Хайх зүйлээ бичнэ үү

Өөрчлөгч Цэдэвдамбын Оюунгэрэл

Түүнийг хамгийн анх энэ тухай ярихад хүмүүс ичингүйрэн, байж боломгүй зүйл сонссон мэт биесээ нударч, зарим нь бүр амаа даран инээлддэг байв. Ерөөс түүнийг энэ тухай олон нийтийн дунд ил ярьж, кампанит ажлаа эхлэх 2017 он хүртэл хэн ч зориглоогүй байв. Гэтэл ажил болгон хийх нь бүү хэл, сэдэв болгон ярилцахаас ичиж нэрэлхээд байсан тэр зүйл нь хүн төрөлхтөний оршихуйн бүхий л шатанд байсаар ирсэн, ер нь өнөд бидний өдөр тутмын хэрэглээ болсон ЖОРЛОН. Ийнхүү олны өмнө зогсож байгаад “Жорлонгоо өөрчилье” гэж анх чангаар дуугарсан хүн нь Монголын парламент, Засгийн газрын гишүүн асан, бэстсэллэр номуудын зохиогч хатагтай Цэдэвдамбын Оюунгэрэл байлаа. “Ингэтлээ доош орох юм уу?” Жорлонг өөрчлөх аян замын эхэнд түүнд хамгийн олонтаа ирсэн асуулт!

Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1966 онд төрж, Мөрөн хотод өссөн балчирхан Оюунгэрэлийн хорвоотой танилцсан түүхэн дэх “жорлон” хэмээх бүлэг нүхэн дээгүүр тэгнүүлэн тавьсан хоёр ширхэг банзан дээр гишгэн бие засдаг Монголын үе үеийн хүүхдүүдийнхтэй яг адил айдастай дурсамжийг хүүрнэдэг. Монголын анхны суурингуудад нүхэн жорлонг хэрхэн шийдсэнээс хойш зуун жил болж байна. Тал нутийн монголчууд суурин ахуйн хэв маягтаа олон хувьслыг хүлээн зөвшөөрч, амьдралын чанарт танигдахааргүй дэвшил гарч хөгжсөн ч орон гэрийн дулаахан, таатай уур амьсгалын гадна орших мөнөөх сэжиглэм агаад аюултай орчин л халагдсангүй, өөрчилж шинэчилье гэж хэлж ярьж ч зүрхлэлгүй өдийтэй золгосон. 

Манай хүн амын 60 хувь буюу хоёр сая шахам хүн нүхэн жорлон хэрэглэж байна. Жорлон бол “муухай зүйл” учраас энэ тухайгаа ил тод ярих дургүй байв. Монголчуудын сэтгэлд жорлон нь муухай байгааг хүлээн зөвшөөрсөн логик асар хүчтэйгээр нууцлагдаж байсныг Ц.Оюунгэрэл ил болгож, “Жорлон бол хамгийн энгийн, ардчилсан, ариун зүйл” гэдэг тэрслүү санааг дэвшүүлэв.

Монголчуудын сэтгэлд жорлон нь муухай байгааг хүлээн зөвшөөрсөн логик асар хүчтэйгээр нууцлагдаж байсныг Ц.Оюунгэрэл ил болгож, “Жорлон бол хамгийн энгийн, ардчилсан, ариун зүйл” гэдэг тэрслүү санааг дэвшүүлэв.

Иргэд цэвэрхэн сайхан жорлонтой болох хүслээ хав дарчихдаг тул хайрт ард түмнийхээ жорлонг ойшоон үзэх санаа үе үеийн улстөрчдөд, алба ихтэй намуудад ч хаанаас төрөх билээ. Тиймээс жорлонд хэн ч хөрөнгө оруулдаггүй, хэн ч жорлонд зориулсан үйлчилгээ эрхэлдэггүй, хууль, эрхзүйн орчны тухайд яриад ч хэрэггүй байсан цаг саяхан. Ц.Оюунгэрэл 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажилласан бөгөөд түүнийг “Жорлон” хэмээх нэгэн бүлгийг хуулийн төсөлд оруулан санаачлах 2015 он хүртэл Монгол Улсын ганц ч хуульд мөнөөх гайхал “жорлон” гэдэг үг бичигдээгүй байсан юм. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 онд батлагдахдаа Ц.Оюунгэрэлийн автортай “Жорлон” бүлэг хасагдсан боловч ядаж л хоёрхон ширхэг энэ “заваан” үг Монгол төрийн сүлдтэй хуульд анх удаа торж мөрөө гаргасан түүхтэй. Тэрбээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд нэн түрүүнд аяллын зам дагууд болон кэмпүүдэд жорлонг өөрчлөх хэрэгтэй гэж үзээд, улсын төсвөөс мөнгө гаргуулахаар хөөцөлдтөл жорлон гэдэг үг ямар ч хуульд байхгүйгээс хөрөнгө оруулах эрх зүйн үндэсгүй болж таарав. Хууль эрх зүйн орчин бүрдээгүй зүйлд хөрөнгө оруулалтыг ятгахад хэцүү. Ингээд Ц.Оюунгэрэл Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлдөө жорлонгийн тусгай бүлэг оруулж иртэл тухайн үеийн УИХ-ын Байнгын хорооны Ажлын албаны зөвлөхүүдийн зүгээс “Ийм заваан үг хэллэг хуульд байх нь зохимжгүй” гэсэн хачирхалтай эсэргүүцэл угтах нь тэр. Ц.Оюунгэрэл Засгийн газраа лоббидсоноор уг хууль “жорлон” гэдэг үг бүхий хоёр заалттай үлдсэн нь хуучин жорлонгийн шинэ амжилт болжээ. Харин жорлон хэмээх зүйлд ямар өндөр түвшинд хаалт, хашилт боссон байдгийг олж харсан нь нүд нээсэн хэрэг байлаа. 

