Уг нийтлэл нь “Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points: Global Agenda” дугаарт 2025 оны арванхоёрдугаар сард нийтлэгдсэн болно.
Саяхан BBC сувгаар мэдээ үзэж байтал Английн цагдаа нар нэгэн гэмт хэрэгтний гэр лүү сүр дуулиантай нэвтэрч байгаа дүрс үзэгдэв. Ямар гэгч аюултай этгээд юм бол гээд сонирхоод харвал хуучны хоёр давхар байшинд ув улаан хөнжилдөө хэвтэж байсан мантгар цагаан эмэгтэй баригдах нь тэр. Тэр бол “Хятадын крипто хатан хаан” хэмээн цахим ертөнцөд танигдсан Чиан Жимин бөгөөд 5 тэрбум фунтын хэрэг буюу 23 их наяд төгрөгтэй дүйцэх залилангийн хэргээр ийнхүү дуулиан дагуулан баривчлагджээ. Тэрбээр өндөр технологийн компани байгуулж бүтээгдэхүүн хөгжүүлэхийн зэрэгцээ крипто олборлож байна хэмээн 100 мянга гаруй хятадаа залилжээ. Түүний энэ буруу гарын үйл ажиллагаа 10 жил шахам үргэлжилсэн бөгөөд компанийнхаа нэрээр үе үе томоохон арга хэмжээ олон нийтийн дунд зохион байгуулдаг байсан ч, харилцагчидтайгаа холбогддог байсан гол суваг нь өөрийн блог хуудастаа нийтэлдэг шүлгүүд нь байв. Түүний жинхэнэ нэр, хаяг нь цахим орчинд ихэд нууцлаг бөгөөд Хуахуа эсвэл “Жаахан цэцэг” гэсэн нэрээр л танигдсан байжээ. Хэдий тийм боловч ганцаардсан, дунд, ахимаг насны хүмүүсийн сэтгэл зүйг шүлгээрээ дамжуулан “уургалж”, уярааж байсны жишээ нь “Бид ахмад настнуудаа анхны хайрын дурласан сэтгэлээр халамжлах учиртай” гэсэн мөртөөс эхэлнэ. Улмаар “Гэртээ зүгээр л хэвтэж байгаад мөнгөтэй болъё” хэмээн уриалж, гол төлөв тэтгэврийн насныхнаас мөнгийг нь хөрөнгө оруулалт нэрээр бага багаар татдаг байжээ.

Чиан Жимин Хятадад эрэн сурвалжлагдаж байгаад 2017 оноос Их Британи руу оргож, улмаар өндөр дүнтэй харш худалдан авахаар зэхэж байх үедээ ийнхүү Английн цагдаад саатуулагдсан юм. Арваад жилийн өмнөх энэ хэргийн эхлэл өнөөдөр Монголд дэндүү танил сонсогдож байж мэднэ. Энэ онд л гэхэд Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 30 хувь, цахим орчинд гарч байгаа гэмт хэргийн 85 хувь нь залилан байгааг дурджээ. Хуурамч сайт, хуурамч дуудлага, цаашлаад хиймэл оюунаар бүтээсэн агуулгаар ч тэр хүмүүсийг төөрөгдүүлж, сэтгэл зүйд нь нөлөөлж, санаанд оромгүй аргаар залилах болсон байна. Дэлхий дахинаа энэ төрлийн гэмт хэрэг интернэтийн хөгжлийг дагаад 10 гаруй жилийн тэртээгээс эрчээ авчээ. Улмаар цахим залилан нь дурын хэн нэгэн этгээд цахим хаяг руу маань нэвтрэхээс илүүтэй өөрийн гэсэн дэд бүтэцтэй, зохион байгуулалттай гэмт хэргийн түвшинд хүртлээ тэлээд байна. Өдгөө олон улсад цахим залилан гэмт хэргийн зохион байгуулалтын түшиц нь Зүүн өмнөд Ази, тэр дундаа Камбож, Мьянмарын хилийн орчим болоод байна.
