Догшин бух, гал түймэр, уралдааны өмнөх цаазын ял, өндөр уул, өргөн тал. Энэ бүхэн зөвхөн жинхэнэ эрчүүд л хичээллэдэг спортын төрлүүд. Удахгүй болох Эрчүүдийн баярт зориулан баатарлаг эрчүүдийнхээ алдар сууг магтан дуулъя.Гуалин шидэлтЖинхэнэ эр хүн гэхээр мэдээж хүч чадал, бяр гэсэн үг юуны түрүүн санаанд бууна. Машин чирэх, дугуй өргөх, гуалин, бул чулуу шидэх гээд тэдний чадлыг шалгах зүйл мундахгүй. Энэ бүхнийг нийлүүлээд хүч чадлын экстрим хэмээн нэрлэдэг. Экстрим спорт болсон хойно аюул осол ихтэй ч хүндийг өргөлтөөс өөр албан ёсны спортгүй байсан эрчүүдэд хүчээ сорих олон шинэ талбар бий болгож чадсан юм.

Намгийн хөлбөмбөгЦэвэрхэн ногоон талбай дээр цэмцэгнэн гүйлдэх хөлбөмбөгчдөөс залхаж байна уу? Ядаж байхад тэд хөлд нь ч хүрээгүй байхад баашлан унах нь олон. Тэгвэл ерөөсөө их хөлбөмбөгийг мини, элсэн дээрх хөлбөмбөгтэй нь цуг хаяад шинэ хөлбөмбөг тоглоцгооё. Намгийн хөлбөмбөг. Жинхэнэ эр хүн ийм л хөлбөмбөг тоглоно. Намгийн хөлбөмбөгт тамирчид нь гуталтай, торгуулийн цохилтыг гар дээрээс гүйцэтгэдэг дүрэмтэй. Мөн голын хөлбөмбөг гэж бий. Английн Бёртон хотын хөгжөөн дэмжигчид пабаас согтуу гарч ирээд голын усанд тоглож эхэлснээр энэ хөлбөмбөг үүсжээ. Өвдгөөрөө татсан усанд өрсөлдөнө гэдэг жинхэнэ ур чадвар харуулдаг сайхан эд дээ.

Бяслагны уралдаанБяслаг хөөж гүйхэд нэг их экстрим зүйл байхгүй мэт. Гэхдээ бид бяслагны үнэ хямдраад айлын авгай нар “алалцаж” байгаа талаар өгүүлэх гээгүй, харин алдарт Куперсхилдийн бяслагны уралдааны талаар ярих гэж байна. Жил бүрийн тавдугаар сарын сүүлчийн даваа гаригт Английн Брокворс тосгонд Купер хэмээх уулаас бяслаг өнхрүүлэн, араас нь тамирчид хөөн гүйлддэг. Эгц өндөр уул, хэт хурдан хэмнэлээс болж жил бүр л хэд хэдэн тамирчин тэмцээний дараа эмнэлгийн бараа хардаг. Тэр байтугай үзэгчид ч хэлмэгдэх үе бий. Иймээс уралдааны үеэр уулын бэлд аврагчид, түргэн тусламжийн машин бэлэн хүлээж байдаг. Засгийн газраас энэ тэмцээнийг хаах гэж байнга оролддог ч жинхэнэ эрчүүд хайхрахгүй, уралдсаар л байна. Таван жилийн өмнөөс Куперсхилдийн бяслагны уралдаан төлбөртэй болж, оролцогчдоосоо 20 фунт стерлинг хураадаг болсон нь гэмтэж бэртэгчдийн эмнэлгийн зардалд зориулагддаг аж.

Галзуу бухИспанийн Памплон хотынхон ч гүйх дуртай. Гэхдээ юмны араас биш, харин зугтаж гүйлддэг. Бухаас зугтах Энсьерро наадмыг спорт гэж нэрлэхэд хэцүү. Учир нь оролцогчид амьд үлдэхээс өөр шагнал авдаггүй. Гэхдээ галзуу, догшин бухаас бүтэн км зайд зугтана гэдэг хэн бүхэн чадаад байх зүйл биш. Жинхэнэ экстрим спорт доо. Энсьеррод согтуу хөлчүү этгээд, хар тамхинд мансуурсан жуулчдыг оруулдаггүй. Яагаад гэвэл тэд л ихэнхдээ амь насаа алдаж, хүнд гэмтдэг байна. 1924 оны Энсьеррод 13 хүн буханд дайруулж, амиа алдаж байжээ. 1995 онд америк жуулчин, 2009 онд нутгийн иргэн амиа алдсанаас хойш албан ёсоор хэн ч эрсдээгүй байгаа гэнэ.

