Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Энэ жилийг гайхалтай болгох МАШ ЭНГИЙН 10 алхам

Та жижигхэн мөртлөө амьдралд тань нөлөөлж, илүү сайхан болгох үйлдлүүдийг үргэлж хийж байгаарай. Тэгвэл энэ он таны хувьд тэр чигтээ шинэлэг бүхнээр дүүрэх болно.


 

Энэ онд хүн бүр л өөр өөр зорилго тавьж, тэрэндээ хүрэх төлөвлөгөөгөө гарган суугаа байх. Зарим нь сургуулиа амжилттай төгсөхийг, зарим нь хайртайгаа учрахыг, харин зарим нь зүгээр л эрүүл байхыг хүснэ. Ямар ч гарз битгий гараасай, гэр бүлийнхэн минь аз жаргалтай байгаасай гэх мэт.

Энэ он тэр чигтээ таны хүссэн бүхнээр дүүрч, эрч хүчтэй, аз жаргалтай байхыг гэж хүсэж байна уу? Тийм бол та заавал том өөрчлөлт хийхээр улайрах шаардлагагүй. Энгийн хэдэн зөвлөмжийг баримталснаар та энэ жилийн турш амар амгалан, аз жаргалтай байх болно. Надад итгээрэй ;)

Уншиж эхлэхээс өмнө энэ дууг сонсоод үзээрэй.

 

1. Амжилт, ялалт болгоноо тэмдэглээрэй!

Та бага ч гэсэн амжилт гаргасан л бол түүнийгээ тэмдэглэж байгаарай. Энэ нь мэдээж янз бүрийн цэнгээн, уушийн газар орно гэсэн үг биш шүү дээ. Сайхан кафе орж сүүний холимог эсвэл кофе уу, эсвэл шинэ ном авч өөрийгөө баярлуул. Гаргасан амжилтандаа талархан, бас мялаан тусламж хэрэгтэй хүмүүст гараа сунгаж болно. Яаж, хэрхэн тэмдэглэх вэ гэдгээ та өөрөө шийдээрэй.

Гол нь яагаад заавал тэмдэглэх ёстой вэ? Учир нь та тэр амжилтыг гаргахын тулд хөдөлмөрлөсөн. Хангалттай олон удаа “Үгүй” гэж хэлэх хэрэг гарсан. Заримдаа өөрийн хүсэж байсан зүйлээсээ татгалзахад хүрсэн. Та тэр багахан амжилтыг гаргахын тулд амжилт гаргаагүй бусад хүмүүсээс хэд дахин илүү хөдөлмөрлөсөн гэсэн үг. Гаргаж буй амжилт бүр илүү том зүйлд хөтлөдөг учир та тэр бүхнээ угтаж, өөрийгөө урамшуулж байгаарай.

2. Интернэт орчинд өнгөрүүлэх цагаа багасгаж, чадах чинээгээрээ оролгүй өнжөөрэй.

Та магадгүй өдөржин дэлгэц ширтэн суудаг байж болох юм. Гэхдээ энэ тутамд та юуг алдаж байгаагаа ухаараарай. Тэнгэрт нисэж буй онгоц, шувууд, хүүхдүүд инээлдэн тоглож байгааг, хаа нэгтээ солонго татсан байгааг, гадаа хэн нэгэн залуу дуулж, хөгжимдөж байж ч болох. Нарны дулаан илч, бороон дусал гэх мэт таны мэдрэх ёстой, зүгээр л зогсоод харж, бас хэрхэн арьсан дээр тань буухыг мэдрэх ёстой хэдэн сая зүйл гадаа таныг хүлээж байгаа. Шинэ бүхнийг ажиглаж, сурч, мэдэж авах тэр аялал таныг дуудаж байгаа. Тиймээс та амралтын өдрүүдээрээ, эсвэл зүгээр л завтай байхдаа ямагт өөртөө ийм амралтыг олгож байгаарай.

3. Өглөө өмсөх хувцсаа өмнөх орой нь сонгож байгаарай.