Луйврын хот: KK Park
Хятадаас Зүүн өмнөд Азийн орнуудыг дайрч өнгөрдөг Меконг мөрөн аялал жуулчлалын төв, эрчим хүчний эх үүсвэр гэдгээс гадна Тайланд, Лаос, Камбожийн дундах “Алтан гурвалжин” гэх хэсэг нь хар тамхи, түүнтэй холбоотой зохион байгуулалттай гэмт хэргийн төв гэдгээрээ олон арван жил яригдсаар ирсэн. Харин одоо энэ бүс нутгийн сайн, муу нэр цуу нь цахим залилангийн “өлгий” гэх нэгэн тодотголоор нэмэгдээд буй. Тухайлбал, Мьянмар- Тайландын хилийн цаах нь “KK Park” гэх суурин бий бөгөөд энэ газар нь “Карэн үндэсний нэгдэл” гэх зэвсэгт бүлэглэлийн хяналтад байдаг. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энд 100-200 мянган хүн цахим залилангийн бүх төрлийн хэргийг үйлдэж байна. Үнэн хэрэгтээ тэд өөрсдөө ч хохирогчид бөгөөд Этиоп, Бангладеш, Хятад, Филиппин, Япон гээд Ази, Африкийн олон орны хүмүүс “Англи хэлтэй хүнийг оффисийн ажилд авна” гэсэн зарын дагуу Тайландад очиж хууртагдан ийш “ачигдаж”, хүний наймааны золиос болжээ. Эндээс арайхийн дүрвэсэн Ариян гэх бангладеш залуу энэ оны хоёрдугаар сард “BBC”-д өгсөн ярилцлагадаа “Биднийг хэдэн зуугаар нь нэг өрөөнд хорьж, өдөрт таван мянган ам.доллар “босгох” үүрэг ногдуулдаг. Хэрэв энэ дүнд хүрэхгүй бол цахилгаанд цохиулж шийтгэнэ, харин илүү мөнгө олбол маш сайхан хандана. Бид хиймэл оюун ашиглаж залуу охидын дүр, хоолойгоор дунд насны эрчүүдтэй холбоо тогтоож, харилцаж байгаад мэдээллийг нь авна, мөнгийг нь шилжүүлж авах гэхчлэн янз бүрийн аргаар яаж ийгээд мөнгө салгадаг байсан” гэж ярьжээ.
Мөн Филиппиний иргэн Матеогийн хувьд Тайландад үйлчилгээний ажилд орлоо гэж бодтол маргааш нь пасспортыг нь хураан авч, “KK Park” руу хүчээр аваачсан байна. Ингээд өдөр бүр сошиал медиа ашиглан хэдэн зуун америк эр рүү холбогдож, харилцаа тогтоож, итгэлийг нь олон WhatsApp дугаарыг нь авах үүрэг хүлээжээ. Тэрхүү дугаараа залилангийн схемийн дараагийн багтаа шилжүүлж, тэд цааш ашиглах гэхчлэн энэ ажиллагаа нарийн зохион байгуулалттай өрнөдөг. Матео хэрэв үүргээ биелүүлж чадахгүй бол армийн харуулуудад буу тулгуулж, халуун наранд шийтгүүлдэг байснаа “The Guardian”-ий сэтгүүлчдэд ярьжээ. “Тэр чөтгөрүүдийн хувьд хүний үнэ цэн гэх ойлголт үгүй. Харин мөнгө л юу юунаас илүү чухал” гэв.


Залилангийн энэ төвүүдийг гол төлөв хятад иргэдийн бүлэглэлүүд ажиллуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 10 орчим байсан залилангийн төвийн тоо 20 гаруй болсныг Австралийн эрэн сурвалжлагчид тогтоожээ. Түүнчлэн цэргийн дэглэм, автократ засаглалд шилжсэнээр олон улсын эдийн засгийн харилцаанд оролцоход бэрхшээлтэй болсон Мьянмарын удирдлагууд энэ сууринг мэдсэн ч мэдээгүй дүрээр өөрсдөдөө ашиглаж байна. Одоо тэдний албан эдийн засгийн 40 хувьтай дүйцэх хэмжээний мөнгө луйврын хотод эргэлдэж байна гэх тооцоо гарчээ. Зүүн өмнөд Азид үүрлэсэн цахим залилан нь алдаж бичсэн и-мейл, Нигерийн хунтайжийн гэрлэх захидал зэрэг хөнгөн хуурмаг хэв маягаасаа хальж, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий зохион байгуулалттай гэмт хэрэг болжээ. Харин хүний наймааны хохирогч болсон орнуудын төр, засгийн зүгээс гаднаас шахалт үзүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах зэргээр янз бүрийн арга ашиглаж буй. Тайландууд цахилгааны хязгаарлалт хийх, “Зүүн өмнөд Азийн орнуудын нэгдэл” эрсдэлээс сэргийлэх, хохирогчийг хамгаалах арга хэмжээ авч, Энэтхэг, Тайвань, АНУ-ын зүгээс улс төрийн болон хууль эрх зүйн хүрээнд хүчин чармайлтууд гаргасаар байгааг мэдээлжээ. Гэсэн ч зэвсэгт бүлэглэлийн харьяанд буй газар нутагт олон улсын хууль тогтоомж, норм журам үйлчлэх нь үгүй. Ямартай ч, энэ оны аравдугаар сард Мьянмарын удирдагчид уг сууринд “цэвэрлэгээ” явуулж, 2000 орчим хүнийг суллаж, 30 гаруй Старлинк терминалыг устгасан гэсэн мэдээ цацсан.
Гэсэн ч Мьянмарт бий болоод буй энэ нөхцөл байдал цаашлаад Нигери, Шри Ланкад ч “үүрээ засаж” эхэлснийг “Acts of Mercy International” хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн Эми Миллер онцолжээ. “Бид үүнийг нэг л бүс нутагт үүсээд буй асуудал гэж харах нь дэндүү өрөөсгөл. Хүний наймаа, залилан, засаглал нийлсэн энэ асуудал дэлхий дахинаа зохион байгуулалттай гэмт хэргийн дэд бүтцийн суурь болж байна” гэжээ.
Залилангийн хамгийн том талбар олон нийтийн сүлжээ
Хүн төрөлхтний харилцааны түүхэнд цоо шинэ хуудас нээсэн олон нийтийн сүлжээ хуудсууд нийгмийн амьдралын сайн, мууд бүхэнд ч шинэ хуудас нээсээр буй. Цахим гэмт хэргийн хамгийн идэвхтэй суурь, хүмүүсийн хамгийн түгээмэл хууртдаг платформууд нь олон нийтийн сүлжээ хуудсууд юм. Хүмүүс энд ихэвчлэн гэр бүл, найз нөхөдтэйгээ харилцах гэж ордог тул анхаарал, болгоомж сул байх хандлагатай байдаг бөгөөд алгоритмийн тусламжтайгаар хүмүүсийн байршил, нас, хүйс зэрэг нарийн мэдээллийг ашиглан залилангийн “онилсон” үйл ажиллагаа явуулахад ч илүү хялбар байдаг. Одоогоор олон нийтийн сүлжээ хуудсууд дундаа Facebook орчинд хамгийн өндөр буюу нийт гэмт хэргийн 56 хувь нь уг платформд болж байна. Үүний араас YouTube, X, Instagram гэхчлэн бусад платформууд эрсдэл дагуулж байна.

Facebook дээр хамгийн өндөр дүнтэйгээр олон хүнийг хохироосон залиланд “романс” залилангийн хэргүүд болон олны танил хүмүүсийн нэр барьсан хуурамч технологиуд багтана. Хайр дурлалын харилцаа үүсгэж бүх мөнгийг нь хөрөнгө оруулалт гэж хууран мэхэлсэн хэрэг 10 тэрбум төгрөгийн хохирол дагуулсан удаатай бол Холливудын од Жэйсон Момоагийн дүрээр хуурамч хаяг үүсгэсэн залилангийн хэрэг нэг удаагийн үйлдлээр 500 сая төгрөг залилж дөнгөжээ.
