Өмнөд Солонгосын “Шимэгч” кино Оскарын шагнал авснаар дэлхийн дахины анхаарал Азийн кино урлагт илүү анхаардаг болсон билээ. Дорнын ард түмний нууцлаг кино Барууны кино урлагаас ялгаатай нь өгүүлэх зүйлээ ил дэлгээд тавьчихдаггүй. Адилхан асуудлыг хөндсөн ч ази маягаар илэрхийлдэг билээ. Энэ удаад бид ази найруулагчдын 10 бүтээлийг танилцуулна. Акира Күросавагийн кинонууд болон алдарт “Токиогийн түүх”-ийг оруулаагүй ч өвөрмөц 10 кино багтсан гэдэгт итгээрэй.
Чунгкингийн экспресс
Найруулагч: Вонг Кар-Вай, 1994
Хонконгийн авангард шинэ давалгааны төлөөлөгч Вонг ерөөд оны ардчилсан Хонконгийн амьдралыг жижигхэн хоолны газраас эхтэй хоёр түүхээр харуулж чадсан юм. Гол баатрууд нь асар том мегаполист ганцаардаж буй хүмүүс. Хоёр долоо хоногийн дотор л хийсэн энэ кино маш олон шагнал тэр үед хүртэж байв.
Кикүжиро
Найруулагч: Такэши Китано, 1999
Насаараа якүза, аллага, хүчирхийлэл өгүүлсэн Такэши огт өөр төрлөөр кино хийсэн юм. Өнгөц харахад хүүхдийн инээдмийн кино мэт. Кикүжиро хэмээх эр, хөршийнхөө Масао хүүтэй хамт ээжийг нь хайн, Япон даяар аялах болно. Үзэхэд хөнгөхөн ч цаанаа гүн гүнзгий гүн ухаан нуугдсан бүтээл. Такэши “Би аллагаас өөр төрлийн кино хийж чадахаа харуулахыг хүссэн. Жирийн түүх ч үнэндээ Такэши гэсэн тамгатай авторын кино” гэж хэлсэн байдаг.
Аллагын тухай дурсамжууд
Найруулагч: Бун Жүн Ху, 2003
Бун Жүн Хуг анх алдарт гаргасан кино. Энэ киногоороо тэр өнгөрсөн зууны наяад онд БНСУ-д газар аваад байсан хууль бус явдал, ядуурал, өлсгөлөнгийн талаар өгүүлсэн юм. Хвасон хэмээх хөдөөний хотод гарсан цуврал хүн амины хэргийг мөрдөхөөр боловсролгүй, бүтэлгүй хоёр орон нутгийн цагдаа, Сөүлээс ирэн мэргэжлийн мөрдөгч нар ажиллана. Хэн нь хэргийг илрүүлэх вэ?
Туяагийн хурим
Найруулагч: Ван Чуанань, 2006
Өвөр Монголд хийсэн кино. Нөхөр нь хөгжлийн бэрхшээлтэй Хоёр хүүхдээ өсгөж, ганцаараа гэрээ авч явдаг бүсгүй нөхөртэйгээ ярилцсаны эцэст салахаар шийднэ. Гэхдээ хаана ч амьдарсан өвчтэй нөхөр нь хамт байх болзол тавьдаг. Киноны үйл явдал, бөө мөргөл гээд л сонирхол татах зүйл олон. Найруулагчийн ээж нь Өвөр Монголд төрсөн хүн тул Ван багаасаа л монгол соёлд дуртай нэгэн байв. Одоо Өвөр Монголд том хот байгуулагдаж, хөдөө нутагт амьдрахад хэцүү болж байгаа. Энэ кино монгол хөдөө нутгийг алга болохоос нь өмнө нийтэд харуулах зорилготой.
Бяцхан гүнж
Найруулагч: Чон Го-ун, 2017 он
30 настай Мисо бүсгүй оюутан байхдаа бүтэн өнчирч, сургуулиа орхижээ. Таарсан ажлаа хийн амьдралаа залгуулах түүнийг тогтоож байгаа ганц зүйл нь хундага виски, хайрцаг тамхи. Барааны үнэ нэмэгдсэнээр тэр тамхиа ч авч чадахгүй болно. Ингээд залуу цагийн найзуудаа хайхаар замд гарна. Даанч цаг өөрчлөгджээ. Найзууд нь ч огт өөр болж.
In the Mood for Love
Найруулагч: Вонг Кар-Вай, 2000
Хоёр гэрбүл Хонконгийн нийтийн байранд хөрш зэрэгцээ амьдрах болно. Удалгүй 2046 өрөөний эр хөрш айлын гэргийтэй сонирхол тэр байтугай зовлон нь ч нийтлэг гэдгийг ойлгож, уулзаж эхэлнэ. Их хот дахь хайрын түүх, өвөрмөц зураг авалттай энэ киног шүүмжлэгчид хамгийн шилдэг кинонны нэгд тооцдог. Яагаад? Та өөрөө үзээд энэ асуултад хариулаарай.
Хайр дурлал мандтугай
Найруулагч: Цай Минлян, 1994
Сяокан хэмээх залуу Тайбэй хотын төвийн том байрны түлхүүрийг санамсаргүй олоод тэнд амьдрахаар шийднэ. Ажун хэмээх ажилгүй этгээдэд ч байрны түлхүүр бий. Ингээд байрны эзэн Мэй хоёр урилгагүй зочинтойгоо байранд байх бөгөөд хэн нь ч явахыг хүсэхгүй.
Сучжоу голын нууц
Найруулагч: Лоу Е, 1999
Хятад маягийн Хичкок түүх. Шанхай хотын хайрын роман. Орчин үеийн Шанхай биш хуучны боомт Шанхайг өвөрмөц аргаар харуулсан.
Миллениум Мамбо
Найруулагч: Хоу Сяосянь, 2001
Тайваний шинэ давалгааны анхдагч Хоу Сяосены энэ кино шинэ мянганы тайвань залуусын сүлд гэлтэй. 2000-аад оны тайвань залуус. Шоу цэнгэл, архи дарс гээд л. Гэхдээ тэд бусад үед амьдралын элдэв асуудалд живнэ.
Платформ
Найруулагч: Цзэ Чжанкэ, 2000
Удирдагч Мао Зэ Дун нас барсны дараа 1970-аад онд Хятадад гарсан өөрчлөлтийн талаар өгүүлнэ. Хятадын нэгэн тосгоны театр. Ямар бүтээл тавихыг коммунист нам шийднэ. Гэхдээ коммунист Хятад бага багаар зах зээлийн орон болон хувирч байгааг харуулжээ.
https://www.youtube.com/watch?v=X92BU-BwQrI