Хайх зүйлээ бичнэ үү

Хүн болоод төрчихсөн оршихуйгаа хүмүүс хайрлах хэрэгтэй. Ядаж хайрладаггүй юм гэхэд тодорхой хэмжээгээр хүндэлдэг байх хэрэгтэй.

Гэрэл зураг олон зууны турш хүмүүний түүхийг хадгалан өвлүүлж байгаа билээ. Баримтат гэрэл зураг гэх өндөр ур чадвар, мэдрэмж шаардсан үнэ цэнэтэй төрлөөр зураг авдаг, өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй, авьяастай гэрэл зурагчин Б.Инжинааштай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

-Та хэзээнээс гэрэл зураг сонирхох болсон бэ? Яагаад?

-2005 онд анх Английн хүүхдийг ивээх сангийн “Focus On” гэдэг гэрэл зургийн дугуйланд явж байсан. Эхэндээ тэндхийн номын санд суух гэж л очдог байлаа. Эхлүүлчихсэн номоо дуусгах гээд нэг өдөр очтол гэрэл зургийн дугуйлан байгуулагдах гэж байгаа тухай мэдээлэл гарчихсан байсан. Тэгээд эсээгээ өгтөл тэнцчихсэн шүү. 

-Ямар ном унших гэж очиж байв. Эсээний сэдэв нь юу байсан бэ?

-“Та ч Эйнштэйн шиг сэтгэж чадна” гэдэг ном. Эрдэмтэд Эйнштэйний тархийг судалсан тухай гардаг. Эсээний тухайд би сайн санахгүй байна л даа. “Амьдрал бол бөмбөг. Тэр бөмбөг хаана ч байж болно. Тэрийг хаана байлгамаар байна...” гэсэншүү юм бичиж байсан. “Хэрэв гэрэл зурагчин болвол хэрхэн өөрчлөгдөх, цааш  энэ мэргэжлээ хэрхэн авч явах вэ” гэсэн асуулт байсан. Харин би “Энэ миний мэргэжил болохгүй юм аа гэхэд маш том хобби болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна"  гэж бичсэнээ санадаг юм.

-Та ном уншихад хэр их цаг зарцуулдаг вэ?

-Ойрын үед нэг их уншихгүй байгаа. Би өмнө нь хоригдож байсан юм. Тэр үедээ маш их ном уншсан. Өмнө нь ч бас уншдаг л байсан. Хамгийн сүүлд Альбер Камюгийн “Хөндлөнгийн хүн”-ийг уншсан. 

-Өнөө үед баримтат гэрэл зурагчин байхын хүндрэлтэй болон давуу тал нь юу вэ?

-Хүмүүс гэрэл зургийг хангалттай үнэлдэггүй юм шиг санагддаг. Ер нь бол олон нийт хүлээж авдаггүй гэх юм уу даа. Жишээ нь, бид нар сая Хөвсгөлийг бүтэн тойрчихоод ирлээ. Тэгээд бидний хийсэн бичлэг, гэрэл зургуудыг харсан хүмүүсийн дийлэнх нь “Яагаад ийм уйтгартай, яагаад ийм бараан юм бэ? Харагдаж л байдаг зүйлс байна дөө” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлсэн байсан. Тэр зургуудад ямар ч тавилт, хуурмаг зүйл гэж байх ёсгүй юм. Хөдөөний амьдрал угаасаа л уйтгартай. Малчид маш их ажилтай байдаг бол сумын төвийнхөн эсрэгээрээ завтай, уйтгартай амьдардаг. Үүнийг байгаагаар нь харуулахгүй яах юм бэ. Тэрийг л харуулах гэж явсан юм чинь.

Манай "Гамма"-ийнхан долоодугаар сарын 1-ний үеэр авсан зургуудаа нэгтгээд “Бүү март” гэдэг жижиг ном гаргасан. Тэр үед хүүхэд байсан, дээрээс нь туршлагагүй болохоор долоодугаар сарын нэгэн шиг тиймэрхүү үйл явдалд балмагддаг юм билээ. Одоо бол юу ч болсон алдахгүй гэж боддог.

-Хүмүүс бодит байдлыг хүлээж авах дургүй гэсэн үг үү. Илүү ганган чамин зүйлд татагддаг болсон юм болов уу?

