Жил бүр “Хил хязгааргүй сурвалжлагчид” (Reporters Without Borders) олон улсын байгууллагаас дэлхийн улс орнуудын Хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулдаг. Өнөөдөр танилцуулсан 2025 оны үзүүлэлтээр Монгол Улс 180 улсаас 102 дугаарт бичигдээд байна. Өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 1 оноогоор дээшилж, 109-өөс 102 дугаар байрт шилжсэн боловч хэвлэлийн эрх чөлөө “хүнд” ангилалд багтсаар байна. Ялангуяа, 2020 оноос манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс мэдэгдэхүйц уруудаж, “асуудалтай” ангиллаас “хүнд” гэсэн ангилал руу шилжээд байгаа юм.
Хэвлэлийн эрх чөлөөний индексийг таван ангилалд хуваан авч үздэг бөгөөд энэ жилийн хувьд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт сайжирсан боловч сэтгүүлчийн аюулгүй байдлын асуудал хамгийн ноцтойд тооцогджээ.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын тайланд дурдсанаар сүүлийн 10 жилийн хугацаанд хэвлэлийн эрх чөлөөний индекс дэлхий даяар унаж байгаа. Гэсэн хэдий ч энэ жилийн хувьд анх удаа дэлхийн улс орнуудын дундаж үзүүлэлт 55-аас доош оноонд хүрч нийтээрээ “хүнд” ангилалд орсныг онцолжээ. Өөрөөр хэлбэл дэлхий дахинд дөрвөн улс тутмын нэг нь хэвлэлийн эрх чөлөөний хувьд “ноцтой асуудалтай”, “хүнд” гэсэн ангилалд байгаа юм.
Монгол Улсын нөхцөл байдлыг үнэлэхдээ олон ургальч байдлыг хүндэтгэн дэмждэг хэдий ч, эх сурвалжийг нууцлах эрх хангалтгүй, гүтгэлгийн эсрэг хууль нь сэтгүүлчдийн эсрэг дур зоргоор шүүхэд хандахад түлхэц болж, улмаар өөрийн цензур тогтоож байна гэжээ.
Монгол улстай онооны үзүүлэлтээр өмнө, хойно буй улс орнуудыг харуулбал:
