Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокын зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа.

“Улаанбаатар Радио” ХХК анх нийслэлийн харьяаны радио байсан боловч менежментийн хувьчлалаар хувьчлагдсан. 2008 онд нийслэлийн өмчөөс “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокын зүүн жигүүрт нийт 1222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон тул олон жил маргаантай байсны эцэст нийслэлийн өмчид буцаан авчээ. "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт талбайг өөр газар шилжүүлэн олгох, тэдний оруулсан зарим хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлыг буцаан олгох юм байна. Цаашид газар ашиглалтыг сайжруулахын тулд нийслэл өөрийн хөрөнгөөр барилгын гадна талбайд байрлах ашиглагддаггүй гүүрэн байгууламж, гараашийг нурааж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах юм байна.

