UBLife Logo
Спорт

Хэзээ ч няцаагүй, хэдэн хөлбөмбөгчийн түүх

Хэзээ ч няцаагүй, хэдэн хөлбөмбөгчийн түүх

Хөлбөмбөг сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг Европын АШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж байна. Цаашдаа хасагдах шатны өрсөлдөөн улам сонирхолтой өрнөх нь дамжиггүй. Европ тивийн шилдгийг тодруулах энэ наадамд ирсэн тоглогчдын дунд тун сонирхолтой, ээдрээтэй зам туулж ирсэн олон тамирчин бий. Хувь заяаны эрхээр эх орноо орхихоос өөр аргагүй болсон, бөмбөг, пүүз авах ч мөнгөгүй байсан гээд хүн бүрийн амьдрал өөр. Гэхдээ тэд бууж өгөөгүй, тэмцсээр Евро-2024 тэмцээний талбарт ирээд байгаа нь гайхамшиг билээ. Ингээд Евро-2024 тэмцээнд ирсэн хэдэн тоглогчийг танилцуулъя. 

Аавынхаа ачийг хариулсан албани хүү 

Германд ирсэн шигшээ багуудаас Албанийн багийг онцгойлон авч үзэх хэрэгтэй. Энэ багийн 26 тоглогчоос ердөө 6 нь Албанид төрсөн. Европын хамгийн ядуу энэ орны залуус ажил хайн, гадаад орнуудад гарах нь олонтоо. 1990 оны Косовогийн дайн, 1997 онд Албанид болсон үймээний улмаас хүмүүс эх орноо орхин одож байлаа. Албанийн багийн хамгийн туршлагатай тоглогчдын нэг Эльсеид Хюсайны аав ч гэр бүлээ тэжээхийн тулд Италийг зорьсон юм. Хийлдэг завинд суугаад хууль бусаар Италид очсон аав нь барилгачин хүн. Мужаан, чулуучин гээд л таарсан бүх ажлаа хийж, хэзээ нэгэн цагт хүүгээ хөлбөмбөгч болгох мөрөөдөл тээсээр. Азаар нэг удаа ФИФА холбооны төлөөлөгчийн байранд засвар хийхээр боллоо. Хамаг чадлаараа хичээн ажиллах албани барилгачин эр гэнэт түүнээс хүүг минь хөлбөмбөгийн багт оруулж өгөөч гэж гуйх нь тэр. Төлөөлөгч гайхсан ч хүүгээ 14 нас хүрэхээр нь холбогдоорой гэсэн байна. Ингээд дөрвөн жилийн дараа Эльсеид Хюсай эхлээд Италийн Фиорентинад, дараа нь Эмполид очсон юм. Аавынхаа ачаар мэргэжлийн хөлбөмбөгч болсноо тэр хэзээ ч мартдаггүй. Цалин мөнгөтэй болсон хойноо Хюсай Флоренц хотод Баар байгуулан, аавыгаа ерөнхий менежерээр нь тавьсан байна. “Аавын минь хүнд ажил хийх өдрүүд дууссанд баяртай байна. Аав намайг хөлбөмбөгчин болгох гэж маш их золиос гаргасан” гэж сэтгүүлчдэд ярьж байлаа. Хэдий өөр улсын шигшээ багт тоглож болох байсан ч тэр төрөлх Албанийн шигшээ багаа сонгосон юм.  

"Eвро 2024" мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэгч Жамал Мусиала

Хөлбөмбөгийн ямар ч том тэмцээнд хөгжөөн дэмжигчдийн хамгийн их сонирхол татдаг зүйл бол Мэргэн буучдын жагсаалт. Аль улсын хэн гэдэг тамирчин хамгийн олон гоол оруулсан бэ гэдгийг маш хялбархан харж болох “Euro 2024” аппликейшнийг Юнивишнийн “Aпп & Тоглоом” хэсэгт байрлуулсныг дуулгаж байна. Одоогийн байдлаар Мэргэн буучдын жагсаалтыг тус бүр 2 гоолтой Жамал Мусиала (Герман), Жорж Микаутазе (Гүрж, 1), Никлас Фюллькруг (Герман), Иван Шранц (Словак) нар тэргүүлж байна. 

