Бидний олонх нь халаахын ач холбогдлыг мэддэг хэрнээ түүнийг хөргөх нь юунд чухал болгохыг тэр бүр заалгаагүй ирсэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл дасгал хөдөлгөөнд энэ хоёр ухагдахуун нь чухамдаа ямар үүрэгтэй болох талаар товч тайлбаръя.
Халаалт
Өмнөх нийтлэлдээ би хөдөлгөөнтэй сунгалтыг дасгалын эхэнд хийдэг бол хөдөлгөөнгүй барьж хийдэг сунгалтуудыг голцуу дасгалын төгсөлд дүгнэлт маягаар хийх нь зүйтэй талаар дурдсан. Тэгвэл халаах үйл явц нь хийх гэж гэж буй хөдөлгөөн, дасгалын урьтал болгон адилсуулж хөнгөн хэлбэрээр хийснээр хөдөлгөөнд оролцож буй булчингийн эдүүд, холбогч эд, шөрмөс, үеийг халааж бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлж байдаг. Насанд хүрсэн эрүүл хүмүүсийн ихэнх нь халаалтыг 5–10 минут хийж, тэр нь багаас дундаж руу аажмаар чиглэх эрчимтэй байна. Хөдөлгөөн, бэлтгэлд тань өндөр эрчимтэй интервалууд төлөвлөгдсөн бол халаалтын сүүлийн хэсэг нь өндөршүүлсэн эрчим рүү дөхөх шаардлагатай. Тиймээс өндөр эрчимтэй дасгал хийх, эсвэл насны хувьд ахих тусам халаалтыг уртасгана гэж тооцоорой. Гэхдээ халаалтыг хийх гэж буй хөдөлгөөнийг цуцаах хэмжээнд байж болохгүй. Сунгалт нь булчингийн уян харимхай чанарыг сайжруулдаг гэдгийг та бэлхнээ мэдэж байгаа.
Зарим эх сурвалжид хөдөлгөөнгүй сунгалтууд илүүтэй уян хатан шаарддаг спортын (бүжиг, гимнастик болон хөнгөний спорт) төрлүүдэд зохимжтой бол гүйлт, харайлтын элемент ихтэй спортын төрөлд хөдөлгөөнтэй сунгалтууд өгөөжтэй талаар дурдсан нь бий.
Хөргөлт
Хөргөх нь халаахтай ойролцоо эрчимтэй, хугацаанд үргэлжлэх ёстой. 5–10 минут багаас дундаж эрчмээр сунгах, тайван алхахыг хэлнэ.
Дасгал бэлтгэлийн үеэр булчингийн хөөлтөөс буцах венийн тодорхой хэмжээний цус хүний биеийн доод мөчүүдэд зогсонгошиж, зүрх рүү буцах, цаашлаад чухал дотоод эрхтэнүүдэд хүргэгдэх нь багасах явдал ажиглагддаг. Тухайлбал бэлтгэлийн дараа толгой эргэх нь цусан хангамжууд тархи руу очихгүй байгаагийн илрэл юм. Тиймээс бэлтгэлийн дараа шүршүүрт орохоос урьтаад ажилласан булчинг сунгах нь таны цусны эргэлтэд сайнаас гадна эдийн уян хатан чанарыг сайжруулж, зүрхний хэмнэлийг хэвийн байдалд оруулдаг.
Идэвхтэй хөргөлт нь мөн булчингийн эдээс шингээж чадахгүй хэрэггүй зүйлсийг зайлуулснаар бусад эдүүд түүнийг шингээх боломжийг олгодог ач холбогдолтой.
Эмэгтэйчүүд хөлийн булчинг ихээр ажиллуулсны дараа халуун чигээр нь өндөр өсгийтэй гутал өмсвөл шагайгаараа эвгүй гишгэж гэмтээх магадлалтайг санахад илүүдэхгүй.