Хайх зүйлээ бичнэ үү

Активист Цэрэндоржийн Пүрэвхүү

Тавдугаар сарын 13. Зуны тэргүүн, шарагчин могой сарын гурван хөх мэнгэтэй, мунхрахуй хэмээх шүтэн барилдлагатай, цагаан нохой өдөр Улаанбаатар хотод цас орсон юм. Жилийн дундаж хэм нь хасах гардаг дэлхийн цорын ганц нийслэл хотод тавдугаар сарын дундуур цас орно гэдэг тийм ч гайхаад байхаар зүйл биш. Эл өдөр мөн бидний сайн хэмээн бэлгэшээх Дашнямтай өдөр таарсан хэдий ч өдрийн наран 20.20 цагт жаргахаас өмнө хүйтний эрч чангарсаар, гэр хорооллын 216 мянган айлын яндангаас түүхий нүүрсний утаа суунагласан билээ. Үүнээс хоёр өдрийн дараа түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн бөгөөд орсон цас хайлж амжаагүй байлаа.

Хэдийгээр ид өвлийн нүүгэлтсэн их утаа нүднээ харагдахгүй ч Улаанбаатар хотын агаарын бохирдол ДЭМБын тогтоосон аюулгүй хэмжээнээс хэд дахин их хэвээр байгаа нь утаа зөвхөн өвлийнх биш, жилийн дөрвөн улирлын асуудал болсныг илтгэнэ хэмээн “Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Пүрэвхүү хэлэв. Баримт нотолгоог тэр гар утасныхаа аппликэйшнийг нээгээд л түвэггүй харууллаа. “Яг одоо Баянхошуу орчимд агаарын чанар ДЭМБ-ын тогтоосон аюулгүй хэмжээнээс дөрөв дахин, Амгалан буюу хотын зүүн хэсэгт найм дахин илүү байна. Утааг бид зөвхөн өвөл ярьдаг боловч Улаанбаатар хотод иргэд жилийн 365 хоногийн 322-т нь бохирдолтой агаараар амьсгалж байгаа шүү дээ” хэмээн тэр хэлж байна. Тийм ч учраас өвөл, хавар, намар, зун гээд жилийн дөрвөн улиралд утааны тухай бүгд ярих, мартахгүй, мартуулахгүй байх нь чухал гэдгийг тэр онцлов. “Утааны эсрэг анхны жагсаал цуглааныг хийж, шүгэл үлээж эхлэх үед нийтээрээ өвөл нь баахан бухимдаад, хавар болмогц хэзээ ч утаатай байгаагүй мэт таг чиг болчихдог байдал өөрчлөгдөж байна. Зуны эхэн сар гарчихаад байхад агаарын бохирдолтой холбоотой хэлэлцүүлгүүд ид өрнөж, энд тэнд асуудлаа ярьж, хэлэлцэж байгаа нь том дэвшил шүү” хэмээн Ц.Пүрэвхүү хэлэв. Тэр энэ сарын 8-нд болсон “Агаарын бохирдол ба эх хүүхдийн эрүүл мэнд” чуулганд илтгэл тавьж, гэр хорооллын иргэдэд зориулж “Гэр байшингаа дулаалцгаая” сургалт цувралаар явуулж, сайжруулсан шахмал түлшний үр дүн ямар байгаатай газар дээр танилцаж, иргэдийн санал хүсэлтийг авах зэрэг ажилд оролцож, энэ зуныг завгүй эхлүүлж байна.

