Чөлөөт бөхийн нэгэн сонирхолтой барилдаан биднийг хүлээж байна. Дональд Трамп засгийн эрхэнд гарснаас хойш яригдаж эхэлсэн хоёр орны спортын уралдаан тэмцээн удахгүй болох нь. Шигшээ багийн түвшинд хоккей, бөх, уран гулгалтын халз тулаан төлөвлөгдөж байсан бол чөлөөт бөх хамгийн түрүүнд болох шинжтэй.
ОХУ-ын Спортын сайд Михаил Дегтярёв “Чөлөөт бөхийн барилдааныг долоо, эсвэл наймдугаар сард хийхээр төлөвлөж байна. ДБНХ, АНУ-ын Бөхийн холбоотой тохиролцоонд хүрсэн байгаа. Ойрын үед цаг хугацаа, байршил гээд бүх зүйл тодорхой болно. Спортын бусад төрлийн хувьд хэлэлцээ дөнгөж эхэлж байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили энэ талаар “Америкийн виз авах нь манай багийн хувьд маш том асуудал болоод байна. АНУ-ын Бөхийн холбооноос боломжгүй зүйлийг шаардах нь утгагүй хэрэг. Мэдээж, тэд шигшээ багийн бүх гишүүнд виз авч өгөх гэж хичээнэ. Гэхдээ виз олгох нь тэдний ажил биш. ДБНХ-ноос ОХУ-д тэмцээн, уралдаан зохион байгуулах эрхийг өгөөгүй байгаа тул гадаад оронд хийхээс өөр аргагүй. Уран гулгалт, гимнастик зэрэг төрөлд орос тамирчдыг оролцуулахгүй хэвээр байгаа. Харин бид ажилласны хүчээр ДБНХ-той ажил хэргийн харилцаатай байна. Одоогийн байдлаар Узбекистан, Азербайжан, Казахстан улсууд хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Манай холбооны хувьд Узбекистаныг сонгох бодолтой байна. Дотоодын сонгон шалгаруултыг бодолцоод үзэхэд долоодугаар сарын сүүлчээр хийх нь хамгийн зөв хувилбар. Мэдээж зөвхөн шилдгүүдийг оролцуулна. Шагналын сан маш өндөр байх болно” гэж ярьлаа.