UBLife Logo
Спорт

Тухайн мөч бүрд би хамгийн шилдэг хувилбараа бүтээж чадсан

Тухайн мөч бүрд би хамгийн шилдэг хувилбараа бүтээж чадсан

“Спортод аз гэж байдаггүй. Үргэлжийн бэлтгэл сургуулилалт, ар гэр, амьдралаа мартан зүтгэсэн өдрүүдийн хэмжүүр нь амжилт юм. Монголд спортоор хичээллэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь секцэндээ хотын захаас явдаг. Юу туулж, юу золиосолж, яаж ийм амжилтад хүрсэн зам нь чухал” хэмээн өгүүлэх Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг маш олон үзүүлэлтээр хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхдагч билээ. Тэрбээр 20 насандаа насанд хүрэгчдийн ДАШТ-ээс эх орондоо анхны хүрэл медалийг авчирч  байв.  2019 онд ээж болсноос хойш 10 сарын дараа ДАШТ-д оролцон, хоёр дахь хүрэл медалиа зүүв. “Б” группээс медаль авах нь ховор тохиолдол бөгөөд 110 кг өргөчихсөн байхад А группийн  тамирчин  111 кг-ыг захиалан өргөх боломжтой тийм л эгзэгтэй бүс. Тэрхүү ДАШТ-д Анхаа 110 кг-ыг огцомдож,  111, 112 кг-ыг захиалсан А группийн тамирчдын оролдлого бүтэлгүйтсэн тул Б группээс алт, хүрэл медальтан төрсний нэг нь юм.  Гуравдахь ДАШТ-дээ тэр аваргалсан. Олимпоос медаль авч чадалгүй, гонсгор байсан бол тэрхүү ДАШТ-д  төрийн дууллаа эгшиглүүлж чадсан юм. Угаасаа түрүүлнэ гэж бодон очоод  огцом өргөлтдөө нойллосон тохиолдол ч түүнд байдаг.

Парисын олимпоос хойш 3 сарын дараах ДАШТ-д өөрийгөө  дайчлан,  бэртэл гэмтлээ даван туулж, эмээр хооллох шахаж, эцсийн сумаа тавин оролцоод огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн юм. Их спортын амьдралаа ийн медалиар отголж, өдгөө тамирчны бус, эзэгтэй, ээж хүний хэмнэлээр амьдарч буй “Алтан охин”-ыг ТЦ баярын дугаартаа урьж ярилцлаа. 

-30 жилийн турш спортын үнэн бодит, үнэ цэнтэй мэдээллийг уншигчдадаа хүргэсээр ирсэн ТЦ сонины хойморьт уригдан оролцож буй танд хамгийн сайн сайхныг хүсье.  Зодог тайлснаасаа хойш хамгийн түрүүнд хийхээр төлөвлөсөн зүйл юу вэ?  

-Гэртээ удаан хугацаанд байж үзэхийг,  эзэгтэй болон ээж хүний үүргээ гүйцэтгэхийг, гэр бүлийн жирийн нэг гишүүн байхыг хамгийн түрүүнд хүссэн юм. Ковидоос хойших одоог хүртэлх хугацаанд  гэртээ 7 хоног, цаашилбал сар байж үзэхийг мөрөөддөг байлаа. Одоо яг тэр бүхнээ хийж байгаа учраас жаргалтай байна.

-Тамирчин Анхаа, эзэгтэй, ээж Анхаагийн ертөнц харилцан адилгүй байх. Амьдралын хэв маягийн өөрчлөлттэй эвлэрэх амар гэж үү?

- Яг л одоогийн амьдралаа хүссээр ирсэн. Намайг 1-р ангид байхад багш маань ямар мэргэжилтэй болох вэ гэсэн сэдвээр зохион бичлэг хийлгэв ээ. “Би ээж шигээ ээж болно” гэж бичиж л дээ.  Багш ээжтэй уулзаад “Чи хүүхдийнхээ үлгэр дуурайлал болсон сайн ээж байж болно, гэхдээ охин чинь ирээдүйд ямар нэгэн мэргэжил сонгож л таарна” гэж хэлсэн гэдэг. Багаасаа л би ээж гэж ямар агуу хүн болохыг мэдэрч өссөн.

Зодог тайлсны дараах амьдралын хэв маягтай эвлэрэх нь зарим тамирчинд хэцүү байдаг гэж уншиж, сонсож байсан. Яг одоо бол би амьдралын олон шинэ өнгийг олж харж байна.

-Зодог тайлсны дараа ханиасаа ямар үгийг хамгийн түрүүнд сонссон бол?  

