Ирэх сарын 7-8-нд АНУ-ын Айова-ситид чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн болно. Шилдэг найман баг өрсөлдөх тус тэмцээнд Япон, Гүрж, АНУ, ОХУ, Азербайжан, Куба, Казахстан улсын багууд оролцоно. Харин мэдүүлгээ өгөөд байсан Ираны баг тэмцээнд орохгүй болсон тул Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Ираны оронд орох багийг хайж байгаа билээ. Тэгвэл бас нэг баг Дэлхийн цомд орохгүй байж магадгүй боллоо.

Москва дахь АНУ-ын ЭСЯ-наас Дэлхийн цомд орох Оросын тамирчдад виза өгөхөөс татгалзжээ. ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили энэ талаар “Америкчууд арай хэтэрлээ. Хүн чанар алга. Тамирчдад виза өгөхгүй байна гэж юу гэсэн үг вэ. Манай удирдагч “Тэд бүгд сулхан амьтад” гэж ёстой үнэн хэлжээ” хэмээн уурласан байна.

ОХУ-ын Гадаад Хэргийн Яам ч мэдэгдэл гаргалаа. ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахгүй байх бас нэгэн оролдлогыг Вашингтон хийлээ. ОХУ-д дарамт үзүүлэхийн тулд америкчууд “Спорт бол энх тайван” гэсэн зарчмыг хүртэл зөрчиж байна. Хүчтэй өрсөлдөгчөө зальт аргаар зайлуулах гэсэн арга” гэж мэдэгдсэн юм.