Хайх зүйлээ бичнэ үү

Брэнд бүтээгч Эрдэнэчулууны Туул

Зайсанд байрлах Бурхан Буддагийн цэцэрлэгт хүрээлэнгийн хаяанд байх “Оргио kitchen”-д явж ороход залуухан бизнес эмэгтэй Э.Туул бүтээж босгосон гал тогооныхоо дунд суугаад, биднийг хүлээж байв. Энд “Оргио” брэндийн нэрийн бүтээгдэхүүнүүд байхаас гадна өөрсдийн тахиагаараа хийсэн олон төрлийн хоол зууш бий. Түүгээр зогсохгүй чацаргана, аньс, сүү тараг гэхчлэн зөвхөн монгол брэндийн бүтээгдэхүүн өрсөн байхыг та олж харна.

Тэр органик бүтээгдэхүүн хэрэглэх дуртай бөгөөд эх орондоо ирээд бизнес эрхлэхдээ ч энэ чиглэлийг барьж авна гэсэн төлөвлөгөөтэй байж. “Хүн ер нь өөрт ойрхон, үнэ цэнийг нь мэдэж, мэдэрсэн зүйлээ хийвэл үр дүнтэй гэж боддог. Миний хувьд органик бүтээгдэхүүний бизнес эрхлэх тухай эртнээс бодож нэг бол тахианы мах, эсвэл сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлээр ажиллая гэж боддог байсан. Дотоодын сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл манайд сайн шүү дээ. Харин хүний биед шим тэжээлтэй, тахианы махны хувьд асуудал олон байсан. Дан ганц импортоор л орж ирдэг байсан нь ямар ч чанарын баталгаагүй. Хүүхдүүд тахианы маханд дуртай байдаг болохоор эрүүл ахуйн стандарт хангаагүй мах хэрэглэж байсан нь санаа зовоосон. Тийм учраас энэ зах зээл рүү эргэлт буцалтгүй орохоор зориг шулуудсан”.

Тахианы махны давуу тал их. Тэжээллэг чанар их, шингэц сайтай, В-гийн төрлийн амин дэмүүд , төмөр, фосфор, селен, кальци, кали, магни, зэс, цайр зэрэг аминчухал эрдэс бодисыг агуулсан, бусад төрлийн махтай харьцуулахад уургийн агууламжаараа харьцангуй өндөр гэгддэг. Гэхдээ стандартын дагуу үйлдвэрлэж, хадгалж, тээвэрлээгүй бол ямар ч сайн зүйл хор болох магадлалтай. Саяхныг хүртэл бид хаана, хэн үйлдвэрлэснийг нь мэдэхгүй, хаяг шошго ч байхгүй, тээвэрлэх замд хэдэн удаа гэсэж, хэчнээн удаа ч хөлдсөнийг нь бүү мэд тахианы махыг худалдан авдаг байв. Нэг ёсондоо хэрэглэгчийн гар дээр очиж буй тахианы мах ямар ч стандартгүй явж ирсэн. Үүнтэй зэргэцэн дотоодын зах зээлд тахианы махны эрэлт ихэссээр байлаа.

Харин энэ үед “Оргио” брэнд тахианы махны стандартыг цогцоор нь өөрчилж батлуулснаар ажлаа эхэлжээ. Өөрчлөх өөрчлөхдөө бүхэл бүтэн технологи, стандарт, үйлдвэрлэлийн процессыг цогцоор нь нэвтрүүлэх хэрэг санаачлагчид нь тулгарсан байна. Монголчуудад орчин цагийн фермийн тахианы үйлдвэрлэл бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн туршлага байхгүй байсан учраас тэр Израилаас технологи, ноу-хау нэвтрүүлэв. Махны чиглэлийн дэлхийд тэргүүлэх тахианы үүлдэр оруулж ирэхэд дагалдах түүхий эд, тэжээл зэргийг ханган нийлүүлэх дотоодын дэд бүтэц байгаагүй учраас дэд үйлдвэрүүдийг хамтад нь барихаас өөр аргагүй болж. “Манай зургаан үйлдвэр 100 гаруй технологитойгоо ирсэн. Тэр технологиудыг шууд ашиглах гэж үзсэн боловч болоогүй. Нэгд Монголд дагаж мөрдөж болохгүй зүйлс цөөнгүй гарсан. Түүнээс гадна технологио монгол хүний сэтгэхүйд буулгах хүнд байсан. Тийм учраас бид маш их технологи халж олон шинэ технологи бий болгосон” гэж Э.Туул ярив.

1970-аад онд энэ төрлийн фермийн аж ахуйг улс бодлогоор хийх гэж оролдож байсан юм билээ. Тухайн үеийн Хөдөө аж ахуйн яамныхан олон судалгаа хийж, хөрөнгө мөнгө их шаардах, импортоор маш их бүтээгдэхүүн авах зэрэг тодорхой шалтгаануудын улмаас хийж чадаагүй байна. Харин амжилтгүй болсон эл оролдлогоос  40 жилийн дараа “Ажигана” Монголдоо анхны, хангамжийн бүрэн нэгдсэн бүтэцтэй тахианы махны цогцолбор аж ахуйг бий болгосон. Ингэхдээ махны чиглэлийн тахианы махны цөм сүргийг бий болгохоос тэжээл үйлдвэрлэл мах бэлтгэх хүртэлх бүх үе шатыг цогцолбор аж ахуйнхаа хүрээнд бүтээн босгожээ.

Тэд анх гурван үйлдвэртэй зургаан нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байсан бол одоо зургаан цогцолбор үйлдвэр, олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг болж өргөжин тэлэв. “Манайх жилийн 365 хоног, 24 цагийн турш ажилладаг унтдаггүй үйлдвэр” хэмээн Э. Туул хэлж байна. Энэхүү нүсэр төслийн зургаан цогцолбор үйлдвэрт нэг зэрэг олон зуун процесс зэрэг явагддаг бөгөөд энэ зуур нэг л дамжлагад алдаа гарахад бүх шатанд нөлөөлөх учраас хариуцлага, аюулгүй байдал гэдэгт хамгийн түрүүнд анхаардаг байна.

***

Мах бол монголчуудын хүнсний хамгийн чухал хэрэгцээ. Бэлчээрийн аж ахуй хөгжсөн Монголд байгалийн шимт тэжээл, ургамал иддэг малын махны амт нь хүртэл өөр байдаг гэж бид хоорондоо ярьдаг. “Монгол малын мах бусад орныхоос илүү амттай гэдэгтэй би санал нийлнэ” хэмээн Э.Туул хэлээд “Гэхдээ стандарт гэдэг зөвхөн амт биш. Хүнс бол хүний эрүүл мэндийн салшгүй нэг хэсэг болохоор зөвхөн амтаар энэ бүхнийг хэмжих аргагүй. Энэ нь өөрөө эргээд маш олон эрсдлийг дагуулж мэднэ” гэв. Олон улсын махны стандарт бол тэжээлээсэээхлээд эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдээ хүртлээ хүнсний эрүүл ахуйн чанар стандартыг цөмийг аюулгүй, найдвартай байлгах талаас нь заасан байдаг. Харин дотоодод худалдаж буй ихэнх хонь, үхрийн мах ийм стандартыг хангасан уу гэдэг асуултад бидний хэн маань ч тийм гэж хариулж чадахгүй. “Өнөөдөр ямар хүнс идсэнээс таны маргааш, бүр 30 минутын дараа бие, эрүүл мэнд, амьдрал тань ямар байх вэ яах вэ гэдэг шийдэгдэх боломжтой. Хүнс бол тийм л нарийн зүйл” гээд тэр хүнсний үйлдвэрлэлд эрүүл, аюулгүйн стандартыг нэвтрүүлэх ямар чухлыг онцолсон юм.

Олон стандарт, үйлдвэрлэлийн нарийн процесс дамжиж эрүүл, аюулгүй, найдвартай, шим тэжээлтэй гэсэн тодорхойлолтыг бий болгож буй учраас фермийн аж ахуй өртөг өндөртэй. “Манай иргэдийн дундаж орлого, худалдан авах чадвараас шалтгаалаад бүтээгдэхүүний үнэ, цаашлаад чанар стандарт тогтдог жишиг бий. Гэвч бидний анхны зорилго хэрэглэгчдэд эрүүл, чанартай бүтээгдэхүүн санал болгоход оршиж байсан  учраас технологио ямагт шинэчилж, үйлдвэрлэлийн процесстоо байж болох хамгийн сайныг сонгосоор ирсэн. Бид анх зах зээлд нэвтэрснээсээ хойш зогсолтгүй хичээн ажиллаж байнга л шинэ бүтээгдэхүүн, шинэ шийдэл дээр толгойгоо гашилган суудгийг хэрэглэгчид маань ойлгож, үнэнчээр хэрэглэсээр байгаа нь бидний хувьд хамгийн том үнэ цэнэ” хэмээн Э.Туул хэлэв.  

***

“Хүнс бол аз жаргал, эрүүл мэнд, бүх юм”.  Энэ нь “Оргио” брэндийн эзэгтэйн ажил амьдралаа хөтлөн явуулдаг арга, туршлагын цөм юм байна ч гэж ойлгож болохоор.  Хүний эрүүл мэндэд оруулдаг хамгийн том хөрөнгө оруулалттай дүйх учраас хүнсний үйлдвэрлэл хамгийн эрүүл, найдвартай байх ёстой. Ер нь бизнесийг анх санаа төдий байхад нь л зөв суурилуулж, бизнесийн үйл явц, алхам бүрийг зөв зөв зөн, зөв бодлоор үйлдэж явахын чухлыг тэр хэлэв.

“Би бизнесээ амьд гэж боддог. Өсч хөгжиж том болдог, өөрийн хүч энерги динамиктай. Тиймээс тэр л амьд чанараараа хэрэглэгчидтэй харилцаад байгаа нь бидэнд мэдрэгддэг”.

Шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасны маргааш хүмүүс дэлгүүрээс сураад эхэлчихсэн, хаана худалдаж байгааг сураглаж, аль салбар, аль цэгт хүрч амжаагүй байгааг нь “ховлодог”  үнэнч хэрэглэгчдийг тэд энэ богинохон хугацаанд бий болгож чаджээ.

“Оргио” брэндийн бүтээгдэхүүн зах зээлд гарч эхлэхээс өмнө тахианы гуя, мөч, цээж мах л бидний хэрэглээнд байлаа. Гэтэл бид хонь, үхрийн махныхаа бүхий л хэсгийг хэрэглэдэг шиг тахианы мах ч бас олон төрөлтэй байж болдгийг бид “Оргио”-гийн үйлдвэрлэсэн олон янзын бүтээгдэхүүнээс ойлгож, танилцаж ирсэн. Тэр болгоныг үйлдвэрлэж, худалдаж, зах зээлд таниулах ажлыг “Оргио” брэнд
гардан хийж, дотоодын зах зээлд тахианы махны соёлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буй. Тахианы зүрх, элэг хамгийн шим тэжээлтэй хэсгүүдийн нэг гэдгийг бид өдийг хүртэл төдийлэн мэддэггүй байлаа шүү дээ. Үүнээс гадны коллаген ихтэй шөлний ясыг худалдаанд гаргасан нь өдгөө тэдний хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болсон байна.

Энэ мэтчилэн зах зээл дэх анхдагч компанийн өөрсдөөрөө бахархах жаргал, басхүү давж туулсан зовлон их. Гэвч анхдагч компани бизнесээ зөв авч явж, олон хаалгыг нээснээр дараа дараагийн компаниуд үйл ажиллагаагаа амжилттай, амар бөгөөд саадгүй явуулах боломж нээгдэнэ хэмээн тэр итгэдэг. Энэ бол зах зээлийн эрүүл жишиг билээ.

