Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Айраг, архи, караокэ буюу Монголд аваргаа хэрхэн тэмдэглэдэг вэ

"НЭГ УЛСАД ИЙМ ОЛОН АРХИЧИН БАЙХЫГ МОНГОЛД Л ХАРЛАА” гэж байсан Зайцевийн шинэ ярилцлага.


Эрдэнэтийн “Хангарьд” багт тоглож байсан ОХУ-ын хөлбөмбөгч Михаил Зайцев яг нэг жилийн өмнө euro-football.ru сайтад ярилцлага өгч, Монголын хөлбөмбөгийн ертөнцийн талаар ярьсан нь том шуугиан тарьсан билээ. Манай сайт тус ярилцлага болон "Хангарьд" багаас хийсэн няцаалтыг ч нийтлэж байсныг хөлбөмбөг сонирхогчид маань сайн санаж байгаа байх. Манай хөлбөмбөгийг газар дор ортол муулж байсан Михаил Зайцев дахиад Монголд тоглож байгаа төдийгүй дахиад euro-football.ru сайтдаа ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна. 

Айраг, архи, караокэ буюу Монголд аваргаа хэрхэн тэмдэглэдэг вэ

ОХУ-ын хагас хамгаалагч Михаил Зайцев Улаанбаатарын "Эрчим" багийн бүрэлдэхүүнд тоглож, Монголын аварга болсон байна. Шинэ аваргатай "Евро-Футбол.ру" сайтын сурвалжлагч Анатолий Горсков ярилцжээ.

- Михаил, юуны өмнө мэргэжлийн замналдаа анх удаа аварга цол хүртсэнд тань баяр хүргэе.
- Их баярлалаа. 
- Тантай хамгийн сүүлд уулзахад Словак улсад тоглож байсан. Яагаад та дахиад Монголд очих болов?
- Словакт хагас улирал тоглож байтал надад ажлын виза авахад шаардлагатай  гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн бичиг Питерээс авчир гэсэн. Бичгээ авчихаад Словакт буцаад очтол тэд виза өгөхгүй удаасаар байгаад улирал дуусчихсан. Янз бүрийн шалтаг тоочоод байхаар нь залхаад гэртээ харьсан. Харин удалгүй манай агент Вячеслав Мартынов утасдаад Монголын хөлбөмбөгийн лидер "Эрчим" төвийн хамгаалагч хайж байна гэж хэлсэн юм. Удаан бодолгүй шууд л ниссэн.
- Шуугиан тарьсан домогт ярилцлагадаа та дахиж хэзээ ч "Хангарьд" багт очихгүй гэж хэлж байсан.
- Яг тэгэж хэлээгүй. Ерөнхий дасгалжуулагч солигдоогүй цагт буцаж очихгүй гэж хэлсэн. 

- Та "Эрчим"-д ороод хуучин багийнхаа эсрэг тоглосон уу?
- Тоглосон, бүр талбай дээр нь очиж тоглосон. Намайг тэр ярилцлаганаас болоод тэнд "хүлээж" байлаа, ер нь янз янзын юм л "амлаж" байсан. Таны хэлсэн тэр ярилцлагыг Орост гарангуут нь Монголын нэг сайт орчуулаад тавьсан юм байна лээ. Маш их шуугиан тарьсан тул "Хангарьд" баг хэвлэл мэдээллээр няцаалт хийхээс өөр аргагүй болсон гэсэн. Үнэнийг хэлэхэд та бид хоёр Монголын хөлбөмбөгийг орвонгоор нь эргүүлсэн гэсэн үг.
- Юу гэсэн үг вэ?
- Би "Хангарьд" багт тоглож байсан, одоо тоглож байгаа залуучуудтай уулзсан. Тэд одоо цалин мөнгөний асуудал байхгүй, цагт нь өгдөг болсон гэж хэлсэн. Багийн хуучин автобусыг шинээр сольж өгсөн гэсэн.
- Согтуу талбай дээр гардаг гэж таны буруутгасан багийн ахлагч тэр ярилцлаганы дараа "томоожиж" уу?
- Үгүй, энэ "алиалагч" уусаар байгаа гэж хүмүүс хэлж байсан. Би түүнтэй нүүр тулан уулзахаар хүлээж байтал тэр харин талбайд гаралгүй, сэлгээнд үлдсэн. Манай багийнхан түүнтэй мэндлэхээр очтол архи үнэртэж байсан гэсэн. Гэхдээ энэ удаа би Улаанбаатарт байрласан болохоор хэлэхэд нийслэлд бусад газраас бага уудаг юм байна гэж ажиглагдсан.
- "Хангарьд" багийн фэнүүдтэй асуудал гараагүй юу?
- Ямар ч асуудал байхгүй. Тоглолтын дараа хүрч ирээд гар барьж, амжилт хүсч байлаа. "Хангарьд"-ийн тоглогчид ч гэсэн "Чи ч аймаар ярилцлага өгсөн дөө" гээд нүд ирмээд л. Тоглолтын өмнө тэр ярилцлаганаас болоод надад ямар нэг юм хийх гэж байна гэсэн яриа гарсан байлаа. Гэвч би "Оролдоод үз л дээ. Хэн нь ялахаа харья" гэж шууд хэлсэн. Гэхдээ ямар ч асуудал, будлиан болоогүй гэдгийг давтан хэлье. Нэмж хэлэхэд Эрдэнэт хот засвар хийгээд, стадионоо янзалчихсан, гудамж талбай нь өнгө ороод сайхан харагдаж байсан.
- Эрдэнэтэд танд найз үлдсэн үү?
- Нэг багт тоглож байсан найз Алим, Поль Эбука хоёр "Андууд Сити" багт орчихсон. Тэд намайг Улаанбаатарт нисч ирэхэд хүлээж авсан. Бид бүтэн улирлын турш тоглолтын дараа хамтдаа зугаалж байлаа.
- Талбай дээр таарсан уу?
- Таараад 1:1 тэнцсэн. Польтой талбай дээр ёстой үзэлцсэн дээ.


