингэж ялгаж болох мэт. Эх оронч мөнгө эх орондоо үлдэж, өсөж үржээд, эх оронч бус нь оффшор луу гулсахыг хуулиар зөвшөөрөх болж байна. Монголын бизнесмэнүүд, хөрөнгө чинээ бүхий гэр бүлүүд оффшор бүсэд хөрөнгө оруулах, хадгаламжийн данс эзэмших эрхтэй болох нь. Тэгвэл тэднийхээ баялгийг оффшор луу гулгуулалгүй эх орондоо авч үлдэх боломж бий юү? Оффшор нь татварын уян хатан болзол, эрх зүйн болоод улс төрийн найдвартай орчноороо дэлхийг байлдан дагуулж, хамгаалалттай бүсийг бий болгожээ. Харин Монгол Улс санхүүгийн диваажинг үндэсний хөрөнгө оруулагчдадаа, баялаг бүтээгч эх орон нэгтнүүддээ бий болгодог билүү?    

Эндээс харахад манай улсын эдийн засагт оффшор бүсээс ордог хөрөнгө тун чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ нь уул уурхайн супер циклээс үзэгдээд өнгөрсөн гялбаа байснаас биш оффшорчид Монголын улс төр, банк санхүү, эдийн засаг, татварын орчин таатайд итгэсэндээ ирээгүй.

1990-2015 онд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө орж ирснээс 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгдсэн байна. Жагсаалтыг Нидерланд (4.23 тэрбум ам.доллар), Люксембург (1.15 тэрбум), Британийн Виржин Арал (1.1 тэрбум), Хятадын Гонконг (229 сая), Бермудын арал (129 сая), Швейцарь (103 сая), Кэймэн арал (74 сая) тэргүүлжээ. Монгол Улсад нийт 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэнээс 920 компани буюу 7 хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид байна. Тухайлбал, “Оюутолгой” болон “Энержи Ресурс”-ийн ММС компаниудын толгой компаниуд бүгд оффшор бүсэд бүртгэлтэй. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай “Занаду Майн”з, “Уолф Петролюм”, “Хүннү Коүл” зэрэг 20 гаруй компани хувьцаагаа Нью-Йорк, Хонконг, Торонто, Лондонгийн Хөрөнгийн биржид арилждаг ба тэдгээрийн толгой компани нь мөн л оффшор бүсэд бүртгэлтэй байна. Монгол Улс 2002 оноос Их Британи, Швейцарь, Люксембург, Нидерланд зэрэг улс орнуудтай “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, давхар татвараас чөлөөлөх” тухай хэлэлцээр байгуулсан нь эдгээр оффшор бүс бүхий улс орнуудаас Монголд хийх хөрөнгө оруулалт давхар татварт хамрагдахгүй байх таатай нөхцөлийг бүрдүүлжээ. Эндээс харахад манай улсын эдийн засагт оффшор бүсээс ордог хөрөнгө тун чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ нь уул уурхайн супер циклээс үзэгдээд өнгөрсөн гялбаа байснаас биш оффшорчид Монголын улс төр, банк санхүү, эдийн засаг, татварын орчин таатайд итгэсэндээ ирээгүй.

Монгол Улсад гадаадын банк санхүүгийн томоохон байгууллага орж ирэх зайлшгүй шаардлагын нэг үндсэн шалтгаан нь үндэсний хөрөнгөтнүүдийн мөнгөн урсгалыг оффшор бүсэд алдахаас урьдчилан сэргийлэх гарц байж болох.

Монгол Улсад гадаадын банк санхүүгийн томоохон байгууллага орж ирэх зайлшгүй шаардлагын нэг үндсэн шалтгаан нь үндэсний хөрөнгөтнүүдийн мөнгөн урсгалыг оффшор бүсэд алдахаас урьдчилан сэргийлэх гарц байж болох. Монголын чинээлэг иргэд, бизнесмэнүүдийн хөрөнгө эргээс гадагш биш, эрэг дотроо эргэлдэн өсөж үржиж байвал улс орон болоод нийтийн ашиг сонирхолд тустай. Гэтэл Монголын арилжааны банкуудын санхүүгийн болон үйл ажиллагааны найдвартай нөхцөл байдалд томоохон бизнесийнхэн итгэхгүй байгаа тал ажиглагддаг нь нууц биш. УИХ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ оффшороос улбаатай энэ сэдвийг нухацтай хөндөөсэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
46
14
31
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.