Зах хязгааргүй их мэдээллийн урсгал дунд амьдарч буй орчин цагт бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчид хэрэглэгчдийнхээ анхаарлыг “худалдаж авах” зарчим руу шилжиж байна. Зөвхөн бүтээгдэхүүнээ сурталчилдаг маркетингийн стратеги өнгөрсөн зуунтай түүх болон үлдэж, компаниуд хэрэглэгчдээ татаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэхийн тулд тэднийг мэдээлэлжүүлэх, соён гэгээрүүлэх, түүчээлэх, тэр бүү хэл энтертайнмент үүрэг гүйцэтгэх сорилттой нүүр тулж буй.
2019 онд хийсэн судалгаанаас үзэхэд Монгол Улсад 2.1 сая хүн сошиал медиаг идэвхтэй ашиглаж байгаа бол 270 мянга орчим фэйсбүүк хуудас үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээллийн энэ их урсгал дундаас хэрэглэгчдийн анхаарлыг татна гэдэг хэзээ хэзээнээс илүү өрсөлдөөнтэй, бүтээлч үйл явц болон хувирч байна. Анхаарлыг нь татаад зогсохгүй тэдний ярианы сэдэв болно гэдэг бүр ч амаргүй үйл билээ. Тэгвэл салфетка, ариун цэврийн цааснаас эхлээд бидний өдөр тутмын анхдагч хэрэгцээний бүтээгдэхүүнүүдийг сошиал орчинд таниулж, “од” болгож чадсан бүтээлч хамт олныг Гэрэг сэтгүүл “Social Know How” буландаа урилаа. Тэд цаас, цаасан бүтээгдэхүүний Kleenex Mongolia хуудсын хөгжүүлэлтийг хийдгээрээ цахим орчинд илүүтэй танигдсан.
Биднийг Монголиан Стар Дистрибюшин ХХК-ийн төв оффист очиход залуучуудын эрч хүчтэй, халуун дулаан уур амьсгал ноёлж байв.
21 жилийн түүхтэй Монголиан Стар Дистрибюшин ХХК нь дэлхийд танигдсан, дээд зэргийн чанартай гэр ахуй, гоо сайхан, хүүхэд арчилгааны 20 гаруй нэр төрлийн брэндийг албан ёсны эрхтэйгээр монгол хэрэглэгчдэд нийлүүлдэг аж.
Харин тус компанийн Маркетингийн албаны Гүйцэтгэл хариуцсан хэлтэс Kleenex брэндээс гадна охид бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдралын хэв маягт нийцсэн контент бэлтгэдэг “Гоо мэдрэмж” гоо сайхан, арьс арчилгааны хуудас, гэрт тохиолддог олон хөгжилтэй агшныг гэр ахуйн арчилгаа, цэвэрлэгээний бараа бүтээгдэхүүнтэйгээ уялдуулдаг “Гэрэл Нэмнэ” хуудас, бяцхан үрсийг эрүүл саруул өсч бойжиход шаардлагатай хэрэгцээт мэдээллээр хангахыг зорьдог ээжүүдэд зориулсан “Huggies Mongolia” хуудас, түүнчлэн амны хөндийн ариун цэвэр, эрүүл мэндийн “Splat Mongolia” гээд өөр дөрвөн ч сошиал хуудсын хөгжүүлэлтийг хийдгийг мэдэж авлаа.

Нас, хүйс, сонирхол, мэдрэмж, сонголт харилцан адилгүй зорилтот хэрэглэгч бүхий таван өөр хуудсыг хэрхэн амжилттай хөтлөв, эдгээр контентуудын ард хэн байдаг бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Тус компанийн Маркетингийн гүйцэтгэл хариуцсан хэлтэст 23-25 насны миллениал залуучууд ажилладаг. Тиймээс ч ажиллах арга барил нь шинэлэг, харьцангуй уян хатан гэдгийг тус албаны залуустай ярилцаж суухдаа анзаарсан юм. Жишээ нь, тэд өглөө 8 цагт ирж, өглөөний цайгаа хамт уугаад ажилдаа ордог бичигдээгүй хуультай. Хурдтай, завгүй амьдралын хэв маягтай залуус өглөөний цайгаа ууж хэвшээгүй байх нь элбэг. Үүнээс болж аливаа ажлыг гал унтраах маягаар яаруу сандруу хийх хандлага ажиглагдсан тул ийм санаачилга гаргажээ.
