UBLife Logo
Newsfeed

Миллениалуудын ажлын орчин | Урам зориг, эрч хүчээр дүүрэн Капитроны залуус

Миллениалуудын ажлын орчин | Урам зориг, эрч хүчээр дүүрэн Капитроны залуус

Өсөн дэвших боломжийг үргэлж бүрдүүлдэг байгууллага, халуун дулаан хамт олны нэг эд эс болж ажиллах нь залуус бидний хүсэл мөрөөдөл байдаг. Өглөөд ажилдаа урамтай зорьж, өдрийг бүтээмжтэй өнгөрүүлээд, хайртай хүмүүс рүүгээ яаран харих нь миллениал үеийн залуусын амьдралын хэмнэл болжээ. “Миллениалуудын ажлын орчин” булангийн энэ удаагийн дугаараар бид Капитрон банкны залуусын ажлын орчинтой танилцлаа. Хотын төвд сүндэрлэх төв оффис болон салбар нэгжүүддээ ажилладаг капитрончууд мянга мянган харилцагчийнхаа санхүүгийн шийдвэрт нь дэмжлэг үзүүлж байна.


Капитрон банкны Даатгалын зуучлалын хэлтсийн менежер З.Баярмаа: Өөрийн ажилдаа эзэн, бусдын ажилд түшиг нь байхыг хүсдэг

Нас - 38

Ажлын онцлог: Би санхүүгийн салбарт ажиллаад 17 жил, Капитрон банканд ажиллаад гурван жил болж байна. Банк, санхүүгийн салбарын ажилтнууд нэн тэргүүнд хариуцлагатай байх шаардлагатай. Товлосон хугацаандаа хүлээж авсан ажлаа үр дүнтэй гүйцэтгэх нь манай ажлын онцлог. Би 2018 оноос даатгалын чиглэлээр ажиллаж байгаа. Тухайн үеийг одоотой харьцуулан үзэхэд даатгалын талаарх хүмүүсийн мэдээ мэдээлэл сайжирсан. Монголчуудын хамгийн сайн мэддэг нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгал. Мөн тээврийн хэрэгслийн даатгалууд зах зээлд нэлээд түгээмэл хийгддэг. Банкны зүгээс зээлдэгчдийн амь нас, эрүүл мэнд, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг даатгаж, болзошгүй эрсдлээс хамгаалж байна.

Ажлын бүтээмжээ хэрхэн сайжруулдаг вэ: Манай миллениал үеийнхэн хоёр нийгмийг дамнаад амьдарч байгаа болоод ч тэр үү аливаад хатуужилтай, хариуцлагатай, тэвчээртэй гэж боддог. Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд би нэг сайхан кофе, цай уугаад Төв талбай, төрийн ордноо харчхаад ханцуй шамлан ордог доо. Миний суудаг хэсэгт орчны харагдах байдал үнэхээр гоё. Яг талбай руу харсан цонхтой. Манайх олон салбар, нэгжтэй учраас ажлаа уялдаа холбоотой хийвэл их зүгээр. Өөрийн ажилдаа эзэн, бусдын ажилд түшиг нь байхыг л гол зарчмаа болгодог.

Байгууллагын соёлоос хамгийн их таалагддаг зүйл: Хүүхдээ төрүүлж гэртээ гурван жил байсныхаа дараа энд шинэ ажилтан болж орж ирсэн. Ажиллаж байгаад декритнээсээ орж ирсэн юм шиг л халуун дотно хүлээж авсан нь үнэхээр сайхан санагдсан. Тийм ч болохоор ажил маань урагштай, ердөө хоёрхон жилийн дотор байгууллагынхаа шилдэг ажилтан болж байсан. Манай ажилтнууд болон удирдлага хоорондын харилцаа нээлттэй байдаг. Ажилтнууддаа зориулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг юм. Жишээлбэл, өнгөрсөн жил “Women mentoring” гэж эмэгтэйчүүдийн ментор хөтөлбөр зохион байгуулсан. Би ментий болж оролцоод ментороосоо ажлын төдийгүй хувь хүний хөгжил талаасаа ч сургалт, зөвлөгөө авсан. Мөн манай банк ажилтнуудынхаа эрүүл мэндийг анхаарахаас гадна сэтгэл зүйг чухалчилж үздэг. Сэтгэл зүйгээ удирдах төрөл бүрийн сургалт, уулзалт, групп ярилцлагууд хийдэг нь гоё.

