UBLife Logo
Кино

Та Солонгос драмаас уйдаж байна уу? /Алдартай цувралуудын 6 Хятад эх хувилбар/

Та Солонгос драмаас уйдаж байна уу? /Алдартай цувралуудын 6 Хятад эх хувилбар/

Кино урлагийн салбарт хэдийнээ байр сууриа олж, олны хүртээл болсон амжилттай цувралуудыг бусад орнууд өөрсдийн хэв маягт тохируулан дахин бүтээх нь бий. Тэр дундаа Холливуд Ази болон жижиг орнуудын шилдэг киног өөрсдийн хувилбараар дахин хийж, дэлхий дахинд улам бүр алдаршуулдаг уламжлалтай. Алдарт (The “Ring” кино яг л энэ замаар дэлхийн хэмжээний хит кино болсон билээ.

Тэгвэл энэ удаад Хятадын алдартай цувралуудаас сэдэвлэн бүтээгдэж, олон улсад амжилт олсон онцлох 6 цувралыг танилцуулж байна.


1. “Go Ahead” - “Family by Choice” (Өмнөд Солонгос)

Эх хувилбар: “Go Ahead” нь 2020 онд нээлтээ хийсэн 46 ангит Хятадын алдартай цуврал юм. Кинонд цусан төрлийн холбоогүй ч нэг гэр бүл шиг өссөн гурван хүүхдийн нандин харилцаа, амьдралыг өгүүлдэг. Тухайн жилдээ Hunan TV-ийн хамгийн өндөр үзэлттэй бүтээлээр шалгарсан. Мөн цахимаар 5.17 тэрбум гаруй удаа үзэгдсэн өндөр амжилттай бүтээл болсон билээ.

Солонгос хувилбар: “Family by Choice” (Бид нэг гэр бүл) нь 2024 онд гарсан Өмнөд Солонгосын албан ёсны хувилбар юм. Нийт 16 ангитай. Өгүүлэмж нь богино тул зохиол болон дүрүүдийн харилцаа нь эх хувилбараасаа бага зэрэг ялгаатай. “Go Ahead” цувралыг зөвхөн Өмнөд Солонгосоос гадна Вьетнам болон Монгол улс ч мөн "Бид нэг гэр бүл" нэртэйгээр өөрсдийн хувилбарыг бүтээж байжээ.

2. “Three-Body” - “3 Body Problem” (Netflix)

Эх хувилбар: “Three-Body” нь зохиолч Лю Цышиний “Гуравдагч биеийн бодлого” романаас сэдэвлэн бүтээгдсэн, 30 ангит шинжлэх ухааны уран сэтгэмжит цуврал юм. Үйл явдал 1960-аад оны Хятадын Соёлын хувьсгалаас эхэлнэ. Физикч Ван Мяо эрдэмтдийн үхэлтэй холбоотой хачирхалтай хэргүүдийг мөрдөх явцдаа “Three-Body” хэмээх виртуал тоглоомын нууцыг олж мэднэ. Энэхүү тоглоом нь Трисолярис гаригийнхантай холбогдох түлхүүр байв. Тус цуврал Хятадад асар том амжилт олж, “Flying Apsaras” болон “Golden Eagle” зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн юм.

Netflix хувилбар: 2024 онд Netflix компани “3 Body Problem” нэртэйгээр 8 ангит өөрчлөн бүтээсэн хувилбараа гаргажээ. Энэхүү хувилбар нь үйл явдлын гол төвийг Хятадад бус Лондон, Оксфорд руу шилжүүлснээрээ ялгаатай. Мөн хэд хэдэн дүрийг нэгтгэж, шинэчилсэн нь эх цувралаасаа өөр уур амьсгалыг бүрдүүлсэн байна.

3. “Last Romance” — “My Best Friend's Story”

Хонконг хувилбар (Бүрэн хэмжээний кино): “Last Romance” нь 1988 онд нээлтээ хийсэн Хонконгийн уран сайхны кино юм. Кинонд хоёр эмэгтэй гол дүрийн амьдралаар дамжуулан 1980-аад оны сүүл үеийн Хонконгийн нийгэм болон хөрөнгийн биржийн уналтыг бодитоор харуулдаг.

Хятад хувилбар (Цуврал кино): Дээрх киноноос сэдэвлэн бүтээсэн “My Best Friend’s Story” цуврал 2020 онд CCTV-8 болон iQIYI зэрэг онлайн платформоор гарчээ. Нийт 38 ангитай. Энэхүү цуврал нь Лю Шиши, Ни Ни гэх эсрэг тэсрэг зан чанартай хоёр бүсгүйн нандин нөхөрлөлд төвлөрдөг. Багаасаа нөхөрлөсөн найзууд амьдрал, хайр дурлал, карьер болон гэр бүлийн асуудлуудаа хэрхэн хамтдаа даван туулж буйг харуулжээ.

4. “All Is Well” — “Амьдрах сайхан” (Монгол)

Хятад хувилбар: “All Is Well” нь зохиолч А Найн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн 46 ангит цуврал юм. Кинонд Сүгийн гэр бүлийн амьдралыг харуулна. Ээж нь гэнэт нас барсны дараа аав нь хүүхдүүдийнхээ амьдралд хэт оролцож, олон асуудал үүсгэж байгааг тухай өгүүлнэ. Энэхүү бүтээл нь зүгээр нэг гэр бүлийн маргааныг бус, эцэг эхийн алагчлах хандлага хүүхдүүдийн насанд хүрсэн амьдралд хэрхэн нөлөөлдгийг харуулснаараа онцлогтой.

Монгол хувилбар: 2024 онд найруулагч Ц.Хүсэлбаатар тус цувралаас сэдэвлэн “Амьдрах сайхан” киног бүтээжээ.

5. “Go Princess Go” — “Mr. Queen” (Өмнөд Солонгос)

Хятад хувилбар: “Go Princess Go” нь 2015 онд нээлтээ хийсэн, 37 ангит веб драма юм. Үйл явдалд Жан Пэн хэмээх орчин үеийн залуу осолд орсны дараа эртний Хятадын хааны хатны биед сэрж буй тухай хөгжилтэй бөгөөд хачирхалтай түүхийг өгүүлдэг.

Солонгос хувилбар: 2020 он бол “It's Okay to Not Be Okay”, “Hospital Playlist”, “Itaewon Class” зэрэг шилдэг К-драмууд ар араасаа төрсөн онцгой жил байв. Эдгээрийн дотроос гарсан цагаасаа эхлэн одоог хүртэл үзэгчдийн сонирхлыг татсаар буй бүтээл бол “Mr. Queen” юм. Цахим орчинд олон хэсэг нь вайрал болж, асар том амжилт олсон уг цуврал нь Хятадын “Go Princess Go” хэмээх веб драмаас сэдэвлэн бүтээгджээ.

6. “Scarlet Heart” — “Moon Lovers: Scarlet Heart Ryeo” (Өмнөд Солонгос)

Хятад хувилбар: Хятад эх цуврал нь нийт 35 ангитай бөгөөд 2-р бүлэг нь аль хэдийнээ гарсан байдгаараа давуу талтай. Үйл явдалд Жан Сяо гэх бүсгүй зам тээврийн осолд орсны дараа эртний Манж Чин улсын үе рүү цаг хугацаагаар аялна. Тэрээр өөрөө хүсээгүй ч хааны хөвгүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэлд татагдан орох болно. Хэрэв та “Moon Lovers”-ийн үргэлжлэлийг хүлээж байгаа бол Хятад эх цувралыг нь заавал үзээрэй.

Солонгос хувилбар: Moon Lovers: Scarlet Heart Ryeo” бол үзэгчдийг хамгийн их уйлуулсан, бүх цаг үеийн шилдэг К-драмуудын нэг билээ. Өнөөдрийг хүртэл хоёрдугаар бүлгийг нь хоног толон хүлээдэг үзэгчид олон. Тэгвэл энэхүү алдартай цувралыг Хятадын “Scarlet Heart” хэмээх бүтээлээс сэдэвлэн хийжээ.

Дээр дурдсан ихэнх цувралыг та Юнивишинийн “Хятад багц”-аас үзэх боломжтой. Энэхүү багцад шинэ болон сүүлийн үеийн сонирхолтой, түүхэн, гэмт хэргийн холбогдолтой цувралуудаас гадна сэтгэлд хоногшсон “Хуанжу Гэг”, “Шиврээ бороо” зэрэг дурсамж сэргээм алдартай бүтээлүүд ч мөн багтсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...