Цахим спортын BC.Game баг бараг ганц сарын дотор урьдчилсан шатны 6 тэмцээнд ялагдлаа. Тэд Esports World Cup 2026, Pulse Beat II, IEM Beijing 2026, PGL Masters Bucharest 2026 тэмцээнүүдэд оролцож чадсангүй. Улирлын ганц зорилго болох “PGL Major Singapore 2026” тэмцээнд ороход хүндрэлтэй болж ирлээ. Тус тэмцээн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 13-нд явагдаж, дэлхийн шилдэг 32 баг 1,25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм. Тэмцээнд оролцох багуудын нэрийг 11 дүгээр сарын эхээр зарлах учиртай.
BC.Game багийн бүрэлдэхүүн: S1mple, Electronic, Magisk, Senzu, Mzinho, Taz (дасгалжуулагч).

“BC.Game” баг онолын хувьд “PGL Major Singapore 2026” тэмцээнд оролцох боломж байгаа. Үүний тулд VRS тэмцээнд 10 тоглолтоос наймд нь ялалт байгуулах ёстой. Тус баг аравдугаар сарын 2-4-нд “ROG JOURNEY Autumn 2026” тэмцээнд оролцоно.

Багийн дасгалжуулагч Виктор “Taz” Войтас энэ талаар “Тоглоомын төгсгөл хэсэгт бидэнд асуудал гараад байна. “Focus”-тай тоглоход маш чухал үеэ бид өөрсдөө өгчихсөн. Тэгэхээр бид одоо сэтгэл зүйн тогтвортой байдал дээр ажиллах шаардлагатай. Сэтгэл зүйгээс болж л бид ялагдаад байна. Манай гол зорилго болох мейжор тэмцээнд орох явдал өөрчлөгдөөгүй. Асуудлаа хэлэлцэж, бэлтгэлээ хангах хангалттай хугацаа байна. Чухал үед бид анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Илүү байдалд орохоороо тайван байж чадахгүй байгаа. Хамтын ажиллагаа, гар нийлэх тал дээр дутагдалтай. Том тоглолтууд дарамт дор явагддаг, харин бид дарамтыг давж чадахгүй байгаа. Гэхдээ бид сайжирна” гэжээ.
