Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Домогт дайчин бүсгүй Мулан монгол угсааны хүн үү?


Насан өндөр эцэгтээ ирсэн цэргийн дайчлах зарлигийг авч, эцгийнхээ өмнөөс Хятадын эзэн хаанд хүч өргөхөөр шийдэн үс гэзгээ шууж, хуяг дуулга өмсөн, эр хүнд зүсээ хувилган оддог дайчин бүсгүй Муланы түүхийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Эртний Хятадын домогт өгүүлдэг энэ эмэгтэйн түүхээр Уолт Дисней 1998 онд хүүхэлдэйн кино хийсэн нь “Алтан бөмбөрцөг”, Академийн шагналуудад нэр дэвшиж байсан билээ. Тус домгоор сэдэвлэсэн уран сайхны кино энэ хавар нээлтээ хийх байсан ч цар тахлын нөхцөл байдлаас болоод хойшилсон. 

Муланы домог эртний түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэхийн зэрэгцээ “Хуа Муланы дууль” хэмээх Хятадын эртний аман зохиол, тууль болон үлджээ. Үүнээс сэдэвлэсэн дэлгэцийн аль ч бүтээлд хойд зүгийн нүүдэлчин булаан эзлэгчдийн эсрэг тэмцэх Хятадын түүхийг өгүүлдэг. Хойд зүгийн зэрлэгүүд бол ерөнхий утгаараа одоогийн Монгол орны нутгаар нутаглаж асан бидний өвөг дээдэс агаад Мулан бол Хятадын түүхэн баатар эмэгтэй хэмээх утга аль ч бүтээлд шингэсэн буй. Хүүхэлдэйн кинонд бол “The Huns” буюу хүннүчүүдийг дайснаар дүрслэн, тэдний толгойлогч Шаньюгийн эсрэг тэмцэл өрнөдөг. Харин 2020 онд бүтээсэн уран сайхны кинонд өмнөх бүтээлийн Хүннүтэй тулалдсаныг түүхийн хувьд зөрчилтэй гэж үзэн, оронд нь Жужань буюу Нирун улсын хаантай дайтаж буй эртний Хятадын дайчдыг дүрсэлжээ. Хятадуудын 2009 онд бүтээсэн “Mulan: Rise of a Warrior” кинонд мөн л жужаньчуудын эсрэг тулалдаж буй Умард Вей улсын түүхийг өгүүлдэг. Хуа Муланы дүрд алдарт Жао Вей тоглодгийг үзэгчид санаж буй байх.

Түүхэн баримт талаасаа үнэнд хамгийн дөхөж очих нь 2009 оны эл бүтээл байж болох юм. Учир нь, судлаачид хэрэв Мулан гэх түүхэн хүн байсан бол тэр нь Сяньбийн уналтын үед задарсан овог аймгуудын нэг болох Тоба Вей буюу Умард Вей аймгаас гаралтай гэдэг дээр санал нэгдсэн. Хятадын эх сурвалжууд ч тэр, бусад орны түүхчид ч мөн ийн үздэг. Хамгийн гол нь Сяньби гүрний түүх саяхныг хүртэл зөвхөн хятадуудын тэмдэглэн үлдээсэн эх сурвалжууд, Хятадын нутгаас олдсон археологийн баримтуудад тулгуурлан тодорхойлогдож байсан тул Монголтой холбоотой баримтууд төдийлөн байсангүй. 

Гэвч монгол эрдэмтэд сяньбичууд генийн хувьд хүннүчүүдийн үр удам бөгөөд Хүннүгийн олон отог аймгийг нэгтгэн захирснаараа өнөөгийн монголчуудын генийн санг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой, монгол-тунгус холимог цустай, монгол хэлт аймаг байсан гэж таамаглаж иржээ. МЭ II зуунд хүчирхэгжээд бутарсан энэ аймгаас салаалсан Тоба Вей буюу Умард Вейг мөн л адил Монгол орны зүүн, зүүн хойд хэсэг, Хэрлэн, Онон голын сав газраар уугуул нутагтай, монгол хэлт аймаг байсан хэмээн үздэг. Тобагийн хаадын сурвалжийг үзвэл Хүннүгийн Модун хааны удмынх бөгөөд Тоба хэмээх нэрийн гарал үүсэл “даваа, дов” хэмээн монгол үгс байх боломжтойг монголын түүхийн тайлбар тольд тэмдэглэжээ. Тиймээс бид өөрсдийн хувилбараар авч үзвэл түүхэн талаасаа Мулан бол эртний монгол эмэгтэй байх магадлалтай. Хамгийн гол нь Сяньби болон Тоба Вей нарыг бидний өвөг дээдэс болохыг батлах баримт хомс байлаа. 