Мэргэшүүлэх төрөл бүрийн сургалтад хамруулахаас гадна улирал, жилийн бонус цалин амьдралд нэмэртэй байдаг. Мөн хүүхдийн төрсөн өдөр, эцэг эхийн хурал, school police хийх, эмнэлгээр явах зэрэг онцгой өдрүүдэд 2 цагийн цалинтай чөлөө өгдөг. Цэцэрлэг, сургуулийн хүүхэдтэй над шиг хүмүүст 07:30-09:30 цагийн хооронд ажлаа эхлүүлж ажлын уян хатан цагийн хуваарьтай байдагт нь дуртай.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ: Аль болох гэр бүл, хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэхийг хичээдэг. Хамтдаа агаарт гарч алхах, аялал зугаалга хийх, заримдаа зүгээр л гэртээ кино үзэж суух нь сайхан амралт болдог.

Таныг аз жаргалтай болгодог зүйл: Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ бол зөвхөн нэг ажилтны биш хамтын үр дүн байдаг. Энэ том багийн нэг гишүүн гэдгээрээ бахархдаг. Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ дундаа даатгалын үйлчилгээ бол хүмүүст хүнд үед нь итгэл найдвар, тулах цэг нь болж өгдөг. Эрүүл мэнд, эд хөрөнгөд нь эрсдэл учирсан үед даатгалаар дамжуулан санхүүгийн хохирол, сэтгэлийн зовиургүйгээр даван туулж байгааг нь харахад жаргалтай байдаг. Хүний амьдрал л болсон хойно даатгуулагч маань нас барах тохиолдол байдаг. Хэдий өөрөө бурхан болсон ч эд хөрөнгө нь ар гэрт нь үлдэж, өв болох боломж бүрдүүлдэг нь эерэг санагддаг юм. Хүмүүсийн талархсан сэтгэгдлийг хүлээн авах сайхан байдаг.

Өдөрт хамгийн их ашигладаг гурван зүйл: Зөөврийн компьютер, утас, цайны аяга. Аяга бол шууд утгаараа ажилд хэрэглэгддэггүй ч цай, кофегоо ууж эрч хүчээ сэлбэдэг.

Ширээн дээрээсээ нэг гоё зүйл нэрлээч: Миний 5мл-тай жижиг үнэртэй ус. Сэтгэлээ сэргээхдээ юм уу онцгой өдрөө цацдаг юм.


Капитрон банкны Эрсдэлийн удирдлагын газарт Хөрөнгийн үнэлгээчин Л.Мэнд-Амар: Гол зорилго минь зээлийн барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоох

Нас: 31

Ажлын онцлог: Би 2016 онд Мандах дээд сургуулийг “Банкны эдийн засаг, нягтлан бодогч” мэргэжлээр төгсөөд Капитрон банкандаа анх ажилд орсон. Одоо хөрөнгийн үнэлгээчнээр 9 дэх жилдээ ажиллаж байна. Капитрон банк нь тасралтгүй хөгжил, харилцагчдад чиглэсэн үйлчилгээ, хариуцлага, хурд гэсэн үнэт зүйлс дээр тулгуурладаг.

Миний гол ажил бол харилцагч зээл хүссэн үед барьцаа хөрөнгийг нь судалж, зах зээл дээрх бодит үнэ цэнийг тогтоох юм. Үнэлгээгээ бусдаас хараат бус, судалгаа шинжилгээнд тулгуурлан гаргадаг. Бусдын нөлөөнд авталгүй, итгэл үнэмшлээ баримталж ажиллах нь энэ ажлын онцлог юм. Өөрийн гаргасан үнэлгээгээ хамгаалах үүрэгтэй тул нотолгоо болгож мэдээллийн эх сурвалж, баазаа маш сайн хадгалах нь чухал байдаг.

Ажлын бүтээмжээ хэрхэн сайжруулдаг вэ: Миний хувьд ажлын бүтээмжийг хамгийн сайн нэмэгдүүлдэг зүйл бол эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй байдал. Өдөр бүрийн ажлаа урьдчилан төлөвлөж, юу хийхээ тодорхой болгох нь цаг хэмнэж, анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг.

Мөн ажлын онцлогоосоо болоод би гадуур явахдаа ч шинэ барилга, байгууламжийн үнэ ханш, зах зээлийн мэдээллийг сонирхож, судалж авдаг. Тухайн мэдээллээ шаардлагатай бол дата санд нэмээд хадгалчихдаг. Ингэснээр ирээдүйд яг тэр барилга, үл хөдлөх хөрөнгийг үнэлэх шаардлага гарвал өмнөх судалгаа, дата шууд хэрэг болж, ажлыг илүү хурдан, үр дүнтэй хийх боломж бүрддэг. Ингэж байнга мэдээллээ шинэчилж, эмхэлж цэгцэлснээр цаг хугацаагаа хэмнээд зогсохгүй, ажлын чанараа ч сайжруулж чаддаг.

