UBLife Logo
Улс төр

Такаичи Санаэ: Би Ерөнхий сайд Н.Учралтай нягт хамтран ажиллах болно

Такаичи Санаэ: Би Ерөнхий сайд Н.Учралтай нягт хамтран ажиллах болно

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад есдүгээр сарын 27-30-нд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын дараа Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ X сүлжээний албан ёсны хуудсандаа ийнхүү бичжээ.

Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ “Би Японд албан ёсны айлчлал хийж байгаа Монголын Ерөнхий сайд Н.Учралтай саяхан дээд түвшний уулзалт хийж, ажлын зоог барьлаа. Уулзалтын эхэнд би түүнийг анхны гадаад айлчлал хийх орноороо Японыг сонгосонд талархал илэрхийлсэн. Мөн Япон Улс Монголын чухал гуравдагч хөршийн хувьд “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н санаачилгын хүрээнд хамтран ажиллаж, дэмжсээр байх болно гэдгээ мэдэгдсэн билээ. Бид “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд аюулгүй байдал болон хиймэл оюун ухаан зэрэг шинэ салбарт хамтран ажиллахаа бататгалаа. Түүнчлэн ирэх онд тохиох "Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой"-г угтан, тухайн үеийн Ерөнхий сайд Кишида болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын 2022 онд гаргасан хамтарсан мэдэгдэл, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан эдийн засгийн салбар зэрэг хамтын ажиллагааны явцыг хамтран хянаж, хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо. Сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгааг харгалзан, “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н санаачилгын хүрээнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх талаар санал солилцов. Ерөнхий сайд Н.Учралын санал болгосон бизнес орчныг сайжруулах санаачилгыг дэмжих, татварын хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх, мөн нийгмийн хамгааллын хэлэлцээрийн талаар урьдчилсан зөвлөлдөх уулзалт хийх чиглэлээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхээр ярилцсан. Энэхүү дээд түвшний уулзалтын хүрээнд бид өнөөдөр Японы компаниуд үйл ажиллагаанд нь оролцож буй "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг өргөтгөх төсөлд зориулсан иенийн зээлийн талаарх нот бичиг солилцох үйл явцыг хэрэгжүүллээ. Манай хулгайлагдсан иргэдийн асуудлыг Монгол Улс ойлгож, хамтран ажиллаж байгаад нь би Ерөнхий сайд Н.Учралд дахин талархал илэрхийлсэн. Монгол Улсын хамгийн чухал "гуравдагч хөрш"-ийн хувьд би цаашид ч Ерөнхий сайд Н.Учралтай нягт хамтран ажиллах болно” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...