UBLife Logo
Спорт

Сакаэ Казүхито: Дахиад шавиа олимпын медальд хүргэх хүсэлтэй

Сакаэ Казүхито: Дахиад шавиа олимпын медальд хүргэх хүсэлтэй

Чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 24-нд Казахстаны Астанад эхэлнэ. Японд олимпын алтан медаль маш олныг авчирч байсан Шигаккан их сургуулийн ахлах дасгалжуулагч асан Сакаэ Казүхито өнгөрсөн жилийн наймдугаар сараас Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Тэрээр саяхан “Никкан Спортс” сонины ярилцлагад орлоо. Айчи, Нагоягийн Азийн наадамд түүний монгол шавь нар эрэгтэй, эмэгтэй 4 хүрэл медаль авчээ. Урьд өмнө шавьдаа зохисгүй үйлдэл гаргасан хэргээр их спортын талбайгаас хэсэг алга болсон ч Сакаэ одоо 2028 оны олимпын бэлтгэлдээ гараад байна.

“Никкан Спортс” сонин

Медаль авсан шавьтайгаа чанга гар барих Сакаэ сан. Монголын багийн ахлах дасгалжуулагчаар очоод нэг жил өнгөрчээ. Энэ намрын Азийн наадам бол ДАШТ-ий амжилтыг тааварлах, илэрхийлэх чухал тэмцээн байлаа. Сакаэ Нагояд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн зургаан тамирчныг талбайд авч гарсан. Үүнээс эрэгтэй 86 кг, эмэгтэй 53, 62 кг жинд хүрэл медаль авсан. Мөн чөлөөт бөхийн шигшээ багт харьяалагддаг Г.Ганхуяг сонгомол барилдаанаар хүрэл медаль авсан юм.  

 

Японы багийн авсан 15 медалиас хол хоцорсон ч “Дөрвөн хүрэл медальтай. Болоогүй, дутуу зүйл олон ч намайг дагаад яваад байж чадаж байгаад нь гайхаж байна” гэж шавь нартаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлээр 20 жил гаруй хийсэн Шигаккан их сургуулийн ахлах дасгалжуулагчийн ажлаа өглөө. Таван сарын дараа Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажилд орлоо. Учир нь Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн байсан сүмо бөхийн их аварга асан Асашёорюү Д.Дагвадоржийн урилга иржээ. Ажлаасаа гарсныг нь мэдсэн Асашёорюү түүнд 2028 оны олимпод Монголын багийг бэлтгэх санал тавьсан байна. Эзэн хааны цомыг 25 удаа өргөсөн их аваргын санал ч эхлээд Сакаэ “Одоо чадахгүй” гээд татгалзсан байна. Гэвч урилга, санал үргэлжлэн ирсээр.

“Монголын багийг Японы Сакаэ Казүхито л хүчирхэг болгож чадна. Юу ч болж, яаж ч байсан түүнийг л авчир”

Үнэхээр ажиллах нөр их эрч хүчийг нь мэдэрсэн Сакаэгийн зүрх, сэтгэл догдолж эхэллээ. “Үнэхээр намайг ажиллуулмаар байгаа бол ганц удаа очиж, байдлыг харья” гээд Монголын чөлөөт бөхийн холбооны дотоод байдал, заах арга, тамирчдыг харах гээд Улаанбаатарт нисэн очлоо. Гэтэл хүлээн авах өрөөнд түүнд “2028 он хүртэл ахлах дасгалжуулагчаар ажиллах гэрээ” гардуулах нь тэр. Холбооны удирдлагууд тойрон зогсчихсон, зугтах газар үгүй, нэг мэдэхэд л гарын үсгээ зураад ахлах дасгалжуулагч болчихсон байсандаа их гайхсан гэнэ. Ийнхүү түүний анхны гадаад ажил 60 настайгаас нь эхэлжээ. “Монгол, Японы хооронд байнга явах амьдрал яах бол гэж санаа зовсон ч Үндэсний шигшээ багийг удирдана гэсэн бодол цусыг нь буцалгасан байна.