-Мэддэг хэрнээ бодит зүйлийг хүлээж авахыг хүсдэггүй юм болов уу даа. Би энэ тухай маш их бодож байсан. Мишель Палацци гээд итали зурагчин Монголд ирээд сар гаруй болохдоо авсан цуврал зургаараа “World Press” гэдэг дэлхийн хэмжээний маш том гэрэл зургийн тэмцээнд ороод “Өдөр тутмын амьдрал” төрөлд нь түрүүлсэн. Тэр дунд нь хараад "энэ ямар гоё зураг вэ" гэхээр зураг байхгүй мөртлөө маш сайн агуулгатай. “Хар алтны зочид буудал” гэж нэрлэсэн байсан. Өмнөговь аймаг бол дэлхийн топ 10-т орох баялагтай газар. Гэтэл оршин суугчдынх нь амьдрал ийм, асар их баялагтай, хөгжиж байгаа мөртлөө бодит байдал ийм, хүмүүс хот руу нүүдэллэж байна гэсэн санааг гаргасан байсан. “Хүн ямар ч зураг авч болно. Гэхдээ эцсийн эцэст баримтат гэрэл зураг нь л тодорч үлддэг юм даа. Энэ бол гэрэл зурагчны үзэх эцэс. Таашаал, хамгийн супер зүйл нь энэ” гэж тэр хүн хэлсэн байсан.

-Баримтат гэрэл зурагт илүү татагддагийн тань учир юу вэ?

-Суурь маань тийм байсан болохоор ч юм уу анхнаасаа л өөр зүйл рүү хошуурахыг хүсээгүй. Мэдээж өөр төрлийн зургууд авч үзсэн л дээ. “Гялбаа” сэтгүүлд нэг жил загварын зураг авсан. Манай багш гэрэл зургийн сурвалжлагчаар Германд төгссөн хүн. Бид нар хальсаар зураг авч, түүнийгээ боловсруулж, зургаа цаасан дээр буулгадаг байсан. Миний дурладаг, анхнаасаа үзсэн школ маань баримтат гэрэл зураг. Тухайн үед би интернэтэд холбогдож, өөр төрлийн олон зураг үзэж байгаагүй. Бид нарын үздэг сурах бичиг, үзүүлдэг зургууд нь дандаа баримтат гэрэл зургууд байсан. Загварын зураг, байгаль, шөнийн зургуудыг зөвхөн шаардлагатай үед л үздэг байсан болохоос онцгойлон анхаарч үзээгүй. Багш нар маань бидэнд сайн гэрэл зураг гэдэг бол агшин хормын зүйл гэдгийг, гэрэл зураг яаж уншигддагийг заасан учраас баримтат гэрэл зурагт “орсон”. Хятадууд саяхнаас баримтат гэрэл зурагт хүч түрэн орж ирсэн. Өнгөрсөн жил билүү дээ, нэг хотоо тойруулаад байнгын ажиллагаатай найман галерей байгуулсан. Жаалхан хүүхдүүд хүртэл ангиараа, багштайгаа тийшээ явж үзэсгэлэн үздэг. Гэрэл зургийн чиг хандлага сонирхогчдын гарт байна. Өмнө нь цагаан арьстай зурагчид Африкт ч юм уу, бөглүү суурингуудад очдог байсан бол одоо Хятадын зурагчид хаа бол хаана очдог болсон. Хятадын гэрэл зураг маш сайн хөгжсөн. Оросууд харин баримтат гэрэл зургийг хүлээж авдаггүй юм билээ. Харин Франц, Англи, Герман зэрэг Европын оронд гэрэл зураг гэдэг ерөөс баримтат гэрэл зураг юм гэдгийг хүлээн зөвшөөрөөд тогтчихсон байдаг юм билээ. Монголчууд тэнд хүртэл удах байх. 

-Та одоо ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ?

-Мөнхчулууны Зоригт гэдэг хүн аавынхаа нэрээр сан байгуулсан байдаг. Тэр Хойд Солонгосыг дугуйтай тойрч байхдаа гурван жилийн турш Монголынхоо бүх аймаг сумдаар явж гэрэл зураг авах төслийнхөө санааг бодож олсон юм билээ. Хөвсгөлөөс энэхүү төслийг эхлүүлж, бид 50 хоногийн дотор бүх сумдаар тойрчихоод ирсэн. "Хүрээлэн" төсөл байгаль, амьтдын зураг дүрсийг буулгадаг бол "Бидний цөөхөн монголчууд" төсөл нийгэм, аж байдал, хүмүүсийн амьдрал, зан заншил, төрх байдлыг буулган авч үлдэх зорилготой.

