Өнөөдөр алдарт яруу найрагч Евгений Евтушенкогийн тэнгэрт одсон өдөр. Тэрээр 2017 оны энэ өдөр өвчний улмаас энэ ертөнцийг орхисон юм.
Түүний эшлэлээс толилуулъя.
Би Ард түмний найрагч. Хэн нэг хүмүүс, бүлэг, намын найрагч биш.
Би бараг 100 улс оронд очиж байсан. Олон новшийн амьтадтай уулзаж байлаа. Гэхдээ тэр чигээрээ новшнуудаас бүрдсэн үндэстэн, ард түмэн огт харж байгаагүй.
Би карьер хийх гэж оролддоггүйгээрээ өөртөө карьер хийсэн.
Багш бол зохиолч хүн. Тэр ном биш амьд хүмүүсийг бичдэг юм.
*
Үе болгон өөрийн төөрөгдөлтэй. Гол нь алдаагаа засаж, зөв дүгнэлт гаргахад бэлэн байх хэрэгтэй.
Эх орныг сонгодоггүй. Амьдралтай хамт өгдөг.
Түүдэг гал бүхнийг нэгтгэдэг. Гал харан суухад бодол санаа чөлөөтэй ниснэ. Хүмүүс яагаад түүдэг харах дуртай юм бол? Магадгүй амьдрал галаас үүссэн болохоор тэр биз. Түүдгийн дэргэд чив чимээгүй суусан ч түүдэг чамтай гал дөл, гашуун утаагаараа ярилцана. Хүмүүстэй нэг зэрэг ярьж, сонсож болдоггүй бол түүдэгтэй чадна.
Эх орондоо хайртай байх нь хүн төрөлхтнийг хайрлах хайртай чинь зөрчилдөж байвал энэ чинь хуурамч эх оронч үзэл шүү.
*
Үндэсний үзэл бол ёс суртахууны мухардал юм.
Жинхэнэ урлаг хорон муу санаан дээр тогтдоггүй.
Бид хүмүүсийг хайрлаж, дурладаг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй.
Урлагийн хүн үхлээс ангид байдаг.
*
Бүх хөрөнгөө оруулж болох цорын ганц банк бол Дурсамж юм. Хэзээ ч шатахгүй банк.
Үнэн шударгыг шийтгэдэг Улсад цэцэг өргөөд хэрэггүй.
Дайсан болсон хуучин анд минь зүүдэнд орлоо. Дайсан биш найз хэвээрээ зүүдлэгдэж байлаа.
Зодоон санагдуулсан спортод би дургүй. Багадаа би хүмүүсийг зодож байгааг хэт их харсан.
*
Амьдралын чухал зүйлээ заримдаа огт танихгүй хүнтэй ярих нь дээр байдаг. Дахиж хэзээ ч уулзахгүй тийм хүнтэй.

Цаг агаарын дулаарлын аюул гэж ярьж байгаа энэ үед би хүний харилцааны хүйтрэл гэдэг өөр аюулыг харж байна.
Миний шүлгээ уншиж байгааг сонсоогүй байж надтай ярих нь Аршавиныг хөлбөмбөг тоглож байгааг хараагүй байж түүнтэй ярихтай адил.
Цагийн сайханд хөлбөмбөг яруу найрагтай адил өөрийн гэсэн өнгө төрхтэй байлаа. Ленинградын хөлбөмбөг Москвагаас огт өөр байсан. Харин одоо Украины Шахтер Германы Вердертэй тоглоход хэн хэнтэй тоглоод байгаа нь мэдэгдэхгүй. Яагаад гэвэл бүх гоолыг нь бразилчууд оруулдаг.
Хүн хариуцлагатай байх ёстой. Хэрэв чи жүжигчин бол зүгээр л нэг мөнгө их олдог хүн байж таарахгүй. Чи бол ард түмэн, бүх хүн төрөлхтний өмнө өртэй хүн гэсэн үг.
Хүнд хэцүү, гунигтай үе байдаг. Зүгээр ээ. Аз жаргалын үнэ цэнийг мэддэггүй хүн хэзээ ч аз жаргалтай байдаггүй.
Загас толгойноосоо өмхийрдөг гэж Сүүл өөрийгөө зөвтгөлөө.
Хүн бол төрөл нэгтнээ ангуучилдаг цорын ганц амьтан юм.
Ингээд манай нэрт орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүйгийн орчуулсан “Бабий Яр” буюу “Өртөө хавцал” найраглалыг нь толилуулья.

Бабий Яр (“Өртөө” хавцал)
“Өртөө” хавцалд
Ямар ч
Хөшөө дурсгал байхгүй ээ.
Өндөр эрэг нь
Яг л
Хүүрийн чулуу шиг ээ.
Аяа,
Аймаар газар юм аа.
Холчирхон настай
Хонгорхон зүстэй би дорхноо л
Ховройн ард түмэн шиг
Хэдэн мянган настай болчихов.
Жүүд адил болчихов, би.
Зүүлэг амьтан шиг болчихов, би.
Эртний Египтээр хар дарсан
Элий балай зүүдэнд автав.
Хэрээсэн дээр хадагдаад,
Хэдэн тийшээ тэлэгдээд
Хүүр болчих шиг санагдав.