***

Агаарын бохирдол зөвхөн Улаанбаатарын асуудал биш болж, утаатай тэмцэх ажил сүүлийн хэдэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн цөм байж ирсэн.  Энэ хэрээр сэдсэн ажил, зарцуулсан мөнгөний хэмжээ тоймоо алдсан ч гагцхүү утаа л буурсангүй. Тодруулбал, сүүлийн арван жилд утаатай хийх тэмцэлд 550 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ хугацаанд Улаанбаатарын гэр хорооллын айл өрхийн тоо 30 мянгаар өсч, утаа суунаглуулах яндангийн тоо тэр хэрээр нэмэгдээд байна. “Утааны эсрэг тэмцэлд төсвөөс багагүй мөнгө гаргаж, олон улсын байгууллагууд ч их хэмжээний мөнгө хандивлаж байгаа. Гэвч бүхэл бүтэн арван жил өнгөрөхөд байдал ер сайжраагүй нь утаагүй зуух, сайжруулсан түлш зэрэг богино хугацааны, судалгаа тооцоо муутай төслүүдийг санхүүжүүлсэнтэй холбоотой. Улмаар манай Засгийн газар өвчтэй хүүхдийнхээ нэрийг барьж архи зээлээр авч уудаг аав шиг утааны нэр барьж их хэмжээний мөнгө татаад, түүнийгээ хувааж иддэг, өөр зүйлд зарцуулдаг байдал ч бий болсныг нуух аргагүй” гэж Ц.Пүрэвхүү хэлээд “Сүүлийн арван жилд утааны эсрэг зарцуулсан 550 тэрбум төгрөг бол тэр чигтээ салхинд хийссэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй” гэсэн юм. Үнэхээр ч сүүлийн арван жилд үүнтэй холбоотойгоор 19 төрийн албан хаагч, төрийн өндөр албан тушаалтан хэрэгт татагдаад явж байгаа билээ. 

Тэгвэл өдгөө Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2025 он хүртэл 8.9 их наяд төгрөг зарцуулах төлөвлөгөө гараад, хэрэгжих шатандаа явж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, дэд бүтцийн байгууламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах замаар агаар орчны бохирдлыг бууруулах 60 үйл ажиллагааг таван зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Гэвч энэ их мөнгө өмнөх 550 тэрбумын адил салхинд хийсчих вий гэж Ц.Пүрэвхүү санаа зовниж байгаагаа нуусангүй. “Бид дэд бүтцийг хөгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлэхгүйгээр утаанаасаа салж чадахгүй” гэдгийг тэр онцолсон юм. 

Гэхдээ утаатай хийх тэмцэл зөвхөн төр засгийн хариуцах ажил биш, иргэд ч өөрсдийн хувь нэмрээ оруулах ёстой гэж тэр үзэж буй бөгөөд энэ жил дулаалгын асуудлыг голлон ярьж, гэр хорооллын иргэдэд цуврал сургалт явуулж эхлээд байна. “Иргэд гэр, байшингаа дулаалснаар халуунаа удаан хугацаанд барьж, тэр хэрээр түлэх түлшний давтамж буурах, улмаар түлшинд зарцуулах зардал нь буурах боломжтой. Хамгийн гол нь энэ бол гэр хорооллын иргэд утаатай тэмцэж буй хамгийн бодит тэмцэл, үр дүнтэй аргын нэг” гэдгийг Ц.Пүрэвхүү онцлов. Энэ санаачилгыг Засгийн газар ч дэмжиж байгаа бөгөөд иргэдэд гэр байшингаа дулаална уу гэсэн мэдэгдлийг 2019 оны зургаадугаар сарын 15-нд болон 2019 оны есдүгээр сарын 15-нд хүргэхээр болсон байна. Харин “Утааны эсрэг ээж аавууд” ТББ иргэдэд мэдэгдэл өгөхөөс өмнө сургалт сурталчилгаа хийж эхлээд байгаа. 