Байгууллагын соёлоос хамгийн их таалагддаг зүйл: Намайг хамгийн их урамшуулдаг зүйл бол манай банк ажилтныхаа дуу хоолойг сонсож, сэтгэл ханамжийг чухалчилдаг явдал юм. Би Капитрон банкаа зөвхөн санхүүгийн үйлчилгээний салбарт төдийгүй, ажилтнаа хөгжүүлэх, сэтгэл ханамж, урам зориг өгөх бодлогоороо ч үлгэр жишээ байгууллага гэж боддог. Жишээ татвал, ажилтнуудын орон сууцны зээлийн бодлого надад хамгийн их таалагддаг. Өнөө үед залуу гэр бүл бүрийн хүсэл бол өөрийн гэсэн орон сууц, байртай болох шүү дээ. Капитрон банк энэ хүслийг дэмжиж, ажилтнууддаа урьдчилгаа 10 хувиа бүрдүүлсэн тохиолдолд үлдэгдлийг нь 6 хувийн хүүтэй зээлээр авах боломжийг олгодог.

Мөн бид сар бүр цалингийн тодорхой хувийг хуримтлалын сандаа байршуулдаг бөгөөд банк маань түүнийг хоёр дахин үржүүлж олгодог. Энэ нь ажилтнуудаа санхүүгийн сахилга баттай, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхэд урамшуулж байдаг. Түүнчлэн нэг ажлын байранд 7 жил тасралтгүй ажилласан ажилтанд 7 хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг хувь хүнийг бодсон, урам зориг өгдөг олон бодлого хэрэгждэг. Энэ бүх зүйл Капитрон банкны хамт олныг нэг зорилго, нэг үнэ цэнээр нэгтгэж, итгэлтэйгээр урт хугацаанд ажиллах урам өгдөг гэж боддог.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ: Миний хувьд амьд хөгжимд сонирхолтой. Одоогоор амралтын өдрүүдээр хүүхэд, залуучуудад бөмбөрийн анхан шатны хичээл зааж байна. Бөмбөрийг анх сонирхлоороо Youtube-с сурч байсан. Одоо ч суралцсаар байна. Бөмбөр бол хамтлагийн хамгийн чухал хэсэг. Яг л зүрх шиг. Тиймээс тоглох бүртээ их урам авч, сэтгэл сэргэдэг. Харин ажил дээрээ байхдаа кофены өрөөнд хамт олонтойгоо кофе чанаж уунгаа ярилцах мөч хамгийн дуртай амралт минь болдог.

Таныг аз жаргалтай болгодог зүйл: Оюутны ширээнээс гарч, Капитрон банканд ажилд орсноос хойш 9 жил өнгөрчээ. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрсөн байна. Энэ хугацаанд намайг тогтвор суурьшилтай, сэтгэл хангалуун ажиллахад хамгийн их нөлөөлсөн зүйл бол ажлын хамт олны дулаан уур амьсгал төдийгүй мэдээж хайртай гэр бүл минь байна. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Гэр бүл болон хамт олныхоо итгэл, дэмжлэгийг өдөр бүр мэдэрдэг нь сайхан шүү.

Өдөрт хамгийн их ашигладаг гурван зүйл: Утас, тооны машин, зарын сайтууд.

Ширээн дээрээсээ нэг гоё зүйл нэрлээч: Би тооны машиндаа их дуртай. Байнга тооны машинаа ашиглаж, тоо боддог. Намайг анх ажилд ороход л байсан гэхээр надтай хамт 9 жил болчихлоо. Бүр “сапирчихсан”. Эвдрээгүй болохоор хэрэглээд л байдаг юм.

Өмнө нь би он бүрийн эхэнд ширээний календарь дээрээ чухал өдрүүд, төлөвлөгөөгөө тэмдэглэж ашиглаж байсан. Харин энэ жил хөтлөлгүй орхисон чинь өдөр тутмын ажлаа төлөвлөхөд хэрэгтэй байсныг ойлгосон. Тиймээс ирэх жилээс заавал календариа хөтөлнө гэж шийдсэн.


