UBLife Logo
Санал болгох

Зураач Ш.Чимэддорж, Ч.Болдбаатар нарын үзэсгэлэнг нэг дороос үзээрэй

Ub.life
Ub.life
Зураач Ш.Чимэддорж, Ч.Болдбаатар нарын үзэсгэлэнг нэг дороос үзээрэй

Монголын шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэнгээр дагнан ажиллаж буй Тооно галерейд Төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж болон монголын абстракт урлагийн гол төлөөлөгч болсон Ч.Болдбаатарын үзэсгэлэн нэгэн зэрэг гарч байна.

Тэд бол дэлхийн орчин үеийн урлагт Монгол гэдэг нэрийг өөрсдийн бүтээлээрээ таниулсан хамгийн алдартай мастер зураачид юм. Төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж гэхэд 40 гаруй жил уран бүтээлээ туурвиж, Америк, Европ, Ази тивийн олон арван хотод бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, 2017 оны Венецийн Биеннальд оролцсон.

Тэгвэл Ч.Болдбаатар мөн л 2015 оноос эхлэн Венецийн Биеннальд Монгол талаас оролцох уран бүтээлчдийн зөвлөхөөр ажиллаж, Европ, Азийн олон хотод бие даасан болон хамтарсан үзэсгэлэнд оролцож, Монгол хүний нүдээр модернизм хэрхэн харагдаж, монгол хүний гараар хэрхэн буудгийг тод томруун харуулсан уран бүтээлч юм.

Ш.Чимэддорж болон Ч.Болдбаатар нарын шинэ үзэсгэлэн гарсан даруйд урлаг сонирхогч, цуглуулагч  нар тэдний бүтээлийг шимтэн үзэж өөрийн болгон авах дуртай байдаг. Тиймдээ ч Ш.Чимэддоржийн бүтээлүүд Өмнөд Солонгос, Япон улсын Орчин Үеийн Урлагийн Музей болон Франц дахь дэлхийн хамгийн том морины музейд олон тоогоор байдаг юм. Тооно галерейд Ш.Чимэддоржийн “Цагийн урсгал” нэртэй үзэсгэлэн гарч байхад ч Францын язгууртнууд тэргүүтэй олон орны урлаг сонирхогчид түүний бүтээлүүдийг шимтэн үзсэн байгаа. 

Ч.Болбаатарын хувьд тэрээр В.В.Суриковын академийг төгссөн, монголд модернизмыг анхлан таниулсан зураачаас гадна МУИС-ын Урлаг судлалын тэнхимийг хорь гаруй жил тэргүүлсэн урлаг судлаач билээ. Түүний урланд хуучин зургуудаас нь бараг байдаггүй бөгөөд харин Монгол дахь хувийн галерейнууд болон гадаадын галерейнуудад өмнөх үеийн ажлууд нь хадгалагдан байдаг юм. Ч.Болдбаатар хорь гаруй жил урлаг судлалаар ажиллахдаа дэлхийн урлагийн хамгийн дээд ололт, сэтгэлгээний өвөрмөц содон бүхнийг шимтэн үзсэн нэгэн. Тийм ч учраас өөрийнх нь бүтээл бусадтай хэзээ ч адил байдаггүй бөгөөд зуралт, бичлэгийн өвөрмөц арга барилыг эзэмшиж, гүн гүнзгий бодож боловсруулсан сэдлээр бүтээлээ туурвидаг онцлогтой. 

Тэгвэл та бүхэн одоо энэхүү хоёр уран бүтээлчийн үзэсгэлэнг Тооно галерейд хүрэлцэн ирж үзэх боломжтой. Өмнө нь Монголд ийм өндөр түвшний хоёр зураачийн бие даасан үзэсгэлэн нэгэн зэрэг гарч байсан тохиолдол тун ховорхон байсан биз ээ. Та Шангри-Ла Малл 123 дахь уран зургийн галерейд Төрийн соёрхолт зураач Ш.Чимэддоржийн “Цагийн урсгал” үзэсгэлэнг үзэж сонирхох боломжтой. Харин зураач, урлаг судлаач, профессор Ч.Болдбаатарын “Хот Онги” үзэсгэлэнг Шанри-Ла Резиденс 125 дахь Тооно галерейд хүрэлцэн ирж үзээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
19
22
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.