UBLife Logo
-

Си Зиньпиний амь насанд халдсан уу

Си Зиньпиний амь насанд халдсан уу

Хятадын Коммунист Намаас энэ онд авлигын эсрэг томоохон арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Энэхүү арга хэмжээнд нийт 32 яам, намын байгууллага хамрагдах аж. Авлигын эсрэг тэмцэл ширүүссэнийг гурван жилийн өмнө засгийн эрхэнд гарсан Си Зиньпинтэй холбон тайлбарладаг.  Авлигын эсрэг хийж буй түүний тэмцэл, одоо яагаад түүний амь насанд аюул заналхийлж байгаа талаар сүүлийн үеийн мэдээллийг нэгтгэн хүргэе.2012 оны 11 дүгээр сард болсон Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас эхлэн Си Зиньпин, Ли Кэцян, Ван Цишань нарын амь насанд халдах оролдлого удаа дараа үйлдсэн талаарх мэдээлэл гардаг болсон. Халдлагын улмаас Бээжин дэх төр засгийн удирдлагын Чжуннаньхае ордонд байнга түгшүүртэй, Улс төрийн товчооныхны аюулгүй байдлыг хангахын тулд маш олон арга хэмжээ авч байгаа гэнэ.Хонконгийн “Zhengming” энэ сард “Аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэхийн тулд Коммунист намын дээд хэмжээний удирдагчдыг хамгаалах дүрэм журамд өөрчлөлт оруулсан. Ялангуяа Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүд, тэдэнтэй холбоотой албаны хүмүүсийг онцгойлон хамгаалах болсон” гэж бичжээ. Нийтлэлд дурдсанаар Засгийн газраас онц байдал гарсан тохиолдолд Намын Төв Хороог удирдах хүмүүсийн жагсаалтыг хүртэл гаргасан байгаа аж.2012 онд Ван Лицзюн оргон зайлах гэж оролдсоноос хойш олон нийт Коммунист намын удирдлага дотор хагарал гарсныг анх мэдсэн. Шинэ удирдагч Си Зиньпин хуучин дарга Зянь Зэминь нарын талынхны хооронд өдөр хоног, цаг мөч бүр тэмцэл өрнөж байгаа аж. Бүрмөсөн устгагдан, дарагдахаас айсан Зянь Зэминий талынхныг Си Зиньпиний амь насыг хөнөөх гэсэн халдлагад голчлон сэжиглэж байгаа юм.

