Уг ярилцлага нь “Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points: Global Agenda” дугаарт 2025 оны арванхоёрдугаар сард нийтлэгдсэн болно.
Ньюком Групп нь харилцаа холбооноос эхлүүлээд агаарын тээвэр, сэргээгдэх эрчим хүч зэрэг дэд бүтцийн шинэ технологийн салбарт Монголд анхдагч шийдлүүдийг нэвтрүүлж ирсэн билээ. Үргэлж шинэд тэмүүлж, инновац эрэлхийлж байдаг тус группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнхтэй ярилцсаныг хүргэе.
-Таны хувьд улирч байгаа онд Ньюком Группийн онцлох алхам, үйл ажиллагаа юу байв. Тэдгээр нь ямар ач холбогдолтой вэ?
-Манай Ньюком Групп нь 1993 онд байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааны анхны чиглэл харилцаа холбооны салбар байсан. Бизнесийн анхны том алхам маань одоо хүн бүрийн мэдэх Мобиком корпорацыг байгуулах байлаа. Тухайн үед Монголдоо хамгийн том хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилд татаж чадсан чухал ач холбогдолтой, онцлог төсөл болж байв. Монголчуудад тулгамдаж байсан харилцаа холбооны асуудалд шийдэл бий болгосныхоо дараа ямар салбарт хүндрэл тулгарч байна вэ гэдгийг харж, эрэлхийлснээр 2000-аад оны эхэн үеэс эрчим хүчний асуудлыг шийдэх ёстой юм байна гэж ойлгон, гүнзгий судалж эхэлсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн аюул бодитойгоос гадна Монголд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц байдаг юм байна гэдгийг манай үүсгэн байгуулагчид олж харсан юм билээ. Энэ санаачилга маань 2004 оноос ерөнхийдөө төвийн болон говийн бүсүүдээр газраа тогтож, нөөцийн хэмжилтийн станцууд суурилуулж, төр засгийн холбогдох дэмжлэгүүдийг аван 2013 онд Салхитын салхин паркийг амжилттай байгуулсан. Газар ухаж малтахгүй бүтээн байгуулалт тул орон нутгийн иргэд ч их дэмжиж ирсэн юм. Энэ нь мөн л эрчим хүчний салбарт нэгдсэн сүлжээнд холбогдсон их чадлын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санхүүжилт бүхий анхдагч цахилгаан станц гэдгээрээ онцлог. Гуравдугаарт нь бид иргэний агаарын тээврийн салбарт нэмэр болох үүднээс анхаарал хандуулсан. Японы “ANA” компанитай стратегийн түншлэлийн гэрээтэйгээр “Изинис Эйрвэйз” компанийн үйл ажиллагааг эхлүүлж, барууны өндөр стандартыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн билээ. Тухайн үед би өөрөө нисгэгч хийхийн зэрэгцээ компанийнхаа дэд захирлаар ажилладаг байлаа. Харин төдөлгүй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан 2014 онд энэ салбарыг орхисон билээ.
2025 онд бид ямар ажлууд хийж чадсан бэ гэвэл эрчим хүчний үйл ажиллагааныхаа эрч, цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой дэвшил гаргалаа . Тодорхой хугацаанд Монголд энэ чиглэлийн төсөл ер нь хэрэгжээгүй, цөөвтөр, жижиг түвшний төслүүд л явсан даа. Энэ тал дээр бид инженерийн загварчлал, зөвлөх үйлчилгээнүүд нэлээдгүй үзүүллээ. Мөн дараа дараагийн том төслүүдийн бэлтгэл ажил урагштай явж байна. Томоохон гэрээ, хэлцлүүдээ цэгцэлж, дараагийн шатанд гарахад бэлэн боллоо.
