Хүмүүс бид ганцаардал мэдэрч, нийгмийн харилцаа бидэнд зайлшгүй хэрэгцээтэй байдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч шинжлэх ухаан модод хүртэл ганцаардал мэдэрч болохыг харуулж байна. Ойн экологи, ургамлын харилцан үйлчлэлийн судалгаагаар модод бие биетэйгээ мэдээлэл солилцож, хамтран өсөх чадвартай болох нь тогтоогдсон. Харин ганцаардсан моднууд эрүүл мэндийн хувьд сул дорой, богино настай байх хандлагатай байдаг гэнэ.

Моддын харилцаа ба "Ойн интернэт"
Ойн экологи судлаачид моднууд мөчрүүд, үндсээрээ холбогдож, шим тэжээл хуваалцдаг болохыг олж тогтоосон. Энэ харилцааг "модны интернэт" буюу микоризын мөөгний сүлжээ гэж нэрлэдэг. Энэхүү мөөгөнцөр нь хөрсөн доогуур өргөжиж, модод хоорондоо мэдээлэл дамжуулах, шим тэжээлээ солилцох боломжийг бүрдүүлдэг.
Ганцаараа ургаж буй мод ийм холбооноос тусгаарлагддаг тул шим тэжээл болон бусад хамгаалалтын механизмын хомсдолтой болж, илүү амархан өвчилж, хорхой шавьжинд идэгдэх магадлалтай болдог. Судлаачид ойн экосистемд моддын харилцан үйлчлэл чухал үүрэг гүйцэтгэдгийг баталсан.
Ганцаардсан модод илүү эмзэг
Ганцаараа ургаж буй модод хөрсний шим тэжээлээ бусадтай хуваалцах боломжгүйгээс гадна нарны туяа, салхины шуурганд илүү өртөмтгий байдаг. Мөн моддын хоорондын холбоос нь тэднийг өвчин, хортон шавьжнаас хамгаалах байгалийн систем болдог учраас ганцаардсан модод илүү их гэмтэл авах магадлалтай.
Жишээ нь, Германы эрдэмтэд ганцаараа ургасан модод ижил төрлийн ойд ургаж буй моддоос илүү хурдан нас барж байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ нь модод зөвхөн ганц нэгэн ургамал биш, харин бие биенээ дэмждэг амьд экосистемийн нэг хэсэг болохыг харуулж байна.

Моддыг хамгаалах нь хүнийг хамгаалахтай адил
Ойн экосистемийг судлах тусам бидний оршин тогтноход моддын харилцан холбоо, хамтын ажиллагаа ямар чухал болохыг улам бүр ойлгож байна. Ганц мод хамгаалах нь хангалтгүй, харин бүхэл бүтэн ойн экосистемийг хамгаалах нь модод урт наслах, өвчлөлд тэсвэртэй байх, цаашлаад бидний амьдрах орчинд эерэг нөлөө үзүүлэх нөхцлийг бүрдүүлдэг.
Иймээс хот суурин газарт мод тарихдаа ганцааранг нь биш, хооронд нь холбогдох боломжтойгоор бүлэглэн тарих нь тэдний амьдрах чадварыг нэмэгдүүлдэг. Моддын хамтач байгалиас бид байгаль орчноо хэрхэн хамгаалах тухай чухал сургамж авч болох нь харагдаж байна.