UBLife Logo
Ub.life-ийн туршилт

Ublife-ийн туршилт: Хөл хорионы үед "өөрийгөө цэнэглэж" буй 5 залуугийн туршлага

Б.Саруул
Б.Саруул
Ublife-ийн туршилт: Хөл хорионы үед "өөрийгөө цэнэглэж" буй 5 залуугийн туршлага

Бидний амьдралд шинэ туршлага, мэдрэмж, өөр өнцөг нэмсэн "эгэл бус" өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн нэг сард бидний олонх нь амьдрал буцалсан завгүй өдрүүдээс хэсэгхэн ч болов завсарлага авч, өөртэйгээ илүү дотносож, шинээр нээж, хөгжүүлсэн гэдэгт итгэлтэй байна.  

Бид "Ublife-ийн туршилт" булангийнхаа шинэ дугаарт хөл хорионы өдрүүдийг "өөрийгөө цэнэглэн" өнгөрүүлж буй таван залууг зочноор урилаа. Энэхүү нийтлэлийг Юнителийн U хөтөлбөрийн ӨӨРИЙГӨӨ ЦЭНЭГЛЭ аяны хүрээнд бэлтгэв. 

Энэ дашрамд гоё мэдээ дуулгахад, U хөтөлбөрийн хэрэглэгч оюутан, залуус дансаа цэнэглээд тухайн цэнэглэгч картын үндсэн эрх, хоногоос гадна нэмэлт бэлэг авах ӨӨРИЙГӨӨ ЦЭНЭГЛЭ урамшуулал зарлагджээ.   

  1. 3000 нэгжээр дансаа цэнэглээд 5GB эсвэл 50,000 нэгж бэлгэнд (хүчинтэй хугацаа 24 цаг) 

  2. 5000 нэгжээр дансаа цэнэглээд 5GB эсвэл 50,000 нэгж + Их сургуулийнхаа вэб сайт руу хязгааргүй датагаар хандах EDU багцыг бэлгэнд (хүчинтэй хугацаа 5 хоног)

  3. 10000 нэгжээр дансаа цэнэглээд 5GB эсвэл 50,000 нэгж + Их сургуулийнхаа вэб сайт руу хязгааргүй датагаар хандах EDU багцыг бэлгэнд (хүчинтэй хугацаа 7 хоног) тус тус аваарай.


Хараацай (дуучин /дуу зохиогч)

Намайг Г.Золбоо гэдэг. Би маркетинг, сурталчилгааны чиглэлээр ажилладаг ч багаасаа дуу хөгжимд дуртай байсан болохоор гитар сурч, амьд хөгжмийн хамтлаг байгуулж явсан. 2018 оноос Хараацай гэдэг нэрээр дуу хийж эхэлсэн. Сая дуугаа мэргэжлийн студид бичүүлэхээр ярьж тохироод, бүх ажил бүтээд явж байтал гэнэт хөл хорио зарлачихсан.

Би хичээлээ сургууль, номын санд, ажлаа ажил дээр л хийгээд дадчихсан учраас өнгөрсөн хавар богино хугацаагаар хөл хорио тогтооход ийм амьдралын хэмнэл надад тохирохгүй нь гэдгийг ойлгосон л доо. Гэлээ ч энэ удаа яах аргагүй нөхцөл байдал үүссэн учраас өөрийгөө бүтээлч төлөв рүү шилжүүлэхийн тулд бодож байгаад Your song нэртэй цуврал дуунууд зохиохоор шийдсэн юм. Бүтэн цагийн ажлын хажуугаар дуртай юмаа хийж байж л өөрийгөө цэнэглэж, бүтээлч байх юм шиг санагдсан.

Инстаграм сторигоор хүмүүсээс ирүүлсэн санаанд тулгуурлаж дуу зохиохоор шийдсэн учраас “чиний дуу” гэж нэрлэсэн хэрэг. Үг, ая зохиох, компьютер дээр зохиол өрөх гээд 1 минутын дуу зохиоход ойролцоогоор 8-12 цаг зарцуулдаг. Одоогоор 5 дуу зохиочихоод байна. Stop motion хийдэг Наранбаатар (naranbaatar23) гэдэг найз маань хоёр дууны дүрслэлийг хийж өгсөн. 

Нэгэнт биднээс үл шалтгаалж хөл хорио тогтоосон ийм нөхцөлд хүн бүр өндөр үр бүтээмжтэй байх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй болов уу. Тэрний оронд энэ цаг хугацааг дуртай зүйлээ хийж, үзэж, уншиж өнгөрүүлсэн бол нэг их харамсах шаардлагагүй гэж бодож байна.   