Ингээд мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа Жамал Мусиалаг товч танилцуулъя. Тэрээр  Германд төрж, 7 настайдаа Англид очсон. Аав нь нигер гаралтай англи хүн бол ээж нь герман. Харамсалтай нь аав нь 4 хүүхдээ, эхнэрээ орхиод явчихсан юм. Жамал Английн 15, 16, 17, 21 насны үе үеийн шигшээ багт тоглосон ч эцэст нь ээжийнхээ эх орон Германыг сонгосон билээ. 

Английн Челси баг 2019 онд түүнийг Баварид 200 мянган еврогоор зарж, үнэлээд баршгүй алмаз эрдэнээ алдсан. Одоо тэр 120 сая еврогийн үнэтэй. The Athletic-т ярилцлага өгөхдөө тэрээр “Аль улсын шигшээд тоглох нь миний ирээдүйд хэрэгтэй вэ гэж удаан бодсон. Эцэст нь би сэтгэл зүрхээ сонссон. Төрсөн эх орон Германаа сонгосон” гэж ярьж байлаа. 11 настайдаа Мусиала Челси багийн академид суралцаж, хажуугаар нь Whitgift School дунд сургууль, католик сургуульд явж, солонгос тулааны урлаг хапкидо, шатраар хичээллэж амжиж байлаа. Түүнийг анх Германы шигшээд ороход янз бүрийн яриа гарч байсан. “Жинхэнэ Герман хүн цагаан арьстай байх ёстой” гэсэн ялгаварлан гадуурхсан үгийн эсрэг Мусиала уран сайхан тоглолт, гоолоороо тэмцэж байна. Магадгүй тэр энэ Евро тэмцээнд германчуудын гадаад гаралтай иргэдэд хандах хандлагыг өөрчлөхөөр ирсэн ч байж болох юм. Евро-2024 тэмцээнд тэр Шотланд, Унгарын багт гоол оруулж, энэ тэмцээний нэгэн чимэг болоод байна. 

“Euro 2024” аппликейшн

Энэхүү шинэ аппликейшн хөлбөмбөг сонирхогч танд маш олон давуу талтай. Юуны өмнө та Европын АШТ-ий мэдээллийг олон газар хайж явахгүй, бүгдийг нэг дороос олох болно. Мэдээллүүд өдөр, цаг, минут бүр шинэчлэгдэх бөгөөд цэгцтэй, сонирхолтой олон мэдээлэл таныг хүлээж байна.  

1. Тоглолтын хуваарь 

2. Таамаг дэвшүүлэх 

3. Тоглоом 

4. Хэсгийн мэдээлэл 

5. Тоглолтын бичлэг 

6. Урамшууллын эрх 

7. Мэргэн буучид 

Мөн олон тооны урамшуулалд хамрагдаж, сонирхолтой бэлэг авах боломжтой.  Бэлгийн эздийг 7-р сарын 24-ний даваа гаргийн 19:00 цагт Univision Mongolia албан ёсны фейсбүүк хуудсаар шууд дамжуулан шалгаруулах бөгөөд 4 супер, бусад 8 бэлгийн эзнийг тус тус тодруулна.  

Супер бэлэгт:  