Хадаасных нь ором хүртэл
Хэвээрээ л байх шиг бодогдов.
Ахиад би бас
Альфред Дрейфус шиг шүүгдэв.
Аливаа бэртэгчингүүд цуглалдаад,
Амьхандаа тэнд шивнэлдээд
Араас минь хутга шаагчингууд,
Амаан мэдэхгүй матаачингүүд,
Арын хаалганы шүүгчингүүд болчихов.
Нулимуулаад би, гүтгүүлээд би,
Номхруулах цамц углуулаад би
Торон цаад руу шидэгдэв.
Тойрог дотор хоригдов.
Брюссель хуниастай банзлаар гангарч,
Борооны халхаар дэгжирсэн авгайчуул
Бузар үгсээ нүүр лүү минь цацалж
Борооны халхаараа нүдийг минь чичлэв.
Тэгснээ би бас
Тэртээх Белостокийн жаал хүү болчихов.
Түлэмхий архи, булцуутай сонгины
Төлөөсөнд түлхүүлж үзэв, би.
Уушийн газрын зэрлэг харчуул
Улаан цусыг минь шалаар нэг бялдаж
Улаан нүүр лүү минь савхин гутлаараа
Уухичин, аахичин өшигчиж байх юм.
“Жүүдүүдийг алаад бай,
Оросуудаа авраад бай” гэх
Жөрөө хүмсийн хашгираан дор
Оймс, гутлыг нь үнсэж байв, би.
Уушийн газрын эзэн харин
Улаан мөнгөний бараа харчихаад
Намайг төрүүлсэн ариухан бүсгүйг
Намалдаглаж унагаад хүчиндэж байх юм.
Ай, хөөрхий, Оросын ард түмэн минь ээ!
Аль ч талаасаа чи минь
Агуу их интернационалч байтал,
Харин цаана чинь
Хар гартай заримчуул
Хайран нэрийг чинь
Хамуутуулж байна шүү.
Газар нутгийнхаа өгөөжийг би мэднэ.
Гараа сунгадаг буянтайг чинь мэднэ.
Гэтэл харин цаана чинь
Гүрээнийхээ судсыг гүрийлгэн байж
“Оросын ард түмний андууд” гэж
Орилдог хүмүүс олон боллоо.
Ханилсан тэр хүмүүс чинь тэгтэл
Ховройн эсрэг үзэлтнүүд байлаа.
Тэгснээ бас би
Анна Франк болчихов.
Дөрвөн сарын мөчрийн нахиа шиг
Ариухан, энхрийхэн болчихов.
Надад ч бас хайр буй,
Үггүйгээр тэрнийгээ хэлчихэж чадна.
Нүдгүйгээр тэрнийгээ илчилчихэж чадна.
Хамгийн гол нь
Хайртынхаа нүдийг л харахдаа байдаг.
Харах нь багадвал үнэрлэх нь гол байдаг.
Хайр минь тэр ээ.
Унасан навчийг үнэрлэж болохгүй.
Уужим тэнгэрийг тэвэрч болохгүй.
Хамгийн ариухан нь л,
Хамгийн энхрий нь л-
Харанхуйн дунд
Хоёр биеэрээ тэврэлдэх нь чухал аа.
“Цаана чинь хүн” гэж үү?
За боль доо, битгий ай!
Цаанаас чинь харин
Цангинасан, хангинасан
Хавар цаг ирж байна,
Хавар цагийн нүргээн байна.
“Хаалга балбалаа” гэж үү?
Хаалга биш ээ, хайрт минь.
Мөс зүсэгч хөлөг онгоц л
Мөрдийн баринтгийг задалж яваа юм…
Урдаас минь гараа
Дэлгээд ир.
Улаахан уруулаа
Тосгуулаад ир.
Өвлийн дараа хавар залгаад,
“Өртөө” хавцалд шинэ ногоо цухуйж байна.
Өндөр модод хөмсгөө зангидаад
Өнгөрсөн цагийг шүүж байна.
Цугласан бүхэн малгайгаа аваад
Цурхирахаа тэвчээд гашуудаж байна.
Цагаасаа өмнө бууралтчихаж буйгаа
Цагаасаа өмнө би мэдэрч байна.
Мянга мянгаараа буудуулж унасан
Мянга мянгаараа булагдаж үлдсэн
Тэр хөөрхий хүмүүсийн шарил дээр
Тэнгэр мэт дуугүй чарлаан болов, би.
Би энд-
Буудуулж үхсэн өвгөн бүр болов.
Би энд-
Буудуулж үрэгдсэн нялхас бүр болов.
Ховрой цус алдхан биенд минь үгүй ч
“Хэзээ ч бүү март!” гэж
Эд эс бүхэндээ тушаав.
Эмгэнэлээн шүлэг болгон тэрлэв.
Өнө мөнхөд газар дээр
Өлөн нүдтэй антисемит8 бүхэн
Ирмэхийн зуурт үгүй болохын цагт
“Интернационал” л ганцаараа цуурайтаж байг ээ.
Хорвоогийн антисемит бүхнийг
Ховрой болгон шиг
Хөлийнхөө чигчий хурууг хүртэл
Хоёргүй сэтгэлээр үзэн яддаг болохоороо л
Хамгийн, хамгийн орос хүн шүү, би.
1961 он.