***

Ц.Пүрэвхүүгийн тэргүүлж буй “Утааны эсрэг ээж аавууд” ТББ анх цахим тэмцлээс эхэлсэн бөгөөд, улмаар нэгдсэн жагсаалд хөтөлж, өдгөө Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн байгууллага болтлоо өргөжөөд байна. Тэд агаарын бохирдлын хор уршгийг иргэдэд ойлгуулах, иргэдийн оролцоотойгоор агаарын бохирдолтой тэмцэх, бодлогын шийдвэрт нөлөөлөх, шийдлүүдийг иргэдэд танилцуулах, сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа. “Манай удирдах зөвлөлд долоо, ажлын албандаа таван хүнтэй ажиллаж байна. Уг нь бүгд л өөр өөрийн гэсэн ажил төрөл, карьер, зорилготой хүмүүс. Гэсэн хэдий ч одоо утаатай хийх тэмцэл бидний үндсэн ажил болчихоод байна” хэмээн тэр хэлэв. Утаанаас өөрсдийгөө, ялангуяа үр хүүхдээ хэрхэн хамгаалах вэ гэж санаа зовниж байсан эцэг эхчүүдийн төлөөлөл болсон тэд 2016 онд Чай Зинийн “Утааны орон” (Under the dome) киног үзэн сэрцгээжээ. “Тэр үед би АНУ-д магистраа хамгаалж ирээд удаагүй байв. Хоёр хүүхдээ тэнд төрүүлсэн. Эмнэлгийн чанар үйлчилгээ, халамж сайн улсад зүв зүгээр, эрүүл саруул байсан хүүхэд маань Улаанбаатар хотод ирээд хоёр хоноод л хатгаа тусчихсан. Дүүргийнхээ харьяа жижиг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болоход тэнд өчнөөн хүүхэд хатгаатай, хэвтэх ор ч олдохгүй бид хоёрыг яг л аймшгийн кино дээр гардаг шиг пудволийн жижиг өрөөнд оруулсан. Яалт ч үгүй хүүхдийнхээ эрүүл мэндийг бодоод хувийн эмнэлэгт очиж, маш их мөнгө зарсан. Тэр үед л агаарын бохирдол, утаанаас болж үнэхээр их бухимдаж, Монголын Засгийн газрыг шүүхэд өгнө гэж шийдсэн”. ЮНИСЕФ-ийн тайланд дурдсанаар Улаанбаатарт амьсгалын замын цочмог халдварын тархалт сүүлийн арван жилд 270 хувь өсөж, уушгины хатгалгаа өвчин тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын хоёр дахь томоохон шалтгаан болж байгаа. Энэ бүхний шалтгаан нь агаарын бохирдол бөгөөд үүнээс болж дэлхий даяар жилд 9 сая хүн амиа алддаг гэсэн тооцоо ч байдаг. “Үе үеийн Засгийн газар утааны эсрэг сэтгэл гаргаж ажиллаагүйд гомдох, бухимдах зэргэцсэн. Ямар нэг зүйл хийж, төр засагт чанга дохио өгөх ёстой гэж үзээд Засгийн газрыг шүүхэд өгөх акц хийе гээд мэргэжлийн хүмүүстэй холбогдож, хууль эрхзүйн талаас нь судлаад үзэхэд утааны эсрэг бодитой, дорвитой ажил юу ч хийгээгүйнх нь төлөө Засгийн газрыг шүүхэд өгөх боломжгүй болохыг олж мэдсэн. Тэгээд болохгүй болохоор нь жагсаал зохион байгуулъя гэж шийдсэн”. 

***

2016 онд Улаанбаатар хот агаарын бохирдлоороо анх удаа БНХАУ-ын нийслэл Бээжин, Энэтхэгийн нийслэл Нью-Делиг давсан. Тэр жилийн арванхоёрдугаар сарын 26-нд утааны эсрэг хамгийн олон хүн хамруулсан томоохон жагсаал Сүхбаатарын талбайд болсон билээ. “Утаа бол хүчирхийлэл юм”, “Агаарын бохирдол монгол хүүхдүүдийн ирээдүйг булааж байна”, “Би амьсгалмаар байна” гэсэн бичиг барьсан ээж аавууд, залуус өвлийн тэсгим хүйтэнд жагссан. Засгийн газрын зүгээс дорвитой хариу өгөөгүй болохоор сарын дараа “Боож үхлээ” хоёр дахь жагсаал болж, 10 мянга гаруй хүн дахин жагсаж, үүнд оролцсон хүмүүс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандан, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нэн даруй авахыг шаардсан өргөдөл хүргүүлсэн. Үр дүнд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хуралдаан агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэхэд нөлөөлж чадсан. Энэ үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, гамшгийн үеийн хориглох, хазгаарлах онцгой дэглэмийг дагаж мөрдөхөөр болсон байдаг. 