Эрчим хүчний салбарт голлон анхаарахаас гадна бид дроны үйл ажиллагааг Монголд нэвтрүүлээд хоёр дахь жилдээ ороод байна. Цус яаралтай хэрэгтэй үед цусны төвөөс түүнийг дроноор хүргэж өгөх үйлчилгээ юм.Энэ хугацаанд бид 472 удаагийн нислэг хийж, долоон хүний эрдэнэт амийг аварлаа. Дроноор 15 минут нисэх газрыг машинаар бол түгжрэлд ороод бараг хоёр цаг туулах нь элбэг тохиолддог шүү дээ. Энэ хугацаанд хүний амь нас яах билээ, тэгэхээр нийгэмдээ хэрэгтэй, ийм тулгамдсан асуудлууд дээр санаачилга гарган ажиллая гэсэн бодолтой байгаа. Ахисан түвшний инновацлаг технологи нэвтрүүлэхдээ бид Иргэний нисэхийн удирдах газартай хамтраад хууль, дүрмээ мөрдлөг болгоод ажиллаж байна. Монголчууд аливаа шинэ технологид хурдтай хариу үйлдэл үзүүлдэг, хөрвөх чадвар сайн зэрэг давуу талууд маань энэ салбарт ч эерэгээр нөлөөлж, Японы талаас үр дүнг үнэлж цаашид хамтарч ажиллах илүү их боломжууд дээр төвлөрч байна. Ер нь Монголд уул уурхайгаас гадна финтек жишээ нь сайн хөгжсөн. Яг үүнтэй ижлээр иргэний агаарын тээврийн салбарт бид инновац нэвтрүүлээд явах бүрэн боломжтой юм байна гэдгийг эхний ээлжинд баталж чадлаа гэж бодож байна.
-Сүүлийн үед төрөөс сэргээгдэх эрчим хүчний чиглэлд илүү идэвхтэй байр суурь баримталж эхэллээ. Энэ нь салбарын хувийн хэвшлийн байгууллагуудад, тэр дундаа танай компанид ямар боломж, өөрчлөлт авчирч байна вэ?
-Монголд сэргээгдэх эрчим хүчний маш их боломж байна гэдгийг манай компани анхлан хараад, улмаар Японы “Softbank” группийн үүсгэн байгуулагч, захирал Масаёоши Сонтой хамтран “Азийн супер грийд” хэмээх санаачилгыг 10 гаруй жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Тухайн үед 2011 онд цунамигийн улмаас Фукушимагийн цөмийн станцад аваар гарч, Япон улс нь цөмийн станцаас татгалзан бусад төрлийн эрчим хүч рүү шилжье гэх бодлого баримталж эхэлсэн. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг Ази тивээс авбал яасан юм бэ гэх санаа гарч л дээ. Тэр нь “Азийн супер грийд” концепцийн эхийг тавьж, үүний дагуу БНХАУ GEIDCO гэж байгууллага байгуулж дэлхийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлье, үүний тулд эхлээд дотоодынхоо болон бүс нутгийнхаа эрчим хүчний сүлжээг нэгтгэн холбоё гэдэг үйл ажиллагааг хамтран эхлүүлсэн.
Энэ нь Европ тивд төгс утгаараа хэрэгжиж чадсан санаачилга. Ийм том сүлжээ, нэгдсэн системтэй болсноор өртөг буурдаг, үйл ажиллагаа илүү тогтвортой, найдвартай нөхцөл бүрддэг давуу талтай. Тэгэхээр энэ чиглэлээр ажиллая гэх бодлогыг манай хөршүүдийн зүгээс эхлүүлэн явж байгаа. Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний интеграцийн талаарх судалгааг Азийн хөгжлийн банк санаачлан явуулаад одоо хоёр дахь шат нь хэрэгжиж байна. Эдгээрийг дурдаж байгаагийн учир нь Монгол Улсын эдийн засгийн томоохон хэсгийг яваандаа сэргээгдэх эрчим хүч тодорхойлно, бид сэргээгдэх эрчим хүчний экспорт хийх боломж бүрэн харагдаж байна. Хэрэв бид их хэмжээний экспортын төслийг хэрэгжүүлээд эхэлбэл бидэнд бий болох бас нэг давуу тал нь манайх нутагтаа үйлдвэрлэл хөгжүүлэх боломж үүсэх гээд байгаа юм. Манай төслүүдэд салхин сэнс нийлүүлсэн Европын компаниудтай зөвлөлдөж байхад үйлдвэрлэл хоёр ГВт -аас дээш гарсан тохиолдолд тухайн нутагт сэнснүүдээ угсраад, үйлдвэрээ явуулах нь дээр байдаг юм гэж байсан. Хамтрахаар зорьж буй Хятад түнш ч бас төстэй санааг дэвшүүлсэн. Ерөнхийдөө бид томоохон хэмжээний үйл ажиллагаа явуулах тохиолдолд танайд үйлдвэрээ шууд барих нь давуу талтай болно гэхчлэн. Тэгэхээр илүү нарийн технологийн салбарыг бид хурдтай, цар хүрээг нь өргөтгөх бололцоотой нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм байна.
