Өвлийн бүүдгэр тэнгэрээс нар сэм сэмхэн бултайхад буйдхан ойн жим дэхь жижигхэн дүнзэн байшингийн гадаа бодолд ээрэгдэж, хашааныхаа цасыг шүүрдэн зогсох буурал өвөөгийн дүр санаанд тодхон харагдана. Идэр насных нь ааг омог нүднийх нь галаас холдон зугтаж, зовхи дагасан үрчлээнээс нь үнэн хаа байна вэ хэмээн эрэлхийлэн асуумаар. Ойр ойрмогхон уугиулах тамхиных нь утаа хувь сэтгүүлч миний сэтгэлд бүүдгэр өдрийн өнгийг улам бүр дарах ч аатай, жаатай явсан залуу насыг нь бодох нь ээ бас л сонирхон хуучлуустай…
Ийн бодолд ээрэгдэх зууртаа бодож олсон нэгэн хөргийн гарчиг “Мохоо ЭР” хэмээх хоёрхон үг байлаа. Богинохон, гол нь тодорхой бичиж болох юм байна гэсэн санаа олсондоо олзуурхан “Б.Хурцыг яагаад хурц байлаа” гэж бичээд байгаа юм болоо хэмээн дахиад л бодов.
Угтаа бол Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц шиг хурц хүн Монголд цөөн гэдэг нь үнэн. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Солонгос Улсад Монгол Улсаас суух Элчин сайдаар явах саналыг түүнд тавихдаа “Одоо жаахан толгойгоо амраагаад ир” хэмээн элгэмссэн байх юм. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ч түүний томилгоог хэлэлцсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр “Б.Хурц гуай та Монгол төрийн төлөө л зүтгэж ажилласан байх. Одоо ч сайн ажиллаарай” гэдэг зөвлөгөөг өгсөн. Энэ хоёр хүний үгийг эргэн санах нь ээ, яах аргагүй Батын Хурцад амралт хэрэгтэй болсон нь үнэн аж. Дээр нь, Их Британийн шоронд жил дамнан хоригдож байх хугацаанд нь Улаанбаатарын сор болсон бүсгүйчүүд “Хурцыг суллуул” хэмээн Сүхбаатарын талбайд жагсаж байсныг бодох хэрэгтэй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Ростек” компаниас “Монголын зэс корпораци”-д худалдан авахад нь зуучилж, Тагнуулын ерөнхий газрын даргын генералын хүрмээ зуучлагчийн хослолоор сольж явсныг нь ч мартаж болохгүй.
Хамгийн товчхондоо, наймаачны түрийвчнээс тагнуулчийн батлах, тагнуулчийн батлахаас сэжигтний хориг, сэжигтний хоригоос Монголын тусгай албаны удирдагч, тусгай албан удирдагчаас “Эрдэнэт”-ийн зуучлагч, “Эрдэнэт”-ийн зуучлагчаас Элчин сайд. Гэхдээ ингэж өссөн, ингэж дэвшсэн 100-ын талыг давсан идэр насны эрд Монголын төр амрах эрх өгсөнд гайхахаас илүүтэй Монголоосоо яагаад мохов, Шенгений орнуудад зорчих эрхгүй атлаа Элчин сайдаар ажиллах зориг хаанаас нь хурцлагдав хэмээн ёстой л гайхмаар юм. Ер нь тэгээд хүний амьдрал гайхамшиг, гайхах зүйл хоёроор олон хойно доо. Эр нэг алдаж, зориг нэг мохохыг алийг тэр гэхэв дээ. УИХ-ыг хаалттай хуралдуулах хүртлээ, нээлттэй сонсголд орохоос татгалзах хүртлээ тагнуулчийн зоригийг мохоосон үнэн хаана нуугдаа юм болоо, харин. Хурцыг мохоосон тэр үнэн?
Бичсэн: “Үндэсний шуудан” сонины Тоймчдын албаны дарга Г.Отгонжаргал.