-Дараа нь аль аймаг руу явахаар төлөвлөсөн бэ?

-Одоо Баян-Өлгий, Ховдоор явна. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр таарчихвал ямар нэг нам, улс төртэй холбоотой юм шиг болчих болохоор сонгууль дуусгаад явах юм шиг байна лээ.

-Бие даасан үзэсгэлэнгээ хэзээ гаргах вэ. Панорама цуврал гаргана гэсэн сураг байсан?

-Хийж үзье гэж бодсон юм. Хорь эсвэл гучин цуврал зураг хийнэ гээд, хийгээд л яваад байгаа. Надад дэлгээгүй зураг маш олон бий. Ер нь кино хийх, эсвэл үзэсгэлэн гаргах зэрэгт хугацаа хэрэгтэй. Бүтээлүүддээ сэтгэл ханасан цагт л үзэсгэлэнгээ гаргана даа. Гэхдээ тэгэх хэрэггүй ч юм шиг. Залуу хүн шүү дээ, алдвал алдаад, гаргавал гаргаад л явъя гэж бас бодогддог. 

-Сүүлийн үед хар цагаан зураг маш их авдаг болсон байсан. Яагаад?

-Хүмүүс “Чи хар цагаан зураг л авдаг уу” гэж асуудаг л даа. Би авдаг. Гэхдээ өнгөт зураг ч авдаг. Сүүлийн үед түлхүү авч байгаа. Хар цагаан камераар авахад нөхцөл байдалд илүү мэдрэг болчихдог. Яг одоо чиний зургийг авлаа гэхэд ард чинь байгаа шар өнгө маш их анхаарал татна. Харин хар цагаанаар тийм зүйл мэдэгдэхгүй. Анхнаасаа л үзсэн зургууд минь, ажиллаж эхэлсэн хальс ч хар цагаан байсан. Би ер нь хар цагаанд дуртай. Хэзээ ч хоцрогдохгүй л байхгүй юу.

-Өөрийн хүндэлж явдаг гэрэл зурагчдаасаа нэрлэнэ үү?

-Би хуучны Алекс Уэббд их дуртай. Сүүлийн үед маш их зураг хийж байх шиг байсан. Инстаграм дээр гэхэд бараг 1500 гаруй зураг тавьчихсан. Тэр “Магнум”-ын зурагчин л даа. Баримтат арт гээд гэрэл зургийн төрөл байдаг. Баримтат гэрэл зураг боловч яг авахдаа уран сайхан, сэтгэмж оруулдаг. Нэг өнгөн дээр ганц сондгой өнгө явж байдаг ч юм уу, нэг төрлийн өнгөтэй хана байлаа гэхэд урдуур нь яг тийм өнгийн хувцас өмссөн хүн явахыг хүлээж байгаад зураг дарах ч юм уу. Үзвэл маш сайн ойлгогдох байх. Хүмүүс “Чи энэ хүнээс зөвшөөрөл авсан уу? Ингээд авах нь хүний эрхэнд халдаж байгаа хэрэг биш үү” гэдэг. Угаасаа л гэрэл зураг хөгжихөөсөө авахуулаад ийм байдлаар явсаар ирсэн. Асуух үе байна, асууж болохгүй үе байна. Хэрэв би асуувал тэр агшныг алдчихна. Алекс Уэбб харин тухайн хүний царайг гаргахгүйгээр өөр ямар нэгэн зүйлээр таглах ч юм уу, их бүтээлч байдлаар авдаг. Үүнээс гадна Стивен Маккарри, Себастьян Салгаду нарт дуртай.

-Хүмүүсийн сонирхол байнга л өөрчлөгдөж байдаг. Өчигдөр нэг зүйл таашааж байсан бол өнөөдөр өөр зүйлд татагддаг. Хэдэн жилийн дараах өөрийгөө ямраар төсөөлж байна вэ. Уран бүтээлд тань ямар өөрчлөлтүүд орсон байх бол?