Олон нийтийн сүлжээн дэх залилангийн арга хэлбэрүүд олон төрөлд хуваагдана. Хамгийн элбэг нь “malvertising” буюу хортой холбоос түгээх. Тиймээс интернэт орчинд тааралдсан холбоос бүр дээр дарахаас татгалзах хэрэгтэй. Үүний дараа “онлайн шоп”-ын залилан буюу хуурамчаар дэлгүүрийн хаяг нээж, бусдад бараа, үйлчилгээ зарах нэрийдлээр залилдаг. Мөн бусдад мессеж, и-мейл илгээх замаар хувийн болон банкны мэдээллийг цуглуулах, техникийн ажилтны нэр барьж хувийн мэдээлэл олж авах, хайр сэтгэлийн харилцаа үүсгэх нэрийдлээр буюу чат, мессенжер ашиглах, болзооны аппликэйшнээр хуурамч хаяг үүсгэж харилцаа тогтоох гэхчлэн алхам тутамд цахим залилагчид таарах эрсдэлтэй.
Энэ бүхнээс сэргийлэх хамгийн эхний бөгөөд эцсийн арга зам нь хэрэглэгч бид өөрсдөө хариуцлагатай хандах л болоод байна. Учир нь, Meta компани л гэхэд Facebook, Instagram, WhatsApp зэрэг платформ дээрх залилангийн сурталчилгаанаас жилд нийт орлогынхоо 10 хувийг бүрдүүлдэг болохыг “Reuters” агентлаг мэдээлжээ. Тэд хэдийгээр хэрэглэгчдээ сэрэмжлүүлэх, сургах, хамгаалах олон арга хэмжээ авдаг ч заримдаа илэрхий хуурамч сурталчилгаа байсан ч түүнийг устгах, түгээлтийг хязгаарлахад дэндүү удаан, хойрго ажилладаг гэжээ. Үүнийг манай Ub.life сайтынхан ч өнгөрсөн намар биеэр туулаад амжсан. Сайтын маань нэр, зураг бүхий л төрх байдлыг дууриалгаж Facebook хуудас үүсгээд, мэдээг маань хуваалцах зууртаа брэнд үнэртэй усны хямд худалдаа санал болгосон хуурамч сурталчилгааг олон хоног тасралтгүй явуулж эхэлсэн юм. Бид Цагдаагийн ерөнхий газарт хандаж, Meta компанид олон тооны хүсэлт явуулсан ч, хариу ирэхгүй удтал хүлээлгэснээр үл барим редакцын хуудсын маань илэрцийг саармагжуулсан байсныг мэдсэн билээ. Тэд хуурамч сурталчилгааг хязгаарлах бус гэнэт анхаарал татаж байгаа нь “но”-той гээд манай хуудсанд арга хэмжээ авчихсныг бид Монголын баримт шалгах төвийн тусламжтайгаар мэдсэнээр уншигчдадаа сэрэмжлүүлж, дараачийн арга хэмжээнүүдийг авсан удаатай.
Цахим залилан бол технологи бус сэтгэл зүй
Интернэт, технологитой холбоотой тул цахим залилан технологийн ур чадвар бага хүмүүс буюу хөгшчүүлд л хамаатай мэт түгээмэл ойлголт бий. Гэвч залилангийн “хавх” интернэт ашиглах үед банкны үйлчилгээ авах, худалдаа хийх, бусадтай харилцах гээд бидний өдөр тутмын бүх л үйл ажиллагааны хаа нэгтээ байж байдаг. Түүнчлэн цахим залилангийн хөрс нь дижитал технологи бол “уургалах” гол арга нь бидний сэтгэл зүй билээ. Залилагчид бусдыг ятгах, өдөөх, бухимдуулах, гэнэдүүлэх гэхчлэн хүний сэтгэл зүйн сул талыг онилж хэнийг л бол хэнийг хуурч дөнгөдөг. Хүмүүс айж эмээсэн, аргагүй байдалд орсон мэт, эсвэл хэт баярлаж хөөрсөн, сэтгэл хөдлөлийн огцом төлөвт орсон үедээ шүүмжлэлт сэтгэлгээгээ алдаж, шийдвэр гаргахдаа хөнгөн, хойрго болдог. Тиймээс л танил нэгнийхээ “аргагүй байдалд орлоо, яаралтай” гэсэн гуйлгад итгэж, их хэмжээний мөнгө хожлоо гэх гэнэтийн баярт мэдээнд урхидуулж, хэдхэн хормын дотор гэх “алтан боломжид” хорхойсдог.
