UBLife Logo
Спорт

Унгар, Герман шилдэг наймд шалгарлаа

Унгар, Герман шилдэг наймд шалгарлаа

Германы Берлин хотноо болж буй сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн 20 дахь удаагийн ДАШТ-ий хасагдах шатны хоёр тоглолт өнөөдөр (09.08) боллоо. Европ-Ази тивийн төлөөллүүд халз тулсан ч "Хуучин" тивийнхэн илт илүүрхэв.

Унгар-Япон 84:63

Тоглолтын турш Унгар бүсгүйчүүд илүүрхсээр дууслаа. Будагтай талбайд, шидэлтийн хувь, самбар, дамжуулалт гээд бүх л үзүүлэлтээр илт илүүрхсэн.

Унгарын Река Лелик 23 оноо, 8 самбар, 4 дамжуулалтаар багийнхнаа манлайлсан. Унгарчууд 3 -аас 44 хувьтай довтолж (11/25), нийт довтолгоо нь 50 хувьтай байсан бол Япончууд гурваас 33 шидэхдээ ердөө 7-хон "унагаж", довтолгоо нь 31 хувь байлаа. Нуруугаар илт намхан баг шидэлтээ муу хийхээр яаж ч хожих билээ дээ.Японы Руи Мачида 12 ассист өгсөн нь ганц гэрэлтэй зүйл нь болсон бөгөөд нэг тоглолтод хийсэн дамжуулалтын тоогоор ДАШТ-ий рекордтой (13) тэнцэхэд ганцхан ассист дутлаа.

Мачида "Токио-2020" олимпийн наадмын хагас шигшээд Францыг хожиход 18 (!) ассист өгч , Олимпийн наадмын рекордыг тогтоож байсан билээ.

Японы шигшээгиийн холбогч, 20 настай Кокоро Танака  энэ удаагийн ДАШТ-д 14.8 оноо дунджилж багаа тэргүүлсэн бөгөөд энэ улирлаас WNBA-ийн "Голден стэйт валкириз" багт драфтаар сонгогдсон бөгөөд WNBA -д Танакагаас өмнө Японы гурван тоглогч тоглож байсан ба драфтаар бол нэг л япон тоглогч сонгогдож байсан ажээ.

Унгар Японыг хожсоноор 1986 оноос хойш 40 жилийн дараа шөвгийн наймд анх удаагаа шалгарсан төдийгүй, шөвгийн наймд хүчирхэг АНУ-тай тоглох болов. Сүүлийн 40 жилд Унгар бүсгүйчүүд АНУ-тай таарч тоглож байгаагүй юм. Евролигийн MVP Дорка Юухаш болон Вираг Такач-Киш гэсэн "ихэр цамхаг"-тай Унгар 32 тоглолт хожигдолгүй яваа, супер оддоос бүрдсэн АНУ-ын эсрэг хэрхэн тоглох нь тун сонирхол татах нь ээ.

Герман – БНСУ 94:56

Талбайн эзэд Ханкүк бүсгүйчүүдийг ёстой л "уншлаа".  Дэлхийн АШТ-д ердөө дөнгөж хоёр дахиа оролцож буй герман бүсгүйчүүд (1998 онд ганц удаа ДАШТ-д оролцож, 11 дүгээр байрт орж байж) нутагтаа шөвгийн наймд үлдэж, хамгийн өндөр амжилтаа үзүүллээ. Шөвгийн наймд Европын хошой аварга Бельгийн "муурнууд"-тай (Эмэгтэй сагсанбөмбөгийн шигшээ багийнх нь хоч нэр нь) халз үзэхээр боллоо.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...