-Сүүлийн үед кино хийх сонирхол төрөөд байгаа. Би эх орноо сонгож ирээгүй. Ийм ээж аавтай болно гэж сонгоогүй. Би нэргүй ирсэн. Надад ийм нэр өгч, би ийм амьдрал туулж явсаар өдий хүрлээ. Ингээд ирснийх эх орондоо хэрэгтэй юм хиймээр санагддаг. Тэрийгээ кино хийж биелүүлнэ гэж бодож байна. “Татар” хамтлагийн “Улаанбаатарын нулимс” хүмүүсийн байнга ярьдаг ч тоодоггүй болсон зүйлийг хөндсөн. Уран зохиолч, уран зураач ч юм уу, тэд бүгд хийх зүйлээ чадлаараа хийгээд л байдаг. Гэхдээ түүнийг нь нийтээрээ тоож уншдаггүй, үздэггүй. Дуу хөгжмийг ч бас бүгд сонсдоггүй. Харин киног хөгшин залуугүй үздэг. Киногоор хэлэх гэснээ хэлж, өөрийгөө үлдээж болох юм байна гэж бодсон. 

-Таны сүүлд үзсэн, хамгийн тод сэтгэгдэл үлдээсэн кино юу байна?

-Туркийн кино найруулагч Нури Билгэ Жэйланы “Өвлийн ичээ” гэдэг кино. Энэ хүн өмнө нь гэрэл зурагчин байсан. Кинондоо мэргэжлийн биш дандаа энгийн хүмүүс тоглуулдаг. Киноны бараг 70 хувь нь тэр чигтээ бодрол. Бас гурван цаг орчим үргэлжилдэг. Каннын кино наадмын шилдгээр тодорч байсан кино л доо. Надад тайван зураг авалттай, яриа нь хүнд нэгийг бодогдуулахуйц кинонууд таалагддаг.

-Баримтат кино бас их үзэх үү?

-Үздэг л дээ. Гэхдээ их тэвчээр шаарддаг. “Baraka”, “Samsara”, “Ashes and Snow” гээд гурван киног тод санаж байна. Хамгийн сонирхолтой нь Казахстаны хүүхдийн шоронгийн тухай нэг баримтат кино байсан. Тэнд сэтгэлзүйчээр ажилладаг байсан нэг хүн ажлаас гарсныхаа дараа эргэж очоод баримтат кино хийсэн. Бас л аймаар кино шүү. Ер нь баримтат кино гоё. Ганцаараа л үзэхгүй бол өөр хүмүүстэй үзэхээр төвлөрдөггүй.

-Та зураг авч гадуур их явдаг. Хаашаа ч явсан биедээ заавал авч явдаг зүйл юу вэ?

-Хөгжим. Миний амьдралд хамгаас нөлөөлсөн зүйл бол рок хөгжим. Гэрэл зургийн дугуйланд явдаг байх үедээ би рок хөгжим байнга сонсдог байлаа. Хөгжимнөөс татгалзаж хэзээ ч чадахгүй. “Radiohead” гэхэд маш сайн хамтлаг. Хүн маш сайн бүтээл гаргаж чадвал их мөнгө олж болдог. Олон нийт ч сайн хүлээж авдаг. Миний хувьд “Radiohead” төгс хамтлаг. Зарим хамтлагийн дуунууд хоорондоо төстэй байдаг. Гэтэл тэдний дуунууд бүгд өөр.

-Та хамтлагтай байсан уу?

-“Headline” хамтлагт жил гаруй гитар тоглосон. Арваад жилийн өмнө байх. Манай дуу “Playtime”-ын сүлд дуу болж байсан удаатай. Бид нар пост рок чиглэлээр тоглодог байсан. “The Lemons” хамтлагийн тоглолт дээр, “Их завсарлага” дээр гурван ч удаа гарч байсан, Плэйтайм дээр бас тоглосон. Ер нь энд тэнд зөндөө тоглосон доо. Хөгжим хийх хүсэл минь унтраагүй. Хийх ч байх. Ямар ч байсан нэг дуу зохионо гэчихсэн байгаа. 

-Тэгэхээр та бас бичих хоббитой байх нь ээ?