Энэ жижигхээн үйлдэл танд яаж нөлөөлөхийг та төсөөлөхгүй дээ. Би өглөө болгон босоод юу өмсөх үү, яах уу гэж толгойгоо гашилган, цаг давчуу байхад хүртэл хувцсаа индүүдээд зогсож байдаг байлаа. Харин энэ өөрчлөлт надад цоо шинэ, стрессгүй өглөөг бэлэглэх болсон. Босоод амар тайван цайгаа ууж, хувцаслаад, яаралгүй гарч алхана гэдэг хамгийн сайхан. Мөн тэр чинээгээрээ өдөр минь амар амгалан өнгөрдөг.

4. Гэр, ажил гэсэн хэмнэлийг өөрчлөх өөр газруудыг нээж ол.

Ажилдаа очлоо, тарлаа, гэртээ харьж унтлаа гэсэн ийм л хэмнэл бидний амьдралд байдаг. Гэхдээ яагаад заавал тийм байх ёстой гэж? Та өглөө арай эрт гараад алхаад үз. Явдаг замаасаа өөр замаар яв. Нүдэнд тань тухтай, шинэлэг нэгэн газрын хаяг өртөж болно. Ороод үз. Тэр газар хэрэв таалагдвал өглөө бүр ордог байж яагаад болохгүй гэж? Орой ажлаа тараад явахдаа хүмүүсийн ярьж байсан, санал болгосон, эсвэл өөрийн нээж олсон онцгой газар оч. Эсвэл номын сан, кино театр, нарийн боовны газар байсан ч болно. Эсвэл бүр долоо хоног болгон болдог кино өдөрлөг, номын хэлэлцүүлэгт очиж болно шүү дээ. Шинэ хүмүүстэй танилцаж, шинэ мэдрэмжүүдийг мэдрээрэй.

5. Бүх зүйлийн гоо сайхныг мэдэр.

Та жижиг зүйлээс ч аз жаргал мэдэрдэг байх нь хамгийн чухал юм шүү. Зүгээр л сууж байхдаа ажлын газрын тань хана ямар гоё өнгөтэй болохыг, цонхоор үзэмж ямар сайхан байгааг, хүмүүст ямар сайхан зан чанар байгааг бод. Зүгээр л салхи үлээх нь хүртэл ямар их аз жаргал юм бэ гэдгийг ойлгохыг хичээж, нүдээ аниад зүгээр л хотын шуугианыг сонс. Танд энэ хот, эргэн тойронд байгаа зүйл, хөдөө нутаг, зөрөн өнгөрөх хүн бүхний гоо үзэсгэлэн харагдах болно. Ингэвэл та өчүүхэн зүйлд ч баярлаж, хэцүү бүхэнд үл шантарна. Та энэ бүхнийг зүгээр л нар жаргах мөчид тэнгэрийн хаяа ажин алхаж явахаас эхлүүлж болно шүү дээ.

6. Ор хөнжлийн даавуугаа сольж, унтлагын өрөөндөө ямар нэг шинэ зүйл нэмээрэй.

Хүн унтаж байх үедээ ирэх өдрийн хамаг эрч хүчийг авдаг. Та сайхан амарвал өглөө сайхан эхлэх нь гарцаагүй. Тиймээс та яагаад ор хөнжлийн даавуугаа шинээр сольж, шинэ зүйл нэмж болохгүй гэж? Хана дагуулан гэрэл өлгөж болно. Ханан дээрээ зураг зурж, зурагт хуудас наах бол сонгодог жишээ! Бас ширээн дээрээ бяцхан кактус, эсвэл өөр ямар нэг цэцэг тавьж түүнийгээ арчилсан ч болно. Даавуугаар жижиг майхан бүтээж, тэрэн дотроо ном уншин хэвтэх ч бас сайхан. Та өөрийн өрөөндөө өөр нэгэн шинэ ертөнцийг бүтээхийг оролдоорой.

