Дотоод руугаа чимээлэх, хүртэх, сонсох мэдрэхүйгээр хөглөгдөн бодит амьдралаас алсрах боломжийг олгох “Чимэгэ” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 17-26-нд дэлгэгдэх гэж байна. Гэрэл зураг сонирхогчдын хайртай уран бүтээлч Баярсайханы Тамирын хоёр дахь бие даасан үзэсгэлэн энэ байх юм. “М Банк”-ны ахлах дизайнер, гэрэл зурагчин Б.Тамиртай уран бүтээл, үзэсгэлэнгийнх нь тухай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
-График дизайнер мэргэжилтэй хүн яагаад гэрэл зургийн салбарт хөрвөөд орчихсон юм бол? Хоёулаа яриагаа энэ тухай эхлүүлье.
-Би 2005 оноос хойш график дизайнераараа ажиллаж байна. Нэгдүгээр курсээсээ л ажлын талбарт гарсан. Олон хүний нөлөөллөөр энэ мэргэжлийг сонгосон ч яг нэг хүнийг онцолбол “Дайн ба энх” хамтлагийн дуучин, талийгаач Энхтайван ах медиа, креатив салбарт ороход түлхэц болсон. Ахын маань найз, миний хуурай ах л даа. Их ойрхон өссөн юм. Одоо би “М банк”-нд ахлах дизайнер. Өмнө нь MCS-ийн “Спирт бал бурам” компани болон “Simple” аппликейшныг зах зээлд нэвтрүүлэхэд маркетинг дээр ажиллаж байгаад энд ороод 8 жил болсон байна. График дизайнерын ажлыг би харилцаа болон илэрхийлэл гэж боддог. Дизайн бол мэдээллийг бусдад хүргэдэг бол гэрэл зураг тухайн мөч, түүх, мэдээлэл, мэдрэмжийг буулгадаг төрөл. 2014 онд Азийн таван орны гэрэл зурагчдаас бүрдсэн воркшоп, 2018 онд Швейцарт гурван сарын хугацаанд гэрэл зурагчнаар ажиллаж, амьдрах урлангаар хангах төсөлд тэнцэхэд дизайнер мэргэжлийн маань давуу тал гарсан болов уу гэж боддог. Дүрслэх урлаг хийгээд график дизайныг хүссэнээрээ хийж болдог бол гэрэл зурагт байгаа зүйлийг тэр чигт нь буулгадагаараа онцлогтой. Би 2013 оноос гэрэл зураг сонирхож, авч эхэлсэн. Гэрэл зургийн бүхий л аялал маань “Тусгал” клубтэй холбоотой. Анх камертай болоод тохиргоогоо ч сайн мэдэхгүй байхдаа клубийнхаа аялалд яваад найз нөхдөөрөө заалгаж, сурч байлаа.
-Гэрэл зурагчид төрөл жанр, арга барилаа олохын тулд чамгүй хугацааг зарцуулдаг юм билээ. Та ямар төрлийн гэрэл зургийг ихэвчлэн авдаг вэ. Энэ төрлийг сонирхож, дурлах болсон шалтгаан юу вэ?
