Боу Жессап бусад англи хүүхдүүдийн л адил жирийн нэг өсвөр насны охин. Гэхдээ тэрээр нэгэн сонирхолтой бизнес эрхэлж их сургуулийн төлбөрөөр олдог юм байна.
Боу одоо 19 настай бөгөөд "Special Name" хэмээх хувийн бизнес эрхэлж, жилд хэдэн мянган доллараар хэмжигдэх орлого олдог залуу энтрепренёр. Түүний вэб сайт хятад эцэг эхчүүдэд хүүхдэдээ өвөрмөц утга агуулгатай, содон англи нэр сонгоход нь тусалдаг аж. Тэрээр бизнесийнхээ санааг 2015 онд буюу 15 настайдаа бодож олжээ. Зургаан сарын дараа гэхэд Боу 200 мянган хятад хүүхдэд нэр өгч, 60 мянган долларын орлого олжээ. Тэр үеэс хойш Боу нийт 677.900 хүүхдэд нэр өгч, жилийн орлого нь 400 мянган доллараар хэмжигддэг болсон байна.
Боу нийт 677.900 хүүхдэд нэр өгч, жилийн орлого нь 400 мянган доллараар хэмжигддэг болсон байна.
Боу CNBC телевизэд ярилцлага өгөхдөө бизнесийн санаагаа тун санаандгүй байдлаар олсон гэжээ. Тэрээр аавтайгаа Хятадад аялж байх үеэр аавтай нь хамт ажилладаг Ванг хэмээх хятад эмэгтэй Боугаас гурван настай охинд нь нэр өгөхийг хүссэн байна. Боу "Миний хувьд хүүхдэд нэр өгөх нь гайхмаар бас нэр төрийн хэрэг байсан" гэж ярьсан юм. Ингээд Боу Вангаас охиноо ямар хүн болж өсөөсэй гэж хүсдэг тухай нь асууж, ярилцсаны эцэст "Элиза" хэмээх нэрийг сонгосон нь бүсгүйд ихээхэн таалагджээ.
Хятадуудад гүн гүнзгий утга агуулга шингээж 2-3 үеэс бүтсэн нэрийг хүүхдэдээ хайрладаг аж. Харин англи нэртэй байвал барууны хүмүүстэй харилцаа тогтооход хялбар болдог гэнэ. Гэвч интернэтийн хязгаарлалт, хэлний бэрхшээлээс болж англи нэр сонгох, утга агуулгыг нь судлах боломж хомс байдаг тул барууны соёлд нийцэхгүй, заримдаа бүр "инээдтэй" гэмээр нэрсийг сонгох тохиолдол гардаг байна. Жишээ нь: Ролекс Ванг, Гандолф Ву гэх мэт сонирхолтой нэртэй хүмүүс ч бий.
Интернэтийн хязгаарлалт, хэлний бэрхшээлээс болж англи нэр сонгох, утга агуулгыг нь судлах боломж хомс байдаг тул хятадууд барууны соёлд нийцэхгүй, заримдаа бүр "инээдтэй" гэмээр нэр сонгох тохиолдол гардаг байна.
Харин Боу энэ боломжийг олж харан бизнес болгох санаа төржээ. Охин бизнесээ эхлүүлэхдээ ааваасаа 1500 фунт зээлж, хагас цагаар ажиллах вэб хөгжүүлэгч хөлслөн сайтаа хийж эхэлсэн байна. Өөрөө 4000 орчим эрэгтэй, эмэгтэй хүүхдийн нэр бүхий дата баазыг үүсгэжээ. Үйлчлүүлэгч хятад эцэг эхчүүд Боугийн сайтаас таалагдсан нэрсээ сонгоод Wechat-аар дамжуулан найз нөхөд, гэр бүлийнхнээсээ саналыг нь асуудаг байна. Энэ нь түүний бизнес өргөжихөд ихээхэн нөлөөлжээ.
Боу эхэндээ энэ үйлчилгээг үнэгүй үзүүлдэг байсан ч 162 мянган хүүхдэд нэр өгсний эцэст үйлчилгээгээ 79 центийн төлбөртэй болгосон гэж ярилцлагадаа дурдсан юм. Залуу энтрепренёр бизнесээс олсон мөнгөө их сургуулийн төлбөр төлөх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, хоббигоо хөгжүүлэхэд зарцуулдаг гэжээ.