Америкийн Хятад судлаач эрдэмтэн Виктор Хэнри Маир 1994 онд Колумбийн Их сургуулийн хэвлэлд “Хуа Муланы дууль”-ийг бүрэн англи орчуулгаар нь хэвлүүлсэн агаад тайлбар хэсэгт нь “Мулан бол 386-534 онд амьдарч байсан Сяньби хүн бөгөөд Жужаньтай хийсэн дайнд эцгийнхээ өмнөөс явсан тухай дуулна. Энэхүү дуунд Хятадын хойд хил дагуух газар нутаг, тэнд амьдрах хүмүүсийн тухай өгүүлдэг. Тиймээс анх энэ зохиол тус нутгийн уугуул хэл болох нүүдэлчдийн хэлээр зохиогдсон байх өндөр магадлалтай. Мулан Сяньбийн нэгэн овог аймаг болох Тоба Вейн харьяат, Евразийн тал нутагт амьдарч байсан нүүдэлчдийн удам. Тэд хожим нь нүүдэллэж өнөөгийн Хятадын хойд хэсгээр суурьшсан, түрэг, эртний монгол хэлт аймгууд” хэмээн бичжээ. 

Эртний түүхийн баримт сэлтүүд археологийн судалгаан дээр суурилдаг тул Сяньбичууд гэж хэн болох, тэдний залгамжлагчид гэж хэн байсан тухай баримтууд ихэвчлэн Хятадын сурвалж болон Хятадын нутгаас олдсон олдворуудад тулгуурлаж ирсэн гэдгийг дээр дурдсан. Тиймээс Мулан хэдий Сяньби эмэгтэй байсан ч түүнийг монгол гентэй, Алтайн язгуурын хэлтэн, нүүдэлчин бүсгүй байх магадлалтайг батлах, эсвэл няцаах боломж тэр бүр гарахгүй байв. Харин 2008 онд Орхон аймгийн Жаргалант сумын Айргийн гозгор хэмээх газраас олдсон Сяньбийн үеийн 112 булш  эл гүрний түүхийг шинээр бичихүйц чухал нээлт болжээ. Олон орны эрдэмтэд хамтран таван жил судалсны эцэст энэ олдвор Сяньбийнх болохыг баталсан байна. Үүнээс өмнө Сяньбийн дурсгал манай орны газар нутагт огт олдож байсангүй. Олон улсын судлаачид тэднийг Их Хянганы нуруунаас урагш нутаглаж байсан гэдгээс өөрөөр дүгнэж чадахгүй байв. 

Орхон аймгийн Жаргалант сумын Айргийн Гозгор дахь археологийн талбай

Харин Айргийн гозгороос олдсон булшнууд тэднийг Монгол орны төвөөр нутаглаж байсныг илтгэх томоохон баримт болов. Энэ тухай археологич, антропологич эрдэмтэн Д.Одбаатар “Археологийн олдвор маш бодитой баримт, сурвалж болдог учраас бидний судалгааны үр дүнд үндэслэн түүхийн зарим хэсгийг өөрчлөх ёстой болно. Энэ дурсгалыг олж судалснаараа Монголын түүхэнд шинэ орон зай нээгдэж байгаа юм. Түүхээ баяжуулж, бодит эх сурвалжид түшиглэн бичих шаардлага тулгарлаа гэсэн үг. Хятадын сурвалж бичигт сяньбичуудын соёл, аж ахуй, амьдралын хэв шинж, зан заншилтай холбоотой олон мэдээ бий. Тэдгээр нь бодитой, эсэхийг манай материалууд нотолно. Бидний судалгаанд тулгуурлан Сяньбийн түүхийг үнэн бодитоор бичих боломж бүрдэнэ” хэмээн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Түүний хэлснээр Сяньбичууд Айргийн гозгорт лавтай 200 жил амьдарсан байх учиртай гэнэ. Харин нүүдлийн ямар жимээр, түүхийн ямар цаг үед Өвөрмонголын нутаг руу нүүдэллэснийг сайтар судлах шаардлагатай аж. 

Энэ олдворуудыг Японы эрдэмтэд сэргээн засварлаж, булшнаас олдсон хүний яснуудад Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэн, анторопологич Кристин Ли судалгаа хийсэн юм. Доктор Ли археологийн баримт, олдворуудад тулгуурлан эмэгтэйчүүдийн түүхэнд гүйцэтгэж ирсэн үүргийг судлах, баримтуудыг танилцуулах зорилгоор “Эмэгтэйчүүдийн ил гараагүй амьдрал” нэртэй конференцийг Америкийн биет археологийн ассоциацитай хамтран зохион байгуулах гэж байсан нь цар тахлын халдвараас болж хойшлоод байна. Тэрбээр шинжлэх ухаан, технологийн сэдвээр мэдээлэл, судалгааны тойм бичдэг arstechnica.com вэб хуудсанд өгсөн ярилцлагадаа “Археологи бол уламжлалт талаасаа эрчүүд давамгайлсан салбар шүү дээ. Тиймээс эмэгтэйчүүдийн түүхэн дүрийг өрөөсгөл харуулж ирсэн байж болох юм” гэжээ.