- Таныг эзгүйд Монголын АШТ-д ямар нэг өөрчлөлт гарсан байв уу?
- Гадаадын легионер олон болжээ. Багуудын өрсөлдөөн нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил "Улаанбаатар" хасагдах шахсан бол энэ жил сүүлчийн тойрог хүртэл "Эрчим"-тэй өрсөлдлөө. 
- Этгээд сонин легионер байна уу?
- Америк тоглогч таарсан. Өнгөт арьстан. "Улаанбаатар" багт тоглодог.
- Европын алдартай ахмад тоглогч нараас Монголд байхгүй юу? Одоо ахмадууд зодог тайлаад Хятад, Энэтхэг, Малайзад тоглодог болсон байна.
- Тийм алдартнууд Монголд байхгүй.
- Монголын хөлбөмбөгийн лидер "Эрчим" багийн талаар ярьж өгөөч.
- Зохион байгуулалтын хувьд маш сайн. Надад шууд л хоёр талын тасалбар авч өгсөн. 190 мянган рубль шүү дээ. Гэрээний хугацааны турш хоолны мөнгө өгч, хотод байр өгөөд, хувцас хэрэглэлээр хангасан. Өөр хотод тоглоход хамгийн сайн зочид буудалд байрлуулна, өдрийн 3 хоол гээд бүх юм өндөр түвшинд. Усгүй, жоом дүүрсэн буудалд байрлахгүй. "Хангарьд" багт 7 хоногт 2 бэлтгэл л хийдэг байсан бол "Эрчим"-д бид жинхэнэ ёсоор ажиллаж байлаа. "Эрчим" бол дээд түвшний баг. Хэрэв цалинг минь нэмсэн бол би тэнд дахиад 2 жил тоглох л байлаа.

- Та Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд тоглохыг хүсч байсан биз дээ. Хөрш орнуудаа үзэж сонирхоод л.
- Урьд нь тоглоод хөрш орнуудаа үзэж сонирхож болох байсан. Харин одоо монголчууд эхлээд урьдчилсан шатаа давах хэрэгтэй. Ингэх боломж тун бага.
- Монголын АШТ-дээ эргэн орьё. Жилийн өмнөх шиг "Хангарьд"-аас бусад бүх багийн тоглолт "Эрчим"-ийн ганц цэнгэлдэхэд болдог хэвээр үү?
- Арай ч биш. "Эрчим" өөрийн цэнгэлдэхэд тоглодог. "Дэрэн" бас цэнгэлдэхтэй. Гэхдээ тэдний талбай манайхаас 400 метрийн л зайтай. Бусад тоглолт Улаанбаатар дахь Холбооны хөлбөмбөгийн талбай дээр явагддаг. Жинхэнэ айлын талбай гэвэл Эрдэнэт л байна. Автобусанд суугаад зах хязгааргүй талаар 9 цаг явж байж очно.
- Монголд үзэгч хэр олон бэ? ДАШТ-ий дараа ОХУ-д үзэгчдийн тоо эрс өссөн.
- Том багуудын тоглолт дээр мянгаад хүн цуглана. Заримдаа зуу хүрэхгүй хүн үздэг тоглолт ч бий.
- Цэнгэлдэхэд үзэхэд үнэтэй юу?
- 5000 төгрөг, ойролцоогоор 133 рубль.

