Өдөр бол гэрэл гэгээ, дуу шуугиан, сатаарал дүүрэн цаг үе. Харин шөнө болж, дэлхий нам гүмд автан гэрэл бүдгэрэх мөчид хүн өөртэйгөө үлддэг. Тэр мөчид бидний тархи илүү амгалан, нээлттэй болж, дотроос өөрийн эрхгүй л үгс урсаж эхэлдэг юм шиг санагддаг.
Гэвч энэ зүгээр ч нэг явдал бус, харин шинжлэх ухааны үндэстэйгээр бидэнд тохиолддог зүйл гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд баталдаг байна.

Тархины өөр нэгэн тал аажмаар сэргэнэ
Өдөр бидний тархи гадаад өдөөлтөөр дүүрэн байдаг. Дуу чимээ, ажил, мэдээлэл, дэлгэц, ойр зуурын яриа, технологи гээд л. Харин шөнө орчимд, ялангуяа оройн 9 цагаас хойш тархины префронтал кортекс буюу анхаарал ба шийдвэр гаргалтыг хариуцдаг хэсэг аажмаар “амрах горимд” шилждэг байна.
Үүний зэрэгцээ лимбик систем буюу сэтгэл хөдлөл, дурсамжийг удирддаг хэсэг идэвхжиж эхэлдэг.
Тиймээс бид шөнө өнгөрсөн дурсамжийг илүү тод санаж, мэдрэмжүүдээ илүү гүн хүлээж авч, хэн нэгнийг үгүйлж, эсвэл уучлах тухай боддог. Бүр өөрийн эрхгүй гээч!
Энэ бол тархи анхаарлаа гадагшаа биш, дотогш чиглүүлж буй байгалийн горим юм.

Гормоны нөлөө
Шөнө болж, харанхуй ноёлохтой зэрэгцэн мелатонин ялгарч эхэлдэг. Энэ нь зөвхөн нойрны даавар биш, бас сэтгэл хөдлөлийн мэдрэг байдлыг нэмэгдүүлэх нөлөөтэй. Түүнчлэн серотонин ба дофамины түвшин бага зэрэг буурдаг тул бидний өөрсдийгөө хамгаалах хана хэрэм суларч, эмзэглэл, гуниг, хөндүүр мэдрэх боломжийг илүү олгодог байна. Тиймээс л шөнө бид дотроо илүү нээлттэй, бас үнэн байдаг. Өдрийн турш нуугдаж байсан бодол, хүлээлт, айдас, хүсэл бүгд гэрэлгүй орчинд зөөлнөөр сэргэдэг.

Сэтгэлийн дуу хоолой
Сэтгэл зүйчид үүнийг “Cognitive quiet” буюу “Сэтгэхүйн нам гүм үе” гэж нэрлэдэг. Энэ үе бол хүн өөртэйгөө ярилцах, дотоод ертөнцөө ажиглаж, хөдөлгөөнд оруулах хамгийн бүтээлч цаг юм. Тиймдээ ч олон уран бүтээлч, зохиолч, хөгжмийн зохиогчид шөнө хамгийн ихээр санаа, мэдрэмж олж, туурвидаг байна.
Шөнө бол бодлын замаар алхах цаг. Бусдын дуу хоолой намжиж, зөвхөн өөрийн дотоод дуу хоолой тод сонсогддог цаг учир энэ үе цаанаасаа л ид шидийн. Тиймээс унтаагүй байгаа та яг одоо нийтлэлийг уншаад байж байхдаа зөвхөн өөртөө чиглэсэн цаг хугацаа гаргаж буй хэлбэр юм. Унтахын өмнө дуртай зүйлээ сэргээн бодож, тав тухыг мэдрэн сайхан амраарай.