                                       Айргийн Гозгорын булшнаас олдсон эхнэр, нөхрийн шарил, араг ясны үлдэгдэл 

Түүний өөрийн судалгааны агуулга эмэгтэй дайчид, тэр дундаа цагаан хэрмээс хойш нутаглаж байсан нүүдэлчин эмэгтэйчүүдийн дайнч, тулаанч ахуйд чиглэсэн буй. “Сяньбичуудын орыг эзэлсэн Киданчууд, цаашлаад дундад зууны Монголын эзэнт гүрний түүхэн сурвалжуудад эмэгтэй дайчид, хатад өөрийн гэсэн цэрэг армитай байсныг тэмдэглэсэн байдаг атал өнөө хэр археологийн баримт олдоогүйд Ли доктор гайхаж байж. Магадгүй хэн ч тэдний ул мөрийг, амьдарч байсан хөдөлбөргүй баримтыг хайгаагүй байж мэдэх юм гэж бодсон тэрбээр энэ салбарыг судалж эхэлжээ“ хэмээн “arstechnica” хуудсандаа бичиж. 

Ийнхүү судалж шинжилж, археологийн талбайд ажилласны үр дүнд тэрбээр Айргийн гозгорын олдворууд дотроос гурван Сяньби эмэгтэйн араг ясыг судалж, тэдний хоёр нь лавтай дайн тулаанд оролцож явсныг илтгэх баримтууд олж. “Newscientist” хуудсанд бичсэнээр хэрэв хүн булчингаа маш идэвхтэй ажиллуулж байсан бол хүний ясан дээр түүний ул мөр үлддэг аж. Тухайн хоёр олдворын яснуудыг нарийн шинжлэхэд тэд биеийнхээ булчинг байнга ажиллуулж байсан, аль хэсгийн булчин хэр их ажиллаж байснаар нь дүр зураг гаргахад морь унаж байхдаа булчингууд дээрээ ачаалал авч байсан нь тогтоогджээ. Мөн нум сум харвадаг байсныг илтгэх шинжүүд ясанд хадгалагдан үлдсэн нь гайхалтай хэмээж. 

Гэхдээ эдгээр олдворуудад гэмтэл бэртлийн ул мөр байхгүй байлаа. Энэ тухай Ли тайлбарлахдаа “Нутаглуулсан байр байдлаас нь үзвэл эдгээр эмэгтэйчүүд язгууртан ангид хамаарах хүмүүс гэж хэлж болохоор. Газрын гүнд 6-9 метрт олон тасалгаатай бунхан байгуулж бунхалсныг үзэхэд ингэж дүгнэж болно. Тухайн үед ихэс дээдсүүдийг гардан тулаанд оролцохыг зөвшөөрдөггүй байсан байх магадлалтай” гэжээ. 

Үүнээс үзэхэд ямартай ч манай орноор нутаглаж асан Сяньби эмэгтэйчүүд тодорхой хэмжээгээр дайн тулаанд оролцож, морин дэл дээр нум харваж явсан нь илт байна. Энэхүү археологийн олдвор ийнхүү Сяньбийн түүхийг, монгол эмэгтэйчүүдийн түүхийг өөрөөр бичих, өөрөөр харах боломж олгосон гайхалтай явдал болжээ. 

Олон улсын монгол судлаачид, эртний өмнөд Монгол болон умард Хятадын хэл судлаачид хүртэл Сяньбичууд бол хятадууд огт биш, тэд хятад хэлээр огт ярьж байгаагүй тухай санал нэгтэй тэмдэглэснийг Пенсилванийн их сургуулийн хэл судлалын эрдэм шинжилгээний өгүүллэгийн сангаас үзэж болно. Энэхүү цахим хуудсанд Муланы бодит түүх болон орчин цагт бүтээгдсэн уран сайхны бүтээлүүд хэрхэн түүний дүрийг гуйвуулсан талаар олон судалгааны баримт эш татан тайлбарласан нь бий. 