- 5000 төгрөгөөр Монголд юу худалдан авч болох вэ?
- Хоёр цагаан талх, нэг сүү.
- Танай багт танаас өөр легионер байсан уу?
- 3 легионер байсан. Сербийн Зоран Копре, тэгээд халимаг, япон хоёр залуу. Бусад нь монгол. Би эхлээд төвийн хамгаалалтад тоглож байсан ч дасгалжуулагч намайг хагас хамгаалалтад шилжүүлсэн.
- Дасгалжуулагч, тоглогч нартай ямар хэлээр нэвтрэлцэж байв?
- Англи хэлээр ойлголцоно. Харин хараахдаа оросоороо л хараадаг байлаа. Монголчуудад амархан орос хараал зааж өгсөн, өөр үгнээс илүү тус болдог юм. Багийн хэдэн тоглогч орос хэл мэддэг байсан. 
- Монголд аварга цолоо яаж угаадаг юм бэ, айраг уудаг уу?
- Айраг шиг хийдэг хатуу архи уусан. Сүүн архи гэж байсан. Гэнэт хөлд ороод нам болгодог. Би залуустай орос архи уусан. Монголд орос архийг үнэлдэг. Аварга болсны дараа ресторанд хоол идэж, уугаад караокэд орсон. Дараа нь Поль, Алим бид гурав шөнийн клубт орж, цэнгэсэн. Тэр хоёрын баг улирлын өмнө ямар ч зорилтгүй байснаа хүрэл медаль авсан болохоор тэд ч бас баяраа тэмдэглэсэн.
- Өрсөлдөгч багийнхантай баяраа хамт тэмдэглэлээ гэж багийн удирдлага уурлаагүй юу?
- Үгүй. Бүх шөнийн клуб, ресторан нь хөлбөмбөгчдөөр дүүрсэн байлаа. УАШТ дууссан болохоор бүгд л тэмдэглэж байсан. 
- Ямар нэг баг уриагүй юу?
- Яриа байсан ч тодорхой санал ирээгүй.
- Аварга багийг яаж шагнаж байна?
- Алтан медаль өгөөд бүгдэд нь "Спортын Мастер" цол олгосон. Харин би дипломоо авахаа мартчихаж. ОХУ-ын мастер цол надад бий. Монголын мастерийг авах хэрэгтэй. Монголд хэрэг болж магад. Багт бол аваргын цом өгсөн.
- Цомондоо оргилуун дарс хийж уугаад. Дараа нь дасгалжуулагчаа дарсаар "угаасан" уу?
- Дасгалжуулагчаа "угаасан", гэхдээ рашаанаар. Бид нэг тойргийн өмнө аварга болсон болохоор шагнал гардуулах ёслолын үеэр баярын сэтгэл хөдлөл унтарчихсан байлаа. Гэхдээ "We are the champions" дуугаа дуулж, "оле-оле" гэж хашгарсан.
- Монголын шөнийн клуб ямархуу юм бэ?
- Би Питерт ч шөнийн клубаар бараг явдаггүй байсан. Гэхдээ хэлэхэд Монголын шөнийн клубууд манайхаас огт дутахгүй. Улаанбаатарт бараг гудамж болгонд шөнийн клуб бий. Гэхдээ тэнд бүсгүйчүүд цөөхөн, залуучууд олон. Ер нь клубт байгаа монгол охидууд тун дажгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Монголд сайхан амарч, цэнгэж чадна шүү.
- Үзэж харах зүйл гэвэл та юу зөвлөх вэ?
- Уул, Буддын сүм хийд, гэр. Улаанбаатар хот дотроо л гэр бий. Харин өөр хотруу явах юм бол замд зөндөө тааралдана.
- Эрдэнэтэд байхдаа та адууны махнаас уйдаад үхэх гэж байсан гэсэн. Улаанбаатарт ямар байв?
- Улаанбаатарт ямар ч асуудал байхгүй. Хүнс хоол дүүрэн. Орос дэлгүүр олон болохоор орос хүнс ч авч болно.
- Михаил, сүүлчийн асуулт. Та ОХУ, Монгол, Словак, Латви, Эстонд тоглож байлаа. Ямар баг хамгийн их таалагдсан бэ?
- Орост бол ФК "Русь", гадаадад Латвийн "Лиепая". Одоо ч тэр үеэ дурсан санах дуртай. Энэ завшааныг ашиглаад олон жилийн өмнө намайг Латвийн багт ороход тусалсан Сандро Шандерест баярлаж явдгаа хэлмээр байна. "Лиепаи" багийн дасгалжуулагч асан Дмитрий Калашников, анхны багш Иван Владимирович Кобзаревт талархал дэвшүүлье. Мөн "Эрчим" багийнхандаа баярлаж байгаагаа хэлмээр байна. Энэ багт байсан цаг хугацаа, хамтдаа авсан аваргын цом гээд сайхан байсан. Дасгалжуулагч Батчулуун Анар, Баттулга Зоригт, Дэлгэрдалай Гантөмөр нартаа баярлалаа гэж хэлье.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
1
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.