Panasonic Smart зурагт /TH-55LX800M 4K Android 55"/ - 1 ширхэг 

Playstation 5 disc edition + FC24 bundle - 1 ширхэг 

Ширээний хөлбөмбөг фузбалл тоглоом - 1 ширхэг 

Adidas брэндээс 500,000₮-өөр худалдан авалт хийх эрхийн бичиг - 1 ширхэг

Дэлхийн аварга болсон ч дэндүү даруухан Кантегийн түүх

Н’Голо Канте Парис хотод Малигийн дүрвэгчдийн гэрт төржээ. Түүнийг долоон настай байхад нь 1998 онд Францад хөлбөмбөгийн ДАШТ эхэллээ. Дэлхийн өнцөг булан бүрээс фенүүд цугларч, хаа сайгүй хөлбөмбөгийн яриа. Харин бяцхан Канте хүү тун завгүй байлаа. Тэр “Стад де Франс” цэнгэлдэхэд өдөр бүр очиж байв. Гэхдээ тоглолт үзэх гэж биш, тоглолтын дараа үзэгчдийн үлдээсэн хогийг цэвэрлэх үүрэгтэй байв. Хөлбөмбөгийн талаар мөрөөдөж ч байсангүй, хоол л идэх хэрэгтэй. Намхан, туранхай, өлөн зэлмэг түүнийг ямар ч баг авахгүй. Тэр үед Канте амьдралд амжилт олохын тулд маш их хичээх хэрэгтэй гэдгийг яс махандаа тултал ойлгосон байна. Сонирхогчдын “Сюрен” багт элсэх боломж гарахад тэр байгалиас заяасан авьяастай ч мөнгөгүй, ядуу хүүхэд бусдаас илүү хичээх ёстой гэдгээ мэдэж байв. Ямар ч тоглолтод гарсан тэрээр талбай дээр хамгийн намхан нь. Гэхдээ эцэж цуцахаа мэдэхгүй бүтэн 90 минут гүйдэг Кантег анх гуравдугаар лигийн  Булонь баг анзаарсан юм. Эхний жилээ тэр сэлгээнд сууж, мэргэжлийн гэрээ ч байгуулаагүй байв. Гэхдээ зүгээр суусангүй, 18 настайдаа бакалавр болж, дараа нь санхүүгийн ангид дахин хоёр жил суралцсан юм. Удалгүй дээд лигийн багууд түүнийг сонирхож эхлэв. Кантегийн гоол хийх чадвар биш хаана ч гараад ирдэг, цуцдаггүй, ямар ч хар ажил хийхээс дургүйцдэггүй чанар нь гол үнэлэмж болж байлаа. Дараа нь Английн Лестерт орж, лигийн аварга болж, Шилдэг тоглогчийн шагнал хүртэв. Францын шигшээд дуудагдаж, алдарт Челси багт гуйж биш гуйлгаж орлоо. Одоо тэр 33 настай, Саудын Арабын Аль-Иттихад багт тоглож байгаа. Эхний хэдэн тоглолтын дараа мөн л шилдгээр нэрлэгдээд байна. Дэлхийн аваргын цомоо өргөхөөс ичингүйрэн зогсож байсан Канте одоо ч даруухан, төлөв хэвээрээ. 

Нэг ч дэглэм алдаагүй 22 жил

Начо Фернандес Мадридын Реал багт 23 жил тоглохдоо 26 цом өргөж, Үндэсний лигт түрүүлсэн. Одоо 34 настай ч шигшээ багтайгаа цуг Евро-2024 тэмцээнд оролцож байгаа юм. Тэгвэл энэ бүх алдар нэр, цом, медаль байхгүй байж болох байлаа. 12 настайд нь эмч нар Начод чихрийн шижин туссан гэсэн онош тавилаа. “Би тэмцээнд оролцохоор явах гэж байсан ч бие муудаад явж чадаагүй юм. Эмчид үзүүлтэл “За хүү минь хөлбөмбөгчийн замнал чинь ингээд өндөрлөлөө” гэж хэлж билээ. Дотор харанхуйлаад амралтын өдрүүдээ яаж өнгөрүүлснээ ч анзаараагүй. Ингээд гурав хоногийн дараа тусгай мэргэжлийн эмчид шинжлүүлтэл “Чихрийн шижин өвчтэй ч хөлбөмбөгөө орхиж болохгүй. Биеийн хөдөлгөөн, дасгал чухал тул харин ч улам их тоглох хэрэгтэй” гэхийг сонсоод амьдрал дахин эхлэх шиг болсон” гэж ярьж байлаа. Арван хэдтэй хүүхэд байнга биеэ арчлаад явахад тун хэцүү. Жирийн хүнээс гурав дахин хүнд. Ингээд Начо хүү хоол унд, амралтаа хянаж эхэллээ. Хаашаа ч явсан инсулин, монитортой том багаж авч явна. Ядарч залхаад орхиж болох ч тэр бууж өгсөнгүй. Учир нь хөлбөмбөг түүний амьдрал байлаа. Улам илүү хариуцлагатай болж, энэ 22 жилийн дотор дэглэм нэг ч алдаж байсангүй. Үүнийхээ ачаар тэр хүнд гэмтэж байгаагүй юм. Энэ Евро-2024 тэмцээн түүний хувьд шигшээ багтаа хийсэн сүүлийнх нь тэмцээн болно. 