Б.Ялгуун (Уулаа группийн модератор, принцесс)   

Өглөө гараад л орой орж ирдэг амьдралын хэмнэлтэй байсан миний хувьд хөл хорионы үеэр гэртээ байх “үүрэг” авсан нь харин ч сонирхолтой байна. Ажил маань 10 цагт эхэлдэг хэдий ч миний сэрүүлэг 10 цагт дуугардаг. Би нүдээ нээгээд л шууд ажлаа хийх боломжтой байгаа нь хамгийн гоё санагдаж байгаа шүү. Урьдынх шигээ 8 цагт босож бэлдэх шаардлагагүй. Хоёрдугаарт, бид өөрсдөө л анзаараагүй болохоос завгүй амьдралын хэмнэлээс болоод маш их ядарчихсан байдаг юм билээ. 

Одоо бол өглөө, өдөр, оройн хоолонд юу хийх вэ гэдэг төлөвлөгөө гаргаснаар миний хувьд тухайн өдөр эхэлж байна даа. Нэгэн хэвийн өдрүүдийг сонирхолтой байлгах үүднээс өдөр бүр нэг улсын хоолыг дагнаж хийхээр шийдсэн юм. Өнөөдөр солонгос хоолны өдөр гэвэл өглөө, өдөр, оройн хоол бүгд солонгос маягийнх байна. Ер нь бол гоймон чанаад идсэн ч болно гэсэн үг.    

Бүдэ жигэ: Шинэ газрын сургаар хүссэн хоолоо хайж их тэнэдэг. Харин миний хайдаг байсан бүдэ жигэ ердөө манай тогооноос л төрөх учиртай байсан байна лээ.

Би сүүлийн нэг жил гэртээ бараг хоол хийж идэхээ болиод, манай гал тогоонд давс, хар перцнээс өөр амлагчгүй болчихсон байсан. Тэгсэн сүүлийн нэг сард манай гал тогоонд ямар л хоол хийнэ гэнэ тэр бүх амтлагч нь бэлэн, ёстой л нэг амь орж байгаа. Маш олон хоол шинээр хийж сурч байна. Эрүүл мэнд, мөнгө санхүүгийн талаас бодоод үзсэн ч тэр гадуур байнга хооллодогтоо би үргэлж санаа зовдог байлаа. Нөгөөтэйгүүр, гэртээ байхдаа нөгөө л нэг лавшаа, цуйван гэсэн уйтгартай хоолоо хийх албагүй. Хөгжилтэй хоолнууд хийж идээд сонирхолтой байж болдог гэдгийг энэ үеэр мэдэрч байна. 

Х.Сүрэн (артист)

Хөл хорионы өмнөхөн бар зургийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах гээд маш завгүй ажиллаад ядарсан байсан л даа. Тийм болохоор гэртээ байсан эхний хэд хоногт сайн унтаж амарсан. Дараагийн өдрүүдэд нь олон цагаар сууж ажилласнаас болоод бие чилж, хөшсөн учраас йогагаар хичээллэж эхэлсэн. Ялангуяа толгой гаран дээрээ тулж тэнцвэр авдаг Sirsasana гэдэг дасгалыг хийж сурахаар хичээв. Эхэндээ тэнцвэрээ олох хэцүү байсан ч өглөө бүр алгасалгүй хийсээр л байлаа. Үр дүнд нь бие хөнгөрч, төвлөрөл сайжирч эхэлсэн. Бас завгүй байхдаа хаа хамаагүй хоол иддэг байсан бол хөл хорионы үеэр хоололтдоо давхар анхаарч байна.   

Нэр: LAndscape of Putrajaya (2015) 

Хийдэг ажлуудын тухайд цөмийг нь жагсаан бичиж байгаад чухал гэж үзсэн хэдийг нь сонгож үлдээд, үлдсэнийг нь түр орхихоор шийдсэн. Одоогийн байдлаар гар бичвэрийн ур чадвараа сайжруулахын зэрэгцээ motion graphic шинээр сурч байна. Нэмээд хоёр онлайн хичээл судлахаар ангиа сонгочихсон хараахан эхлээгүй л байна. Жирийн үед бидний хийх ажил ар араасаа нэмэгдээд, хэзээ ч тэр нь дуусдаггүй шүү дээ. Тиймдээ ч өөртөө олигтой цаг гаргаж чаддаггүй байснаа энэ үеэр ойлгож, өөрийгөө хөгжүүлэхэд ихэнх цагаа зарцуулж байна. 