-Спортоо орхих нь залуу хүний хувьд  амар  биш л дээ. Би 2024 оны олимпийн дараа зодог тайлах бодолтой байлаа. Өндөр амжилт гаргасаар ирсэн намайг  гэмтэл авч, зорилгодоо хүрч чадахгүй байгааг минь хөндлөнгөөс харах нөхөрт минь амар байгаагүй. Гэмтэл бол ямар ч тамирчныг сөхрүүлдэг. Олимпийн дараа Золоо надад “Миний хайр энэ жилийн ДАШТ-дээ л оролцчих. ДАШТ хүртэл сэргэх хугацаа байна. Дараа нь зодог тайлбал ямар вэ” гэж хэлснийг нь бодохоор хайр хүрдэг юм.

-Амжилт гаргасан үед санхүүгийн асуудлууд шийдэгддэг тамирчдын нийтлэг жишиг бий. Зодог тайлсны дараа эргээд харж байхад та нийгмийн асуудлаа шийдэж чадаж уу?  

-Хүүхэд байхад амжилт гаргах л хамгийн чухал байлаа. Тухайн үед өөрийгөө яаж ийгээд  болгоод явдаг байсан. Сүүлдээ мөнгө үнэхээр хэрэгтэй болдог юм билээ. Гэр бүлтэй болсны дараа орон байр, унах  машинаас эхлээд бусад залуучуудын адилаар хэрэгцээ их гарна. Миний хувьд харьцангуй залуудаа спортоо орхисон болохоор цаашид гэр бүлийн бизнестэй болохыг зорьж байгаа. Өөрийн нэрийн брэндийн нурууны хамгаалалтын  бүс гаргахаар турших шатандаа явж байна. Энэ нь тамирчид, жолооч нар, байнгын суугаа ажил хийдэг,  нуруу нь өвддөг хүмүүс зүүх зориулалттай  бүс юм. 

-Одоо хаана, хэрхэн ажиллаж хөдөлмөрлөж байна вэ?   

- “Алдар” СХ-нд ажиллаж, тус хорооны тамирчин учраас  дотоодын тэмцээнүүддээ  оролцоно.

-Хилийн чанадыг зорих Монгол залуучуудын цуваа тасрахгүй байна. Танай гэр бүл гадаадын аль нэг оронд очиж амьдрах уу? 

-Юм үзэж нүд тайл гэсэн үг байдаг. Залуучууд гадаадад  боловсрол эзэмшээд улс орны хөгжлөөс суралцан, өөр өнцгөөс харж яагаад болохгүй гэж? Түүнийгээ эх орондоо нутагшуулах бахархалтай биш гэж үү?  Бид хоёр ч бас гадаадад  сурч боловсрох сонирхолтой. Энэ бүхнийг залуу насандаа амжуулах хэрэгтэй гэж боддог.  Аав ээжээсээ хол, өөр орчинд гурвуулаа өөрсдийнхөөрөө амьдрах нь надад сонирхолтой санагддаг.

-Зодог тайлсны дараа хүндийг өргөлтийн тэмцээнүүд үзэж суухад оролцмоор мэдрэмж төрөх юм уу?   

-Миний тархи одоо л амарч байна. Хүндийг өргөлтийн томоохон тэмцээнүүдийг үзэж суухад огших ч юм уу, оролцсон бол яах байсан бол гэх мэдрэмж төрдөг. Гэхдээ энэ нь харамсал биш л дээ. Гэгэлзэх гэж хэлж болох байх. 2024 оны олимп болон ДАШТ-ий дараа надад баяр, гуниг зэрэгцсэн. Гурван олимпод оролцохдоо би олимп ямар гоё байдгийг, дэлхийн шилдгүүдтэй нэг дор байрлан амьдарч байгаагаа мэдэрдэггүй байсан. Энэ мэдрэмжийг дараа дасгалжуулагчаар ч юм уу, эсвэл үзэгчээр очихдоо мэдрэх байх. “Парис-2024” олимп тамирчны хувиар оролцож байгаа сүүлчийн олимп болохоор хотхон, тэмцээний танхим гээд ер бүх юманд  хоргодмоор санагдсан. 

-Та хүндийг өргөлтөөр маш олон зүйлээр анхдагч. 100 хувь гэж үзвэл та хэдэн хувийн амжилт гаргаж вэ?