“Саори Ёшидаг бэлтгэж, хатуужуулсан бэлтгэлээ хийлгэх болно. Тамирчид хийж, дагаж чадвал би ч гэсэн энэ дуудлагыг зохих ёсоор хүлээн авах болно”

Монголд дахин очоод 14 хоног “Сакаэ хэв маяг” гэсэн бэлтгэлийн хуваарь, цэс гаргалаа. Цаг хэмжигч, шүгэл бариад л шууд ажилдаа оров. Тамирчидтайгаа орчуулагчаар дамжуулан харилцаж байсан ч орчуулагч бөх барилдаж байгаагүй хүн тул зааврын тал хувь нь тамирчдад хүрээгүй ажээ. Японы бөхийн мэргэжлийн хэллэгийг тамирчид ч, орчуулагч ч ойлгохгүй байлаа.  

“Тэгэхээр надад өөрөө үзүүлж, үлгэрлэж заахаас өөр арга байгаагүй. Харин бие хаа минь хурдан хөдөлж, үсэрч чадаж байсан тул тамирчид маань ч гайхаж байлаа. Надад хүч чадал байсаар байгаа”

Бөхчүүддээ заан, бэлтгэл хийлгэж байгаад заримдаа өөрөө шууд хөлд нь ороод, тамирчны биед нь шингэтэл мэх зааж байв. Хүнд хэцүү дасгал, сургуулийг даван туулсаар тэд бэлтгэлдээ их сонирхолтой, дуртай болсон.

“Монгол тамирчид маш их нөөц, ур чадвартай. Бяртай, гар, хөл нь хүчтэй. Ялагдахыг хэн нь ч хүсдэггүй, анхаарлаа төвлөрүүлэхдээ гаргуун. Гэхдээ зөвхөн үүгээр ялахгүй. Зургаан минут л үзэлцэх, хүч, тэсвэр байлаа гээд ялахгүй”

Монголын шигшээ багийн бэлтгэлийн хугацаа богинохон байлаа. Нэг цаг хагас л хийдэг байсан бол Сакаэ ирснээс хойш бага багаар сунгасаар байлаа.

“Бэлтгэлийг хоёр цаг хагас хийж чадахгүй бол тэсвэртэй болж чадахгүй” гээд Сакаэ бэлтгэлийн цагийг өөрчиллөө.

“Анхаарлаа төвлөрүүлэх цаг урт байх тусам илүү олон дасгал хийж чадна. Тамирчид маань ч дасан зохицож чадсан” гэж багаа харан баярлан хэлж байлаа.

Японы шигшээ багт ажиллаж байхдаа Сакаэ багш 2018 онд эмэгтэй багийн гишүүнд хүч хэрэглэсэн хэргээр чөлөөт бөхөөс холдож байсан үе бий. Мэдээж үгээр доромжлох, хүч хэрэглэх нь болохгүй зүйл ч орчин үед энэ тал дээр нийгмийн хяналт чангарсан нь бодит үнэн. 2019 онд дасгалжуулагчийн ажилдаа буцаж ороод Сакаэ хэт их шүүмжилж, уурлахын оронд нүдээ аниад өнгөрөөдөг болсон гэж хэллээ.  

Монголд ажлын хажуугаараа барилддаг шигшээ багийн гишүүн олон бий. Бэлтгэлийн дундуур ажилдаа явах хүн ч байгаа.

“Одоо юуны өмнө ярилцаж, бололцоогоороо бэлтгэлээ хий” гэж хэлдэг, хэт тулгахаа больж, ярилцахыг илүүд үздэг болсон байна.

ДАШТ болох Казахстанд тэрээр Монголоос очно. Сакаэ сангийн хувьд Лос Анжелесийн олимп бол тун гунигтай дурсамжтай олимп. 1983 онд сонгон шалгаруулалтын финалд шалгарсан ч олимпын эрх авч чадаагүй. 44 жилйин дараа Сакаэ дахин олимпын тавцанд гарахаа “Амьдралын сүүлийн ажил” гэж тодорхойлоод байна.

Цаашдаа түүний замд 2024 оны олимпод 11 медаль авсан Японы баг саад, аюул болно. Гэвч түүний “Дахиад нэг удаа шавьдаа олимпын медаль авч өгөхсөн” гэсэн бодол хувираагүй хэвээр байгаа.

“2004 оны олимпод Саори Ёшидашийн мөрөн дээр гараад баярлаж байснаа дахиад нэг давтах сан”

Хамгийн доор унасан ч дахин босож, улам их тэмцэн өрсөлддөг нь Сакаэ гэдэг энэ хүний бусдаас ялгарах гол шинж юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...