Хоёрдугаарт, энэ нь дэлхий даяар ярьж байгаа тогтвортой хөгжлийн зорилтуудад олон талаар нийцсэн. Үүнийг бид зорих ёстой гэдэг алсын харааг 2011 оноос өдийг хүртэл баримталж байна. Энэ нь өөрөө хоёр, гурван улс дамнасан асуудал учраас төвөгтэй нөхцөл үүсэх нь ойлгомжтой. Маш их хугацаа, тогтвортой дэмжлэг шаардагдахаас гадна бодлогын чиглэлээ зөв тодорхойлох нь чухал.
Энэ өнцгөөс харвал одоогийн Засгийн газар, тухайлан Шадар сайд болон Эрчим хүчний сайдын зүгээс төдийгүй төрийн бүтцийн бүх шатанд дэмжиж байна. Ийм асуудлын хувьд өөрсдөө байнга хичээл зүтгэл гарган өөрсдийнхөө тэмүүллийг хүмүүст ярьж, мэдрүүлж, ойлгуулснаар урагшаа хөдөлдөг. Хамааралтай болон оролцогч олон талуудтай тул идэвхтэй яриа, байнгын харилцаа холбоо шаарддаг юм билээ. Тэгэхээр өмнө нь огт хөндөгддөггүй байсан асуудлыг одоо бол Засгийн газрын түвшинд хэлэлцэн, цаашлаад сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын Засгийн газартай зөвлөлдөн ярилаа. Одоогоор шууд ажил хэргээ эхлүүлье гэсэн шийдвэр гараагүй хэдий ч удахгүй нааштайгаар шийдэгдэх болов уу гэж найдаж байна.
Нөгөөтээгүүр дэлхийн зарим орны томоохон хөрөнгө оруулагчид манай төслүүдийг сонирхохоо удаа дараа илэрхийлээд байгаа. Гэхдээ энэ нь яг өнөөдөр хэдэн тэрбум доллар оруулж ирэх яриа хараахан биш байх аа. Нэлээдгүй цаг хугацаа шаардахыг ч үгүйсгэхгүй. Гол нь бага багаар ч болов ярилцаж, харилцаагаа өргөжүүлэх нь чухал. Сайнаар бодвол ирэх жил, магадгүй дахиад хэдэн жил шаардах болов уу.
-Тантай ярилцтал их өөдрөг сонсогдож байна шүү. “Азийн супер грийд” төсөл олон жил яригдаж байгаа шүү дээ. Би дотроо магад дараачийн 10, 20 жил гэж төсөөлж байтал та бол өнөө, маргаашгүй мэт харж байгаа юм байна.
-Тийм алс хэтээр тооцвол бид хоцорно шүү, яг үнэндээ. Мөн өөдрөг байх хэд хэдэн нааштай нөхцөлүүд бидэнд байгаа учраас хичээх ёстой юм байна гэсэн итгэл төрүүлж байгаа юм. Тухайлбал, Хятадын хувьд Өвөрмонгол л гэхэд сүүлийн арваад жилийн дотор маш хурдацтай, огцом хөгжиж байна. Тэр дундаа Хятад улс дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн аж үйлдвэрийн салбаруудаа бэлдээд эхэллээ л дээ. Үйлдвэрлэлээ илүү ногоон эрчим хүчээр явуулдаг аж үйлдвэрүүд олноор бий болж байна. Ялангуяа, сүүлийн арваад жилд Өвөрмонголд маш эрчимтэй нэмэгдэж байна. Эдийн засагчдын томьёолдогчлон эдийн засаг нь нэг цэгээс давлагаалан тархан тэлдэг. Үүн шиг Хятадын эдийн засаг бол Хонконг, Шанхайгаас дотогшоо тараад одоо манай хилийн урдхан талд тулчихсан байна гэх мэдрэмж авч байна.
Хоёрдугаарт, Хятадын “Бүс ба зам” бодлогын хүрээнд Монгол Улстай улам ойртон, хамтран ажиллах чиг хандлага сүүлийн хоёр жилд илүү тод ажиглагдаж байна. Ялангуяа, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрах хүсэлтэй компаниуд их олон байгаа нь сайны бас нэг дохио юм л даа.