Залилагчдын ашигладаг түгээмэл аргуудад дараах хэв маягтууд багтана.
1. Давтамжтай үүрэг, даалгавар өгөх
Ганц пост оруулах, like дарах гэхчлэн байнга жижиг, жижиг үйлдэлд уриалж, тогтмол харилцаа тогтоож байгаад дараа нь гэнэт их хэмжээний урамшуулал амлаад урьдчилгаа хүсэх байдлаар залилах
2. Эрх мэдэлтний нэр барих
Төрийн байгууллагын нэр барьж эрхэндээ оруулах, эксперт, эрдэмтний нэрээр итгэлцэл төрүүлэх замаар залилах
3. Хэт саймшрах
Залилагч этгээдүүд хэн нэгнийг “онилоод” анхаарал, халамж хандуулж, таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд бүхнийг хийнэ. Ингэж байгаад нэг л өдөр өрөвч, дотно харилцаагаараа түрий барьж “тусламж эрнэ”.
4. Олон нийтийн нэр барих
Telegram, Facebook групп үүсгээд тэнд маш олон хүн байдаг, бүгд л өндөр, сайхан сэтгэгдэлтэй мэт зохиомол орчин үүсгэж, итгэлцэл бий болгодог. Ингэж хуурч байгаад хөрөнгө оруулалт нэрээр мөнгө татах тохиолдол бий.
5. Онцгой боломж
Хэдхэн өдөр, хором, хэдхэн үлдсэн гэсэн “онцгой” сэтгэгдэл төрүүлэх постуудтай та олон таарсан байх. Ингэж юмнаас хоцрох мэт, үтэр түргэн л үйлдэл хийхгүй бол болохгүй мэт санагдах хэрээр залилан байх магадлал нэмэгдэнэ.
Ийм учраас сэтгэл хөдлөлөө ямагт хянаж итгэхэд дэндүү сайхан, “татгалзахын аргагүй” мэт санал байх тусам нягталж байхыг зөвлөж Цагдаагийн ерөнхий газраас “Хашир бай” аяныг санаачилжээ. Залилагчид дэлгэцийн цаанаас ойр дотнын хүмүүсийн тань нэр, мэдээллээр холбогддог тул тэд аргагүй байдалд орлоо, яаралтай тусламж хэрэгтэй байна гэж цахимаар холбогдвол заавал ярьж баталгаажуулах шаардлагатай. Түүнчлэн ямар нэг албан байгууллага, банк, хэрэглэгчийн үйлчилгээний төв, судалгааны төв зэргийн нэрээр дуудлага ирвэл таслах нь зүйтэй. Хэрэв зайлшгүй чухал мэдээлэл байсан бол тухайн байгууллагын албан ёсны холбоо барих утас, хаягаар өөрөө холбогдож нягталж байх нь чухал.
Цаг тутамд нэг хохироч
Энэ оны аравдугаар сарын байдлаар гэхэд манай улсад 10 мянга орчим цахим орчинд залилах гэмт хэрэг бүртгэгдсэнийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээлжээ. Тэдний явуулсан судалгаагаар өдөрт 20 гаруй хүн энэ төрлийн гэмт хэрэгт өртөж байгаа нь цаг тутамд нэг хүн хохирогч болж байгааг илтгэнэ. Монголын баримт шалгах төвийн эрхлэгч Э.Батцэцэгийн хэлж байгаагаар аливаа улс оронд онц байдал зарлаагүй, улс төрийн аливаа тогтворгүй байдал үүсээгүй энгийн цагт байнга явж байдаг хуурамч мэдээллийн төрөл нь цахим залилан аж. Жил бүр тэдний шалгаж, нягталдаг хуурамч мэдээллийн 25-30 хувь нь цахим залилантай холбоотой байдаг гэлээ.