“Тэр үед бидэнд итгэл төрсөн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, энэ асуудал анхаарал хандуулж байгаа юм чинь зохих арга хэмжээг нэн даруй авч, хэрэгжүүлэх болов уу гэж бодтол хавар болоод л бүх юм намжсан. Бүгд утааг мартчихсан” гэж Ц.Пүрэвхүү хэлээд “Нэгэнт иргэд утааны эсрэг нэгдэж, хүчтэй шаардлага тавьсан энэ үед бид л энэ тухай ярихаа больчихвол бүх юм хуучнаараа үлдэх юм байна. Ингээд орхичихож болохгүй юм байна. Хэрэв бид дуугарахаа больчихвол улстөрчид хамгийн их баярлах юм байна гэдгийг ойлгосон” гэв.   

АНУ-ын Калифорнийн олон улсын их сургуулийг олон улсын худалдааны чиглэлээр төгсөж ирээд телевизийн салбарт эдийн засгийн сэтгүүлчээрээ үргэлжлүүлэн ажиллах төлөвлөгөөтэй ирсэн Ц.Пүрэвхүү утааны эсрэг тэмцэл иргэд, ээж аавуудын дуу хоолой болон ажиллаж байна. “Уг нь анх утааны эсрэг дуугарахдаа богино хугацаанд л ажиллана, жагсаал цуглааныг зохион байгуулж, төр засагт нөлөөлөл үзүүлээд л хувийн карьераа хөөж, сэтгүүлчээрээ ажиллана гэж бодож байсан” гэж тэр хэлээд “Нэгэнт эхлүүлсэн ажил, тэмцлээ үргэжлүүлж эцсийг нь үзнэ гэж бодож байгаа. Тэр цагт л санаа амарч, мөрөөдлийн нэвтрүүлгүүдээ хийнэ дээ” хэмээгээд инээмсэглэв. Эмч том хүүг нь утаатай газар байвал суурь өвчин нь сэдрэх аюултай гэсэн учраас Ц.Пүрэвхүү хүүгээ аргагүйн эрхэнд АНУ руу явуулжээ. 

“Уржигдархан би хүүгээ зүүдэлж сэрээд, ер унтаж чадаагүй. Үр хүүхдээсээ хол байна гэдэг эх хүний хувьд хэцүү л байна. Гэвч эрүүл мэнд хамгийн чухал учраас утаатай газраас холдуулахаас өөр аргагүй. Хүү маань ээжийгээ санаанд орондоо зүүдэлж яриад байгаа гэдгийг сонсохоор надад хэцүү байдаг. Хүүхэд бэтгэрэхээр ингэдэг гэдэг дээ” гэж хэлээд тэр хэсэг чимээгүй болсноо “Ингэж бодохоор муу ээж юм шиг санагдах үе бий. Гэвч надтай адилхан олон мянган ээж, хүүхдүүд агаарын бохирдол, утаанаас болж хордож, өвдөж, зарим нь бүр амь насаа алдаж байгаа. Энэ гамшиг хэзээ нэгэн цагт дуусах ёстой, энэний төлөө бид тэмцэх ёстой. Би утаагүй Улаанбаатартаа үр хүүхэдтэйгаа амьдрах боломж иртэл тэмцэнэ” гэлээ.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
1
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. UROLOGIST 2019.07.18 197.210.52.99

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах