UBLife Logo
2017 оны Нөлөө бүхий 50

2017 оны нөлөө бүхий 50 хүн: Даваагийн УЛАМБАЯР (УКА)

2017 оны нөлөө бүхий 50 хүн: Даваагийн УЛАМБАЯР (УКА)

Укатай анх 13 жилийн өмнө уулзжээ. Шар үстэй, европдуу төрхтэй охин “Nature Sound”-ийн дуулаачийн сургалтад орж билээ. Сургалтын хугацаанд түүний авьяас, цуцашгүй эрч хүчтэй, гал цогтой байдал намайг эрхгүй татсан юм. Төгсөлтийн тоглолтод байр эзлээгүй ч дуундаа чин сэтгэлээсээ орж буй байдал, урлагийн торгон мэдрэмж, авьяасыг нь хараад бүжгийн багшаар үлдээхийг хүссэн. Энэ нь “Киви”-гийн эхлэл байлаа. Укаг хараад л “Ер нь хамтлаг байгуулъя” гэж бодсон. Ингээд түүний өмнөх шилдэг төгсөгч Энхзолыг Ука, Намуунаатай хослуулснаар “Киви” минь бүрдсэн хэрэг. 

Ука бол “төрөлхийн” ахлагч. “Киви” гэж нэр өгөхөөр болсноо охидууддаа хэлэхэд нэлээн дургүйцэж байв. Гэхдээ хүссэн хүн бүр хүрч халдаж чаддаггүй, алим шиг хэн дуртай нь хазаад идчихдэг биш, хамгийн нандин жимс гэх утгыг нь мэдээд дуртай хүлээн авч, үүнээс цааш нэгэн хамтлаг болоод “Монголын рок поп урлагийн төлөө зүтгэнэ” гэж шийдсэн. Ингээд зуны турш охид бэлтгэлээ хийж эхлэв. Ука нөгөө хоёроосоо насаар ч эгч байсан тул ахлагч болсон. Бусдын хувьд амралт зугаалга эхэлж байхад “Киви”-нүүд Драмын театрын танхимд бэлтгэлээ өдөр бүр тасралтгүй хийж байлаа. Ука бүжгээ өөрөө дэглэнэ, үргэлж шинэ соргог санаа сэдэл гаргана. Үүнээс гадна үлгэр дуурайл болохуйц биеэ авч явна, муу зуршилгүй, нөхөрсөг зантай, хэнтэй ч инээмсэглэж харилцана гээд аргагүй л ахлагч хүн. Олон нийтээс ирэх сөрөг шүүмжид би эмзэглэдэг байсан ч Ука маань “Багш аа, хүн биднийг юу гэх нь хамаагүй. Ажлаа л сайн хийцгээе. Аяндаа хүмүүс ойлгоно” гэдэг байсан. Түүний ч зөв. Бусад охид маань ч Укаг чин сэтгэлээсээ хүндэлнэ, хайрлана. Нэг нэгнээ нөхөж ажиллах, “Энэ бол миний ажил” гэх хариуцлагаа ухамсарласан байдал “Киви”-г бүтээсэн. Өнгөрсөн 13 жилийн турш охидынхоо муудалцаж, нэг нэгэн рүүгээ муухай харж байхыг үзээгүй. Энэ нь ч ахлагчийн үүрэг оролцооны илрэл. Олон нийтийн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарч л байдаг. Гэхдээ “Киви” албан ёсоор байгуулагдсан 2004 оны 12-р сарын 1-нээс хойш нэгэн гэр бүл хэвээр байна. Саяхан бид 13 жилийн ойгоо сэтгэл дүүрэн тэмдэглэлээ. Одоо тэд бүгд өөр өөрийнхөөрөө Ангирмаа болсон. 

Ука Монголын рок попын ертөнцөд тэргүүлж яваа уран бүтээлч. Үүнтэй маргах хүн байхгүй болов уу. Ука өөрөө загвараа олно, урлагийн мэдрэмжээрээ тасралтгүй хөглөгдөнө. Хамгийн чухал нь, Укад алдартнуудын дунд нийтлэг ажиглагддаг сэтгэл ханах, “оддын өвчин” байхгүй. Яг л өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй эмэгтэй. Одоогийн Ука  13 жилийн өмнөх Укагаас огт өөрчлөгдөөгүй, тэр л гал цогтой охин хэвээрээ байна. Цаашдын он жилүүдэд ч энэ л эрчээрээ дүрэлзэн асах гэрэлт ирээдүй түүнийг хүлээж байгаа. Охин минь, нар шиг гэрэлт! 

Бичсэн: Ая зохиогч, продюсер Б.Ангирмаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
0
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.