Ийнхүү Монгол орны нутаг дэвсгэр дээр 600 мянгаараа тоологддог, хүмүүсийн анхдагч хэрэгцээг хангадаг амин чухал зүйл атлаа хаана хаанаа ад үзэгдэж мартагдсан жорлон хуультай, өөрчлөлтийг санхүүжүүлэх эрхзүйн орчинтой болсон ч хууль хэрэгжтэлээ хол байлаа. Ц.Оюунгэрэл УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдсаныхаа дараа иргэдэд жорлонгийн тухай мэдлэг, мэдээлэл олгох ажлыг өөрөө хийхээр шийдсэн юм. Тэр юунаас эхлэхээ ч мэдэж байлаа. Энэ бол ном. “Ерөөсөө л бичье!” 

Ц.Оюунгэрэл Засгийн газраа лоббидсоноор уг хууль “жорлон” гэдэг үг бүхий хоёр заалттай үлдсэн нь хуучин жорлонгийн шинэ амжилт болжээ. Харин жорлон хэмээх зүйлд ямар өндөр түвшинд хаалт, хашилт боссон байдгийг олж харсан нь нүд нээсэн хэрэг байлаа.

“Ногоон нүдэн лам”(2008), “Жаран цагаан хонь” (2017) зохиолууд нь гарсан даруйдаа борлуулалтаараа рекорд амжилтуудыг тогтоож тэргүүлсэн бэстсэллэрүүдийн зохиолч Ц.Оюунгэрэл шүү дээ. Түүний “Америкт суралцсан тэмдэглэл” (2007), “Миний ажлын ноу-хау” (2010), “Гэрт болсон яриа”(2013), “Монголоо таниулъя” (2015) “Соёлоо таниулъя (2016) зэрэг номууд цаг үеэ гярхай мэдэрсэн, өдөр тутмын амьдралд хүртээмжтэй мэдлэг, мэдээллийг орчин цагийн нийгмийн хэрэгцээ шаардлагад мэдрэмжтэй гэгч нийцүүлсэн бүтээлүүд болж чадсан билээ. Хэрэв Та “Миний ажлын ноу-хау” номын хавсралт хэсэг, “Гэрт болсон яриа” номыг үзвэл өмнө нь хэзээ ч сэтгэл татаж байгаагүй шинжлэх ухааныг нүднээ амилж, гарт имрэгдтэл энгийн хялбар атлаа тун ч амттайхнаар өгүүлсэнд нь өөрийн эрхгүй шимтэж, дуустал нь уншиж байж санаагаа амраах вий. 

Ц.Оюунгэрэлийн хамгийн сүүлд бичиж олны гар дээр тавьсан ном бол “Жорлонгоо өөрчилье”. Тэрбээр энэ номоо 2017 оны арваннэгдүгээр сарын 19-нд буюу “Дэлхийн жорлонгийн өдөр” хүмүүст хүргэсэн юм. Номоо бичихээр суухад түүнд өмнөх дөрвөн жилд цуглуулсан нүхэн жорлонгийн тухай, өөрчилж сайжруулах боломжийн талаарх мэдээлэл байсны гадна сүүлийн хагас жилийг энэ чиглэлийн шинэ мэдээлэл, илтгэл бүхий олон улсын хурал зөвлөгөөнүүдэд оролцох, жорлонтой холбоотой микробиологи, физик, химийн судалгаануудтай танилцахад бүрэн зориулжээ. Ийнхүү жорлонгоо өөрчлөхийн тулд технологи, эдийн засаг, зохион байгуулалтын хувьд ямар сонголт хийх вэ гэдэгт нь иргэдэд ойртон туслах эхний алхмаа хийгээд авав. Шинжлэх ухааны онол, туршилтаар нотлогдсоныг энгийн агаад ойлгоход түвэггүй мэдлэг, мэдээлэл болгон хялбаршуулж, ямар ч хүний ой тойнд буутал задлан сийрүүлсэн, басхүү монголчуудын хувьд тулгамдсаар буй санхүүгийн хувьд хямд төсөр байж чадах цогц шийдлүүдтэй Ц.Оюунгэрэл өөрийнхөө номоор дамжуулан танилцуулав. “Жорлонгоо өөрчилье” номонд суултуураас эхлээд цэвэрлэх байгууламж хүртэлх бүх шат дамжлагын тухай сонирхолтой баримтуудыг жорлонгийн 15 технологи, септик танк болон цэвэрлэх байгууламжтай холбоотой 10 технологи, төрийн бодлого, бизнесийн мэдээллүүд бүхий 7 сэдвээр өгүүлжээ. Ц.Оюунгэрэл өөрийн үүсгэн байгуулсан “Нутгийн шийдэл” төрийн бус байгууллагынхаа дэргэд “Жорлонгоо өөрчилье” төслийн баг бүрдүүлж, ийм уриатай 60 орчим сургалтыг Монгол Улсын уудам нутагт байрлах хот, хөдөөгийн 600 мянган нүхэн жорлонг өөрчлөхийн тулд бүх 21 аймагт зохион явуулаад байна. Жорлонгоо өөрчлөх чин хүсэлтэй хүмүүстэй Монголоо тойрон нүүр тулан уулзсан нэг жил зургаан сарын дараа тэрбээр “Одоо л “жорлон” гэж хэчнээн ардчилсан үг болохыг бүгд хүлээн зөвшөөрсөн” гээд инээмсэглэж байна.