7. Ямар ч төлөвлөгөөгүй, ямар ч “Ингэх ёстой” гэх үггүй өдөр бий болгох.

Ер нь яагаад бид заавал тэгэх ёстой гэсэн үгэн дор амьдардаг юм бол? “Тэгэхийг хүсэж байна. Яагаад болохгүй гэж? Үзээд алдъя.” Энэ үгнүүдийг айлгүй хэлдэг болоорой. Хааяа ч гэсэн бүх хариуцлагаас мултарч зөвхөн хүссэнээ хийх цаг гарга. Орой ямар нэгэн амьд хөгжмийн тоглолт, жазз үдэш, латин бүжгийн үдэшлэгт оч. Яагаад болохгүй гэж? Зүгээр л хүссэн автобусандаа суугаад хаашаа ч хамаагүй яв. Ой мод, ууланд очиж, голын эрэг дагуу алх. Гутлаа тайлж бариад зүлгэн дээгүүр яв, дээр нь хэвт. Учир нь... Яагаад болохгүй гэж?

8. Шинэ жор туршиж, хийж үзээгүй зүйлээ хий.

Хоол, үнэр, амт бидний сэтгэл санаанд хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйлсийн нэг. Та хэрэв долоо хоног бүр шинэ жор туршиж, шинэ хоол хийж идвэл, эсвэл шинэ хоолны газар орвол шинэ амтыг даган шинэ мэдрэмжүүдээр дүүрэх болно. Бас хийж үзээгүй, хийхээс айдаг зүйлсээ жагсааж бичээд аль болох хөнгөнөөс нь эхлүүл. Шүхрээр үсрэхэд бэлэн биш байгаа бол зүгээр л галзуу хулгана дээр суухаас эхлүүлж болно. Хэрэв гадуур тэр болгон гардаггүй, үйл ажиллагаанд очдоггүй бол ямар нэг зүйлд оч. Playtime арай нүсэр санагдаж байвал зүгээр л ямар нэг газар хамтлаг дуучин ирж тоглох бол тийшээ оч. Нэг уух юм захиалаад сонсож сууж яагаад болохгүй гэж?

9. Өөрөө өөртэйгөө ярилц.

Эхэндээ инээдтэй санагдаж болох ч та хэд хэд оролдсоны эцэст үүнд дурлах болно. Толь ашиглаж болно. Өөртөө өнөөдөр ямар сайхан өдөр байхыг хэл. Чи чадна гэж хэл. Хэцүү зүйл байвал түүнийгээ хэлж, хариултыг нь өөрөөсөө ол. Хүссэнээрээ уудалж, итгэж ярих цор ганц хүн бол та өөрөө юм шүү.

10. Шинэ дуу сонсож, шинэ кино үз.

Та арай ямар нэг төрөлд баригддаг юм биш биз? Хип хоп, эсвэл зөвхөн сонгодог сонсдог байж болох. Аймшгийн киноноос айдаг, зөвхөн драма сонирхдог байж болох. Тэгвэл эрс өөрчлөлт хийх гээд үз. Ямар нэгэн инди болон пост хамтлаг дуучин олж сонс. Арт кино үз. Яаж ч айж байлаа гэсэн аймшгийн кино үз. Үнэхээр чаддаггүй байлаа ч баримтат кино, мюзикл, хуучны кинонууд үз. Зүгээр л та өөрийн хэзээ ч мэдэрч байгаагүй тэр мэдрэмжийг авахын тулд цоо шинэ, өөр төрлийг сонирхоод нэг үзээрэй!

Энэ мэтчилэн та жижигхэн мөртлөө амьдралд тань нөлөөлж, илүү сайхан болгох үйлдлүүдийг үргэлж хийж байгаарай. Тэгвэл энэ он таны хувьд тэр чигтээ шинэлэг бүхнээр дүүрэх болно. Өнгөрсөндөө амьдрах хэрэггүй. Юм бүхэнд шинэчлэл ирдэг шиг та ч бас өөрөө өөртөө шинэчлэл хийгээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
42
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.