Өнөөдөр Японы мэргэжлийн сүмогийн шинэ бөхчүүдийн шалгалт болж, долоон бөх тэнцсэний дунд монгол бөх Б.Анхбаяр байлаа. Токицүказэ дэвжээнд элссэн 19 настай Б.Анхбаяр Монгол Улсын харцага Г.Батбаярын хүү юм. Монгол Улсын даян аварга Нацагийн Жамъяны удам ийнхүү мэргэжлийн сүмод хөл тавьж байна.

Н.Жамъян аварга бол Монголоос төрсөн суут хүчтэнүүдийн нэг. 1925 онд 9 давж үзүүрлэн Улсын арслан, 1926 онд 10 давж түрүүлэн Улсын аварга болж, 1927 онд мөн 10 давж түрүүлэн, Монгол Улсын Даян аварга болсон алдартай бөх. 20 настайдаа жин тээж явахдаа унасан буурыг өргөсөн тул ард түмэн түүнийг “Буур” Н.Жамъян хэмээн нэрлэдэг болсон билээ. Энэхүү түүхэнд үлдсэн тэнхээ ихт Даян аваргын зээ хүү Г.Өсөхбаяр нь Дархан аварга, Г.Батбаяр Улсын Харцага цол хүртэж, монгол түмнээ баярлуулсан.

Монголын алдарт аваргын удмын залуу мэргэжлийн сүмод орсон талаар Японы хэвлэл мэдээлэл шуугин бичиж эхэлсэн. Токицүказэ бол манай Токитэнкү хэмээх А.Хүчитбаатар барилдаж, комүсүби цол хүртсэн дэвжээ. Шёодай, Тоёоношима нарын том бөхчүүдтэй. Манай бөх Ёошёояма нэрээр барилдана. Шинэ бөхчүүдийн эрүүл мэндийн үзлэгээр 185 см өндөр, 120 кг жинтэй гарсан.

Эрдэнэт хотын 14 дүгээр дунд сургуулийн есдүгээр ангиасаа Японы Фүкүока хотын Кибогаока сургуульд шилжин суралцаж, 4-р сард төгссөн. Төгсөөд Миягино дэвжээнд нэг сар бэлтгэл хийгээд их аварга Хакүхогийн таницуулгаар ийнхүү Токицүказэ дэвжээнд элсжээ. Миягино дэвжээний макүшита зиндааны бөхчүүдтэй ана мана үзэлцэж байсан тул Хакүхо аварга түүнийг дээш тун хурдан дэвших байх гэж найдлага тавьж байгаа гэнэ. Одоогоор ажлын виза нь гараагүй байгаа тул Намрын тэмцээнд барилдаж амжихгүй бололтой. Ёошёояма Б.Анхбаяр зорилгоо “Хакүхо аварга шиг сүмоч болохыг хүсдэг. Доод гурван зиндаанд дараалан түрүүлж, дээд зиндаанд хурдан дэвшээд, ёкозүна цол хүртэх зорилготой” гэж тодорхойлсон байна.