Капитрон банкны Програм ашиглалтын ахлах мэргэжилтэн Г.Баярцэцэг: Ажилтнуудынхаа идэвх санаачилгыг дэмжиж, эв нэгдэлтэй хамт олныг бий болгож чадсан

Нас: 30

Ажлын онцлог: Би ХИС-ийг 2016 онд програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Төгссөнийхөө дараа Чингис хаан банканд ажлын гараагаа эхэлж, 2021 оноос Капитрон банкандаа программ ашиглалтын мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Энэ наймдугаар сараас ахлах мэргэжилтнээр тушаал дэвшин ажиллаж байна. Манай газар нийт таван хэлтэстэй. Манай хэлтэс банкны ажилтнуудын ашигладаг програм, системүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, сайжруулах чиглэлээр ажилладаг. Бид банкны үндсэн бүртгэлийн систем, дижитал банк болон дэд системүүдийн найдвартай ажиллагааг хангаж, хэрэглэгчдэд заавар, зөвлөгөө өгч шаардлагатай сайжруулалт, шинэчлэлтийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, програмын ашиглалт, хэрэглэгчийн дэмжлэгийн чиглэлээр ажилладаг.

Ажлын бүтээмжээ хэрхэн сайжруулдаг вэ: Манай байгууллагын ажиллах нөхцөл маш таатай. Банкны үйл ажиллагаа тодорхой процессын дагуу, зохион байгуулалттай явагддаг болохоор ажил мэргэжлийн хувьд тогтвортой, ойлгомжтой орчин бүрдсэн гэж боддог. Мөн ажилтнуудаа урамшуулах бодлого сайн хэрэгжүүлдэг. Улирлын гүйцэтгэлийн урамшуулал, нэмэгдэл цалин, спорт өдөрлөг, сонирхолтой уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг нь биднийг илүү эрч хүчтэй ажиллахад нөлөөлдөг юм шиг санагддаг.

Байгууллагын соёлоос хамгийн их таалагддаг зүйл: Капитрон банк бол ажилтнууддаа ээлтэй, хамтын оролцоог дэмждэг байгууллага. Ажилтнуудынхаа идэвх санаачилгыг дэмжиж, олон талын урамшуулал, хамтын ажиллагаагаар дамжуулан зөв хандлагатай, эв нэгдэлтэй хамт олныг бий болгож чадсан гэж боддог. Ажилдаа дуртай байхад нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь урамшуулал яалт ч үгүй мөн. Жишээлбэл, манай байгууллага “Social Benefit” нэртэй хөтөлбөрөөр ажилтан бүр улиралд нэг удаа тодорхой урамшуулал авдаг. Манай газрын ажилтнууд 4 баг болж хуваагдаад газрын хуримтлалын дансандаа сар бүр мөнгө хуримтлуулж, улиралд нэг баг нь сонирхолтой үйл ажиллагаа зохион явуулдаг. Энэ хүрээнд спорт өдөрлөг, танин мэдэхүйн тэмцээн, багийн уралдаан зэрэг олон арга хэмжээнд бид хамрагддаг. Өнгөрсөн улирлын үйл ажиллагаагаараа газрынхаа дунд спортын өдөрлөг зохион байгуулж, сагсан бөмбөг, волейболоор өрсөлдсөн.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ: Би спортоор хичээллэх дуртай. Мэргэжлийн тамирчин биш ч байгууллагынхаа волейбол болон хөл бөмбөгийн шигшээ багт харьяалагддаг. Жил бүр банк хоорондын тэмцээнд оролцож, бэлтгэлээ базаадаг юм. Бараг сарын өмнөөс бэлтгэлээ хийж эхэлдэг болохоор заримдаа ажлын цагаар хийх шаардлага гарна. Тэр үед манай удирдлагууд маш сайн ойлгож, дэмждэг нь үнэхээр сайхан. Хамт олон маань ч миний оронд ажиллаж, надад тусалж, урам өгдөг.

Таныг аз жаргалтай болгодог зүйл: Миний хувьд ажлаасаа хамгийн их сэтгэл ханамж, урам авдаг зүйл бол хүмүүсийн асуудлыг шийдэж өгөөд “баярлалаа” гэдэг үгийг сонсох мөч. Энгийн боловч үнэхээр урам өгдөг.

Өдөрт хамгийн их ашигладаг гурван зүйл: Компьютер, цаасан календарь, стикер буюу наадаг тэмдэглэлийн цаас.

Ширээн дээрээсээ нэг гоё зүйл нэрлээч: Мэдээлэл, технологийн газрын ажилтнууд дунд зохион байгуулсан асуулт хариултын тэмцээнд байр эзэлж, шилэн бөмбөлөгөөр шагнуулсан маань ширээний чимэг болдог.


