UBLife Logo
Мэдээллийн боловсрол

Өнгөрсөн сард Facebook-д хамгийн өндөр дүнтэй сурталчилгаа явуулсан 10 улс төрийн хаяг

Ж.Хулан
Ж.Хулан
Өнгөрсөн сард Facebook-д хамгийн өндөр дүнтэй сурталчилгаа явуулсан 10 улс төрийн хаяг

Meta компани ил тод байдлыг хангах хүрээнд улс төр, сонгууль, нийгмийн сэдэвт сурталчилгааны мэдээллийг нээлттэй байршуулдаг. Монголын улс төрчдийн хувьд сонгуулийн болон бусад үед ч идэвхтэй сурталчилгаа явуулдаг бөгөөд намрын өрнүүн үйл явдлын эхэнд буюу энэ оны 9 дүгээр сард нийт 15,638 ам.долларын сурталчилгаа явуулсан байна. Үүнээс гадна 100 ам.доллараас бага дүнтэй нийт сурталчилгааг дундажлаад үзвэл 2000 орчим ам.доллар болно. Ингээд тооцвол 9-р сард Meta компанид зөвхөн бүртгэлтэйгээр л гэхэд 64 сая орчим төгрөгийн улс төрийн сурталчилгааг монголчууд Facebook дээр явуулжээ.

Үүний цаана бүртгэлгүй, албан бусаар явуулж байгаа төлбөртэй постууд ч бий. Энэ бүхэн нь Facebook-ийг улс төрийн мэдээллийн нөлөөллийн орчин болгон хувиргаж байна. Тиймээс мэдээлэл хүлээж авахдаа төлбөртэй пост уу, үгүй юу гэдэг тэмдэглэгээг анзаарч, тухай хуудсын баталгаатай байдлыг нягталж, дагагчийн тоо, постын хэв маягийг шалгаж байх нь чухал.

Meta компанийн тайлангаас улс төрийн сурталчилгааг мөнгөн дүнгээр жагсаавал дээрх үзүүлэлт харагдаж байна. Эдгээрээс 4 нь улс төрчийн албан ёсны хуудас, нэг нь улс төрийн байгууллагынх үлдсэн хагас нь ердийн хуудсууд байна.

Хамгийн их сурталчилгаа явуулсан Хуудас эргүүлэгч гэх хуудас нь 2018 онд нээгдсэн, энэ оны 9 дүгээр сарын 22-ноос өмнөх бүх постуудаа устгасан, 622 л дагагчтай бөгөөд ойрын өдрүүдийн улс төрийн зөрчилтэй үйл явдалтай холбоотой нийтлэлүүд тавьжээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Энхбаяр, О.Батнайрамдал нарын гишүүд зарцуулсан дүнгээрээ удаалж байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хувьд сард дунджаар 10 орчим постоо тус бүр 100-аас бага ам.долларын дүнгээр үргэлж спонсор хийдэг. Тэрээр өнгөрсөн 5 жилийн хугацаанд өөрийнхөө албан ёсны хуудаст 24 мянган ам.доллар зарцуулжээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мөн өөрийн үйл ажиллагаагаа идэвхтэй сурталчилдаг. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд албан ёсны хуудастаа 9 мянган ам.доллар зарцуулсан.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ойрын үед Оюу толгойтой холбоотой асуудал хөндөж, түүнийгээ 600 гаруй ам.доллараар түгээжээ. Албан ёсны хуудсаараа өнгөрсөн хугацаанд 3 мянган долларын сурталчилгаа явуулсан байна.

Монгол мэдээ гэх хуудас 334 мянган дагагчтай, өмнө нь кино бичлэг түгээдэг хуудас байсан бололтой байна. Харин энэ оны 9 дүгээр сараас эхлэн нүүрсний асуудалтай холбоотой постууд түгээж, сурталчилгаа хийх болжээ.

МАН-ын дэргэдэх SDY Mongolia байгууллага өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг идэвхтэй оруулж, тэдгээрийг тогтмол бага дүнгээр түгээж байгаа нь харагдаж байна.

Photo.mn, Очир.мн, Trendnews.mn зэрэг хуудсаас Trendnews нь өөрийн вэб хуудастай бол бусад хоёр нь вэбгүй байна. Эдгээр хуудас нь мөн л ойрын үеийн улс төрийн үйл явдалтай холбоотой постууд нийтэлж, тэдгээрийг спонсор хийж байна.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд өөрийн үйл ажиллагааг тогтмол 100-200 ам.доллараар сурталчлан түгээдэг бөгөөд өнгөрсөн 5 жилд нийт 28 мянган ам.долларын бүүст хийжээ.

Эдгээр 10 хаягаас гадна УИХ-ын гишүүн, Цахим хөгжлийн сайд асан Ц.Баатархүү идэвхтэй сурталчилгаа явуулдаг бол Нийслэлийн удирдлагуудаас Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин өнгөрсөн сард 345 ам.долларын бүүст хийжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.