Их Британийн BBC 2024 оны бусдад урам зориг хайрласан, нөлөө бүхий 100 эмэгтэйг шалгарууллаа. Тэдний дунд Нобелийн Энх тайвны шагналт Надя Мурад, нийгмийн идэвхтэн, хүчирхийллийн хохирогч Жизель Пелико, жүжигчин Шэрон Стоун, олимпын тамирчин Ребека Андраде, Эллисон Феликс, дуучин Рэй, зураач Трейси Эмин, цаг агаарын өөрчлөлттэй тэмцэгч Аденике Оладосу, зохиолч Кристина Ривера Гарса нарын эрхмүүд багтжээ. Украин, Газын зурвасын дайн, Ливаны хямрал гээд 2024 он эмэгтэйчүүдийн хувьд тун хүнд жил байлаа. “Оны 100 эмэгтэй” төсөл энэ бүх хүндрэлийн эсрэг эмэгтэйчүүд мятрашгүй тэмцсээр байгааг илтгэн харуулж байгаа юм. Энэ удаад бид спорт, урлагийн салбарынхныг танилцуулж байна.
Хадика Киани, Пакистан
Дуучин
Пакистаны алдартай дуучин тэрээр хүмүүнлэгийн үйлсээрээ ч алдартай. Киани бол НҮБ-ын хүмүүнлэгийн элч. 2022 оны их үерийн дараа тэрээр Vaseela-e-Raah төсөл хэрэгжүүлж, Өмнөд Пенжабын иргэдэд тусалсан. Өнгөрсөн жил төслийнхөө хүрээнд үерт хохирогчдод зориулан, 370 байшин барих болсноо мэдэгдсэн.
Чжиин (Таня) Цзэн, Чили
Ширээний теннисчин
Хятад гаралтай чили теннисчин Цзэн 58 настайдаа анх олимпын наадамд оролцсон. 12 настайдаа теннисээр хичээллэж, Хятадын шигшээд багтсан ч дараа нь Чилид шилжин суурьшсан. 30 настайдаа зодог тайлж, бизнес-леди болсон. COVID-19 цар тахлаар спортын талбайдаа эргэн ирж, 2023 онд Чилийн хамгийн өндөр чансаатай теннисчин болжээ. Өмнөд Америк, Панамерикийн тэмцээнд оролцож, олимпын эрхээ авсан.
Фирда Марсия Курния, Индонез
Хэви-метал хамтлагийн хөгжимчин
Фирда Марсия Курния тайзан дээр хижабтай гарч, металл тоглодог эмэгтэй. Дуундаа шударга ёсыг магтан дуулж, буруу зүйлийг шүүмжилдэг. Маш их дарамт шахалтыг даван дуулсаар байна.
Ребека Андраде, Бразил
Гимнастик
Олимпын 6, дэлхийн 9 удаагийн аварга. Найман хүүхэдтэй гэр бүлд төрсөн Ребека 10 нас хүртлээ бэлтгэлдээ урт хол замыг явган туулан очдог байжээ. Өрх толгойлсон ээж нь баячуудын гэр цэвэрлэж, охиныхоо бэлтгэлийн мөнгийг төлдөг. Маш их гэмтэл, бэртлийг даван туулж, Парист олимпын аварга болсон. Шагнал гардуулах ёслолын үеэр өрсөлдөгчид нь түүнд мэхийн ёслож байлаа.
Наоми Ватанабэ, Япон
Хошин шогийн жүжигчин, модельер
Японы хамгийн алдартай инфлюэнсерийн нэг. Тэрээр эмэгтэй хошин жүжигчдэд шинэ зам нээж өгсөн юм. Мөн эмэгтэй хүнийг гадна байдлаар нь дүгнэхийн эсрэг тэмцдэг “pochakawaii” хөдөлгөөний тэргүүн. Японд эмэгтэй хүний том хэмжээтэй хувцас зардаг бренд байгуулсан. Одоо Америкт хошин шогийн оргилд гарахаар өрсөлдөж байна.
Жоан Челимо Мелли, Кени/Румын
Холын зайн гүйлтийн тамирчин
Кени гаралтай Румыны олимпын аварга. Челимо өөрөө хүчирхийллийн хохирогч хүн. Тиймээс хувийн туршлагадаа үндэслэн, тамирчин эмэгтэйчүүд яаж хүчирхийлэлд өртдөгийг бусдад ярьдаг. 2021 онд дэлхийн рекордыг эзэмшигч бүсгүй Агнес Тироп хүчирхийлэлд өртөн амиа алдсаны дараа Кенид “Tirop’s Angels” сан байгуулсан.
Ким Еэ Жи, БНСУ
Олимпын медальт, буудлагын тамирчин
Энэ жил тэр олимпын наадамд спортын амжилт, харизмаараа дэлхийд гайхагдсан билээ. Түүний бичлэг цахим ертөнцөд шуугиан тарьсан. Хүүхэдтэй эмэгтэй тамирчин яаж амжилт гаргаж болдгийг тэр харуулсан. Зургаан настай охиноо харахын тулд хэсэг завсарласан ч шаргуу зүтгэсээр олимпын медаль авч чадсан хүн.
Винеш Пхогат, Энэтхэг
Чөлөөт бөх
Винеш Пхогат гурван олимпод оролцож, ДАШТ-ээс 11 медаль авсан тамирчин. Тэрээр спорт дахь эмэгтэйчүүдийн гадуурхалт, хүчирхийллийн эсрэг тэмцдэг. Парисын олимпод финалд шалгарсан ч жиндээ орж чадалгүй хасагдсан. Удалгүй зодог тайлж, улс төрч болсон. Энэтхэгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн Бриж Бхушан Сингх эмэгтэй бөхчүүдийг хүчирхийлдэг байсан нь илэрсний дараа түүний эсрэг жагсаал зохион байгуулсан.
Хенд Сабри, Тунис
Жүжигчин
Арабын кино ертөнцийн алдартай эмэгтэй жүжигчдийн нэг. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сэдэвтэй кинонд дүр бүтээдэг. 2019 онд Венецийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд орсон анхны араб эмэгтэй болсон. Газын зурвас дахь дайны эсрэг тууштай тэмцэж байгаа.
Трейси Отто, АНУ
Байт харваа
Фитнес-модель Трейси Отто хуучин найз залуугийнхаа халдлагад өртөж, зүүн нүдээ алдан, биеийн доод хэсэг нь мэдээгүй болжээ. Энэ олон гэмтэлтэй ч тэр идэвхтэй амьдралтай. 2021 оноос байт харваагаар хичээллэж, энэ жил Парисын паралимпод оролцсон. Гараа ашиглаж чаддаггүй тул амаараа харвадаг. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэгч.
Габи Морено, Гватемал
Дуучин
Шилдэг латинамерик поп цомог төрөлд Грэмми хүртсэн. ЮНИСЕФ-ийн сайн үйлсийн анхны гватемал төлөөлөгч. Хүүхэд багачуудад чанартай болосврол олгохын төлөө тэмцэгч.
Инна Можа, Мали
Дуучин, модель
Экологийн зүтгэлтэн тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцсээр. Мөн байгаль орчноо хамгаалахын төлөө “Агуу ногоон хана” баримтат кино бүтээсэн.