-Тийм ээ, бас л "байсан". Бүр багаасаа бичих авьяастай байсан гэх үү дээ. 10 настайдаа бичиж эхэлсэн. Өөртэйгөө байнга шүлэглэж ярина. Шүлэг орж ирээд л байдаг, даанч бичиж авдаггүй байж. Тэгээд гурван жилийн өмнөөс бараг дэвтэр дуустал бичсэн дээ. Гэхдээ больчихсон. Удахгүй дахиад бичих л байх. Шүлгүүдээ фэйсбүүк дээрээ “only me” тохиргоогоор бичдэг байсан. Даанч тэр хаяг маань нүцгэн зураг оруулснаас болоод устчихсан. Гэхдээ маш их бодож, төлөвлөж биш зүгээр л мэдрэмж, ажиглалт, сэтгэл хөдлөлөөрөө бичдэг. Юу гэж нэрлэмээр юм дээ. Шүлгэнцэр, эсвэл шүлэгхэн ч юм уу. (инээв)

-Таны барьж аваад эхлүүлэхийг хүсэж байгаа галзуу санаа, сонирхолтой сэдэв юу вэ?

-Хүмүүсийн авч байгаагүйг л авахыг хүсдэг. Би бүр жагсаалт гаргаж үзсэн. Жишээ нь чи “Улаанбаатар хотын амьдрал” гэдэг сэдэвтэй ч юм уу, сар гаруй яваад гуч орчим зурагтай цуврал хийсэн тухай дуулсан уу. “Хөдөөгийн амьдрал” гээд хөдөөний айлд долоо хонож авсан цуврал зураг үзэж байсан уу? Манайхан тэгж авдаггүй. Зураг авдаг хүмүүс олшроод л байдаг. Гэхдээ зөвхөн сонирхогчийн үүднээс л ханддаг. Би “Мэргэжлээрээ ажилладаггүй хүмүүс” гэдэг сэдэвтэй зураг авъя гэж боддог байсан юм. Цөмийн физикчээр төгссөн миний нэг таньдаг хүн байдаг. Маш сайн суралцсан, их мэдлэгтэй боловч тухайн мэргэжлээр нь ажлын байр олдоогүй. Тийм учраас хүн чандарладаг ажил хийдэг. Түүн шиг “Мэргэжлээрээ ажилладаггүй хүмүүс” сэдвээр зураг авъя гэж боддог байсан. Гэхдээ санаагаа ярих хэрэггүй юм билээ. Баримтат гэрэл зургийн “Батзориг сан"-гаас нэг удаа надад хоёр сэдэв сонгоод, 45 хоног зураг авах санал тавьсан. Хоол унд, унаа болон бусад зүйлсийн зардлыг даана, харин нэг гэрэл зургаар дагнасан төсөл эхлүүлээч гэсэн юм. Би шашин, өсвөр насны хүүхдүүд, мэргэжлээрээ ажилладаггүй хүмүүс гэсэн гурван сэдэв сонгосон. Гэтэл хажууд сонсож суусан зурагчин найз маань дараа нь өнөөх сэдвээр маань зураг аваад эхэлчихсэн байсан.

“Өсвөр нас” сэдвээр зураг аваад дууслаа. Мэдээж энэ бол дундрахгүй сэдэв. Би анх өсвөр насны хүүхдээр дамжуулаад тэдний орчин, нөхцөл байдлыг харуулъя гэж зорьсон. Их ярвигтай юм билээ. 

-Таны дурангаараа олон сайхан мөчийг буулгасан. Та үнэхээр тийм адал явдалтай амьдардаг юм уу эсвэл, биднээс илүү ажиглах чадвартайд учир байна уу?

-“Гэрэл зураг” гээд пэйж дээр байсан даа, нэг зурагчин “Би уунгаа зураг авдаг. Ихэвчлэн амжилттай болдог. Амжилттай болохгүй бол би тэр өдөр илүү их уудаг” гэж ярьсан байсан. Ер нь л би адал явдалтай амьдардаг. Байнга л гадуур явна. Гэртээ тогтдоггүй. Ер нь аливаа зүйлийг сайн анзаардаг болчихдог юм билээ. Хүн нэг зүйлийг маш их хүсэхээр аз ирдэг ч юм шиг. Тийм агшинтай таарна гэдэг чинь аз шүү дээ. Гэхдээ авч байснаас алдсан агшин нь их. Ер нь суралцсаар л байна. Сая Хөвсгөлд явж байхдаа нэг хүний хөргийг хорин удаа дарсан. Би өөр өнцгөөс аваагүй, гэтэл тэр хүний сэтгэл хөдлөл өөрчлөгдчихсөн болохоор өөр харагдана. Тэр дундаас сонгох хэцүү. Уг нь хүслээ гүйцээчихсэн байдаг. Болчихоод байхад л түүнийгээ мэдэхгүй аваад байсан байгаа юм. Ер нь тэгэх дэмий юм байна гэсэн бодол төрсөн.