-Эргээд харахад тухайн мөч бүрд өөрийн хамгийн сайн хувилбараараа оролцож иржээ. Харин олимпоос л медаль авах тохиолгүй байж. Амжилтаа хувиар илэрхийлбэл би 100 хувь гэж үнэлнэ. Тухайн үед ингэсэн бол… Олимпоос медаль авч чадсангүй гэх ямар нэгэн харуусал төрдөггүй.  ДАШТ-ээс медаль авах нь “хатуу самар”.  ДАШТ-ээс 5 медаль авсан торгон мөч бүр надад дүүрэн мэдрэмж өгсөн. Хэрэв  2024 оны олимпийн дараа шууд зодог тайлсан бол өнөөдөр би 100 хувь гэж нүүр бардам хэлэхгүй байсан. Нэхэн санахад тийм олон жил ийм өндөр формтой байж  хичээж чадсан минь бахархалт түүх юм. 

-Таныг  нийгмийн идэвхтэй, нөлөөллийн ажилд идэвхтэй оролцдог бүсгүйчүүдийн нэг гэж боддог. Жишээлбэл та НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Мөрөөдлийн шүхэр” аяны элч төлөөлөгч болсныг тань мэдэх юм..

-Олны танил байна гэдэг тухайн цаг үедээ хамаатай юм шиг санагддаг. Дээр үеийн жүжигчдийг одоогийн залуус гудамжинд таараад таньдаггүй шүү дээ. Яг үүнтэй адил… Энэ цаг хугацаандаа би эерэг нөлөөллийн аянд чадах чинээгээрээ оролцохыгг хичээдэг. ЦЕГ-аас 2 сар тутам зохиодог  аянд манай гэр бүл оролцож дуу хоолойгоо өргөж байлаа. Би хүүхэд байхаасаа бэлгийн мөлжлөг, охидын хөдөлмөрийн мөлжлөгтэй холбоотой сэдвүүдийг уншиж, судлан, сэрэмжилдэг хүүхэд байсан. Түүгээрээ ч надад “Мөрөөдлийн шүхэр” аян ойрхон санагдсан юм.

-2025 оны зорилгоосоо хуваалцана уу?

-Хүүхэд байхаасаа зорилго гэхээр УАШТ, Азийн АШТ, ДАШТ, олимпод хэрхэн оролцох гэж төсөөлдөг байлаа. Өнөөг хүртэл гэр бүлийн зорилго тавьж байгаагүй шахуу. Энэ жил бид гурав аялах, хамтдаа хэл сурах зорилготой байгаа.

-Ингэхэд рекламанд хэр олон тоглоод байна? Ном гаргах, кинонд тоглох гэх мэт “адтай” хүсэл төрдөг үү? 

- Ном гаргах, кинонд тоглох сонирхол аль аль нь байгаа. Дөнгөж танигдах гэж байгаа компани, хөл дээрээ босох гэж байгаа залуучуудад туслаад рекламанд нь үнэгүй тоглож өгч байсан. Гэхдээ би рекламанд хянуур ханддаг. Миний сурталчлах гэж байгаа бүтээгдэхүүн бусдад сөрөг нөлөө учруулахаас сэрэмжилдэг. Байнга рекламанд тоглох нь утгагүй, хааяа л ийм санал хүлээн авдаг.

-Өндөр хөгжилтэй олон орон танд харьяаллаа санал болгосон. Тэр бүхэнд татгалзсан хариулт өгч байхад тэмцээний зардал хайгаад гүйдэг, дасгалжуулагчгүйгээр оролцсон гадаад тэмцээнүүд нүдэнд нь харагдсан л байх. Та ийм шийдвэр гаргахдаа тээнэгэлзэж байсан уу? 

-Хэзээ ч эргэлзэж байгаагүй, татгалзах үүрэгтэй юм шиг санагддаг. Аав ээж минь намайг  материаллаг зүйлд дурлуулж өсгөөгүйтэй холбоотой байх.  Би одоо 30 хүрэх гэж байгаа эмэгтэй мөртлөө дэлхийн брэндүүдийг мэддэггүй, тэдгээрийг сонирхдоггүй гээд бод доо.  Хүний өмссөн зүүснийг ч  анзаардаггүй. Харин хамгийн их сонирхдог зүйлсийн нэг нь хоол. Гоё хоол хийж идэх, гоё ресторанд хооллох нь амьдралын тансаг аялгуу. Миний хувьд тамирчин байхдаа замын зардал хайн гүйж байгаагүй, багш маань зохицуулдаг, намайг бэлтгэлдээ анхаарахыг л зөвлөдөг байсан.

-Хүний амьдрал дардан байдаггүй, энхэл донхол зүйл зөндөө. Тэгвэл тамирчин ахуйдаа ямар нэгэн зүйлд сэтгэлээр унах, төлөвлөсөн амжилтдаа хүрч чадахгүй байх зэрэг үед сэтгэлээ  аргадах хэрэг гарна биз дээ? 