Монголд гардаг цахим залилангийн арга хэлбэр нь дэлхий нийтийнхээс ч хол зөрүүгүй. Facebook ашиглан хаягт нь халдаж бусдыг залилах хэлбэр түгээмэл байсан бол сүүлийн жилүүдэд сэтгэгдэл хэсэгт “Мөнгө зээлүүлнэ” гэж хүнд байдалд байгаа хүмүүсийг залилах, утасны дугаараар нь Telegram-ийн группт нэмж, нэн таатай ажлын санал тавьж хандах гэхчлэн ямар нэг аргаар мөнгө салгахын төлөө л улайрч байгааг цагдаа нар сэрэмжлүүлж байна. Түүнчлэн гэмт хэрэгтнүүдийн арга хэлбэр тунчиг уран, нарийн бөгөөд ашигладаг сэдэв, холбоотой үйл явдал нь нийгмийн хөгжилтэй яг л зэрэгцээд үргэлж чиг хандлагаа дагадаг, хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд суурилан бусдыг урхиддаг. Учир нь, цахимаар залилах гэмт хэргийн ард нэг хүн байх нь ховор бөгөөд мөн л “олон улсын жишгийн” дагуу бүлэг этгээд зохион байгуулалттайгаар, маш “боловсронгуй” үйлдэх болжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар бүлэглэлүүд доод тал нь 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, нэг бүлэглэл дор хаяж 300-400 хүнд хохирол учруулдаг. Эдгээр бүлэглэл нь дээр дурдсанчлан гадаадаас, тэр дундаа Зүүн өмнөд Азид байршилтайгаар гэмт хэрэг үйлдэж байгаа нь тэднийг мөрдөх, саатуулахад хүндрэл учруулдаг гэв. Иргэдийн хувьд “Бат гэсэн нэртэй данс байсан. Батыг бариад аль” гэж цагдаад ханддаг боловч гэмт этгээдүүд хэзээ ч өөрийнхөө дансыг ашигладаггүй, бусдын дансны мэдээллийг хулгайлж, түүнийгээ дараагийн хохирогчдыг залилахдаа ашигладаг байна. Ямартай ч, энэ онд гадаадаас таван гэмт хэрэгтнийг барьж авчирч хорьсон бөгөөд Интерполоор дамжуулан бусад хэрэгтнүүдийг ч эрэн сурвалжилж байгаа аж.
Энэ бүхнээс харвал цахим залилангаас сэргийлэхэд дан ганц технологийн мэдлэг бус нухацтай, нягтлах сэтгэлгээ, сэтгэл зүйгээ хянах чадвар, сэжигтэй тохиолдолд бие биедээ сэрэмжлүүлж, зөвлөлдөж чадах ойр дотнынхны хүрээлэл ч чухал нөлөөтэй. Хэн нэгэн залиланд өртөх нь хувь хүний боловсрол, ухамсартай тийм ч их холбоогүй нь ч эндээс харагдана. Учир нь, залилагч этгээдүүд олон жил дадлагажсан, бусдын сэтгэл зүйг нарийн мэдрэх, залах ухаанд суралцсан, тэдний эмзэг, сул талыг дор нь тодорхойлж, сэнхрүүлэхэд гаршсан зохион байгуулалттай, зорилготой бүлэглэл байдаг. Тиймээс залиланд өртвөл өөрийгөө буруутгаж, нэрэлхэлгүй бусдад тэр даруй мэдэгдэх, цагдаагийн албанд (102) яаралтай хандаж, мэдээлэх нь чухал.