Мөн технологийн хувьд боломжууд сайжраад байгаа. Сэргээгдэх эрчим хүч нь хүмүүсийн төсөөлдгөөр горимын тохиргоонд таардаггүй, хэлбэлзэлтэй байдаг гэдэг. Энэ бол үнэн, Хятадын өөрийнх нь сүлжээнд ч энэ хүндрэл тохиолддог. Гэтэл нийт суурилагдсан хүчин чадлынх нь тэн хагас нь сэргээгдэх эрчим хүч шүү дээ. Тиймээс сүүлийн үед технологийн шийдлийн чиглэлээр ихээхэн хөгжүүлэлт хийгдэж байна. Цэнэг хураагуурын болон нарны хавтангийн технологиуд үлэмж сайжирч, өртөг бууран үр ашиг нь мэдэгдэхүйц нэмэгдсэн. Тиймээс өргөн цар хүрээтэйгээр нар-хураагуур эсвэл салхи-хураагуур гэсэн байдлаар хослуулаад хийж болж байна л даа. Энэ нь тодорхой түвшинд оргил ачааллын үед шаардлагатай хугацаагаар эрчим хүчээ нийлүүлж чаддаг, мөн нүүрсний эрчим хүчтэй үнийн хувьд киловатт цагийн нэгж үнээрээ тэнцүү болоод ирсэн. Өөрөөр хэлбэл, нүүрсний уламжлалт эрчим хүчтэй харьцуулахад сэргээгдэх эрчим хүчний нэгж өртөг нь бага болох хандлагатай байна.

-Зөвхөн Хятад гэлтгүй сүүлийн жилүүдэд Азийн ногоон шилжилтийн асуудал их яригдаж байна шүү дээ. Ер нь бүс нутаг маань нэлээд хол алхчихжээ тийм үү?
-Тийм шүү, бид хурдтай л хөдлөхгүй бол галт тэрэгнээсээ хэдийн хоцорчих эрсдэл үүсээд байна. Дотоодын сэргээгдэх эрчим хүчийг өргөн хүрээгээр ашиглавал аж үйлдвэрийн салбарууд маань хөгжөөд явах нөөц бололцоо их байна. Улмаар сэргээгдэх эрчим хүч ашиглаж үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах ирээдүй ч байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний эхнээс л сэргээгдэхээр явсан, цэвэр байх ёстой гэсэн шаардлагыг дэлхийн нийт тавьж эхэлсэн. Энэ утгаараа манайхаас нийлүүлж буй зэс болон бусад ашигт малтмалууд уг шаардлагад нийцсэн байхгүй бол зах зээл дээр өрсөлдөх чадвараа алдана. Бид одооноос өөрсдийгөө бэлдэж байхгүй бол бусад улс орнууд зөвхөн манай боломж, нөөцийг хараад л, хүлээгээд сууж байхгүй өөр арга замыг дор нь эрэлхийлээд, шийдээд явна шүү дээ.
Бид одоо ч хоцрогдолтой явж байгаа нь харамсалтай. Тухайлбал, өнгөрсөн жил би Узбекистанд очиж тэдний нөхцөл байдалтай нь танилцсан. Тэдний шинэ Ерөнхийлөгч нь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгцээ гаднын хөрөнгө оруулалт татах нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор эрчим хүчний реформ хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүчийг хүчтэй дэмжсэн. Одоо тэдний үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 30 хувийг сэргээгдэх эзэлж байна. Харин бидний хувьд нийлээд 300 гаруй мегаватт л байх шиг байна. Бусад улсууд өөрсдийгөө хурдтай бэлдэж байгаатай харьцуулахад бид ихээхэн хоцорч байна.
-Бид энэ тал дээр ямар бэлэн байдлыг хангах ёстой вэ?
-Мэдээж бидэнд мега төсөл хэрэгжүүлэх хүний нөөц, технологи шаардлагатай. Мөн хөрөнгө оруулалт татах чадавх бусад орнуудтай харьцуулахад сулаас гадна гаднын компаниуд экспортын төслүүд дээр хамтраад орж ирлээ гэхэд давамгай эрхийг нь авчих эрсдэл бидэнд бас тулгарах магадлалтай. Тэгэхээр бид өөрсдөө үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ чадамжийг сайжруулахын тулд дотооддоо төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Нөгөө талаар нэмэлт өөрчлөлтийн түвшин дэх Хөрөнгө оруулалтын тухай хууль, шинээр өргөн баригдсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон эдгээрийг дагаж 100 орчим хуульд өөрчлөлт оруулна гэж байна. Үүн дээр бид ирээдүйн стратегийн энэ салбартаа үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс ямар нөхцөлүүдийг оруулах вэ гэдэг талаас төр, хувийн хэвшил хамтраад яриа, хэлэлцүүлэг өрнүүлээд явах нь маш чухал.