Хамгийн сүүлд үлдэх Федерико Гатти

“WhatsApp” дахь статус нь “Би хамгийн сүүлд үхнэ”, ууртай ширүүн царай, хүйтэн харц. Энэ бол Италийн шигшээ багийн хамгаалагч Федерико Гатти. Түүний Европын АШТ-д ирсэн зам кино л гэсэн үг. Гаттигаас “Алдар нэр, мөнгөтэй болоход өмнө чинь ямар боломж гарч ирсэн бэ” гэж асуухад “Миний найз бүсгүй Вербанийх. Надад сохор зоос ч байгаагүй үеэс үерхсэн. Алдрын оргилд хүрээд би амжилтаа анхнаасаа л хамт байсан хүмүүстэй хуваалцдаг” гэж хэлж байсан юм. Тэр бусад тоглогчдын адилхан замаар яваагүй. 14 настайд нь Торино, 16 настайд нь Алессандрия баг түүнийг авьяасгүй гээд голсон юм. Ингээд зургаадугаар лигийн Павароло багт танилынхаа арын хаалгаар орсон байна. 2015 онд аав нь ажилгүй болж, 17 настай хөвгүүний хувьд сонирхогчдын хөлбөмбөг ямар ч цалингүй, хобби болон хувирсан юм. Ингээд зах дээр наймаа хийлээ. Өглөө 4 цагт босож, худалдагчийн ээлжээ дуусгана. Орой нь 2 цаг бэлтгэлтэй. Хөлбөмбөг, худалдагчийн ажил хоёр нийлээд сард 300 евро л олно. Өөртөө юу ч үлдээлгүй, бүгдийг гэртээ өгнө. Илүү цалин олохын тулд барилгад чулуучин болов. “Үүрээр босоод барилга дээрээ очиж, 9-10 цаг ажиллана. Ажлын дараа 30 минут амраад, жижигхэн талх идээд бэлтгэлдээ алхана. Орой 22 цагт дуусаад харьж, хоолоо идээд, унтана. Үүрээр дахин босно". Жилийн дараа түүнийг 5 дивизионы Вербани баг авлаа. Гэрээ байгуулж байхдаа Гатти багийн эзнээ зуслангийн байшин барьж байгааг мэдэж авав. Шууд л тэнд нь бас ажилд орлоо. Барилгын ажил, хөлбөмбөг нийлээд түүнд 900 евро оруулдаг болж ирлээ. Тун саяхан буюу 2020 он хүртэл ийм байдал үргэлжилсэн билээ. 2020 оноос эхлээд Гатти Сери D, Сери С, Сери В лигүүдэд шилдэг хамгаалагч болов. Хоёрхон жилийн дотор барилгын хөлсний ажилчин-тоглогчоос тэр Италийн шигшээ баг, домогт Ювентус багийн хамгаалагч болон хувирлаа. Тэр ядардаггүй, гомдол тавьдаггүй, учир нь энэ бүхэн барилга дээр 10 цаг дутуу хоолтой ажиллахаас илүү гэдэг нь ойлгомжтой. Италийн лигийн довтлогчид түүний хөлд үрэгдэхээс эмээдэг болжээ. “Яагаад ийм муухай ааштай вэ гэж үү? Яагаад гэвэл би бүхнийг үзэн яддаг. Энэ бол миний өс хонзон. Намайг ямар ч баг авахгүй, хасдаг байсан. Одоо би өөрийнхөө хүч чадлаар замаа гаргаж байна. Зодог тайлаад би өөртөө байгаа бүхнээ гаргасан, юунд ч харамсахгүй байна гэж хэлэх ёстой” гэж ярьсан нь түүнийг хамгийн сайн илтгэх биз ээ. 