“Жорлонгоо өөрчилье” төслийн баг бүрдүүлж, ийм уриатай 60 орчим сургалтыг Монгол Улсын уудам нутагт байрлах хот, хөдөөгийн 600 мянган нүхэн жорлонг өөрчлөхийн тулд бүх 21 аймагт зохион явуулаад байна.

Эхний 10 сургалт. Нийгэмд ил задгай ярих нь хориотой сэдэв мэт байсан “Жорлонгоо өөрчилье” сургалтын эмэгтэй голдуу эхний сонсогчид өөрсдийн хүсэлтээр танхим дүүртэл цугласан хэрнээ нэг л ичмээр газар ирсэн мэт царайлцгаах нь илт харагдана. “Жорлонгоо өөрчилье” сургалтад хүрэлцэн ирсэнд баярлалаа” хэмээн Ц.Оюунгэрэлийг мэндлэхэд хариуд нь инээлдэнэ. “Бид ямар сургалтад цугласнаа мэдэж байгаа билүү” гэсэн ч инээлдэнэ. Гэсэн ч жиг жугхийн биесээ нудрах хүмүүсийн ахуй амьдралаас урган тулгамдсан жорлонгоо өөрчлөх чин хүслийн өмнө Ц.Оюунгэрэлийн багийнхан жорлонгоос ичиж цэрвэлгүй, жорлонг ялгаварлан гадуурхалгүй, зүгээр л шинжлэх ухаанаар хүн төрөлхтөнд нээгдсэн мэдлэг, технологийн боломжийг хэнд ч хүртээлтэйгээр ярьж зогсоно. “Ширэн нүүрт” нүхэн жорлонгоо жинхэнэ утгаар нь ариун цэврийн газар болгон өөрчлөх, хүний биеэс ялгардаг баас, шээсийг бактериар цэвэрлэн хоргүйжүүлээд бордоо болгон ашиглах бидний амьдралд ойр шийдлүүдийг санал болгоход танхим дахь инээд муутай хүмүүсийн царайд “Би үүнийг чадна” гэх итгэл гэрэлтэж, ажил хэрэгч асуулт, харилцан яриагаар уур амьсгал жигдэрсээр. Зөвхөн охид, эмэгтэйчүүд биш, гэр бүлийнхээ хүүхэд, хөгшдийн төлөө эрчүүд ч олноор татагдав. Хүмүүс баас, шээсээ ялган цуглуулдаг жорлон гээч зүйл нь чухам юу болох, хүн бие засахдаа ч өөрийн эрхэмсэг оршихуйг мэдрэх эрхтэй гэдгээ мэдээд ирэхээрээ жорлон, ялгадас бохир заваан, өөрчлөгдөшгүй аймаар зүйл биш байж болохыг ойлгодог. “Гагцхүү “Жорлонгоо өөрчилье” хэмээн хэн нэг нь ширэн нүүрлэснээр л монгол хүн бүрийн жорлонгийн талаар зайлшгүй мэдэх эрх ил болсон л хэрэг” гэж уг төслийг санаачлагч Ц.Оюунгэрэл өгүүлсэн. Түүний багийнхан одоо жорлонгоо өөрчлөх үйл хэрэгт зориглон оролцож буй бизнесийнхнийг дэмжин бойжуулж эхэлжээ. 

Нэг жилийн өмнө жорлон ариутгах, бордоо үйлдвэрлэх зэрэг технологийн бизнес эрхлэгчид зар сурталчилгаандаа “жорлон” гэдэг үгийг огт хэрэглэдэггүй байсан бол одоо “Био жорлонгоо аваарай” гэсэн зар хаа сайгүй ил болсон нь тэдэнд ёстой л татвараас чөлөөлөгдсөнтэй адил эрх чөлөөг авчирчээ. Ийнхүү хуульд, амьдрал дээр ч, бизнест ч нүхэн жорлон ардчилагдав. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.26 103.57.94.133

Хийж бүтээсэн ажилтай эмэгтэй шүү .Амжилт хүсье

0 Хариулах