-Зовлон бэрхшээлийг даваад л гарах ёстой гэж боддог. Цаг хугацаа бүхнийг анагааж эдгээдэг. Хүүхэд хөлд орчихвол, хэлд орчихвол учиртай гэдэг дээ, яг түүн шиг...  Ямар нэгэн бэрхшээлийг айхавтар сөрж тэмцэхийн оронд заримдаа дунд нь урсчих хэрэгтэй гэж дүү нартаа хэлдэг. Зарим асуудлын гарц гаргалгааг олохгүй хямарсан үедээ зөнгөөр нь орхиод хэд хоног урсчихдаг хүн л дээ, би. Бэлтгэл хийхээс зүрхшээх, сэтгэлээр унах үедээ ямартай ч зааланд цагтаа очно, төлөвлөгөөний дагуу хийхээ л хийнэ. Ингээд  урсаад явж байхад аяндаа гоё болчихдог юм. Сэтгэлээр унадаггүй төрлийн хүн юм шиг байналээ, би.

-Парисын олимпийг эргэн дурсъя. Цаг хугацааг ухраадаг бол яг эндээс медаль авах байсан юм…

-17, 18-тай байхдаа ДАШТ-д оролцон, медаль яг авах гэж байгаа юм шиг хэрнээ мултарсан үеүд бий. Парис хотод олимп болно гэж мэддэггүй байхаасаа л Эйфелийн цамхаг цуглуулдаг байлаа. Энэ нь цаанаа нэг юм хэлээд байна даа гэж  хүлээсэн ч бодсоноор болоогүй.  Бэлтгэл бараг хийж чадахгүй,  хажуулдан унтаж чадахгүй, 20 минут хөлөө унжуулан сууж чадахаа больтлоо бэртсэн тийм л үе. Тэр бүхнийг давж гараад 3 дахь олимпдоо оролцож байгаа нь надад гайхалтай санагдсан. Хүндийг өргөлтөөр 3 удаа олимпийн эрх аваад  тасалдуулахгүйгээр оролцож, Монголын тамирчин гэж дуудуулж яваа минь гайхалтай байсан. Парисаас медаль аваагүйдээ харамсаагүй. Бодит байдалтай эвлэрэхээс өөр замгүй. 

-Токио, Рио-де-Жанейрогийн олимпийн өөр өөр өнгө төрхийг сонирхъё.  

-Нас залуу байх тусам олимпийн медаль сэтгэлд багтдаг.  18-тайдаа Риогийн олимпод оролцож байлаа. “Багш аа би жин хасъя, 69 кг-д өрсөлдвөл түрүүлэх гээд байна” гэж гэнэн цагаанаар хэлсэн. Багш маань “Яах юм бэ, ядарчихна,  75 кг-д оролц”  гэхэд нь зөрүүдэлсээр 69 кг-д оролцсон.  Жин их хассан, цагийн бүсийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан, тэр олимпдоо 8-р байрт орсон. Энэ үр дүн намайг шоконд оруулсан.

Токиогийн олимпод угаасаа л медаль авна гэж итгэсэн. Гэтэл тэмцээн дээр 2 ч оролт дээр алдаа гаргасан.  Ингээд алдчихсан юм чинь өрсөлдөгчдөөсөө хол зөрүүтэй яваа даа гэж сэтгэлээр унасаар гарч иртэл дөрөвт орчихсон байсан. Миний хувьд аливаа зүйлээс эерэг талыг нь олж харах гэж хичээдэг. Медалиас атгаад алдчихсан л биз, надад нас байна гээд харамсаагүй. Хүүхдээ төрүүлээд 3 жилийн дараа олимпийн медальд маш ойрхон байснаа би чамладаггүй юм.  Харуусал тээж амьдрахгүйг хичээдэгтэй энэ бүхэн холбоотой биз ээ. Монголчууд  тэр үед намайг медаль авсны дайтай хүлээж авсан.

-Таныг ”Алтан охин” гэж фэнүүд нь дууддаг. Энэ нэрийг анх сонсоход ямар мэдрэмж төрсөн бол? 

-Жаахан ичээд байдаг юм. Багаасаа л амжилтаараа танигдсан надад  монголчууд хайртай байдаг учраас ийм нэр өгсөн байх. Миний амнаас л гардаггүй болохоос энэ нэрэндээ маш дуртай.

-Түрүүн бэртэл гэмтлийн талаар ярилаа. Тамирчин ахуйдаа дэвжээнээс хамгийн их “зай барьсан” үе гэвэл хэзээ вэ? Тухайн үед юу бодогдож байсан бол? 

