
Уншигч та интернэтээр утас, цахилгаан, усны гэхчлэн төлбөрөө төлдөг л биз дээ. Ажлынхаа ширээний ардаас явдал чирэгдэл багатайгаар интернэтээр дамжуулж төлбөр төлөх арга ердийн хэрэглээ болсон. Энэ оны эхнээс НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. Үр дүнд нь бид НӨАТ-ын 20 хувьтай тэнцэхүйц мөнгийг буцааж авах эрхтэй болсон юм. Тэгвэл интернэтээр төлбөр төлснийхөө дараа НӨАТ-ын баримтаа авахын тулд үйлчилгээний салбарт бичиг баримттайгаа, өөрийн биеэр хандах шаардлагатай болжээ. Цахилгаан, дулааны төлбөрийг ТҮЦ машинаар хийсэн ч мөн л харъяа дүүргийнхээ цахилгаан түгээх сүлжээнд дахин хандаж, НӨАТ-ын баримтаа авах юм байна. Ихэнх дэлгүүр, үйлчилгээний газрууд НӨАТ-ын баримт хэвлэж өгөх боломжгүй үедээ цахим шуудангаар баримт явуулдаг жишиг тогтсоныг уншигч Та анзаарсан биз ээ. Ингээд үүрэн холбооны гурван оператор болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас интернэтээр төлбөр төлсөн тохиолдолд НӨАТ-ын баримтаа хэрхэн авах талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
“Mobicom”
“Mobicom” компанийн албан ёсны www.mobicom.mn веб сайтаар зочилж, дугаараа бүртгүүлэх хэрэгтэй. Ингэж бүртгүүлснийхээ дараа онлайн төлбөр төлөх цэсийг сонгож, төлбөрөө төлнө. Энэ тохиолдолд “Mobicom” компаниас таны НӨАТ-ын баримтыг цахим шуудангаар илгээдэг юм байна.
АНХААРУУЛГА: “Mobicom” компанийн дансны дугаарыг ашиглаж, бидний ярьж заншсанаар “мобайлдчихвал” (тус компанийн банкны данс руу төлбөрөө шилжүүлэх) та НӨАТ-ын баримтаа хялбар авч чадахгүй. Өөрийн биеэр бичиг баримттайгаа “Mobicom”-ын салбарт хандаж, НӨАТ-ын баримтаа авах боломжтой.
“Unitel”
Интернэтээр утасны болон кабелийн (Univision) төлбөр төлсөн тохиолдолд тус компанийн үйлчилгээний салбарт бичиг баримттайгаа хандаж, НӨАТ-ын баримтаа авахаас өөр арга байхгүй. “Unitel”-ийн үйл ажиллагаанд НӨАТ-ын баримтыг цахим шуудангаар илгээх үйлчилгээ хараахан нэвтрээгүй байна.
“Skytel”
“Mobicom” компанитай адил “Skytel” компанийн албан ёсны веб хуудсанд хандаж, төлбөрөө төлбөл цахим шуудангаар НӨАТ-ын баримт илгээдэг юм байна. Харин дансаар шилжүүлсэн нөхцөлд мөн л үйлчилгээний салбарт бичиг баримттайгаа очиж, баримтаа авах шаардлагатай.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
Цахилгааны мөнгийг интернэтээр болон ТҮЦ машинаар төлөх боломжтой. Гэхдээ “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн албан ёсны my.tog.mn веб хуудсанд хэрэглэгчээр бүртгүүлсний дараа интернэтээр төлбөрөө төлбөл таны ажлыг хөнгөвчлөнө гэдгийг анхааруулъя. ТҮЦ машин болон дансаар цахилгааны төлбөрөө төлсөн тохиолдолд харьяа дүүргийн цахилгаан түгээх сүлжээнд бичиг баримттайгаа очиж НӨАТ-ын баримтаа авах учиртай юм байна.