UBLife Logo
World News Day

Дэлхийн мэдээний өдөр | Тэмцэх цаг ирлээ

Ж.Хулан
Ж.Хулан
Дэлхийн мэдээний өдөр | Тэмцэх цаг ирлээ

Gereg & Ub.life-ийн редакц Дэлхийн редакторуудын форум байгууллагад гишүүнээр элссэний хувьд 3 дахь жилдээ Дэлхийн мэдээний өдөрт нэгдэж байна. Энэ жилийн хувьд олон улсын редакцууд “Баримтыг эрхэмлэ. Учрыг тунгаа” уриан дор нэгдэж байгаа бөгөөд бид дэлхийн шилдэг авторуудын сэтгүүл зүйн тухай эргэцүүлэл нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна.


Бранко Брккич нь сэтгүүл зүйг нийгмийн онцгой үйлчилгээ болох үүрэгт нь эргэн хөтлөхийн төлөөх мэргэжилтнүүдийн нэгдэл Project Kontinuum-ийг үүсгэн байгуулагч юм. Мөн тэрээр Өмнөд Африкийн Daily Maverick сониныг үүсгэн байгуулагч, ерөнхий редактор асан бөгөөд Дэлхийн мэдээний өдрийг хамтран зохион байгуулагч.

Тэмцэх цаг ирлээ

Би амьдралынхаа туршид олон хүн зон, байгууллага бүү хэл улс орон ч үнэн, худлыг ялгах чиг баримжаагаа алдахыг үзсэн. Тэртээ 1980-аад онд Югославт ном хэвлэлийн салбарт ажлын гараагаа дөнгөж эхэлж байхад минь манай нийгмийн 40 жил хамтдаа итгэж ирсэн баримт хэсэг хэсгээрээ бутран унаж, эцэстээ улс орон маань юун төлөө зогсдог, түүний суурь үнэт зүйлс юу болох, улмаар юу болоод байгаа талаар ч олон нийт санал нийлэхээ болив. Энэ бүхний эцэст хэдэн зуун мянган хүн амь үрэгдэж, сая сая хүний амьдрал сүйрэв. Нэгэн цул нийгэм үгүйрч, хүмүүс тал бүрд дайжиж, хүнлэг бус үйлдлийн ул мөр, үеэс үе дамжин хөндүүрлэх шарх тээн хоцорсон.

Үүнээс хэдэн арваны дараа Өмнөд Африкт би үүний эсрэг нэгэн үйл явдлын хэсэг болсон юм. Төрийн эрх мэдлийг явцуу ашиг сонирхолдоо ашиглаж байсан баримт, сэлтийг эрэн сурвалжилж, гэмт этгээд няцаах аргагүй болтол нэг нэгээр нь уудлан гаргаж байсан цуцашгүй сэтгүүлчидтэй нэг баг байлаа. Энэ сурвалжилга өргөн утгаараа тус улсад итгэл найдвар авчирч, тун богино хугацаанд ч болов ирээдүйгээ өөдрөгөөр харахад хүргэсэн оч нь байв.

Амьдралын минь энэ хоёр туршлага хэдий хоёр эсрэг талаас боловч надад ижил нэгэн сургамж өгсөн юм. Үнэн, худлыг ялгахаа больж, баримтад барьц алдсан нийгэм өөрөө ч бас барьц алдан сүйрдэг. Харин баримтыг түшиж, үнэний төлөө тэмцэж чадвал нийгэм эргээд зөв замдаа орно.

Энэ бол Дэлхийн мэдээний өдрийн утга учир бөгөөд есдүгээр сарын 28-нд 100 гаруй оронд мянга давсан редакц энэ өдрийг тэмдэглэдгийн шалтгаан.

Дэлхийн мэдээний өдөр бол бид найдвартай мэдээлэл гэдэг орчин цагийн, мэдээлэлд суурилсан нийгмийн нэгэн дэд бүтэц гэдэгт итгэн үнэмшдэгээ тунхаглах өдөр. Найдвартай мэдээлэл яг л ус, эрчим хүчний нэгэн адил бидний оршин байхуйн үндэс хийгээд ач холбогдлыг нь бид үгүй болох үед нь, эсвэл яг мэдээ шиг харагддаг ч мэдээ биш ямар нэг зүйлээр орлуулах үед л анзаардаг.

Суртал ухуулга нийтлэгчидтэй, зориудаар хуурамч мэдээлэл түгээдэг троллуудтай бид нэг орчинд, ижил хэрэгсэлтэй байдаг нь манай салбарын хамгийн том сул тал. Бидний сурвалжилга, дүн шинжилгээ, эрэн сурвалжлах нийтлэлүүд энэ дэлхийн хамгийн аймшигт солиорол, үзэн ядалтыг бүтээдэг гэмтнүүдтэй нэг суваг, хэрэгслээр дамжин хүрдэг. Гэсэн ч бид шантрах учиргүй. Бид энд байсаар байна. Юу ч болсон таны талд байх нь бидний эрхэм зорилго, урагшлах хүч юм.

Бид үргэлж танд

Баримтыг мэдэхэд туслах болно.

Баримт хэзээ ч өөрөө ирдэггүй. Бид өөрсдөө эрж хайж, баримт бичгийг уншин судалж, гэрчийг олж, үг үйлдлийг нь дахин нягталж, эх сурвалжаа хамгаалж, эрх мэдэлтнүүдийн зугтсан асуулт бүрийг асууж, дахин дахин мөшгөх ёстой. Бид нийтэлсэн зүйлдээ нэрээ тавьж, хэрэв алдаа гаргасан бол нийтийн өмнө залруулна. Алгоритмын хурд гэдэг үнэн биш, өөртөө итгэх бардамнал ч бас үнэний дайтай биш.

Бид ямагт

Учир шалтгааныг ойлгоход тань тусална.

Ганц өгөгдөл танд юу болсныг л хэлдэг. Үерийн түвшин, төсвийн нэг хүснэгт, саналын тоо. Харин сэтгүүл зүйн үүрэг бол яагаад ийм зүйл болсон, хэнд ашигтай байв, хэн төлсөн бэ, дараа нь юу болох вэ гэдгийг тайлбарлах. Мэдээлэл болон сэтгүүл зүйн гол ялгаа нь контекст. Мэдээлэл нүдээ аних тоолонд таны дэлгэцийг дүүргэж чадна. Сэтгүүл зүй харин ертөнцийн түмэн зүйлийг утга учиртай болгоно.

Нэг чухал зүйл бол

Найдвартай хэвлэл мэдээллийг сонгох.

Энэ бол редакц бүрд итгэ, эсвэл өндөр шаардлага тавихаа боль гэсэн үг биш. Итгэлцэл насан туршийн үйл явц бөгөөд шинэ түүх бүрээр дамжин дахин сэргэж байдаг. Би Daily Maverick-ийн хамт олондоо бид хамгийн сүүлд хэзээ сайн нийтлэл хийсэн, түүнийхээ л хэмжээнд сайн шүү гэдгийг олон удаа хэлж ирсэн. Гэсэн хэдий ч бид уншигч таныг мэдээллийн эх сурвалж нь бүрэн, мэдээ эсвэл үзэл бодол нь ялгаа заагтай, тодруулж амжаагүй зүйлээ үнэнээр нь хэлдэг, алдаа гаргавал залруулдаг хэвлэлийг сонгож хэрэглэхийг хүсэж байна. Итгэл даасан редакц гэдэг хэзээ ч алддаггүй редакц биш. Харин алдаагаа хэрхэн залруулж байгааг нь та харж, хянаж чадах редакц юм. 

Би танаас хүсэж буй энэ стандартаа өөрсдөө ч дагаж, мөрдөх үүрэгтэй нь дамжиггүй. Тиймээс 2026 оны Дэлхийн мэдээний өдрөөр бид танд сэтгүүл зүй чухал гэж зүгээр нэг хэлээд өнгөрөхийг хүссэнгүй. Бид танд эрэн сурвалжилгын ард өрнөдөг олон сарын хөдөлмөр, шуурхай мэдээний ард хэрхэн нягтлан шалгадаг, орон нутгийн иргэдийн амьдралыг бодитоор өөрчилсөн сурвалжилга хэрхэн бүтдэгийг ярьж өгч, үзүүлэхийг зорьж байна.

Ганц нэгээрээ бол бидний хэнийг ч үл тоомсорлож болно. Олон оронд сэтгүүлчдийг шүүхэд өгч, ядууралд түлхэж, эсвэл зүгээр л үл тоодог. Гэсэн ч хамтдаа олон арван хэлээр, зуу гаруй оронд ийнхүү нэгдэж байгааг үл тоомсорлох аргагүй. Энэ бол нэг өдөр хамтдаа дуугардгийн учир. Энэ өдөр хөрөнгө, мөнгө босгодог биш, харин нэгдэн нягтрах цэг юм.

Одоо бид бүгдэд хамаатай дөрөв дэх зүйл.

Энэ бол таны мэдэх эрх.

 Та юуг олж харах эсэхийг төр эсвэл аль нэг компани шийдэж, танд саймширч үзүүлдэг зүйл биш. Мэдэх эрх бол таны заяагдмал эрх.

 Дэлхийн Мэдээний өдөр есдүгээр сарын 28-нд тохиодог нь зүгээр ч нэг давхцал биш, энэ бол Мэдээлэл олж авах эрхийн олон улсын өдөр. Энэ хоёр өдөр бие биеэ нөхцөлдүүлдэг мэт. Таны мэдэх эрх хэн нэгэн мэдээллийг олж авахад, шалгахад хялбар болгож, гол нь үнэн зөвийг нягталж хэмээнэ бодитой хэрэгжинэ. Энэ л бидний ажил. 

Тиймээс хорхой хүргэсэн сонирхолтой, дуулиантай ямар нэг мэдээллийг түгээхээсээ өмнө түр зогсоорой. Итгэхээсээ урьтаад хэлж байгаа хүн яаж мэдсэнийг асуугаарай. Ил тод ийм сурвалжилгыг дэмжиж, үгүй бол орхиорой.

Энэ бүхэн хэзээ хэзээнээс илүү чухал болж байна. Баримтыг эрхэмлэ. Учрыг тунгаа. Найдвартай хэвлэл мэдээллийг сонго. Яагаад гэвэл энэ бол таны мэдэх эрх.

Мэдэх эрхгүй ертөнц хэзээ ч эрх чөлөөт орших боломжгүй. Түүнийг хуурч, мунхруулахад л хялбар байх болно. Тиймээс тэмцэх цаг ирлээ.


Энэхүү нийтлэлийг сэтгүүл зүйн үнэ цэнийг харуулах санаачилга болох Дэлхийн мэдээний өдрийн аяны хүрээнд захиалан бичүүлсэн болно.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...