Хонконгийн нэгэн сонинд “Си Зиньпин засгийн эрхэнд гарснаасаа хойш авлига, хээл хахуультай эрчимтэй тэмцэж эхэлснээрээ том компани, олигархи баячуудын нэр нөлөөнд заналхийлэх болсон. Баячуудын улс төр, эдийн засгийн ашиг сонирхолд том цохилт өгсөн. Тийм болохоор тэд эсэргүүцэлгүй бууж өгөх бодолгүй, хариу тулалдаж байна” гэж бичжээ. “Бар агнах” буюу авлигачдыг авлах ан гөрөөний үр дүнд яам, тамгын газар, орон нутгийн удирдлагаас хэдэн зуун том албаны хүмүүс халагдсан. “Намнагдсан барнууд” дунд нийгмийн бүхий л салбарын, тэр дундаа цэрэг армийн ажилтнууд ч байгаа. Тэд ялагдсандаа хорсон, төр засгийн удирдлагад халдаж эхлээд байгаа гэж үзэж байна. “Бээжингээс ирсэн мэдээнээс үзвэл Си Зиньпиний амь насанд зургаан удаа халдсан ч бүтэлтэй болоогүй” гэж дээрх сонинд бичсэн байна.Энэ сарын 7-нд гадаадын хэвлэлд гарсан мэдээнээс үзвэл одоо Си Зиньпиний хамгаалалт Хятадын түүхэнд байгаагүй хамгийн хатуу чанга болоод байгаа аж. Түүн шиг хамгаалалттай тэргүүн урьд өмнө байсангүй. Си Зиньпинийг гадуур гарахад авдаг арга хэмжээ нь Улс төрийн товчооны гишүүдийг хамгаалах хамгийн хатуу хамгаалалтаас хэд дахин давсан зүйл болж хувирсан гэнэ. Гэхдээ энэ хамгаалалт нь гаднын аюулаас хамгаалж чадах ч аюул дотроос ч ирж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм.  Коммунист намын Сахилга батын хорооны тэргүүн Ван Цишаны хувьд Хонконгийн хэвлэлд бичсэнээр амь насыг нь хөнөөх гэсэн 12 удаагийн оролдлогыг эсэн мэнд даван туулаад байгаа аж.  2016 оны эхээс Си Зиньпиний засгийн газар “бар агнах” ажиллагаагаа Зянь Зэминь болон түүний зөвлөх Зэнь Цинхун нарын эсрэг чиглүүлээд байна. Энэ сарын 25-нд Хятадын хэвлэлд гарсан мэдээгээр Зэнь Цинхун Коммунист намын аюулгүй байдлыг хангах албанд өөрийн хүнийг шургалуулсан байсныг илрүүлсэн гэнэ. Үзэл бодлынхоо төлөө үхэхэд ч бэлэн гэх Ли нэртэй ажилтныг хурандаа цол өгөн дэвшүүлж, түүний тусламжтайгаар Си Зиньпинийг хөнөөх, эсвэл гэрийн хорионд оруулах гэж төлөвлөж байжээ. Ли-г баривчилсны дараа Си аюулгүйн албанд том цэвэрлэгээ хийж, сэжигтэй хүмүүсийг зайлуулсан. Хятадын Коммунист Намын  түүхийг судлаач, хурандаа асан Синь Зылин энэ сарын 20-нд радиод ярилцлага өгөхдөө “Шинжаан-Уйгарын албан ёсны хэвлэл болох “Wujie Xinwen” Си Зиньпиний эсрэг нээлттэй захидлыг нийтэлсэн нь Зян Зэминь, Зэнь Цинхун нарын бүлгийн үйл ажиллагаа. Гэхдээ захидалд бичсэн шиг Си Зиньпиний эсрэг бүлэглэл үүссэн юм байхгүй. Зянь Зэминий талынхан хоёр ч удаа төрийн эргэлт хийх гэж бүтэлгүй оролдсон. Одоо тэднийг дэмжигчид бараг үлдээгүй” гэж ярьжээ. Лигийн төлөвлөгөөг мэдсэн Си Зиньпин тэр шөнөдөө 38 дугаар армийг хөдөлгөн, хамгаалалтын албаныхан дотор их цэвэрлэгээ хийж, удирдах бүрэлдэхүүний 80-90 хувийг сольсон. Түүнээс хойш Си бие хамгаалагчдаа өөрөө сонгож авдаг болсон нь Хятадын Коммунист Намын түүхэнд гарч байгаагүй явдал юм.   

Өнгөрсөн жил нэр нөлөө бүхий томчууд болох Жоу Юнкан, Лин Зихуа, Го Босюн нарыг баривчилж чадсан Си Зиньпиний хувьд одоо Зянь Зэминь, Зэн Цинхун нар л үлдээд байна. Тэднийг баривчлахын өмнө Си Зиньпин Зэминий фракцынхны гартаа барьдаг нефть, харилцаа холбооны салбарт гол анхаарлаа хандуулж, маш олон хүнийг баривчилсан юм. Тэднийг хахууль авсан, албан тушаалд ах, дүү хамаатан саднаа тавьсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутгасан. Нефть, харилцаа холбооны салбарт цэвэрлэгээ хийж, өөрийн хүмүүсийг удирдах тушаалд тавьснаар Си Зиньпин Зянь Зэминий санхүү, эдийн засгийн гол орлогыг хааж чадсан. Хэрэв одоо Зэн Цинхуныг баривчлах юм бол Зянь Зэминий фракцад өндөр албан тушаалын хүн огт байхгүй болно. Сүүлийн үед Зянь Зэминийг дарахад тус дэм болох нэгэн зүйл гарч ирсэн. Зэминийг 1999 оны долоодугаар сард Фалуньгун хөдөлгөөний гишүүдийг хүч хэрэглэн дарж, олон жилийн турш мөрдөн хавчсан хэмээн тус хөдөлгөөнийхөн шүүхэд хандаад байгаа юм. Урьд өмнө тус хөдөлгөөний заргыг огт авч хэлэлцдэггүй байсан шүүх харин энэ удаад тэдний гомдлыг хүлээн авч эхэлсэн нь Зянь Зэминийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр унагаан, бүрмөсөн дарах гэж байхыг үгүйсгэх аргагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
25
0
23
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.