-Хууль, эрх зүйн орчны асуудал хөндөгдсөнийх сүүлийн жилүүдэд улс орнууд урт хугацааны томоохон төлөвлөгөө бүхий цогц бодлогын баримт бичиг, түүний хэрэгжилтээр дамжуулан ногоон шилжилт хийж буй. Манайд тодорхой ямар өөрчлөлтүүд шаардлагатай вэ?
-Манай улсын хувьд эрчим хүчний салбарын алсын хараа, бодлого гэхээс урьтаад эхлээд суурь зарчмуудаа эргэн харах хэрэгтэй болов уу. Наад зах нь тоглоомын дүрэм нь тодорхой байх, зах зээлийн систем рүү энэ салбар шилжих шаардлага үүсээд байна. Ерөнхийдөө алдагдалтай ийм салбарт хөрөнгө оруулах боломж хязгаарлагдмал байдаг бөгөөд үүний улмаас хөрөнгө оруулалт татах чадавх бүрдэхгүй байна.
Нийгэм маань цахилгаан, цэвэр ус үнэгүй байх ёстой гэж хараад байдаг гэтэл энэ нь улсын татааснаас хамааралтай байна шүү дээ. Нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл салбар нь хөгжихгүй, эдийн засгийн хувьд тэлэхгүй, тийм учраас өртөг, нэгж кВт цагийн өртөг нь өндөр хэвээрээ байгаад байдаг. Үүнийг шинэчлээд зах зээлийн систем рүү оруулбал салбар нь томроод тэр хэрээр өртөг буурна.
Гэхдээ шууд л задлаад тараагаад хаячих нь гэсэн үг биш л дээ. Маш сайн зохицуулалтын шаардлагаа тавиад, зах зээлийн тогтолцоонд шилжүүлж, дуудлага худалдаагаа зарладаг болох хэрэгтэй байгаа юм. Үүнээс гадна урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулж хэдэн оноос хэзээг хүртэл эрчим хүчний хэрэгцээ ямар түвшинд хүрэхийг тодорхойлоод энэ судалгаан дээр суурилж, процесс нь тодорхой дуудлага худалдаагаа зарлах нь зүйтэй. Казахстанд энэ системийг маш оновчтой автоматжуулснаар хүний оролцоог халсан. Тэгэхээр шударга өрсөлдөгчид л оролцох нөхцөл бүрдэж байна гэсэн үг.
Мөн урт хугацааны бодлогоор сэргээгдэх эрчим хүч рүү шилжих тухай ярина. Энэ хугацаанд нүүрсний станцаа тодорхой түвшинд хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр бид ер нь суурь зарчим, дүрмээ тодорхой болгох ёстой. Түүнчлэн урт хугацаанд зөвхөн салбарын бодлого биш эдийн засгийн бодлогынхоо дотор шингээж, сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн өрсөлдөхүйц салбар болгож хөгжүүлэх вэ гэдгийг уяж харах хэрэгтэй. Бидэнд хийх зүйл их байна. Тогтвортой хөгжил гэдэг бол аливаа бизнес, аж ахуйн нэгжүүд нь тогтвортой ашигтай байж чаддаг, тэр ашгаа бодитой зах зээлийнхээ жамаар буюу татаасаар эсвэл ямар нэг хүчин зүйлээр биш өөрөө өөрийгөө хөгжүүлээд явдаг эдийн засгийн бүтцийг хэлнэ.
-Тантай яриад байхаар Ньюком Групп ер нь үргэлж шинэ тутам салбар луу ордог, түүнийхээ асуудал бүртэй нүүр тулж явдаг компани гэсэн сэтгэгдэл төрж байна.