Энд Мулан хэмээх нэрийн тухай тайлбарлажээ. Хятад хэлэнд Мулан нэр нь замбага цэцэг гэсэн үг. Зайлшгүй эмэгтэй хүний нэр байхаар аж. Ийм эмэгтэй нэртэй цэрэг армид олон жил ямар ч хар сэр төрүүлэхгүй алба хашиж байсан нь сонирхол татна гээд Канадын Хятад судлаач эрдэмтэн Санпинг Чен өөрийн судалгааг хийжээ. Тэр “Дундад зууны эхэн үеийн олон соёлт Хятад орон ”номынхоо хоёр дугаар бүлэгт Мулан хэмээх нэр нь хятад үг биш, түрэг-монгол хэлнээс гаралтай өөр үг байж болохыг тайлбарлажээ. Үүнд, “Мулан буюу Муклан гэдэг нэр бол Сяньбийн тобачууд болон бусад Түрэг монголчуудын хувьд эрэмгий, тулаанч эрийн нэр. Хэл шинжлэл, авиа шинжлэл, түүх судлалын талаас нь авч үзсэн ч Мулан бол Алтайн язгуурын хэлний үг. Алтайн язгуурын хэл судлалын алдарт эрдэмтэн Сергей Старостины үзсэнээр алтайн хэлэнд “мула” бол бугын төрлийн амьтан, тунгус хэлэнд үүнийг “мул” гэх ба монгол хэлэнд “марал” гэсэн нь уулын бугыг нэрийдэж буй юм. Харин түрэг хэлэнд “булан” гэдэг нь хандгайг нэрлэсэн нэр. Энэхүү нэрийн гаргалгаанууд, тэр дундаа түрэг хэлний хувилбар нь Тобагийн Муланы нэрийг тайлбарлаж чадах сайн тайлбар болно” хэмээжээ. Мөн XI зууны алдартай түрэг хэл судлаач, түрэг хэлний толь бичгийн эрдэмтэн Махмуд Ал-Кашгари “буклан” гэх үгийг “ганц эвэрт” хэмээн орчуулж үлдээсэн тухай Санпинг Чен бичжээ. Түүнчлэн Мулан гэдэг нэрийн кантон дуудлага нь Мук-лан агаад уламжлалт хятад дуудлага нь Бук-лан болох тухай сурвалжуудыг дурдаж. 

Бас нэгэн сонирхолтой баримт бол энэ бүхний эхлэл цэг болох “Муланы дууль” хэмээх аман зохиолд эцэгт нь ирсэн зарлигийг үзээд гуниглан суугаа Муланыг яагаад ийм уйтай буйг асуухад “Хааны зарлиг иржээ. Эцгийн минь нэрийг дуудаж. Хөгшин эцгийнхээ өмнөөс дайнд явах эр бие гүйцсэн хүү түүнд алга даа” хэмээн хариулж буй дуулалт хэсэгт “хаан” гэдэг үг “хан” хэмээх монгол нэршлээрээ байдаг. Үүнийг англи хэлнээ орчуулсан хувилбарууд дээр “khan/quaghan” гэж дуудсан буй. Энэ тухай Германы Хятад судлаач, Иелийн их сургуулийн Хятадын уран зохиол, яруу найраг судлаач асан Ханс Франкел бичихдээ “Энэхүү дуулалт шүлэг МЭ V-VI зуунд зохиогдсон. Тэр цагт Хятад орон өмнөд болон умардад хуваагдсан байв. Умардынхан бол Хан угсаатнууд огтоос биш, Сяньбийн удмын тобачууд зонхилсон улс байлаа. Энэ нь “Муланы дуулал”-д яагаад эзэн удирдагчаа “хаан” хэмээж буйг тайлбарлаж буй юм. “Хаан” хэмээх нь хойд зүгийн нүүдэлчид удирдагчаа нэрлэх нэр. Тиймээс уран сайхны бүтээлүүдэд гарах Муланы дүрийг хойд зүгийн барбарчуудтай тулалдах Күнзийн иргэншилт хятад хүний дүрээр үзүүлэх нь зохисгүй юм” гэж бичсэн байдаг. Сяньбийн Тоба аймгийн хүчирхэг дайчин бүсгүй Муланы түүхийг сөхвөл ийм ажгуу. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
3
2023.04.24
Шинэцог-Гени | Хэн нэгэн байх хангалтгүй
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
0
1
0
0
0
6
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.01 172.69.252.133

Үнэхээр гайхалтай сайн нийтлэл байна. Олон эрдэмтэд судлаачдын судалгаан дээр суурилсан нотолгоо сайтай. Энэ нийтлэлийг өшөө олон хүн хүүхэд залуучууд уншаасай гэсэндээ өрийн нүүр номондоо хуулж орууллаа

0 Хариулах


zochin 2020.11.03 172.69.252.139

Bi tvvhen zvil unchih ih durtai hvn bayarlalaa

0 Хариулах


Зочин 2020.11.03 172.69.252.139

vnheer sonirholtoi bailaa bayarlalaa

0 Хариулах


Зочин 2020.05.02 172.69.252.139

Их сонирхолтой, баримттай, чанартай нийтлэл болжээ. Маш их баярлалаа.

0 Хариулах


Зочин 2020.11.03 172.69.252.151

Бид эх түүхээ судлавал их л сайхан түүхүүд байх юм.

0 Хариулах