***

“Ажигана” гэдэг нь даруухан, давжаахан атлаа цэмцгэр цэцгийн нэр. Түмэн зангилаа гэсэн утга бүхий үзэсгэлэнт энэ цэцэг чулуурхаг энгэр, хайрган хөрсний сайрт ургадаг. Хад асган дунд ч хамгийн сайхнаараа дэлбээлж чаддаг бэлгэдлийг нь бодож компаниа ийн нэрлэжээ. “Ажигана” өсч өндийсөөр өдгөө дотоодын тахианы махан бүтээгдэхүүний 30-40 хувийг дангаар хангадаг болтлоо өргөжиж чадсан байна.
“Ажигана” компанийнханд олон мөрөөдөл, бас төлөвлөгөө бий. Зөвхөн өөрсдийн бизнес, брэндээс давсан үр ашиг авчрах мөрөөдлүүдийнх нь дунд монгол гэрт тахиа өсгөх технологийг хэрэгжүүлж, орлого багатай айлуудад тахианы чиглэлээр бизнес эрхлэх боломж олгох төсөл бий аж. Амархан халдаг, дулааны солилцоо хийх боломж хялбар, хаяаг нь нээж салхилуулахад хялбар зэрэг монгол гэрийн олон давуу тал тахиа өсгөж үржүүлэхэд чухам тохирсон орчин болох бүрэн боломжтойд Э.Туул тун ч олзуурхаж яваа. Хэрэв энэ төсөл, төлөвлөгөө нь амжилттай хэрэгжвэл зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар нэвтрүүлэх боломж ч бий гэдгийг тэр хэлж байв.  

Түүнээс гадна “Оргио” нэрийн дор маш амжилттай гаргаж байгаад хэсэг хугацааны дараа технологио шинэчилсний улмаас үйлдвэрлэхээ зогсоосон зарим бүтээгдэхүүнээ жижиг дунд бизнесүүдэд өгч, технологи, стандарт, ноу-хаугаа хуваалцан хөдөө аж ахуйн олон жижиг дунд үйлдвэрийг гаргаж ирэх төлөвлөгөө бас бий аж.  

“Бидэнд хийж хэрэгжүүлэх ажил их, зах зээлд гаргахад бэлэн болсон олон бүтээгдэхүүн бий. Тэднийгээ гаргахдаа зөвхөн ашиг хөөхгүй. Амьдралаас бид олон зүйл авдаг. Эргүүлээд өгөх нь их чухал. Зөвхөн өөрсдийн компаниа гэхгүй Монголын хүнс аюулгүй, эрүүл, стандартын дагуу явуулахад бидний үйл ажиллагаа үлгэр жишээ болж, нөлөөлж чадвал энэ хамгийн сайхан” гэж Э.Туул хэлж байна. Монголчууд Э.Туулыг анх олны танил, нөлөө бүхий эрхэм Ш.Отгонбилэг агсаны бэр, УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий, бөмбөрцгийн шоу бизнесийн од Парис Хилтоны найз гэдгээр нь олж харсан. Тэр зүгээр л хэн нэгэн үзэсгэлэнт, гоёмсог “Үнсгэлжин” биш гэдгээрээ орчин цагийн хэрсүү нийгэмд танигдаж, өөрийн гэсэн алсын хараа, үйл хэргээрээ хэдийн хүлээн зөвшөөрөгджээ.

“Хоол тань эм байх болтугай” гэсэн ухаалаг уриатай, том зорилготой компани хүнсний талаарх хүмүүсийн ойлголтыг өөрчилсөөр явна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд 136-д жагсдаг, хамгийн жижиг эдийн засагтай орнуудын нэг болох манай оронд олон улсад жишиг болсон өндөр өртөг бүхий нарийн тeхнологи, хөдөлмөрийн сахилга бат шаардсан хүнсний үйлдвэрийг зоригтойгоор байгуулж, 5 жилийн турш хамт олныхоо хүчийг нэгтгэн зүтгэхдээ Э.Туул оруулсан хөрөнгөөсөө ашиг тооцохыг урьтал болголгүй зөвхөн чанарыг эрхэмлэснийх нь төлөө бизнест өөрийн гэсэн жишиг гаргагч энэ залуухан эмэгтэйгээр бахархам.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

hun 2019.10.17 202.21.103.86

amitnii ami hunuuj mungu olj bga ih nugel chin neg l udur uiliin ur bolood ur huuhded chin ger buld chin irnedee !!!

0 Хариулах


shaahaa boli 2019.09.03 202.21.109.50

Chi shaahaal bolichih nohor chin mongtoi bolson tuuhiig medne bizdee aav ni otgonbileg gej number 1 luivarchin llr baij bgaad ashgui ongotsni osoloor tsaash harj mongol nar uzsne dee geechii minee ger hooroolol ochij yadaj togloomiin talbai barival buyan shuu

0 Хариулах


DR. ADITY 2019.08.12 197.210.29.118

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах