Gereg & Ub.life-ийн редакц Дэлхийн редакторуудын форум байгууллагад гишүүнээр элссэний хувьд 3 дахь жилдээ Дэлхийн мэдээний өдөрт нэгдэж байна. Энэ жилийн хувьд олон улсын редакцууд “Баримтыг эрхэмлэ. Учрыг тунгаа” уриан дор нэгдэж байгаа бөгөөд бид дэлхийн шилдэг авторуудын сэтгүүл зүйн тухай эргэцүүлэл нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна.
Бранко Бркич, Project Kontinuum-ийн үүсгэн байгуулагч
Тина Браун, Сэр Харри Эвансын нэрэмжит дэлхийн сэтгүүл зүйн дээд хэмжээний уулзалт болох Truth Tellers-ийг үүсгэн байгуулагч, зохиолч, редактор
Сэтгүүл зүйн тухай нэг сонирхолтой зүйл бий. Эрх мэдэлд тэмүүлэгч хэн бүхэн сэтгүүл зүй мөхсөн гэх атлаа бүгд түүнийг “гартаа оруулахыг” хүсдэг.
Дарангуйлагчид сэтгүүл зүй рүү дайрч, олигархууд худалдан авахыг оролдож, суртал ухуулагчид дуурайн “жүждэг”. Хүчирхэг технологийн платформууд олон тэрбум долларын эзэнт гүрнийг бүтээхийн тулд таны юу уншихыг шүүн сонгодог хэр нь ээ, бас сэтгүүл зүйг өчүүхэн, ач холбогдолгүй мэт харагдуулахыг чармайна.
Төр ч бас үүнээс дутахгүй ээ. Сэтгүүлчдийн эсрэг зарга үүсгэнэ, барьж хорино, баримтыг мөшгөж буй нэгнийг тагнаж, чагнана. Мөн хэвлэн нийтлэгчдийн “дууг хорихоо” ч мэднэ.
Хэрэв сэтгүүл зүй, хараат бус үнэн гэдэг үнэхээр тийм ач холбогдолгүй, үхэж мөхсөн зүйл юм бол яагаад ийм их мөнгө, улс төрийн хүчин чармайлт, уур бухимдал байсаар байна вэ? Энэ л их чухал асуулт шүү.
Баячууд ямагт ядуусаас илүү хүчтэй байсан. Төр ч эрх мэдлээ урвуулан ашиглах нь бий. Бизнесүүд институтэд нөлөөлөх хүчийг мөнгөөр арилжаалан авч, шүүх засаглал хүчгүйг хамгаалж чадаагүй үе бий. Дөрөв дэх засаглал ч үнэндээ тэнцэж үлдэх гэж дэнжгэнэсээр ирэв. Сэтгүүл зүй заримдаа хүмүүсийн хэлсэн шиг тийм ариун тунгалаг байгаагүй ч, ядаж энэ бүх тогтолцооны асуудал хаана, юу болохгүй байгааг таньж болохоор байлаа.
Эрх мэдэлд эзэн, хаяг байсан. Төр, засаг хил хязгаартаа оршин байв. Сонин хэвлэл редактортай, компани, бизнесүүд эзэдтэй. Хуулийг ядаж онол номын хувьд харьяа нутагтаа хэрэгжүүлж болж байв.
Харин тэгтэл технологийн аваргууд гарч ирэв. Институтүүд үүнд дасан зохицохоос урьтаж тэнцвэр алдагдав. Сансар огторгуй мэт хэмжээлшгүй хүч, баялаг бүхий шинэ анги давхарга дэлхий ертөнцийг залж байна. Тэдний заримынх нь хөрөнгө, эрх мэдэл дэлхийн улс орнуудын дийлэнх олонхын Засгийн газрынхаас ч давж гарчээ. Олон тэрбум хүний харилцааг тэд л чиглүүлж, ямар мэдээлэл, хэнд хүрч, ямар нь ор мөргүй алга болохыг тэд л тодорхойлж байна. Орчин цагийн дэлхийн ертөнцийн улс төр, худалдаа, соёл, мэдлэг гээд бүхий л дэд бүтцийн суурийг тэд бүтээгээд буй. Хэрэв тэд зогсвол, энэ цаг үе ч зогсоно.
