Сүүлийн үед интернетийн дизайн нэгэн хэвийн, минималист байдлаас татгалзаж, 2000-аад оны эхэн үеийн өнгөлөг, хөдөлгөөнтэй загварыг интернет хэрэглэгчид илүү таашаах болж. Тод өнгө, том фонт, хөдөлгөөнт GIF, өөрийн хүссэнээрээ тохируулсан вебсайт зэрэг нь дахин хүмүүсийн сонирхолыг татах болжээ.
Хэдхэн жилийн өмнө бид өөрсдийн blog буюу жижигхэн дижитал буланг үүсгэж, үзэл бодол, сонирхол, өдөр тутмын амьдралаа хуваалцдаг байв. Вебсайтынхаа өнгө, фонт, зураг, хөгжим төдийгүй хулганын курсорыг хүртэл өөрийнхөөрөө өөрчлөх боломжтой байсан нь тухайн үеийн интернетийн гол онцлог байлаа.
Харин сошиал платформууд хөгжихийн хэрээр энэ бүх зүйл аажмаар өөрчлөгдсөн. Профайл, постын хэмжээ, интерфейс, навигаци гээд ихэнх платформууд хэрэглэгчдэд илүү хялбар байхыг зорьж, хоорондоо төстэй минималист дизайнтай болсон. Тиймээс ч олон дагагчтай болохоос илүү өөрийн гэсэн жижигхэн дижитал орон зайтай байхыг хүссэн хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа аж.
Үүнийг personal website, blog, digital scrapbook зэрэг хэлбэрээс харж болно. Мэргэжлийн дизайнер заавал оролцох шаардлагагүй, хүн өөрийн хүссэн өнгө, фонт, зураг, GIF, хөгжим, бичвэрээ байршуулж, яг өөртөө зориулсан веб орон зайг бүтээдэг. Ингэснээр 2000-аад оны интернетэд танил байсан зарим элементүүд ч дахин дизайны тренд болж байна. Тухайлбал:
Custom cursor – өөрийн хүссэнээр хулганын курсорыг өөрчлөх

Pixel GIF – жижиг хэмжээтэй пикселэн хөдөлгөөнт зураг

Visitor counter – сайтад хэдэн хүн зочилсныг харуулах тоолуур

Guestbook – зочид мессеж үлдээдэг хэсэг

Жижигхэн тоглоомууд – вебсайтад шууд тоглох энгийн тоглоом

Гараар бичсэн HTML/CSS – бэлэн загвараас илүү өөрийнхөөрөө кодлон бүтээх

Анивчдаг болон хөдөлгөөнт текст – мэдээллээс илүү чимэглэл, хувийн өнгө аясыг бий болгох элементүүд

Сошиал платформууд биднийг ижилхэн интерфейс, ижилхэн формат руу хөтөлж буй энэ үед хүссэнээр загварчилж болох вебсайтдууд хэрэглэгчдийн анхаарлыг татаж байгаа нь гарцаагүй. Тиймээс 2000-аад оны интернетийн эргэн ирэлт нь зүгээр л ретро тренд биш, харин бүгдээс ялгарах өөрийн булангаа дахин бүтээх хүсэлтэй холбоотой ажээ.