Аяга таваг угаасаар Алдрын оргилд гарсан хүү

Арван настай байхад нь ван Дейкийг аав нь долоо хоногт гурван удаа бэлтгэлд нь хүргэж өгдөг байлаа. Гэвч тэр хүүгээ хөлбөмбөгчин болохыг харсангүй, Дейкийг 12 настай байхад эхнэрээ, гурван хүүхэдтэйгээ хаяад явчихсан юм. Ван Дейк том болохынхоо хэрээр ганц ээжийнхээ цалингаар дөрвүүлээ амьдрахад хэцүү болж байсан тул 16 настайдаа ажил хийхээр шийдэв. Ажлын зарлалтай сонин худалдаж аваад аяга, таваг угаагчийн ажил байгааг хараад шууд утасдаж, орой нь Oncle Jean ресторанд аяга угаагаад зогсож байсан юм. Ван Дейк цагт 4 евро, мөн цайны мөнгө авдаг байлаа. Сардаа 350 евро. Рестораны эзэн түүний утасны дугаарыг аваад хөлбөмбөгч болж чадахгүй бол залгана шүү, чи аяга таваг угаахдаа үнэхээр хариуцлагатай юм, нэг ч таваг хагалж байгаагүй” гэж хэлсэн ч утасны дугаар түүнд хэрэг болсонгүй. 

2012 оны хавар Гронинген багт байхдаа тэр хүнд өвчин туссан юм. Өөрийгөө үхэх нь гэж бодсон 20 настай Дейк гэрээслэлээ биччихээд хүлээж суусан гэдэг. Азаар гэрээслэл хэрэг болсонгүй. Дараа нь Виржил “Өөрийнхөө буруугаар өвчин туссан. Буруу хооллож, биеэ анхаардаггүй байлаа" гэж ярьж байв. Гурван төрлийн өвчин зэрэг туссан байсан. 12 кг жин алдаж, хагалгаанаас 10 хоногийн дараа орноосоо өндийлөө.  

Гронинген багт үнэлэгдээгүй түүнийг Шотландын Селтик баг 4,7 сая фунт стерлингээр  Виктор Ваньямтай хамт худалдан авлаа. Шотландад ирснээр Ван Дейк болон найз бүсгүй Рикийн амьдрал өөрчлөгдсөн юм. Рик загварын ертөнцөд ажиллаж, гайгүй сайн мөнгө олж байсан ч нөхрийнхөө хөлбөмбөгчийн замналыг дэмжихийн тулд ажлаа орхисон. Шотландын дараа Дейк Английн Саутгемптонд, дараа нь Ливерпульд очиж, зиндаа дээшиллээ. 26 настай түүнийг 85 сая еврогоор худалдан авсан юм. Хэдий цалин өндөртэй ч Ван Дейк үнэтэй том байшинд амьдраагүй, шинэ машин авсангүй, эгэл жирийн залуу хэвээрээ.  

“Univision Mongolia” Фэйсбүүк, Euro-2024 сонирхолтой Quiz хөтөлбөр 

Хэрэв та хөлбөмбөгийн мэдлэгээ шалгаж, үеийн андуудтайгаа өрсөлдөхийг хүсвэл "Univision Mongolia" фейсбүүк хуудсанд зочилж, Quiz хөтөлбөрт оролцож болно. Хөтөлбөр “тоглолтын их завсарлагаа”-наар болох бөгөөд тоглолтоо хүлээж байхдаа мэдлэгээ тэлж, сонирхолтойгоор цагийг өнгөрүүлэх боломжтой. QUIZ-ийн ялагч бүрийг Euro 2024 албан ёсны мерч бүтээгдэхүүн хүлээж байгааг дуулгая.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.