-Зураг авах чадвараа сайжруулахын тулд гадуур явж, олон зураг авдаг байх. Харин хувь хүн талаасаа өөрийгөө хөгжүүлэхийн тулд юу хийдэг вэ?

-Хийдэг байсан зүйлүүд л байна даа. Өөрийгөө их ажигладаг. Ер нь цаанаасаа л болоод байдаг. Би хүчилсэн зүйлд дургүй. Туйлшрахгүй байхыг боддог. Гэхдээ нэг мэдэхэд туйлширчихсан явж байдаг. Бас гэгээрэлтэй холбоотой бүхэнд татагддаг. Випашяна бясалгалд явдаг байсан. Тийм төрлийн зүйл унших, анзаарах, олж харах дуртай. Хүн болоод төрчихсөн оршихуйгаа хүмүүс хайрлах хэрэгтэй. Ядаж хайрладаггүй юм гэхэд тодорхой хэмжээгээр хүндэлдэг байх хэрэгтэй. Гудамжинд унтаж байгаа нэгнээ энэ муу архичин гэдэг ч юм уу, жигшиж зэвүүцдэг. Тэгж яах юм бэ? Нэг нэгнээ хайрлая л даа. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг аяндаа болдог зүйл. 

-Таны бодлоор хүний биеийн хамгийн сайхан хэсэг юу вэ?

-Нүд юм болов уу даа. Ер нь харц. Тэгээд инээмсэглэл. Хамгийн дургүй нь лав хөлийн хуруу. Эрэгтэй хүн л болсон хойно эмэгтэй хүний биеийг харах дуртай. 

-Авч байсан хамгийн сэтгэл хөдөлгөм, түүхийн онцгой агшин бүхий гэрэл зургаасаа хуваалцаач?

-Ганц хоёрхон цаг унтчихаад галт тэрэгний буудал дээрээс ажлынхнаа тосох гээд очихдоо жаахан шартчихсан, хэцүү байсан юм. Тэр өдөр авсан нэг зураг байдаг. Галт тэрэг яваад өнгөрөхөд сууж явсан хүмүүсийн тусгал нь үлдсэн нэг зураг. Гэхдээ надад яг эх файл нь байдаггүй юм. Тэр бараг 10 жилийн өмнө авч байсан зураг. Ер нь тэгээд хөдөө л явмаар байна. Энд байхаар хийх юм олдохгүй, хэвшмэл байдалд орчихдог. 

-Яагаад хөдөө рүү тэгж их тэмүүлдэг юм бэ?

-Очиж үзээгүй болохоор л тэр. Би Монголоос ерөөсөө гарч үзээгүй. Эрээн ч орж үзээгүй. Гадаад явах бодол байдаг ч бүр хүсээд, мөрөөдөөд байдаггүй. Энд бидэнд бүтээх орон зай зөндөө байна шүү дээ. Гадаадууд ирээд зураг аваад яваад л байдаг. Бид нар байгаад л байдаг. Одоо Баян-Өлгий аймаг руу явна гэхээр би их олзуурхаад байгаа. Хүмүүсийн зургийг хараад байхад гэр орон, хувцас нь хүртэл их өнгөлөг. Догдолж байна. 

-Олон нийтийн сүлжээ, сайтуудыг хүмүүст өөрийн бүтээлээ хүргэж буй үзэсгэлэн гэж тооцдог уу?

-Байсан. Эхлээд зургуудаа хамаагүй хийдэг байснаа сүүлдээ больчихсон. Фэйсбүүк хуудсан дээрээ бараг жил зураг хийгээгүй юм байна. Өмнө нь авсан зургууд бол байж л байгаа. Харин инстаграмд хааяа олон зураг хийдэг. Зургийн чанар илүү сайн, бас зургийг томруулж болдоггүй. Тэр нь амар. 

-Та нэр хүндтэй тэтгэлэг хүртсэн шүү дээ. Тэр тухайгаа яриач?