-Яг өөрийн чиглэлээ олохын тулд эхлээд олон төрлөөр авч байгаад яваандаа өөрийн арга барилаа олсон. Мөн Монголд ирсэн дэлхийн хэмжээний гэрэл зурагчдын уулзалтад байнга зорьж очсон маань судалгаа хийх, өөрийгөө танихад тус болсон. Жишээлбэл, зүгээр л зураг аваад байх уу эсвэл, юуны зургийг яагаад авах ёстойгоо бодох хэрэгтэй юу гэдэг талаар бодолцож, өөртэйгөө ажиллаж эхэлсэн. Хамгийн том эргэлтийн цэг, нөлөө бол 2018 онд Швейцарт яг ганцаараа амьдарч, ахуйгаас алсарсан үе юм. Дизайнер хүний гол зүйл судалгаа байдаг. Судалгаагаа хэр сайн хийсэн байна, өөрийнхөө алсын харааг хэрхэн харсны үр дүн нь өнөөдрийн би болов уу гэж боддог. Миний ажлууд fine art photography төрөлд багтдаг. Миний хувьд хөрөг зурагт дуртай ч гэсэн fine art надад таашаал өгдөг төрөл л дөө. Судалгаа маань явсаар байгаад сүүлд дорнын визуал урлагт дуртайгаа илрүүлсэн. Анх хайку сонирхож эхэлж байхдаа зэн буддизмийг судалж байлаа. Яалт ч үгүй дорнын нөлөө орж, буддизмын “изм” гэхээсээ илүү сургааль, гүн ухаан талыг нь судлах, сонирхох дуртай болсон. Түүний нөлөө ч их байдаг болов уу, meditative photography буюу бясалгалд суурилсан гэрэл зургийн төрөлд зургууд маань орох юм билээ. Хүн аз жаргал, хайрыг үгээр илэрхийлж болдоггүйтэй адил би өөрийнхөө дурлаад байгаа зүйлийг үгээр хангалттай илэрхийлж чадахгүй байж магадгүй. Ерөнхийдөө миний үндсэн төрөл бясалгалын буюу Зэнгийн гэрэл зураг гэж хэлж болно.

-2018 онд Швейцарт “Shadow on us” буюу “Бидэн дээр туссан сүүдэр” үзэсгэлэнгээ гаргасан бол тун удахгүй дараагийн “Чимэгэ” үзэсгэлэнгээ дэлгэхэд бэлэн болжээ. Энэ үзэсгэлэнгийнхээ талаар мэдээлэл өгөөч?
-2018 онд Швейцарт гаргасан үзэсгэлэнгээ Монголдоо ч бас гаргаж байсан. Тус үзэсгэлэн маань цаг уурын өөрчлөлтийн сэдвийн хүрээнд хийгдсэн. Тухайн төсөл усны бохирдол, хөрсний бохирдол, цагаачлал, цаг уурын өөрчлөлт гэсэн дөрвөн сэдэвтэй байсан. Би ихэвчлэн байгалийн зураг авдаг болохоор дээрх сэдэв надад илүү ойр туссан юм. Тэр үед Швейцарын Алпийн нуруу орчим байрлаад амьдарч байсан учраас тэр хавиар гэрэл зургаа авсан. Тэнд хөрсний гулсалт, ой хээрийн хуурайшилт, цасан нуранги гэхчлэн дэлхийн дулаарлаас үүдэлтэй бодитой өөрчлөлтүүд гарсан байсан л даа. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээрээ ном ч гаргаж байлаа.
Харин одоо энэ сарын 17-26-ны хооронд гаргах “Чимэгэ” үзэсгэлэн бол миний бие даасан уран бүтээлийн анхны үзэсгэлэн гэж болно. Өмнөх үзэсгэлэнгээ тодорхой сэдвийн дагуу гүйцэтэгэсэн болохоор тэр. Монгол бичиг бол хүний хэл, хоолойны онцлогийг бичиглэлдээ шингээсэн байдаг шүү дээ. Тиймээс чимээ гэхээс илүү чимэгэ гэхэд эгшиглэнтэй санагдсан хэрэг л дээ. Ямар нэгэн байдлаар хэлбэрдсэн зүйл биш учраас хүмүүст энэ нэр илүү хүрэх байх. Үзэсгэлэнгээрээ байгалийн чимээг хүнд хүргэхийг хүссэн. Магадгүй сонсогдохгүй байгаа зүйлийг ч зургаараа илэрхийлэхийг