-Гэмтлээс ангид байдаг тамирчин гэж үгүй. Хамгийн том дайсан бол гэмтэл гэж зүйрлэдэг ч дайснаа өөрийн найз болгох хэрэгтэй юм шиг санагддаг. Гэмтэлтэйгээ эвлэрч, дасан зохицож, ойлгож, биеийнхээ нэг хэсэг юм шиг хүлээн авах хэрэгтэй гэж боддог. Нэхэн бодоход  надад гэмтэж үзээгүй нэг ширхэг ч үе алга.

-Аливаа амжилтын төлөө ямар нэгэн зүйлийг золиослох хэрэгтэй болдог. Дэлхий, тивийн дэвжээнд аархаж явахдаа та чухам юу золиолсолсон бол? Та ер нь эрсдэл гаргах хэр дуртай вэ? 

-Тамирчин хүн хамгийн түрүүнд ар гэрийн амьдралаа золиосолдог байх. Насаараа зүтгэсэн мөртлөө ДАШТ-ээс медаль аваагүй  тамирчин олон байдаг. Миний хувьд 10 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэн, 18 жил төмөр өргөжээ. Нуруу өвдөн,  8, 9 сар аав ээжтэйгээ  Дорнодод амьдарсан, хөл хүнд болж, хүүхдээ төрүүлээд  11 сар амарснаас өөрөөр штангаас холдсон үе үгүй. Ингээд бодохоор тамирчин хүн цаг хугацааг  золисолдог юм байна. Гэр бүлдээ, өөртөө анхаарах, өөрийгөө таньж мэдэн, ойлгох цаг хугацааг алддаг.

-Багш, шавийн ойлголцлоос амжилт шалтгаалдаг. Ц.Хосбаяр багшдаа анх шавь ороход түүний талаар ямар сэтгэгдэл төрсөн бол? Дандаа магтахаар ямар ч хүн мөлийдөг. Тэгвэл багш тань таныг хэрхэн хурцалдаг вэ буюу хатуу үг хэр хэлдэг байв?   

-Багш нартайгаа маш сайн ойлголцдог. Амьдралынхаа хамгийн урт хугацааг Хосоо багштайгаа хамт өнгөрүүлжээ. Бид сүүлдээ харцаараа ойлголцдог болсон. Багш намайг мэдэрдэг, “Миний духан дээр бичиг байна” гэдэг шиг л… Сайн ойлголцдог учраас бид өдий зэрэгтэй амжилт гаргажээ.

Хүндийг өргөлтийн анхны багшийг минь Цэрэнням, дараа нь Чулуунпүрэв, Гансүх, тэгээд Хосбаяр багшийн удирдлагад бэлтгэл хийх болсон. Багш намайг ер магтдаггүй. Медаль аваад буугаад ирэхэд магтана, маргааш нь түүнээсээ ч илүү шаардлага тавих жишээтэй. Одоо бодоход  хөөрлийг минь дарах, даруулгатай байлгах арга  байж.

-Хүндийг өргөлтөөр хичээллэж байгаа охид, хөвгүүдэд хандан ямар үнэ цэнтэй үгсийг манай сониноор дамжуулан хэлэх вэ? 

-Өсвөр насны дүү нартаа мөрөөдөлтэй байгаарай, өөрийгөө олоорой, түүндээ тулгуурлан хөгжүүлээрэй гэж хэлмээр байна. Дуртай ажлаа хийхээр сонгосон хүнд шантрах зүйл байдаггүй, ямар ч бэрхшээлийг даваад гардаг. Хамгийн сайн хийж чадах зүйлээ хамгийн сайнаараа хийгээрэй гэж хэлье.

-Баярын дугаарт маань зочилсон танд баярлалаа. 

-Хүүхэд байхдаа би “Таван цагариг” сониныг уншдаг байлаа. Танай сонины хамт олонд түүхт ойн баярын мэнд хүргэе! Намайг ачилдаг аав ээждээ, арыг минь даан, ойлгодог ханьдаа, өнөөдрийн амжилтыг хамтдаа бүтээсэн Ц.Хосбаяр багш болон бусад багш нар, багийнхандаа,  “Алдар” СХ,  МХӨХ-ын Удирдах зөвлөл, МҮОХ, БТСУХ, намайг дэмждэг бүх байгууллага, хувь хүмүүс, ард түмэн, Монгол эх орондоо талархаж явдгаа илэрхийлье.                              

Ярилцсан Б.Өлзийтогтох

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.