Г.Одхүү (The Creative Corner Mongolia-ийн үүсгэн байгуулагч)

Хөл хорионы өдрүүдийг урлан дээрээ ажиллаж өнгөрөөж байна даа. Урлан маань гэрээс ялгаагүй тухтай болохоор энд бүтэн цагаар байрлаж, модон бүтээлүүд урлаж байна. Би хоёр, гурван жилийн өмнөөс модон эдлэлийн бизнес эхлүүлье гэж бодож явсаар энэ намар ажилдаа орсон юм. Хэдийгээр цар тахлын үед нөхцөл байдал амаргүй байхыг гадарлаж байсан ч хамгийн эрсдэлтэй, хүнд үеийг даваад гарчихвал сайхан цаг ирэхэд илүү хурдтай өсөж дэвшинэ гэж тооцсон болохоор энэ бизнесээ таслахгүй хийхийг хичээж байна.   

Хөл хорио тогтооход эхэндээ жаахан назгайрах хандлагатай байсан тул орой эрт амарч, өглөө эрт босдог амьдралын хэвшлийг өөртөө суулгаж, ажлын цагийн хуваариа ч цэгцтэй гаргах нь зөв юм байна гэж бодсон. Миний хувьд модон эдлэлийн чиглэлээр мэргэшсэн хүн биш ч гэлээ уйгагүй оролдсоор байгаад одоо материал маань гарт орж, хүссэн загвараа гаргадаг болсон. Мэдээж хэрэг цар тахлын үед эрсдэл, тулгарч буй сорилтууд их ч гэлээ судалгаа хийх, шинэ зүйлд анхаарлаа хандуулах, суралцах, өөртэйгээ тулж ажиллах боломж гарч байгаа нь бидэнд ирж буй нэг боломж юм. 

Морри (Highgarden tea-ийн үүсгэн байгуулагч, эрүүл-идэвхтэй амьдралын хэв маягийг түгээгч)

Би өнгөрсөн нэгдүгээр сард хоёр дахь хүүхдээ төрүүлсэн л дээ. Одоо гэртээ хоёр хүүхдээ харахын хажуугаар ажлаа хийж байна. Өнгөрсөн хавар хөл хорио тогтооход ажлаа ерөнхийдөө онлайн горим руу шилжүүлсэн. Тэрнээс гадна өнгөрсөн өвөл коронавирусийн халдвар дэгдэж, хөл хорио тогтоох үеэр амьдралдаа эрс өөрчлөлт хийж, эрүүл амьдралын хэв маяг руу шилжсэнийхээ үр дүнд 6 сарын дотор 28 кг жин хассан. 

Харин энэ хөл хорионы үеэр би YouTube суваг нээж Tea with Morri подкаст, Fit with Morri  влог гэсэн хоёр төрлийн контент хийж байна. Гадаа хүйтэн бас хүмүүс хөл хорионд байгаа болохоор хөдөлгөөн багасаж, жин нэмэгдэж хандлагатай байна гэж ярьж байгааг анзаарсан. Тиймээс би хоёр хаалттай групп нээж, 140 орчим хүнтэй ‘Карантины үеэр галбиржъя’ гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эрүүл амьдралын хэв маягт суралцах талаар хүмүүст туршлагаа хуваалцаж, мэддэг зүйлсээ хуваалцдаг юм.   

Миний бодлоор энэ карантин биднийг энгийн үеэсээ ч илүү зохион байгуулалттай байх шаардлагыг бий болгож байна. Өмнө нь би гадуур ажлуудаа амжуулаад гэртээ ирэнгүүтээ бүх анхаарлаа гэр бүл, хүүхдүүддэ хандуулдаг байсан бол одоо бүх зүйлд зэрэг анхаарлаа хандуулах шаардлагатай болсон. Том охиныхоо хичээлийг хийлгэнэ, өөрөө ажлаа хийнэ, хүүхдүүдийнхээ хоолноос гадна өөрийнхөө өдөрт идэх ёстой 5 удаагийн хоолыг бэлдэнэ гээд амжуулах зүйл ихтэй. Хамгийн гол би хийж байгаа зүйлдээ ядарч, түйртэх бус харин ч бүр дурлаж, өөрийгөө сорьсон өдрүүд байлаа. Тиймээс хувийн сахилга бат, зохион байгуулалтыг өөртөө суулгахад хамгийн тохиромжтой 1 сар байлаа гэж дүгнэмээр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
7
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.