Капитрон банкны Зайсан салбарын Харилцааны менежер Г.Баярболд: Харилцагч маань баярлаад, ямар нэгэн реакшн гаргах нь миний ажлаасаа авдаг сайхан мэдрэмж

Нас: 30

Ажлын онцлог: Би 2021 онд Капитрон банканд Харилцааны менежер буюу зээлийн эдийн засагчаар ажилд орсон. Их сургуулиа 2017 онд төгсөөд теллерээр ажиллаж байгаад Ирландад хэлний бэлтгэлд явсан. Ирландаас ирээд л эндээ ажиллаж эхэлсэн.

Би хүмүүст бодит тусламж үзүүлж, санхүүгийн зөв шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлдэг. Зээлийн эдийн засагч зөвхөн бичиг цаастай зууралдах биш хариуцлага өндөр, нарийн мэргэжил. Өдөр бүр өөр салбарын төрөл бүрийн хүмүүстэй уулзаж, тухайн хүнд тохирсон шийдэл гаргадгаараа онцлог.

Ажлын бүтээмжээ хэрхэн сайжруулдаг вэ: Өглөөд ажлаа төлөвлөчихдөг. Тархи толгой сэргэг үедээ зээлийн судалгаагаа хийгээд үдээс хойшдоо гадуур уулзалтаа товлочиход ажлын бүтээмж сайн байдаг.

Байгууллагын соёлоос хамгийн их таалагддаг зүйл: Манай байгууллага хувь хүн бүрийн оролцоог дэмждгээрээ давуу болов уу. Хүмүүсийн онцлогт тааруулаад ажлын бүтээмж нэмэх, стрессээ тайлах, удирдах болон хүмүүстэй харилцах тухай хувь хүний хөгжлийн сургалтууд ордог нь ажилд ч, амьдралд ч хэрэгтэй байдаг юм. Хамгийн сүүлд “Эрсдэлийн форум” сургалтаар уул уурхайн ч юмуу том том бизнесийн судалгаанд юуг анхаарч, хэрхэн ажиллах талаар заасан нь сонирхолтой байлаа.

Тогтмол борлуулалт, зээлийн уралдаант аян зарлаад урамшуулал олгохоос гадна хүүхэдтэй хүмүүст 9-р сарын 1-нд цалинтай чөлөө олгох, эцэг эхийн хуралд зарцуулах цаг гаргаад цалин олгодог нь өдөр тутмын амьдралд минь нэмэртэй байдаг. Би 3 хүүхэдтэй. Том нь 7, дундах нь 3 настай, бага хүүхэд маань удахгүй ой хүрнэ.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ: Капитрон банк маань ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг нэгтгэх зорилгоор жил бүр спортын өдөрлөг, “Quiz night” зохион байгуулахаас гадна салбар нэгжүүдэд зохион байгуулах үйл ажиллагаанд нь зориулж төсөв баталдаг. Миний хувьд хүүхдүүд бага байгаа учраас чөлөөт цагаа гэр бүлдээ зарцуулахад анхаарч байгаа. Амралтаараа ихэвчлэн гэр бүлээрээ цэвэр агаарт гарч байна.

Таныг аз жаргалтай болгодог зүйл: Ипотекийн зээлийн шийдвэр нь гараад тухайн хүнд утсаар мэдэгдэхэд харилцагч маань баярлаад, ямар нэгэн реакшн гаргах нь миний ажлаасаа авдаг сайхан мэдрэмж. Бид нар шууд утгаараа санхүүтэй харилцдаг учраас мэргэжлийн байх ёстой. Хувь хүн болон байгууллагад зээлийн хүсэлтийг нь шуурхай шийдчихвэл бас гоё байдаг. Хэрэгтэй үед нь хэрэгцээтэй зээлийг нь шуурхай шийдэж чадвал урамтай байдаг юм.

Өдөрт хамгийн их ашигладаг гурван зүйл: Тооны машин, тэмдэглэлийн дэвтэр, утас.

Ширээн дээрээсээ нэг гоё зүйл нэрлээч: Харилцагчдад үйлчилгээ үзүүлдэг болохоор мэргэжлийн үүднээс цэвэр цэмцгэр байх ёстой. Ширээн дээрээ илүү дутуу юм тавьдаггүй. Миний ажлын орчны хамгийн үнэт зүйл бол сандал. Ачаалалтай үедээ сандалаа налаад хэсэг сууж, эрч хүчээ сэлбэдэг.


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
С.Ичинраднаа\47.129.114.196
Saiihan zaluus amjilt
С.Ичинраднаа\47.129.114.196
Saiihan zaluus amjilt