хүссэн. Зургуудаараа би юмсын бодит байгаагаас гадна байхгүй зүйлсийг харуулахыг илүүд зорьж байна. Чимээг сонсохын тулд хүн өөрөө чимээгүй болдог шүү дээ. Энэ үзэсгэлэнгийн гол зорилго энэ юм. “Чимээгүй болох тусам илүү ихийг сонсоно” гэж Рам Дассын энэ үгэнд би их дуртай. Амьдрал дээр ч тэр хүн чимээгүй байснаараа илүү ихийг сонсож, ойлгодог болов уу гэсэн санаа тэр дунд байгаа. Үзэсгэлэнгийн номынхоо нүүрэнд ч “Нам гүмийн дүрслэл” хэмээн бичиж, онцолсон. Өмнөх үзэсгэлэнд хоёр сэтгэл зүйч бүсгүй ирсэн юм. Тэр хоёр надад “Бид нар өдөр бүр хүний сэтгэлийг анагаах ажил хийдэг. Тэгсэн хэрнээ бид хоёр энэ үзэсгэлэнг үзээд аниргүй боллоо. Маш сайхан тайвширлаа. Зурганд чинь бүрэн дүүрэн оршиж, зурагтай чинь хамт аяллаа. Үзэсгэлэнгийн танхимд биш зургаас зурагны хооронд яваад байлаа. Маш их баярлалаа” гэж хэлсэн үг надад урам өгснөөс гадна дараагийн хийх ажлын минь сэжүүрийг гаргаад өгчихсөн. Энэ төрлийн зургийн агуулгаа барьж явсан нь надад илүү тохирох юм байна гэдгийг бататгасан. Томхон амбицаар хэлэхэд, би “Чимэгэ” үзэсгэлэнгээрээ бясалгалын гэрэл зургийн дэлхийн нээлтийг Монголдоо эхэлж хийж байна гэж болно. Энэ бол монгол гэрэл зурагчны Монголын байгалийн чимээг дэлхий нийтэд танилцуулах амбиц өвөрлөсөн хэрэг.
-Та шүлэг, яруу найраг, хайкуд дуртай. Эдгээрийн нөлөө ч таны бүтээлүүдэд гүн тусгалаа олсон байдаг шүү дээ.
-Миний хувьд өмнө нь өргөн өнцгөөр гэрэл зураг авдаг байсан л даа. Илүү уудам, цэлгэр мэдрэмж, тав тухтай байдлыг мэдэрдэг байсан. Гэхдээ намайг деталь руу буулгасан нь яруу найраг. Данзангийн Нямсүрэн, Дарамын Батбаяр найрагчийн шүлгүүд ч юм уу Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод” түүврийн боть надад дүрслэлийг ойлгуулсан, мэдрэмжээр хөглөсөн. Жишээ нь, сарыг яаж дүрсэлж болж байна, мод ямар байдаг вэ ч юм уу. Ер нь миний үзэсгэлэнгийн зургуудын 80-90 хувь нь мод, ус, навч, өвс, зэгс зэрэг байгалийн хумхын чинээ жижиг зүйлс. Гэвч эдгээрийн үнэ цэнийг мэдрүүлсэн зүйл бол яруу найраг. Жишээлбэл, би Д.Нямсүрэн гуайн дөрвөн цуврал ботиос өвс гэсэн үг орсон шүлэг бүрийг нь тэмдэглэхэд бараг 30 төрлийн өвс байсан л даа. Норсон өвс, хагдарсан өвс гээд л заримыг нь монгол хэлээр ч мэдэхгүй юм билээ. Монгол хэлний тайлбар толиос утгыг нь харж ойлгох жишээний. Хэрвээ би өвс байсан бол ертөнц ингэж харагдах байсан болов уу гэсэн бодол төрөөд утсаараа авсан зургаа хараад би маш том цохилт, мэдрэмж авсан юм л даа. Хэрвээ би өвс байсан бол миний амьдрал ямар байх байсан бол гэж өвсний оронд өөрийгөө тавьж бодоход өглөө нар мандаж, өдөр нь цаг агаар солигдоно, бороо ороход норно гээд л төсөөлөхөд өвсний оршихуй надад атаархмаар гоё санагддаг. Тухайн үед би мэдрэг, эмзэг байсан нь нөлөөлснийг үгүйсгэхгүй. Хүн хүнээ гомдоодог шиг, муухай харьцдаг шиг зүйл өвсөнд огтоос байхгүй, байгаагаараа л байдаг оршихуй нь гайхалтай мэдрэмж өгсөн.