Яг одоо өрнөж буй эрх мэдлийн ийм тэмцэл нэг их шинэ юм биш. Хуучин, шинэ эдгээр тогтолцоо өөр өөр зуунд, зарчмын хувьд эрс ялгаатайгаар оршсоор ирсэн.
Харин энэ цаг үе үнэхээр эмх замбараагүй ажээ. Хэвлэл мэдээлэл гэдэг эрх мэдлийг тэчьяадан хүсэж буй хэн бүхний улайрах болсон ялалтын цом аж.
Энэ тэмцэл дөнгөж эхэлж буй бөгөөд цаашид улам л их зөрчил, зовлон дагуулах шинжтэй. Энэ тэмцэл өрнөж буй тулааны гол талбар нь мэдээллийн орчин өөрөө болоод байна.
Сэтгүүл зүйг үгүйсгэж, ач холбогдолгүй, мөхсөн хэмээн зарлан тунхаглаж байгаа хүмүүс яг үнэндээ салбарын бид өөрсдөө ч мартчихдаг нэг зүйлийг сайн ойлгож байдаг. Тэр бол мэдээлэл гэдэг хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчирхэг технологи юм.
Хүн төрөлхтний ирээдүйн төлөөх тэмцэл нь нөхцөл байдлыг хүмүүс хэрхэн хүлээн авах тухай тэмцэл билээ. Хүмүүс юу мэдэх ёстойг хянаж, тэд юунд итгэх учиртайд нөлөөлөх. Ингэж чадвал хүмүүс юунаас айх, хэнд итгэх, хэнийг сонгох, юу худалдаж авах, хэнийг үзэн ядаж, эцэст нь ямар эрх мэдлийг зүй ёсных гэж хүлээн зөвшөөрөхийг нь тодорхойлно.
Энэ бол хэвлэл мэдээлэл мөхсөн гэж дахин дахин “тунхаглаж” буй этгээдүүдийн эсрэг сэтгүүлчид амьдралынхаа хамгийн том тэмцлийг өрнүүлэх ёстой шалтгаан юм. Бидэнд итгэлийн хямрал нүүрлэсэн нь бодитой бөгөөд энэ бол зөвхөн хөндлөнгийн хүчин зүйлээс бий болсон зүйл биш. Хэдийгээр сэтгүүлч, редактор, хэвлэн нийтлэгчид үлэмж өргөн, хүчтэй дайралтад өртөж ирсэн боловч, энэ хямралыг бий болгоход манай салбар ч бас хувь нэмрээ оруулсан гэдэг үнэнээс зугтах аргагүй.
Технологийн аваргууд зар сурталчилгааны зах зээлийг эзлэхээс өмнө маш олон хэвлэл нийтийн эрх ашгийн төлөө үйлчлэх мөн чанараа умартсан. Уншигчдаа ердөө л тоон үзүүлэлт мэт хандаж, мэдээ, сурвалжилгаа контент гэж хялбарчилж, дуулиан шуугианыг бизнес загвараа болгосон.
Бидний өөрсдийн алдаа технологийн аваргуудад боломж бий болгосон.
Одоо бидний ирээдүй найдвартай хэвлэл мэдээлэл гэдэг чанартай сургууль, эрчим хүч, цэвэр усны систем адил орчин үеийн нийгэмд зайлшгүй чухал гэдгийг олон нийтдээ тайлбарлан ойлгуулж чадах эсэхээс хамаарна. Хүмүүс ийм дэд бүтэц ямар чухал болохыг ажиллахгүй, зогссон хойно нь л анзаардаг. Харин бид мэдээллийн дэд бүтэц доголдоход юу болдог вэ гэдгийг хэдийн харж эхлээд байна.
Бидний хувьд нотолгоо шаардахгүй үнэн зарчмууд хэвээрээ:
Нийтийн эрх ашгийн төлөөх үнэн бодитой, баталгаатай мэдээлэл гэдэг наймаалах зүйл огтхон ч биш. Улс төр, арилжаа наймаанаас ангид, хараат бус хэвлэл мэдээлэл гэдэг өөрсдөд ашигтай үедээ л хэлдэг уриа төдий байж болохгүй. Бид хэний төлөө оршдог вэ, тэр олон нийтийнхээ төлөө ажиллах нь хийж буй бүхний маань үндэс суурь байх ёстой.
Бид юу мэдэж байгаа вэ, түүнийг яаж мэдэж байгаа вэ гэдгээ илүү сайн тайлбарлан таниулахын тулд хичээх шаардлагатай. Алдаагаа хүлээн зөвшөөрөх хүчтэй байж, баримт, нотолгоогоо боломжтой бүхий л үед үзүүлж, илүү их сонсож, бүр илүү анхааралтай сонсох хэрэгтэй.
Итгэлцэл гэдэг бид өмнөх үеийн сэтгүүлчдээсээ өвлөн авах эрх, дархтай зүйл биш. Үе бүхэн үүнийг дахин дахин олж авах ёстой.
Технологи өөрөө бидний дайсан биш. Өнөө цагт өдөр бүр, цаг хором бүрд технологи ашигладаг атлаа тэгж хэлэх нь мунхаг хийгээд хоёр нүүртэй хэрэг болно. Технологи биднийг хэзээ ч төсөөлж байгаагүй өргөн уудам хүлээн авагчдад хүрч очих боломжийг нээсэн. Хиймэл оюун сурвалжлах, шинжлэх, орчуулах, эрэн сурвалжлах, түгээх арга замыг өнөөдөр ойлгож байгаагаас минь ч илүү ихээр хувьсан өөрчлөх байх.
Гол асуулт бол технологи сэтгүүл зүйг өөрчлөх эсэх биш. Мэдээж өөрчилнө. Харин технологийн бий болгосон эрх мэдлийн хүчийг сөрөн зогсох боломж байх уу, хэвлэл мэдээлэл бүх нийтийн тусын тулд тэрхүү эрх мэдлийг хянаж чадах уу л гэдэг байна.
Бид ажиллах арга барил, бүтээлийнхээ хэлбэр загвар, олон нийтэд хүрэх арга замаа өөрчилж болох ч зорилгоосоо ухарч хэрхэвч болохгүй.
Энэ бол хяналтгүй эрх мэдлийг бид, хэвлэл мэдээлэл авах гээд байгаа хэрэг биш. Харин бидний оршин байхуйн утга учир бол хэн ч тийм хяналтгүй эрх мэдэлд хүрч болохгүй.
Мэдээллийн хэрэгсэл бий болно, алга болно. Бизнес загвар ч ялгаагүй. Харин юу үнэн болохыг эрж хайдаг, түүнийг бусдад хүргэхийг хэн ч хүсэхгүй байлаа ч, тэр ажлыг хийх үүрэгтэй хүн байсаар байх уу? Бидний амьдарч буй нийгмийн олон зүйл энэ асуултын хариунаас хамаарна.
Ирээдүйн тухай үй олон түгшүүр дунд Дэлхийн мэдээний өдрөөр магад энэ л сэтгүүл зүйн дахин өгөх ёстой амлалт байх.
Үргэлж бидний зөв байдаг болохоор биш, он удаан жил сэтгүүл зүй оршин тогтносон болохоор биш, хүмүүс угаасаа л бидэнд итгэх ёстой учраас бид тэсэж үлдэх учиртай гэвэл үгүй.
Энэ амлалт биднээс хавьгүй илүүг шаардана:
Бид олон нийтийнхээ дээрээс өнгийх биш дэргэд нь зогсоод үйлчлэх ёстой. Бид ажлаа хийх ёстой. Яаж хийснээ харуулах ёстой. Алдсан үедээ залруулах, засах ёстой.
Хамгийн гол нь бид юу болж буйг хамтдаа харж, ойлгох боломжийг өгдөг тэр гэрлийг бөхөөхгүйн төлөө хичээх учиртай.