Спорт саунаФинланд улс эрчүүдэд намгийн хөлбөмбөгөөс гадна спорт сауны тэмцээнийг бэлэглэсэн орон. Спорт сауны тэмцээнд оролцогчид 100 хэмээс илүү халсан саунд хэн нь удаан суухаа үзэн өрсөлддөг. Тамирчид нэг нэгэндээ хүрэх, толгойгоо мөрнөөс доош унжуулах, нүүрээ арчихыг хориглодог дүрэмтэй. Биеийн бэлтгэл, тэсвэр хатуужлаас гадна хэмжээ хязгаараа мэддэг байх нь энэ спортын гол онцлог. Учир нь ялалтын төлөө хэт улайран зүтгэснээс амь насаа алдах тохиолдол цөөнгүй. Хэдэн жилийн өмнө Оросын Владимир Ладыженский Финландын Тимо Кауконен нар дэлхийн аваргын алтан медалийн төлөө халз өрсөлдсөн. 110 хэм халуун саунд тамирчид дунджаар 2 минут л сууж чаддаг бол тэд 6 минут саунаас гарсангүй. Ялагдахыг хүсдэггүй жинхэнэ эрчүүдийн тулаан. Үзэгчид тэднийг шилэн хананы цаанаас харж сууна. Фин залуугийн царай эвгүй болоод ирснээ ухаан алдан уналаа. Саунаас тэднийг гаргахад хоёулаа ухаангүй, их хэмжээний түлэгдэлттэй байв. 62 настай Ладыженский эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан орохгүй байсаар нас барсан. Гэхдээ энэ бол спорт. Спорт сауны холбооноос “ОХУ-ын тамирчин амиа алдлаа. Эцсээ хүртэл суусан тамирчдын буруу. Холбооноос бүх дүрмийг хатуу чанд баримталсан. Эмч нар тэмцээний үеэр байнга жижүүрлэж байсан. Цагдаагийн газраас шалгаад сэжигтэй зүйл олоогүй. Дараагийн тэмцээн яг нэг жилийн дараа болно” гэсэн л мэдэгдэл гаргасан. Холбоо нь ч ёстой жинхэнэ эр хүн шиг загнаж байгаа биз.

Death Warrant"Tough Guy Challenge” бол саадтай уралдааны дундаа хамгийн эртний, хамгийн зэрлэг нь гэж зүй ёсоор тооцогддог. Хүний боломж, хүчин чадлын хязгаарыг туршин шалгах олон арга байдгаас хамгийн харгис нь "Tough Guy Challenge”. Жил бүрийн нэгдүгээр сард Англид болдог энэ тэмцээнд оролцохоор ертөнцийн өнцөг булан бүрээс хүйтэнд хамгийн тэсвэртэй эрчүүд цуглардаг. Гэхдээ энэ уралдаанд орохын тулд хүйтнээс гадна өргөст тор, гал түймэр, хүйтэн ус, тог цохиулахаас айдаггүй байх учиртай. Энэ бүх саадыг даван туулж байж л барианд орно. Яг юунд оролцож байгааг нь ойлгуулахын тулд тамирчдад тэмцээний өмнө “Death Warrant” буюу үхлийн ял, цаазын ял хэмээх баримт бичигт гарын үсэг зуруулж, хэн ч түүнийг хүчээр энд авчраагүй гэдгийг баталгаажуулдаг. Тэмцээний 30 жилийн түүхэнд хоёрхон удаа л амиа алдсан хэрэг гарсан. Энэ жилийн уралдаан хоёрдугаар сарын 2-нд Вулверхэмптоны ойролцоох Пертон хэмээх газар болж, хэн ч барианд орж ирж чадаагүй байна. Тэмцээнээс олсон бүх орлогыг буяны ажилд зориулдаг бөгөөд аваргадаа алтан медаль, “Жинхэнэ эр хүн” гэсэн өргөмжлөл л гардуулдаг. Үүнээс илүү шагнал гэж байхгүй биз дээ, эрчүүд ээ.