-Тэр “Магнум”-ын тэтгэлэг байсан. Энэ бол дэлхийн хамгийн анхны баримтат гэрэл зургийн төв болсон газар. Миний мөрөөдөл байсан юм. Би тэдний зургийг их үзнэ. Манай улсад ирж байгальд уран бүтээл туурвиж байсан Марк гэж уран бүтээлч анх намайг тэр тэтгэлэгт санал болгосон юм билээ. Би тэр тэтгэлэгт эхлүүлээд удаагүй байсан “Өсвөр нас” сэдэвтэй зургуудаасаа шилдэг хорийг нь сонгоод, цаашдын зорилго, авах зургийн сэдэв зэргээ бичээд явуулсан. Би тэнд суралцах эрхтэй байсан ч заавал гадаад хэлтэй байх ёстой гэсэн. Гэхдээ явах зардал гээд мөнгөн тэтгэлэг өгсөн. Би энэ тэтгэлгийн хүрээнд бас үзэсгэлэн гаргах ёстой юм. 100-аад орны хоёр зуу орчим хүн оролцсоноос арван хэдэн хүн л энэ тэтгэлгийг хүртэсэн юм билээ. Зургаан сарын хугацаанд зураг аваад, зөвхөн 40-ийг л өгөх ёстой. Тэр хугацаандаа “Магнум”-ыг сурталчлаад явах ёстой юм.

-Баримтат гэрэл зургийн сэтгэл татам тал нь юу вэ?

-Зураг болгон өөр өөр. Тус бүр нь өөр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй. Ер нь нэрлэвэл олон доо. Гэхдээ яг тухайн агшин, хормыг авч үлддэг нь л хамгийн сайхан. Дахин олдохгүй мөчийг амжиж буулгана гэдэг юугаар ч хэмжишгүй үнэ цэнэ. Би маш олон зурагчинтай уулзаж, бас бүтээлийг нь харж байсан. Тэдэнд нэг л зүйлийг хэлмээр санагддаг юм. Баримтат гэрэл зураг, "Street photography" сонирхдог хүмүүс камераа байнга авч явах ёстой.  Цүнхэндээ биш ил байлгаад, ямар ч орчин нөхцөлд явсан гэрлээ хэмжчихсэн, зураг авахад бэлэн байх хэрэгтэй. Тэгээд бусдын гэрэл зургаас сайн үздэг байх нь чухал. 

-Хүссэн бүхэн мэргэжлийн камераар зураг дарах боломжтой болсон. Сайн зургийг энгийн зургаас хэрхэн ялгах вэ. Ямар зургийг сайн гэрэл зураг гэх вэ?

-Гоё зураг бол зүгээр гоё сайхан л харагддаг. Охидын зураг авдаг хүмүүс чинь бүр од юм билээ. Гэхдээ хэзээ ч тийм зураг дэлхийд үнэлэгдэх үнэ цэнэтэй байж чадахгүй. Зөвхөн тухайн охины эсвэл тэр зургийг авсан хүний зураг болоод л үлдэнэ. Баримтат гэрэл зураг бол түүх, цаг мөч, тэр ч байтугай зурагчныг өөрийг нь авч үлддэг зүйл. Энэ нь дэлхийн гэрэл зургийн түүхийг харахад илэрхий. Охидын зураг эсвэл манайхны аваад байдаг байгаль, хотын шөнийн зураг зэргийг дэлхийд ойшоохгүй. Тэртэй тэргүй хаа сайгүй, зөндөө байдаг. Баримтат гэрэл зургийг ч хүмүүс хаа сайгүй авч байна. Ямар гэрэл зураг түүх болж үлдэх вэ гэдгийг тодорхойлчихсон шүү дээ. Нэг бол чи үнэхээр сайн уран бүтээлч байгаад өөрийнхөө нэрээр дэлхийд зургаа борлуулж чаддаг бол авсан зураг болгон чинь сайн гэж үнэлэгдэж, нийгэмд хүлээлт үүснэ. Үгүй бол үнэхээр сайн зураг авдаг байх хэрэгтэй. Сайн өгүүлэмжтэй, бүх юм багтсан "тийм" зураг. Гэхдээ хүмүүсийн авч байгаа зургийг үгүйсгэж болохгүй л дээ. Хөдөлмөр нь тодорхой хэмжээгээр шингэсэн байгаа шүү дээ. Тэр хүнд сайхан санагдаж, таашааж байгаа болоод л авдаг байж таарна. Гэхдээ түүх болон үлдэх, өгүүлэмжтэй, утга учиртай зураг л дурсагдана. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.