-Тийм шүү. Анх Мобикомыг байгуулж байхад Японы үүрэн холбооны KDDI гэхэд л ердөө хоёр сая хүнтэй жижиг зах зээлтэй, хүмүүс нь гэртээ ч утасгүй юм байна шүү дээ гэж гайхаж байсан. Манайхан ч бас тийм үнэтэй утас гэж юу байх вэ, түүнийг заавал халаасандаа хийж яах гэж байгаа юм гэдэг үе байлаа. Харин үүрэн холбоо нэвтэрснээр мэдээлэл солилцох хурд асар нэмэгдэж, тэр хэрээр шийдвэр гаргах хугацаа маш хурдан болсон. Ингэхээр бизнесийн орчин ч сайжраад, нөгөө талаас том хөрөнгө оруулалт татах бодитой жишээ болж байсан.
Сэргээгдэх эрчим хүч ярьж эхлэхэд ч тэр, бараг үнэгүй нүүрс байхад нар, салхинаас эрчим хүч үйлдвэрлэж тийм өртөг өндөр юм хийх хэрэг байна уу гэж эргэлзэх хүн цөөнгүй байсан. Харин өнөөдөр бол сэргээгдэх эрчим хүч нүүрсний станцаас ч хямд болоод байна. Мэдээж горимын тохиргоо гэхчлэн шийдвэрлэх ёстой асуудлууд байгаа ч зарчмын хувьд бид зөв чиглэл рүүгээ явж байгаа.
Ньюкомын хувьд бид ашгийн төлөөх бизнесийн байгууллага. Гэхдээ тэр ашиг орлогоо хүнд хэрэгтэй зүйл хийж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар бий болгох гол зарчим баримталдаг. Хүнд хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй юм хийж байгаа цагт эргээд тэр бүхэн үнэлэгдэж л таарна. Басхүү энэ хэрэгтэй зүйлийг аль болох инновацлаг хийхийг эрмэлздэг. Энэ ч итгэл үнэмшлээрээ дроны чиглэл рүү орсон юм. Дэлхий дахинд үүнийг сүүлийн үед нам өндрийн эдийн засаг гэж нэрлэх болсон. Бид хот суурин газарт өндөр агаарт эсхүл газрын гадарга дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нам өндрийн орон зай нь юунд ч ашиглагддаггүй. Харин урд хөршид хот бүр төлөвлөлт дээрээ нам өндрийн эдийн засгийн дэд бүтцийг зураглан, тусгаад эхэлсэн байна.
Энэ мэтчилэн бодоод үзэхээр манай бизнесийн бараг суурь, ДНХ-д ч юм уу, “болохгүй гэж байсан зүйлсийг оролдоод үзье” гэх зан чанар байдаг юм шиг. Ер нь аливаа компанийн дүр төрх нь үүсгэн байгуулсан эздийнхээ дүрийг дагадаг байх. Тэд маань мэдээж үнэт зүйл, санаа нийлсэн хүмүүсээ ажилд авснаар хамт олны дүр төрх бүрдэнэ. Манай Ньюкомын үүсгэн байгуулагчид дан инженер хүмүүс байдаг. Манай аав багадаа аймгийн төвд байхдаа цахилгаан гитар угсарчихдаг, багшаасаа гуйж байгаад техникийн орос сэтгүүлүүд судалдаг байсан гэдэг. Намайг бага байхад манай радио гэхэд л кофены лаазаар хийчихсэн сонирхолтой эд зүйлстэй байлаа. Нөгөө хувьцаа эзэмшигч тал ч бас санаа бодол төстэй хүмүүс байдаг. Тэгэхээр энэ нь бидэнд дамжаад ирдэг юм болов уу.
Мэдээж ашгийн төлөө байгууллага боловч зөвхөн ашгийн араас яваад байвал бизнес болохоо байдаг. Харин үнэ цэн бүтээх дээр төвлөрөөд байнга сэтгэж, сайжруулаад байвал урт хугацааны өсөлт бий болно. Өнөөдөр хоёр төгрөгөөр хийж байгаа юмыг маргааш нэг төгрөгөөр хийдэг болъё, эсвэл өнөөдөр хоёр төгрөгөөр таван юм хийж байсан бол түүнийг 10 болгоё гэхчлэн бодох хэрэгтэй. Тэгээд аль болох инновацлаг зүйлс байх нь бүр ч сэтгэл ханамжтай санагддаг юм. Энэ философио л баримтлаад явбал алзахгүй гэдэгтээ итгэдэг.