Хэдхэн жилийн өмнө компаниуд сошиал медиа хөгжүүлэлтэд төдийлөн ач холбогдол өгдөггүй, оригинал контент бүтээх тухай ойлголт хомс байв. Харин Монголиан Стар Дистрибюшин ХХК хэрэглэгчдийнхээ сонирхол, хэрэгцээг эртнээс мэдэрч, ажилчиддаа чөлөөтэй сэтгэх орон зайг олгохын зэрэгцээ бизнесийн ёс зүйг чанд мөрдөх компанийн соёлыг төлөвшүүлж чаджээ.
Тэд өглөөний цайгаа хамт уугаад ажилдаа ордог бичигдээгүй хуультай. Хурдтай, завгүй амьдралын хэв маягтай залуус өглөөний цайгаа ууж хэвшээгүй байх нь элбэг. Үүнээс болж аливаа ажлыг гал унтраах маягаар яаруу сандруу хийх хандлага ажиглагдсан тул ийм санаачилга гаргажээ.
Тухайлбал, Маркетингийн гүйцэтгэл хариуцсан хэлтэс гэхэд л багийн гишүүдийнхээ бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн зарчмыг баримтална. Юун түрүүнд хүн бүрийн бүтээмж өндөртэй цаг адилгүй учраас багийн гишүүн бүрийнхээ идэвхтэй цагийг олж тодорхойлоод тухайн цагт саад болохгүй байхыг чухалчилдаг гэв. Мөн ажлын цаг дууссаны дараа үргэлжлүүлэн ажиллахыг огт дэмждэггүй, чөлөөт цагаа гэр бүл, хайртай хүмүүстээ өнгөрөөгөөд маргааш нь эрч хүчтэйгээр ажлаа эхлүүлж, чанартай хийхийг эрхэмлэдэг гэлээ. Гүйцэтгэл хариуцсан маркетингийн ахлах менежер Ч.Онон “Сайн контент бүтээхийн тулд бид өөрсдөө сайн нойр, хоолтой, эрүүл чийрэг, тайван байж, ажилдаа бүрэн төвлөрдөг, аливаад соргог ханддаг байх хэрэгтэй” гэдгийг онцлон хэлж байв.

Тэдний хөгжүүлэлт хийдэг сошиал хуудсуудыг харвал нэг баг хийсэн гэж хэлэхээргүй өөр өөрийн өвөрмөц уур амьсгалтай атлаа нийтлэг утгаараа монголчууд л хамгийн сайн ойлгох хошигнол, мэдрэмж, үйл явдлууд бүхий контент маркетинг хийдгээрээ бусдаас онцгойрно. Харин эдгээр контентуудын санааг хэрхэн гаргаж, ямар шат дамжлагатайгаар хэрэглэгчдэд хүрдэг тухай асуухад Ч.Онон “Бид Монголд төдийгүй дэлхий дахинд болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг овжноор ашиглахыг зорьдог. Хэн нэгэнд нь шинэ санаа төрөхөд тэр дор нь багаараа ярилцаж контентын санаагаа босгоод авчихдаг. Тиймээс өдөрт тутмын үйл ажиллагаанд багийн тоглолт юу юунаас илүү чухал. Нөгөөтэйгүүр зөвхөн Маркетингийн гүйцэтгэл хариуцсан хэлтэс гэлтгүй манай компанийн бусад газар, нэгжүүдийн залуус кофе ууж, “буу халж” суухдаа л бидэнтэй шинэ соргог, сонирхолтой контентын санааг хуваалцчихдаг болохоор бид контентын санаагаар баялаг байдаг” хэмээв.
Харин сошиал кампанит ажлуудыг амжилттай зохион байгуулах тухайд тэрбээр “Кампанит ажил заавал олон саяын зардалтай, их төсөвтэй байх шаардлагагүй. Үүнээс гадна кампанит ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд маркетингийн идэвхжүүлэлтийг ганц нэг сар хийгээд орхих бус урт хугацаанд үргэлжлүүлж, брэндийн танигдсан байдлаа хадгалах нь зүйтэй юм. Тухайлбал, бид Kleenex брэндээс гаргаж буй контент бүхэндээ “Амьдралын хором бүрт хамтдаа” гэх уриа үгийг шингээж, урт хугацаанд үргэлжлүүлсэний үр дүнд Kleenex брэндийг олон нийтэд оновчтой хоногшуулж чадсан гэж үздэг. Тиймээс маркетерууд нэн түрүүнд “ХЭНД, ЮУГ, ХЭЗЭЭ, ХЭРХЭН, ХААНА сурталчилах гэж байна вэ” гэдэг асуултад өөрсдөө хариулж чаддаг байх ёстой. Эзэн нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайн мэддэг байвал түүнийг ямар сувгаар, хэрхэн сурталчилах нь аяндаа тодорхой болно” гэлээ.