-Өвсийг өвс мэт, навчсыг навч мэтээр мэдэрсэн болохоор Таны бүтээлүүд хүмүүст тэр хэрээр мэдрэмж төрүүлдэг байх. Ер нь та өөрөө ямар үед хөглөгдөж зураг авдаг вэ. Хамгийн сүүлд хэзээ зураг авсан бэ?
-Алдартай гэрэл зурагчдын гоё зургуудыг харахаар камераа үүрээд зургаа аваад явмаар санагддаг. Стресстэй, бужигнаантай үедээ ямар ч зорилгогүй зураг авах нь бас гоё. Заавал зорилготой байж, заавал сайн зураг авах гэж чармайгаад байх шаардлагагүй. Авсан зургаа янзлаад суух мэдрэмж их гоё л доо. Анх 2013 оноос зураг авч эхэлсэн бол хамгийн сүүлд нэгдүгээр сарын 9-нд зураг авсан. Энэ хугацаанд авсан зургуудаа “Чимэгэ“ үзэсгэлэнгээрээ дэлгэнэ. Энэ бол нэг бүлэг сэдэв байгаа юм. Энэ бүлэг сэдвийн хүрээндэх зургуудын маань хаалт нь “Чимэгэ” гэрэл зургийн үзэсгэлэн. Бидний тэр бүр анзаардаггүй юмсыг тогтоож анзааруулах гэсэн л санаа. Үнэхээр анзаарах юм бол гуа сайхан, аялгуу, мөн чанарын тухай олон асуулт төрөн гарна. Бид өөрсдөө л тогтож чадахгүй, үргэлжийн юунд ч юм яарч амьдарч байна шүү дээ. Хүний амьдралд богинхон ч гэсэн амттай мөч заавал байх ёстой л гэж бодоод байгаа юм.
Сүүлийн жилүүдэд би гэрэл зураг авахаас гадна утсаараа байгалийн шуумыг бичиж авч байгаа. Намар байрны гадаах улиас салхинд шуугих чимээний хажуугаар хүн алхах шуум, зуны өглөө горхины урсах чимээг бичдэг ч юм уу амьд, бодит чимээг утсандаа бичлэг болгон авах дуртай болсон. Тийм ч болохоор үзэсгэлэнгийн үеэр дуу хөгжим ч сонсуулахаар зэхэж байна.
-Хүмүүс ихэвчлэн үзэсгэлэнгээрээ нээлт хийдэг бол та эсрэгээрээ бүлэг сэдвийнхээ хаалтыг “Чимэгэ” үзэсгэлэнгээрээ хийх нь ээ?
-Тийм ээ. Дараагийн бүлэг рүүгээ орохын тулд надад орон зай хэрэгтэй. Энэхүү орон зайг үүсгэхийн тулд би хуучин бүхнээ орхиж, явуулахаас өөр аргагүй. Надад ирээдүйд авах гэрэл зургийн сэдэв, урт болон богино хугацааны төслүүд, нийгмийн нөлөөллийн ажлууд бий. Бодсон юм их. Миний үзэл бодол, таашаалын мэдрэмжүүд өөрчлөгдөөд байгаа болохоор үзэсгэлэнгээ дариухан гаргахгүй бол хайран санагдаад байгаа юм. 13 жилийн турш гэрэл зураг авахад цаг хугацаанаас гадна хөдөлмөр, авьяас, золиос гээд бүхнээ зориулсан. Энэ хугацаан дахь миний амьдралын тусгал уран бүтээлдээ л шингэсэн. Уран бүтээлч хүний хувьд эхний бүлэг маань “Чимэгэ” болж байгаа. Магадгүй дараагийн бүлэг нь юмсын мэдрэгдэх байдал болох “Салхи” ч юм уу ер нь “Урсгал” хэмээх дэд сэдвээ л дагах болов уу даа.