UBLife Logo
Newsfeed

Багадаа дээрэлхүүлж байсан 8 том од

Багадаа дээрэлхүүлж байсан 8 том од

Сургууль дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн Пүрэв гарагт тэмдэглэдэг. Гол зорилго нь сургуулийн орчин дахь бүх төрлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт болон цахим дээрэлхэлтийг (cyberbullying) таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд олон улсын анхаарлыг хандуулах явдал юм. Нэг ангийнхандаа дээрэлхүүлж өссөн хүмүүс дунд урлаг, спортын олон алдартан бий. Тэдний зарим нь дээрэлхүүлж байгаагаа эцэг эхдээ хэлэлгүй нуусаар хичээл, сургуулиа хаях тохиолдол ч байлаа. Ингээд багадаа дээрэлхүүлж байсан оддыг танилцуулж байна.

Леди Гага

Леди Гага сургуульд байхдаа ангийнхаа хүүхдүүдэд байнга дээрэлхүүлж байжээ. Түүнийг доромжилж, зодож, бусдаас ялгарах гэсэн оролдлогыг нь тохуурхдаг байв. Ледиг 14 настай байхад нь танил гурван хөвгүүн өргөн, хогийн саванд шидэж байжээ. Харин ангийн охид нь өмөөрсөнгүй, инээлдэж байсан гэдэг.

Бага насны дээрэлхэлт түүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлснийг олон жилийн дараа л ойлгожээ. Алдарт гарсан хойноо Леди Гага адилхан зовлон үзсэн хүүхдүүдээс захидал авдаг болж, 2012 онд ээжтэйгээ хамт дээрэлхүүлж байсан хүүхдүүдийн сэтгэл санааг эмчлэх “Born This Way Foundation” сан байгуулсан юм.

Генри Кавилл

Ирээдүйн суперменийг багад нь “Бүдүүн Кавилл” гэж хочилдог байлаа. 13 настайдаа тэр төрөлх Жерси арлаасаа явж, Стоу хэмээх дотуур байртай сургуульд ороод өдөр бүр дээрэлхүүлдэг болсон байна. Гэрээ санаж, ээжтэйгээ утсаар ярихдаа байнга уйлдаг байв. Уйлах тусам нь дээрэлхэлт нэмэгдэж байсныг тэр дурссан байдаг.

Зовлон зүдүүрээс салахын тулд тэр жүжгийн дугуйланд орсон. 17 настайдаа “Монте Кристо гүн” киноны дүр авч байлаа. Дүрдээ орохын тулд жингээ хасаж чадсан байна.

Кейт Уинслет

“Титаник” киноны одыг багад нь илүүдэл жинтэй гээд “Blubber” гэж доромжилдог байжээ. Ангийн хүүхдүүд түүний гадаад төрхийг байнга өөлж, нэг удаа шүүгээнд хийгээд цоожилж байсан байна. Жүжигчин болох мөрөөдлийг нь элэглэн инээлдэж, хэзээ ч чадахгүй гэж хэлдэг байсан гэнэ. Уинслет үүнээс болоод өөртөө итгэлгүй болж байжээ.

Хүүхдүүд түүнд тарган бүдүүн хүнд ямар ч дүр олдохгүй гэж хэлдэг байв. Олон жилийн дараа тэрээр дээрэлхүүлж байсан хүүхдүүдэд хандан, дооглуулсан ч мөрөөдлөө бүү хая гэж зөвлөж байлаа.

Эд Ширан

Хүрэн шар үстэй, хараа муу, нүдний шил зүүсэн, ээрүү түүнийг ангийн хүүхдүүд янз бүрээр доромжилно. Хичээлийн үеэр багшийн асуултад хариулах бүртээ элдвээр хэлүүлнэ. Зөв хариултыг мэдэж байсан ч Ширан сүүлдээ гараа өргөхөө больжээ.

Ээрэхээ зогсооход нь түүнд рэп хөгжим тус болсон юм. Багаасаа Энимемийг шүтэн биширч, түүний дууг даган дуулсаар хэл яриа нь засарчээ. Ширан гитар сайн тоглодог болсноор өөртөө итгэлтэй болсон байна.

Том Холланд

Бүжиглэх чадвар нь Томын жүжигчний замналд тун хэрэг болсон ч сургуульд байхад нь түүний бүжиг, балетаар хичээллэдэг нь доромжлох шалтаг болдог байв. Өдрийн хоолны дараа Томыг балетын хичээлдээ ороход ангийн хүүхдүүд цонхоор харж, трико өмссөнийг нь элэглэдэг байлаа. Гэхдээ Холанд хэчнээн доромжлуулсан ч хоббигоо орхиогүй юм.

12 настайдаа Том Лондоны “Билли Эллиот” мюзиклд гол дүр авч байв. Жүжиг, бүжигт явснаар тэр ангийнхантайгаа бүр муудалцсан байна. Харин одоо тэр Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг болсон.

Рианна

Барбадосын сургуульд байхад нь түүнийг эхлээд арьсны өнгөөр нь шоглож, дараа нь биеийн хэлбэрээр нь өөлдөг болжээ. Бусдаас онцгой байх гэдэг нь ч дээрэлхүүлэх нэгэн шалтгаан болсон байна.

Сургуулиа төгсөх хүртлээ Рианна дээрэлхүүлсэн. Дуучин болсон хойноо ч хэвлэл мэдээллээр шүүмжлүүлсээр байлаа. Багадаа дээрэлхүүлж байснаар өөрийгөө их хатуужилтай болсон гэж ярьдаг.

Деми Ловато

Деми Ловато жүжиг, хөгжмийн ертөнцөд амжилт олох болгонд нь атаархсан ангийн хүүхдүүд нь дээрэлхдэг байв. Ангийн охид түүний эсрэг зохион байгуулалттай цуу яриа тарааж, 00 өрөөнд доромжилсон бичиг орхиж, дуу бичлэгийн дискийг нь эвддэг байжээ. Яагаад тэд тийм харгис байсныг одоо ч тэр ойлгодоггүй.  

Тэсэхээ байсан Деми сургуулиа хаяж, гэрийн сургалт сонгожээ. Одоо тэрээр үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг маш олон зүйл хийж байна.

Милли Бобби Браун

Багадаа тэр дээрэлхэлтээс зугтах гэж олон сургууль сольж байлаа. Олон жилийн дараа ч Милли тэр дурсамжаасаа болж, зовсоор байжээ. Алдарт гарсан хойноо цахим дээрэлхэлтэд өртсөн. Олон нийтийн сүлжээнд түүнийг наснаасаа хөгшин харагддаг хэмээн бичиж, хувцас, царай зүсийг нь өөлдөг болсон.

2018 онд Браун ЮНИСЕФ-ийн хамгийн залуу элч төлөөлөгч болоод дээрэлхэлтийн эсрэг ажиллаж эхэлсэн билээ. НҮБ-ын төв байранд үе тэнгийн дээрэлхэлтийн талаар өөрийн туршлагаа хуваалцаж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...